Ням гаригт эхэлсэн Италийн парламентын сонгуульд сонгогчид хэт барууны үзэл баримтлалтай, популист намуудын төлөө саналаа өгснөөс парламентад аль нэг нам дангаар олонх болж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр ерөнхий сайд асан Сильвио Берлусконийн хэт барууны үзэл баримтлалтай нам парламентын доод танхимд хамгийн олон суудал авчээ. Гэвч парламентад олонх болохын тулд доод тал нь 316 суудал авах шаардлагатай аж. Парламентад суудал авсан намууд эвсэл байгуулж, засгийн газар байгуулахад дор хаяж хэдэн долоо хоног болох юм байна.
Италийн өдөр тутмын “Il Fatto Quotidiano” сонины эхний нүүрэнд ‘Италид бүх зүйл өөрчлөгдөнө’ гэжээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр ямар ч нам дангаар олонх болж чадахгүй боловч Их Британи Европын холбооноос гарч буй болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын явуулж буй бодлоготой холбоотойгоор популистуудыг дэмжигчдийн тоо өссөн байна.
Урьдчилсан дүнгээр төвийн барууны үзэл баримтлалтай эвслийн дараа Европын холбоог эсэргүүцэгч “Таван од хөдөлгөөн” удаалсан байна.
Италийн улс төр дэх танил талаа дэвшүүлдэг, татдаг байдлыг эсэргүүцэн, Бэппэ Гриллогийн байгуулсан энэ хөдөлгөөн 216-236 суудалтай Италийн парламентын доод танхимын том нам болж магадгүй юм.
Эх сурвалж: AP