Хулгайн гар утас худалдаалагчидтай тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Хулгайн гар утас худалдаалагчидтай тэмцэнэ

Хулгайн гар утас худалдаалагчидтай тэмцэнэ

Улаанбаатар хотод энэ он гарснаар халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй 474 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсанаас 85,4 хувь нь гар утас, 14,3 хувь нь бэлэн мөнгө алдагдсан байна. Дээрх үзүүлэлтээс харвал нийт үйлдэгдсэн халаасны хулгайн гэмт хэргийн ихэнх хувь нь гар утас алдагдсан дуудлага мэдээлэл эзэлж буй юм. Харин гар утас  худалдан борлуулдаг хувь хүн, аж ахуй нэгж нь гэмт хэргийн замаар олдсон гар утас эд зүйлсийг худалдан борлуулах үйл ажиллагаа тасрахгүй байна гэж ярив.


Нийслэлийн цагдаагийн газраас /НЦГ/ өнөөдөр /2018.03.05/ ‘Гар утас худалдан борлуулдаг аж ахуй нэгж, иргэдэд хууль сурталчлах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах’ сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Нийслэлийн иргэний танхимд болсон дээрх зөвлгөөний үеэр алдаа дутагдал, бас авууштай санаачилгын талаар  хөндөн ярилцлаа.

Тус зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагч  нь  НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Урьдчилан сэргийлэх хэлтэс аж. Зөвлөгөөнд гар утас худалдаалдаг төвийн удирдлагууд, лангуу түрээслэгч нар гэхчлэн бүх талын төлөөллүүд ирсэн байлаа.

Судалгаанаас харахад 2017 онд нийт 4722 гар утас хулгайн замаар алдагдсан байна. Алдагдсан гар утасны 46 хувь буюу 1939 нь I Phone, загварын гар утас, 42 хувь буюу 1772 нь Samsung загварын гар утас, 12 хувь буюу 506 нь бусад загварын гар утас байгаа аж.

Харин албаны хүмүүс хэлэхдээ хууль бус зах зээл болох хулгайн гэмт хэргийг ченж нар улам өөгшүүлдэг гэдгийг онцолж байв. Хулгайн замаар алдагдсан  эд зүйл, гар утсыг байнга, тогтмол  хямд үнээр худалдан авч, зарж борлуулдаг этгээдүүд болох ченжүүд эрэлт хэрэгцээг үүсгээд байгаа, мөн ченжүүд нь  сүүлийн үеийн андройд үйлдлийн системтэй гар утсыг сонгон захиалж энэ нь хулгайн гэмт хэрэг үйлдэгчид санхүүжүүлэх нөхцөл  боломж бүрдүүлж дээрх төрлийн  хэргийг дэлгэрүүлдэг гэнэ.

Хэрэв гар утасны худалдаа эрхлэгчид нь гэмт хэргийн замаар хууль бусаар олдсон, эх үүсвэр нь тодорхой бус гар утас, эд зүйлс гэдгийг мэдсээр байж худалдан борлуулсан бол тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдон шалгадаг байна.

Хулгайн гар утас гэдгийг сайт дээр бүртгэдэг болно

Ухаалаг бүртгэлийн систем бүхий сайтыг нээхээр Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл технологийн  газар, хууль зүйн дотоод хэргийн яамтай хамтран ажиллаж байгаа юм байна. Сайтын хөгжүүлэлт одоо явагдаж байгаа бөгөөд  энэ сардаа багтаад нээлтээ хийх гэнэ. www.smartdevice.mn сайтад тухайн хүн өөрийн утасны IMEI кодыг бүртгүүлэх юм. Хэрэв утас нь алдагдсан тохиолдолд хэрэглэгч бүртгэлтэй утсаа “алдагдсан” гэх төлөвт оруулна.

Утасны сим карт зэргийг сольсон үед үүрэн телефоны дөрвөн операторын аль нэг рүү нь мэдээлэл ирэх аж. Ингэснээр Цагдаагийн байгууллагынхан хэрэглэгчийн утсыг олж өгөх  бүрэн боломжтой юм. Хамгийн гол нь иргэд бүртгэлээ идэвхтэй хийх хэрэгтэй юм байна.

Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын халаасны хулгай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнээс зарим зүйлсийг тодрууллаа.

Хууль бус зах зээлийг ченжүүд үүсгэж байна

-Гар утас худалдаалдаг худалдаа эрхлэгчидтэйгээ уулзаж тулгамдаад байгаа асуудлын талаар  ярилцлаа. Цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?

-Гэмт хэргийн халдлагын улмаас судалгаанаас харахад жилд 7000-8000 орчим гар утас эд зүйл, компьютерийн хэрэглээний зүйл алдагдаж байна. Хулгайд алдагдсан эд зүйл хаашаа орж байна вэ гэхээр цаана нь хууль бус зах  зээл байна гэсэн үг. Хууль бус зах зээлийг ченжүүд үүсгэж байна. Цаашдаа хууль бусаар эд зүйл зарж зах зээлийг бий болгоод байгаа хараа хяналтгүй улсад татвар төлдөггүй, эрхзүйн харилцаа үүсгээгүй энэ этгээдүүдийг бүрэн байхгүй болгоно гэдэгт найдаж байгаа. Хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бизнес  эрихлэгчдээ дэмжиж хамтарч ажиллана. Энэ ажлууд цаашдаа үргэлжлээд гар утас худалдаалдаг тухайн байгууллагуудтай хамтран хяналтын системийг бий болгож, ажиллана

-Хулгайд алдагдсан гар утсыг судлаад үзэхэд яг хэдэн хувь ченжүүдийн гараар дамжсан байдаг вэ. Ийм  төрлийн судалгаа  байдаг уу?

-Хулгайн замаар  олсон гар утсаа бариад явах хүн тун ховор доо. Хууль бус зах зээл нь байгаа учраас амар хялбар аргаар мөнгө олох гэж байгаа хүмүүсийн үйлдлийг өөхшүүлж байгаа ченжүүдтэй л холбоотой шүү дээ. Харин энэ талын нарийн судалгаа одоохондоо алга. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллүүдээс харахад ихэнх нь утас нь гар утасны ченжүүдийн гараар дамжсан, гар утасны дагалдах үйлчилгээ явуулж байгаа засвар үйлчилгээ рүү орсон байдаг.

-Гар утас  худалдан борлуулдаг  байгууллагуудтай гэрээ байгуулна гэж байна. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-Гар утас худалдан борлуулдаг худалдааны төвүүдийн удирдлагууд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжээд тодорхой хэмжээгээр  түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, замаар шийднэ. Гэмт хэргийн замаар гар утас авсан лангуу түрээслэгчид, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүмүүс байх юм  бол тухайн байгууллага нь шууд гэрээгээ цуцална. Нэг ёсондоо үйл ажиллагааг нь зогсооно гэсэн үг. Ингэхээр хулгайн гар утас худалддаг ченж нарын үйлдлийг таслан зогсооно  гэж найдаж байна. Гар утас худалдааны төвүүдийн удирдлагууд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжээд түрээсийн гэрээндээ өөрчлөлт оруулна. 

Зөвлөгөөний үеэр албаны хүмүүс  “Хууль бусаар гар утас, авна зарна гэдэг этгээдүүд болох ченжүүд улсад ямар ч  татвар төлдөггүй, ямар нэгэн эрхзүйн  хариуцлага хүлээдэггүй үүн дээр үе шаттай арга хэмжээ авна. Эдгээр ченжүүдийг хянана. Орчныг нь камержуулна. Хатуухан хэлэхэд Монгол улс шиг хотынхоо төвд хулгайч нарыг бөөгнүүлсэн улс байхгүй шүү” гэж  байв. Харин “Теди” худалдааны төвд найм дахь жилдээ ажиллаж байгаа Б.Төрболд “Ихэнх гар утсаа Хятад улсаас оруулж ирдэг. Түрээслэгч нар хулгайн утсыг авах гээд байдаггүй. Хуулиа дагаад одоо бол иймэрхүү асуудлаас аль болох зайлсхийдэг болсон. Хэрэв хүний гар дээрээс утас авахаар бол тухайн хүний бичиг баримт, утас авсан баримт, гар утасны хайрцаг утасны IMEI code зэргийг шалгадаг” гэж байв.

Энэ төрлийн гэмт хэргийг хүйсийн хувьд авч үзвэл эмэгтэй 86,4 хувь, харин эрэгтэй 23,6 хувийг эзэлсэн байна. Насны хувьд 18-25 насны хүмүүс 40 хувь, 10-17 насныхан 35 хувь, 28-35 насныхан 15 хувь, 36 наснаас дээш хүмүүс 10 хувийг тус тус эзэлдэг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж