Аймгийн зааны хүү Б.Өсөхбаяр “Voice” шоуны тайзнаа

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Аймгийн зааны хүү Б.Өсөхбаяр “Voice” шоуны тайзнаа

Аймгийн зааны хүү Б.Өсөхбаяр “Voice” шоуны тайзнаа

“The Voice of Mongolia” 2018 шоуны тавд дахь дугаар өчигдөр /2018.03.05/  олны хүртээл боллоо. Нэвтрүүлгийн төгсгөлд оролцогч Б.Өсөхбаяр “Angel” хэмээх дууг дуулсан нь шүүгчдийн болон үзэгчдийн шар үсийг босгосон гэхэд хилсдэхгүй. Түүний хувьд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн маркетингийн ангийн хоёрдугаар курст суралцдаг. Б.Өсөхбаярыг дуулж байхад хамгийн түрүүнд шүүгч Д.Болд эргэж харсан дараа нь үлдсэн  гурван шүүгч эргэж харсан юм.

Харин шүүгчид түүний хоолойг юу гэж дүгнэв

Шүүгч Д.Болд “Чиний хоолойнд маркетинг ямар ч шаардлагагүй. Чи зүгээр  л дуул. Угаасаа үзэгчид сонсогчид чамайг тэврээд л авна.Гайхамшигтай гоё хоолой байна” гэв.

Шүүгч Д.Уламбаяр “Чиний хоолойг сонсоод миний гарын шар үс бослоо. Үнэхээр нарийн мэдрэмжтэй дууллаа. Эмэгтэй хүнийг уярааж чадах хоолой байна” гэв.

Харин үлдсэн хоёр шүүгч болох С.Ононбат, Д.Отгонбаяр нар’ гайхалтай’ дууллаа гэхээс өөр хэлэх үг олдоогүй юм.

Эцсийн мөчид тэрбээр шүүгч С.Ононбатыг сонгосон нь бусад шүүгчдийн цагаахан атаархлыг төрүүлж байв. Шүүгч Д.Болд “Ухаантай хүү мөртлөө тэнэг сонголт хийдэг л юм байна” гэж хошигноод амжсан шүү.

Б.Өсөхбаяр хэлэхдээ “Аав минь аймгийн заан цолтой бөх, 20 настайдаа шуугиулж байсан гэсэн. Би одоо 20 настай, аавынхаа үргэлжлэл нь болно. Би өөрийгөө Ш.Батсайхан, Э.Гантуяа нараас ургасан ургамал гэж боддог. Тийм учраас өөрийгөө илүү их  усалж ургуулаад бүр дээш ургана”  гэж хэлсэн нь олон хүний хайрыг татсан юм. Харин түүний аав Аймгийн заан Ш.Батсайхан “Миний даваагүй тавийн давааг хүү минь урлагаараа давчихлаа” гэж баярын нулимс унагаж харагдан лээ.

Б.Өсөхбаярын бичлэг youtube хуудсанд тавигдсан даруй бичлэгийг үзсэн гадаад болон дотоодын хүмүүс гайхалтай хоолой байна хэмээн амжилт хүссэн сэтгэгдэл олныг үлдээжээ.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж