“Шивээ хиагт” дуурийг 47 жилийн дараа амилууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

“Шивээ хиагт” дуурийг 47 жилийн дараа амилууллаа

“Шивээ хиагт” дуурийг 47 жилийн дараа амилууллаа

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 47 жилийн дараа “Шивээ Хиагт” дуурийг дахин тайзнаа амилуулсан байна.

Анх 1971 оны арванхоёрдугаар сарын 12-нд Дуурийн театрын тайзнаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн найруулгаар тоглогдож байсан энэхүү дуурь 47 жилийн дараа “Эх орончдын өдөр” /2018.03.02/ үзэгчдийн хүртээл болсон аж.

Бидний ирээдүй залуу үеийнхэнд эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэхэд түүхэн ач холбогдолтой бүтээл гэж үзэж “Эх орончдын өдөр”-өөр шинээр сэргээн тавьж, ингэхдээ анх удаагаа концертын хэлбэрээр толилуулжээ.

Ардын хувьсгалын анхны түүхэн үйл явдлыг илэрхийлэн мөнхөлсөн хөгжмийн энэхүү томоохон бүтээл нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж нарын бүтээл юм.

Түүхэн үйл явдал Ардын хувьсгалын анхны өдрүүдэд журамт цэргүүд Шивээ Хиагтыг гамин цэргүүдээс чөлөөлж, хувьсгалын анхны баатарлаг дуу “Шивээ Хиагт”-ыг зохиосон түүхэн үйл явдал дээр тулгуурлаж, харийн түрэмгийлэгчидтэй эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө жирийн малчин ардууд хэрхэн тэмцэж буй халуун эх оронч үйл явдлыг гол дүрүүдээрээ үзүүлсэн байдаг.

“Шивээ Хиагт” дуурийн онцлог нь Ардын хувьсгалын анхны үйл явдлыг илэрхийлсэн хөгжмийн томоохон бүтээл төдийгүй, ард түмний чин зоригт хүү, жанжин Д.Сүхбаатарын дүрийг анх удаа дуурийн урлагийн тайзнаа гаргасан явдал юм. Мөн түүний ард түмэндээ хандан шинэ Монголын ирээдүйн чигийг заасан алдарт гэрээслэл энэхүү дуурьд дуулагддаг.

МАН-ын дэмжлэгтэйгээр тайзнаа дахин амилсан гурван бүлэг таван үзэгдэлт энэхүү дуурийг БСШУСЯ-наас бүрэн хэмжээгээр сэргээж Улсын баяр наадмын үеэр нийт ард түмэнд толилуулах зорилтыг тавьжээ ажиллаж байгааг БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр энэ үеэр дуулгалаа.

Мөн “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан энэ өдөр “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо, Монголын Сурагчдын Холбоо хамтран БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Н.Учрал нарын “ЭХ ОРОН 100:100” хамтарсан лекцийг зохион байгуулсан юм.

Энэ цаг үед амьдарч байгаа эх орны ирээдүй болсон залуусд түүхэнд үлдсэн эх орончид болон эх оронч гэж хэнийг хэлдэг, эх оронч хүн юу хийх ёстой талаар ойлголт өгсөн юм. Лекцэнд ахлах ангийн сурагчид, оюутан залуус нийлсэн 800 гаруй хүн оролцов.

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж