Таканоива А.Баасандорж бэлтгэлдээ оржээ

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Харумафүжи ба сүмогийн шинэ дуулиан

Таканоива А.Баасандорж бэлтгэлдээ оржээ

Таканоива А.Баасандорж бэлтгэлдээ оржээ

Японы мэргэжлийн сүмод барилдаж буй монгол сүмоч Таканоива А.Баасандорж энэ сарын 11-нд эхлэх хаврын башёд зодоглохоор бэлтгэлдээ оржээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гаригт /2018.03.01/ Киотод болсон нэгдсэн бэлтгэлд бүтэн оролцсон байна.

Таканоива өнгөрсөн намар ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржид зодуулж, хүнд бэртэл авсан гэх шалтгаанаар арваннэгдүгээр сарын кюүшю башё, нэгдүгээр сарын хацү башёг өнжсөн билээ. Сүмогийн 70 дахь ёкозүнаг зодог тайлахад хүргэсэн дуулианаас хойш анх удаа тэрбээр олон нийтийн өмнө харагдсан нь энэ юм. Гэхдээ ирэх башёд оролцох эсэх нь эцэслэн шийдэгдээгүй ч гэмтэл нь бүрэн илааршиж, биеийн байдал сайжирсан, сүмогийн дохёд эргэн гарах өөдрөг хүсэл тэмүүлэлтэй байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн байна.

Таканоива “Токиод нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаад өнгөрсөн даваа гаригт /2018.02.26/ Киотод очсон цагаас хойш л бэлтгэлээ эхлүүлсэн” гэсэн байна. Тэрбээр эхний удаад хөнгөн чанарын бэлтгэл хийжээ.  

Сүмогийн холбооны Барилдаан зохион байгуулах зөвлөл ирэх баасан гаригт /2018.03.09/ хуралдаж, башёгийн барилдааны хуваарийг гаргахын сацуу Таканоиваг башёд оролцуулах эсэхийг хэлэлцэх гэнэ.

2017 оны аравдугаар сарын 25-нд Тотторид болсон тойргийн барилдааны үеэр монгол бөхчүүд наргиж, улмаар ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж залуу сүмочийг зодож, танхайрсан гэх дуулиан дэгдсэн билээ. Харумафүжид зодуулсны улмаас Таканоива А.Баасандорж гавлын ясны цууралттай гэж оношлуулсан тухай түүний харьяалагддаг дэвжээний оятака Таканохана мэдэгдэж байсан юм. Бэртлийн улмаас Таканоива хоёр башё өнжсөн ч Сүмогийн холбооны удирдлагууд онцгой шалтгааны улмаас гэх тайлбартайгаар түүнийг зиндаа бууруулахаас татгалзжээ. Одоо Таканоива жюүрёгийн 12-д эрэмбэлэгдэж байна.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж