Б.Ганболд: Нийт зөрчлийн 87.3 хувь нь жолооч нартай холбоотой

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Б.Ганболд: Нийт зөрчлийн 87.3 хувь нь жолооч нартай холбоотой

Б.Ганболд: Нийт зөрчлийн 87.3 хувь нь жолооч нартай холбоотой

Зөрчлийн  хууль хэрэгжиж эхлээд хагас жилийн хугацаа өнгөрөв.Энэ хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар  Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганболдоос тодрууллаа.

Зөрчлийн хууль хэрэгжиж эхлээд хагас жилийн хугацаа өнгөрчээ. Хуулийн хэрэгжилт бодит амьдрал дээр иргэдийн амьдралд хэрхэн хүрч байна вэ? Тухайлбал, Энэ хугацаанд Зөрчлийн хуулийн дагуу иргэдээс хичнээн дуудлага ирэв. Хэрэг зөрчлийн тоо нэмэгдсэн үү.

Улсын Их хурлаас шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж  эхэлсэн.

Цагдаагийн байгууллага өмнө нь Захиргааны хариуцлагын болон бусад 11 хуулиар тогтоосон 231 зөрчлийг шалган, шийдвэрлэж байсан бол одоо  Зөрчлийн тухай хууль дагаж мөрдсөнөөр 50 зөрчил хасагдаж, 67 зөрчил нэмэгдэж, 16 зөрчил агуулгаараа холбогдох хуулиас орж, нийт 75 төрлийн 264 зөрчлийг шалган, шийдвэрлэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6, 6.8  дугаар зүйлд цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагчийн шалган шийдвэрлэх зөрчлийн харьяаллыг тогтоож өгсөн байгаа.

Өмнө нь захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх харилцааг зохицуулсан тусгайлсан хууль байгаагүй байсан бол энэ удаагийн эрх зүйн шинэтгэлээр зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан процесийн хууль буюу “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийг шинээр боловсруулж, батлаж хэрэгжүүлж байгаа нь хууль хэрэгжүүлэх ажиллагаанд гарсан ахиц дэвшил юм.

 Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1,14 дүгээр зүйлийн 14.3.4 дэх хэсэгт зааснаар зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэх чиг үүргийг Нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэгт  хамааруулсан байгаа.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/54 дүгээр тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтцэд шинээр  Зөрчил шалган шийдвэрлэх хэлтэс байгуулж цагдаагийн байгууллагын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллуулж байна.

Хуулинд заасан 1600 гаруй зөрчлөөс аль нь хамгийн их зөрчигдөж байна вэ?

Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн ахуй амьдрал, хууль сахих, мөрдөх ажиллагаанд  сөрөг байдал үүсгэж байгаа асуудал ердөө байхгүй. Харин өмнө нь олон салбарын хуулиар зохицуулж байсан харилцааг нэгтгэж нэг хуульд оруулж, бусад хөгжингүй орнуудын хууль эрх зүйн харилцаатай ойртуулж байгаа зохицуулалт гэж харж байгаа.

Зөрчлийн хуулиар торгуулийн хэмжээ иргэнийг 10-20 мянган  торгуулийн нэгж буюу 10,000-20,000,000 төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 100-200,000 торгуулийн нэгж буюу 100,000-200,000,000 төгрөгөөр торгох  шийтгэл ноогдуулхаар хуульчилсан.

Өмнө нь Захиргааны  хариуцлагын тухай хуулиар иргэнийг 100-50,000 төгрөгөөр, байгууллага аж ахуйн нэгжийг 50,000-250,000 төгрөгөөр торгох заалттай байсан бөгөөд торгуулийн мөнгөн дүнгийн хэмжээ нэмэгдсэн нь иргэдэд  энэ хуулиар зохицуулсан харилцаанд оролцоход нь  өмнөхөөс илүү хүндэрсэн мэт мэдрэгдэж байж болзошгүй..

Цагдаагийн байгууллагаас зөрчлийн хуулийн хэрэгжилтэд судалгаа хийдэг үү? Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар ямар эерэг, сөрөг үр дагаврууд гарч байгаа вэ?

 Цагдаагийн байгууллагын хэмжээнд Зөрчлийн тухай хуулийг  2017 оны 07 сарын 01 өдрөөс дагаж мөрдөж эхэлсэнээс хойш буюу өнгөрсөн оны сүүлийн хагас жилд  энэ хуулиар  592.742 зөрчилд 571.475 хүн, 114 хуулийн этгээдэд 19 тэрбум орчим төгрөгийн торгох, 11.808 эрх хасах, 4337 хүнд баривчлах шийтгэл оногдуулсан байна..

2018 оны 01 дүгээр сарын мэдээгээр 105,072 зөрчил бүртгэгдэж ,үүнээс 103,564 зөрчлийг шийдвэрлэж, шийдвэрлэсэн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулхад 14,7 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Өнгөрсөн сард 3 тэрбум орчим төгрөгний торгууль ноогдуулж, шүүхийн шийдвэрээр 703 хүнд баривчлах шийтгэл оногдуулж ажиллажээ.

Нийт бүртгэгдсэн зөрчлийн 90493 буюу 87.3 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил байна. Мөн олон нийтийн газарт танхайрсан, зүй бусаар биеэ авч явах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль зөрчих, хулгайлах төрлийн зөрчлүүд бүртгэгдсэн зөрчлийн багагүй хэсгийг эзлэж байна.

  Зөрчлийн хуулиас болж гэр бүл салалт нэмэгдэж байна, их хатуу хуультай болсон гэж иргэд ярих болжээ. Энэ талаар нөхцөл байдал ямар байна вэ?

Зөрчлийн тухай хуульд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг зөрчсөн зөрчилд шийтгэл оногдуулах зохицуулалт орсон байгаа, 5 дугаар бүлгийн 5.4-ийн 4 дэхь заалт: Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хувиарт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтанд хамруулах 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан байгаа .

Зөрчлийн хуулийн энэ заалтаас шалтгаалан гэр бүлийн салалтанд нөлөөлж, энэ үзүүлэлт нэмэгдэж байгаа гэж ойлгож болохгүй. Энэ зохицуулалт өмнө нь “Захиргааны хариуцлагын тухай” хуулиар шийтгэл оногдуулж л байсан харилцаа.

Улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр сард 103564 захиргааны зөрчил шийдвэрлэснээс 366 буюу 0.4 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж, зөрчил гаргасан 8 хүнд торгох, 358 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан байна.

Харин ахуйн хүрээнд  бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан дуудлага мэдээллийн дагуу эрүүлжүүлэгдээд, зөрчлийн дуудлага мэдээлэлд бүртгэгдсэн нөхцөлд хариуцлага тооцох, шийтгэл оногдуулах  асуудал тавигдаж байгаа.

Өмнө нь эрүүлжүүлэгдээд маргааш нь яваад өгдөг байсан бол одоо зохих шийтгэл хүлээх хуулийн зохицуулалт хэрэгжиж байгаа нь  гэр бүлийн хүрээнд асуудал үүсгэж байж болзошгүй.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж