М.Нямгэрэл: Массын дайралт болж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

М.Нямгэрэл: Массын дайралт болж байна

М.Нямгэрэл: Массын дайралт болж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/71 тоот тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд ” арга хэмжээг жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт үнэ төлбөргүйгээр  зохион байгуулж хэвшүүлэхээр болсон. Уг арга хэмжээ эхлээд тав хоног өнгөрч байна.

Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музейгээр зочилбол өнөөдрийн анхны зочид нь цэцэрлэгийн бяцхан жаалууд байлаа. Бид өнгөрсөн өдрүүдэд дээрх музейд хэчнээн үйлчлүүлэгч хүлээн авсан тухай, мөн орлогын төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой эсэх. Иргэдэд музей үзэх соёл төлөвшиж байна уу гэдэгт албаны хүнээс дараах тодруулгыг хийсэн юм.


Монголын Үндэсний музейн ахлах тайлбарлагч М.Мөнгөнцэцэг

-“Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ эхлээд тав хоносон байна. Монголын үндэсний музейгээр үйлчлүүлсэн хүмүүсийн насны харьцаа ямар байгаа вэ. Хэд орчим хүн одоогоор үйлчлүүлэв?

-Монголын Үндэсний музейгээр гуравдугаар сарын 1-ний өдөр 4000 гаруй хүн үйлчлүүлсэн. Дараагийн өдөр 10,000 орчим хүн үйлчлүүлсэн бол амралтын өдрүүдээр 13,000 орчим хүн музейн үзвэрүүдтэй танилцсан байна. Амралтын өдрүүдэд үйлчлүүлсэн нийт хүмүүсийн 4,600 нь насанд хүрсэн, 2,500 нь их, дээд сургуулийн оюутнууд, 4800 нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бол 1800 нь цэцэрлэгийн хүүхдүүд. Харин ажлын өдрүүдэд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн эзлэх хувь маш өндөр байсан.  Цэцэрлэгийн хүүхдүүд ангиараа, байгууллага хамт олон болон цэргүүд зохион байгуулалттайгаар ирж энэхүү өдөрлөгт оролцож байна.

Музейн цагийн хуваарь болоод хүмүүсийн хамгийн ихээр сонирхож үзэж байгаа үзмэрийг танилцуулбал?

-Манай музей өдөр бүр 09:00-16:30 хүртэл ажиллаж байгаа. Үзэгчид үзвэрүүдээс маань уламжлалт хувцас, гоёл чимэглэл болоод Монголын соёл, аж ахуй, Монголын эзэнт гүрний үеийн олдвор, үзмэрүүдийг түлхүү сонирхож байна.

-Олон хоног музейг үнэ төлбөргүйгээр үзүүлж  байна. Төлөвлөгөөт орлогын төвшингөө биелүүлэхгүй байх бэрхшээл гарна гэсэн яриа байна?

-Нэг музей дангаараа бус нийт музей үнэ төлбөргүй үйлчилж байгаа учраас нэг дор олон музейгээр ороод гаръя гэсэн бодолтой байх шиг. Музейг тогтмол үзэж байх хэрэгтэй. Төлөвлөгөөт орлогын түвшин гэж байгаа. Гэхдээ манай музейгээр мөн жуулчид зочилно.  Цаашдаа ч хүмүүс музейгээр үйлчлүүлэх нь ихсэх болов уу гэж харж байна. Мөн сургууль, цэцэрлэг, байгууллага хамт олонтой хамтран зохион байгуулалттайгаар хүмүүс хүлээж авах боломжтой.  Одоогоор Бийрээр амилсан түүх, Монгол баатрууд, Монгол наадам, Алтан соёмбо зэрэг хүүхдүүдэд зориулсан боловсролын хөтөлбөр, үзэсгэлэн мөн явагдаж байна. Төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байх эрсдэл байж болно.

-Иргэдийн музей үзэх соёлын тухайд таны бодол?

-Нэг дор олон хүн үйлчлүүлж байгаа учраас тайлбарлагчтайгаар үзвэрээ үзэх, тав тухтай тайван байх нөхцөл хомс байгаа. Мэдээж энэ арга хэмжээ бол Монгол бахархлыг сэргээх, танин мэдэхүй, түүх соёлын өргөн ач холбогдолтой. Гэвч үзвэрийн танхимд зураг дарах, хэт их дуу чимээтэй байх зэрэг бэрхшээлүүдийг үүсгэж байна. Музей үзэх соёлыг тогтмол болгосноор энэ асуудал шийдэгдэх биз ээ. Мөн нэмж хэлэхэд манай музей тэмдэглэлт үйл явдлууд, цаг үетэйгээ уялдуулан үнэ төлбөргүй үзэсгэлэнг сар бүр гаргадаг. Тухайлбал цагаан сартай холбоотойгоор Монголын уламжлалт сав суулганы үзэсгэлэн гарсан. Ирэх дөрөвдүгээр сараас айргийн гозгорын олдворуудаар үзэсгэлэн гаргана.

Богд Хааны Ордон музейн менежер М.Нямгэрэл

-Музей үнэ төлбөргүй иргэдэд үйлчлэх болсноор үзвэр үзэгчдийн тоо хэд хүрж байна вэ?

-Анги хамт олноороо нэг зохион байгуулалтад ороод цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд их ирж байгаа. Амралтын өдрүүдэд бол эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдтэйгээ үйлчлүүлж байна. Дийлэнх хувийг хүүхдүүд эзэлж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр 16,000 орчим хүн үйлчлүүлсэн.

-Богд хааны ордон музейд хүмүүс ямар үзвэрийг илүүтэй сонирхож байна. Мөн музейгээр үйлчлүүлэхтэй холбоотой асуудал бэрхшээл тулгарч байгаа болов уу. Үнэ төлбөргүй үйлчилснээр төлөвлөсөн орлогоо биелүүлэхгүй байх гэсэн эрсдэл үүсэх үү?

-Манай музейд үнэт үзвэр, хосгүй үзмэрүүд их байдаг. Бурхан шашны хэсэгт иргэд их зочилж анхаарал хандуулж байгаа. Барууны орнуудад бол театраар үйлчлүүлэх, музей үзэх зэрэг нь хэвшмэл соёл болсон байдаг. Баруун гарын дүрмийг баримтлах, музейн дотоод журмыг хүндэтгэх, их дуу шуугиан гаргахгүй байх зэрэг зарим нэг асуудал бий. Жишээ нь 2-3 насны хүүхдүүдийг музей үзүүлэхэд ямар нэг мэдлэг хуримтлуулж чадахгүй. Манай музейн хувьд бага насны хүүхдүүдэд зориулсан боловсролын хөтөлбөрүүд байдаг. Тэдгээрт тусгайлан түүх соёлын ойлголт өгөх, таниулах ач холбогдолтой. Тийм учраас иргэд бага насны хүүхдээ музейн цахим хуудсаар зочлоод, захиалга өгөөд тусгай хөтөлбөрүүдээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл, мэдлэг олгох боломжтой. Мөн музейн соёлын тухай асуудал их чухал. Одоогоор энд массын дайралт болж байна. Хүмүүс ач холбогдол өгч, нэг өдөрт хоёр гурван музейгээр ороод амжуулах гэхээс илүү гүнзгий судлаасай гэж хүсэж байна.  Орлогын тухайд музей бол зуун хувь төсвийн байгууллага учраас удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг дагах учиртай. Эцэст нь хэлэхэд музейг боловсрол, соёлын бааз суурь гэж үзэх болсон. Музей үзэх соёлыг тогтмол болгох хэвшүүлэх нь зүйтэй юм.

Маргааш, нөгөөдөр Богд хааны ордон музей амрах бол Чойжин ламын музей өнөөдөр амарч  маргаашаас ажиллаж эхлэх юм байна.

 

М.Чулуунтогоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж