МҮОНТ-ийн гурав дахь суваг “МNB sport” өнөөдөр /2018.3.5/ нээлтээ хийлээ. Арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон олимпийн хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Д.Сэрээтэр, олимпийн мөнгөн медальт МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт МУГТ Д.Отгондалай тэргүүтэй тамирчид оролцсон юм.
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц нээлтийн үеэр “Спортоор дамжуулан эрүүл чийрэг үндэстнийг бий болгох зорилгоор энэхүү сувгийг нээж байна. Мөн шинэ залуу үе, ард түмнээ эрүүл чийрэг бие бялдрын хөгжилд уриалах, спортоор дамжуулан үндэсний болон тив дэлхийн аваргыг төрүүлэх зорилготой. Залуус спортоор хичээллэдэг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа. Бид өдөрт 18-24 цагийн эфир дамжуулахаар төлөвлөж байна. Мөн спортын цэнгээнт нэвтрүүлгүүдэд онцгой анхаарна. Хамгийн эхэнд хийх том контент бол ирэх зургадугаар сард ОХУ-д болох дэлхийн хөлбөмбөгийн аваргыг шууд дамжуулна. Мөн Токиогийн олимпийг дамжуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна эр зоригийн шалгуур “Монгол нинжа вару” гэх шоуг хийхээр албан ёсны эрхээ аваад байгаа. Энэхүү сувгийг нээхэд спортын холбоод болон УИХ, Засгийн газар маш сайн дэмжлэг үзүүллээ. Спортын суваг нээлтээ хийж буй энэ цаг мөчид МҮОНРТ-ийн спортын албанд ажиллаж байсан инженер, техникч, уран бүтээлчиддээ баярлалаа” гэсэн юм.
“МNB sport” суваг нь өдөр бүрийн 06.00-00.00 цаг хүртэл үзэгчдэд спортын мэдээлэл хүргэх ажээ. Мөн хэвлэл мэдээллийн салбарт 2-33 жил ажилласан туршлагатай зураглаач, сэтгүүлч, найруулагч, инженер техникийн 30 орчим ажилтан спорт сонирхдог хүн бүрд мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх юм байна.
Р.Ренчиндулам