Б.Батсүх: Хот иргэдийг дээрэмдэж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Б.Батсүх: Хот иргэдийг дээрэмдэж байна

Б.Батсүх: Хот иргэдийг дээрэмдэж байна

“Гэр хороолол хөдөлгөөн”-өөс “Гэр хорооллын иргэдийн III чуулган”, “Эсэргүүцэж байна” жагсаалын талаар өнөөдөр /2018.03.05/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус хөдөлгөөн энэ сарын 9-нд “Гэр хорооллын иргэдийн III чуулган” зохион байгуулж, Засгийн газарт хүргүүлэх “Гэр хороолол хөгжүүлэх шаардлагын төсөл”-ийг хэлэлцэн батлах юм байна. Үүний дараа Сүхбаатарын талбайд “Эсэргүүцэж байна” жагсаал зохион байгуулах ажээ.

“Гэр хороолол хөдөлгөөн”-ий ерөнхийлөгч Б.Батсүх “2012-2016 онд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл “Гэр хороолол дахин төлөвлөлт” гэдэг зүйлийг бий болгосон. Ингэснээр олон мянган айлыг инженерийн шугам сүлжээтэй холбон, орон сууцанд оруулах ажлыг эхлүүлсэн. Харамсалтай нь, хотын дарга С.Батболд энэ ажлыг зогсоож, гэр хорооллын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг эдлүүлэхгүйгээр зогсохгүй бусдын өмч хөрөнгийг захиргааны аргаар үнэлж, иргэдийн хашааны газрыг дээрэмдэж байна. Үүний нэгэн тод жишээ нь иргэдийн хашааны газрын ам.метрийг 60 мянган төгрөгөөр үнэлж байна. Өмнө нь иргэдийн хашааны газрыг 2-6 өрөө байраар сольж, ажлын байраар хангадаг байсан. С.Батболд даргын үед хашааны газрыг орон сууцны урьдчилгаа 30 хувь болгож, дээрэм хийж байна. Тиймээс тэдний хийж буй энэ ажлыг зогсоохын тул бид тэмцэж, эсэргүүцэхээс өөр арга алга. 2012-2016 онд Улаанбаатар хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү шилжүүлэх шийдвэр гарсан байдаг. Гэтэл С.Батболд дарга Нүхтийн аманд, зуслангийн хажууд хотын захиргааг нүүлгэх шийдвэр гаргасан. Энэ нь эрх мэдэлтнүүд Яармагийн урд хэсгийн газрыг авч, тэндээ бизнес хийх гэж байгаа санаа гэж үзэж байна. Дарга нарын энэ увайгүй үйлдлийг газрын эзэд бид нийлж зогсоох хэрэгтэй ” гэсэн юм.

Нийслэлийн өрхийн 90 гаруй хувь нь буюу 200 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч байна.  

Р.РЭНЧИНХАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж