Олны танил хүмүүсийн зодоон хийж, бусдын биед гэмтэл учруулсан гэх хэргийг хуулийнхан чимээгүйхэн шалгаж байгааг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, сар шинийн өмнө Хүүхдийн зуугийн өмнөх талбайд дуучин Б.Амархүү хамт явсан хоёр залуугийн хамт нэгэн залууг зодож, биед нь гэмтэл учруулжээ. Энэ хэрэг дээр Сүхбаатар дүүргийн цагдаагаас эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд Улсын УЕПГ-аас хэргийг татан хянаж байгаа гэх мэдээлэл байна. Үүнээс хоёр жилийн өмнө дуучин Б.Амархүү эхнэрийнхээ хамтаар “Минт” бааранд нэгэн бүсгүйг зодож гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэргийг мөн л УЕПГ-аас хянан шалгах нэрээр замхруулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл байдаг.
Тэгвэл хоёрдугаар сарын 16-н буюу сар шинийн 1-нд Хүүхдийн зууд байрлах Choco бааранд гавьяат тамирчин Н.Төгсцогт хүн зодож танхайрсан хэрэг гарчээ. Уг хэргийг мөн л УЕПГ-аас хянаж байгаа гэсэн мэдээлэл байна. Бусдын биед гэмтэл учруулсан гэх хэргээр боксчин Н.Төгсцогтод цагдаа нар хилийн хориг тавьжээ.
Дуучин Б.Амархүү болон гавьяат тамирчин Н.Төгсцогт нарын хүн зодсон хэрэг камерт бичигдсэн байтал УЕПГ-аас олны танил гэх хүмүүсийг хэргийг хянаж байгаа нь хэргийг замхруулах магадлал өндөр гэж хохирогчдын өмгөөлөгчид хардаж байна.
Б.БАТ