Хойд Солонгосын эрх баригчдыг цөмийн хөтөлбөрөө зогсоож, АНУ-тай яриа хэлэлцээ эхлүүлэхийг ятгана хэмээн БНСУ-ын төлөөлөгчдийн ахлагч, Үндэсний аюулаас хамгаалах газрын дарга Чун Ён өнөөдөр Пхеньян руу хөдлөхийн өмнө мэдэгдсэн байна.
Хойд Солонгос руу илгээсэн таван хүний бүрэлдэхүүнтэй БНСУ-ын төлөөлөгчдийн дунд Үндэсний тагнуулын газрын дарга Су Хун багтсан гэнэ.
БНСУ-ын төлөөлөгчид Хойд Солонгосын талтай зөвхөн хоёр орны харилцааны асуудлаар бус АНУ, олон улсын хамтын нийгэмлэгийн хооронд яриа хэлэлцээ эхлүүлэх олон талт асуудлыг хэлэлцэх ажээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн оны тавдугаар сард ажлаа хүлээн авснаас хойш тус улсын засгийн газрын төлөөлөгчид анх удаа Пхеньянд айлчилж буй нь энэ юм.
БНСУ-ын Пёнчан хотод зохион байгуулсан өвлийн олимпийн наадамд Хойд Солонгос тамирчдаа оролцуулах хүсэлт гаргаснаас хойш хоёр улс хоёр жил завсардсан яриа хэлэлцээг дахин эхлүүлснээр таагүй харилцаанд эерэг уур амьсгал орж эхэлсэн юм.
БНСУ-ын төлөөлөгчдийн Пхеньянд хийж буй энэ айлчлал бол Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жоны Сөүл дэх айлчлалын хариу айлчлал ажээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ким Ё Жоныг Хөх ордонд хүлээн авч уулзахад тэрбээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хувийн захидлыг гардуулж, түүнийг Пхеньянд урьсан.
Мүн Жэ Ин Хойд Солонгосын удирдагчийн урилгыг хүлээн авсан боловч Хойд Солонгос АНУ-тай яриа хэлэлцээ эхлүүлсэн тохиолдолд уулзалт явуулна гэж мэдэгдсэн.
Пхеньяныг зорьсон БНСУ-ын төлөөлөгчид маргааш нутаг буцах ажээ.
Эх сурвалж: Koreatimes