Ч.Хүрэлбаатар: Үндэслэлгүй акт тавибал хариуцлага хүлээлгэнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Үндэслэлгүй акт тавибал хариуцлага хүлээлгэнэ

Ч.Хүрэлбаатар: Үндэслэлгүй акт тавибал хариуцлага хүлээлгэнэ

Татварын хуулийн шинэчлэлийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр /2018.03.05/ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болж байна. Хэлэлцүүлэгт татвар төлөгч аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм. 

Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд татварын орчныг сайжруулж, зарим татварыг багасгах зэрэг алхам хийхээр төлөвлөжээ. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар танилцуулга хийж, аж ахуй нэгжийн төлөөлөл байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж дунд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгохоор хуулийн төсөлд тусгажээ.

Үүнээс гадна бичил, жижиг бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж татвараа хялбаршуулсан горимоор ногдуулж, тайлагнах боломжийг олгож, тэдний татвараа тайлагнах, төлөхтэй холбогдсон зардлыг бууруулна. Улмаар жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын 1 хувиар албан татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан татварын тайлан гаргах сонголтыг олгохоор тусгажээ.

Мөн татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд тухайн аж ахуйн нэгжийн банкин дахь харилцах дансыг хаах зэрэг албадлагын арга хэмжээг хэрэглэхээс зайлсхийж, татвар төлөгч өөрөө цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь 2 жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгохоор төлөвлөж байгааг хууль санаачлагчид онцлов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Энэ удаагийн татварын хуулийн шинэчлэлээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, харин ч зарим нэр төрлийн татварыг бууруулж байгаа гэдгийг онцлон хэлье. Харин татварын бааз сууриа өргөтгөх, хамгаалах, татвар төлөгч бүр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэх, татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод байдлыг хангах, олон улсын татварын тогтолцоотой өрсөлдөхүйц байлгахыг бид зорьж байна. Бид шударга татвар төлөгчид, ажил олгогчдоо дэмжинэ. Татвараа үнэн зөвөөр мэдүүлсэн ч цаг хугацаанд төлж чадахгүй байгаа, санхүүгийн хүндрэлд орж байгаа татвар төлөгчдөд хүлээлгэх хариуцлага нь татвараа санаатайгаар нуусан этгээдийн хүлээх хариуцлагаас харьцангуй ялгаатай байх болно. Хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын урсгалыг татах, зээлийн хүүг бууруулах зорилгоор ногдол ашиг, хүүгийн орлого зэрэг хөрөнгийн орлогод ногдуулах суутган татварын хувийг бууруулахаар хуулийн төсөлд тусгаад байна. Хөрөнгийн элэгдэл байгуулах хугацааг багасгах, алдагдал шилжүүлэх хугацааг уртасгах, гадаадад төлсөн татварыг хасах, үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг олгох замаар хөрөнгө оруулагчийн бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоог нэмэгдүүлнэ.

Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар татварын албанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь нь “Х” тайлан, 20 гаруй хувь нь алдагдалтай тайлан гаргажээ. Иймд эдийн засаг, бизнесийн орчны таагүй нөхцөлөөс хамаарч татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд тухайн аж ахуйн нэгжийн банкин дахь харилцах дансыг хаах зэрэг албадлагын арга хэмжээг хэрэглэхээс зайлсхийж, татвар төлөгч өөрөө цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь хоёр жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгохоор төлөвлөж байгаа аж.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Татварыг шинэчлэх шаардлага бий болсон. Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон дагалдах 20 хуульд өөрчлөлт оруулна. Татварын багц өөрчлөлт хувийн хэвшил, аж ахуй нэгжийг дэмжих зорилготой. Тухайлбал, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах юм. Үндэслэлгүй том дүнтэй татварын акт тавигдаж, дараа нь шүүхээр яваад ААН-ийн зөв болдог. Үндэслэлгүй акт тавьсан татварын байцаагч хариуцлага хүлээдэггүй байсныг өөрчилнө.

Татварын хуулийн шинэчлэлийн зарчим нь: 

  • Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжинэ. 
  • Ойлгомжгүй хийдэлтэй, тодорхой бус заалтуудыг цэгцэлнэ. 
  • Олон улсын татварын шинэлэг зарчмуудыг нэвтрүүлнэ. 
  • Ил тод байдлыг хангана. 
  • Татвар төлөгчийн эрх ашгийг хамгаална. 
  • Татварын албыг чадавхжуулж, бэхжүүлнэ. 

МҮХАҮТ-ын тэргүүлэгч Д.Бямбасайхан:

-Ногоон хөгжил гэж олон жил ярилаа. Олон сайхан хөтөлбөр цаасан дээр явлаа. Тэгэхээр одоо эко татвар гэдэг зүйлийг бий болгож өгөөч. Энэ байгаль орчныг бохирдуулагч зүйл хэрэглэсний төлөө татвар ногдуулмаар байна. Ундааны сав, аккумлятор, зай гэх зүйлээс татвар авахыг хүсч байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл Г.Үнэнбаяр:

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жижиг дунд үйлдвэрийг дэмжсэн татварын хуулийг яагаад санаачилж болдоггүй юм бэ. Бид гадагшаа бараа материал гаргах гэхээр ачаа тээшний татвар авдаг. Энэ асуудлыг зохицуулах боломж байна уу. Үүнээс гадна НӨАТ-ын баримт олгож байгаа зарим аж ахуй нэгж дутуу баримт өгдөг, зарим нь бүр баримт өгөхгүй байна. Үүнийг зохицуулж өгөөрэй. 

Онцлоход, бизнес эрхлэгчдийн хувьд ‘2006 онд татварын орчныг бизнес эрхлэгчдэд таатай болох алхмыг өнөөгийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийж байсан. Энэ удаад мөн татварын дарамтыг бууруулахаар төсөл боловсруулсанд таатай хандаж байна. Бизнес эрхлэгчдийн санал бодлыг сайн сонсож, хууль эрх зүйн орчноо өөрчлөх нь хамгийн зөв алхам’ гэж хэлж байлаа. 

“Бодь интернэшл” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч В.Мягмаржав:

-Охин компанийн үндсэн хөрөнгө, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхээр “татвар авна” гээд татварын байцаагч нар акт тавиад байдаг. Үүнээс болоод хөрөнгө оруулах, бизнесээ салбарлуулахад хязгаарлалт болж байна.  Жишээ нь өрийг хувьцаагаар шилжүүлэхээр “та нар хөрөнгийг өрөөр төллөө” гээд татвар тавьдаг. Хоёрдугаарт, сэндвич барилга үндсэн хөрөнгө дээр бүртгэлтэй бол үл хөдлөх хөрөнгийн татвар авах гээд байх юм. Сэндвич барилга бол газраас салгах боломжтой учраас энэ асуудлыг судалж үзэхийг хүсч байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж