“Улаанчулуут-МУИС” гэсэн хаягтай автобус өнөөдөр 07.00 цагийн орчимд “Чингис соосэ” сургуулийн эсрэг талын автобусны буудалд ирэхэд зорчигчид чихцэлдсээр хаалгаар нь оров.
Жолооч “Хойд хаалгаа өшиглө, тэгвэл онгойно”, “Яваад өгөөч хойшоо, толь хаагаад зогсчих юм”. Зорчигч “Явах боломж алга, завсар зай алга жолооч оо”.
Автобус өглөөний 06.30 цагт үйлчилгээнд гарахаа болиод удаж буй ажээ. Хамгийн эхний автобус 06.45 цагийн орчимд анхны зорчигчдоо суулган хөдөлдөг тул 07.00 цагтай уралдан тус автобус “Чингис соосэ” сургуулийн эсрэг талын буудалд ирсэн нь энэ аж.
Зорчигчид нь багтаж ядах тул жолооч урд хаалгаа хаах гэж нэлээд юм болно. Мөн хойд хаалга нь онгойхгүйгээс зорчигч нь өшиглөж, нэлээд ажил удсаны эцэст буух боломжтой болж буй учраас зогссон буудал бүртээ цаг нэлээд алдаж байлаа.
Буудал бүрт зорчигчид бууж, сууж байгаа ч хотын төв рүү дөхөх тусам багталцахгүй болж, “Чи хойшоо болчих, үгүй чи өөрөө яв. Би буух гээд байна” гэж хоорондоо шөргөөцөлдөх бол жолооч “Толь битгий хаагаад бай” гэдэг үгийг байнга давтан хэлнэ.
Зорчигчоо багтааж ядах автобус явсаар гуравдугаар эмнэлгийн эсрэг талын автобусны буудалд зогсоход иргэд бүчээд л ирлээ. Жолооч “Хойшоо яваад өг” гэх шаардлага тавих бол тус буудлаас суусан зорчигч эмэгтэй “Жаахан хөдлөөд өг л дөө. Багтчихмаар байна ш дээ. Одоо жаахан л хойшилчихвол гурван хүн багтчихна” гэж шаардлага тавив.
Ямарч байсан автобус зорчигчдоо багтаагаад цааш хөдөллөө. Гэхдээ гаднаас орж ирсэн зорчигчийн яриагаар бол автобуснууд хүнээ авахгүй хоосон давхиж өнгөрч буй нь олон аж. Зогссон автобус нь хүнээ багтаахгүй тул орох ч боломжгүй байжээ.
Түүний үгийг бусад нь ч дэмнэв. Автобусаа өглөө эрт 06.30 цагт явуулахгүй бол ажлаасаа, хичээлээсээ хоцрох хүн олон болжээ. Ядахад, тус автобусны жолооч удаан явсныг хэлэх үү, зорчигчид ажлаасаа, хичээлээсээ хоцорч байгаадаа тун баргар царайтай.
Үнэндээ ч 06.45 цагт хөдөлсөн автобус зүтгэсээр 07.50 цагт Спортын төв ордны эсрэг талын автобусны буудалд ирж байхад хождох нь аргагүй биз. Баазынх нь ажилтан бололтой нэг эмэгтэй “Чи гурав дахь тэрэг үү” гэж асуулаа. Жолооч “Үгүй ээ, нэг. Хамгийн эхэнд гарч байгаагүй, энэ удаад анх явлаа. Ёстой дийлдэхгүй их хүнтэй, барахгүй юм байна” гэж хариуллаа.
Уг нь автобус 06.30 цагт хөдөлдөг байсан бол тэр олон хүн ажил, сургуулиасаа хоцорцгоож бухимдахгүй биз.
Ингэхэд хотын дарга аа, эхний автобусыг 06.30 цагт явуулж эхлэхгүй бол энэ их түгжрэл дунд иргэд ажлаа алдаж гүйцлээ. Өглөө эрт 06.30 цагаас эхлээд автобус ирэхийг хүлээж байгаа олон зорчигч байна. Гэтэл автобус нь ирдэггүй. Арай хийн ирэхэд тэр олон зорчигч нь багталцахгүйдээ тулж жолоочдоо ажил удаж байна. Хаалга нь хаагдахгүйгээс эхлээд зарим тохиолдолд жолооч багажаа бариад бууж, хаалга үүдтэйгээ ноцолдсоор хамаг цаг барж байна.
Дээр нь автобусны жолооч нар замаа булаацалдан нударга зөрүүлж буй тохиолдол ч гарлаа.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт МУИС-ийн автобусны буудлын хажууд хоёр жолооч зодолдсон. “Зам тавьж өгөөгүй” гэх шалтгаанаар.
Уг нь ажлын цаг нь одоогоос 15 минутын өмнө эхэлдэг бол энэ мэтчлэн замаа булаацалдаж, чи би дээ тулсан зодоон нүдээн гарах нь бага л болов уу.
Хотын дарга аа, нийслэлчүүдийн ажил өглөө эрт эхэлдэг болсныг мэдэрч, нийтийн тээврийг зохицуулахгүй бол түгжрэл дээр түгжрэл нэмж, нэрмээс болж гүйцлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээвэрт өдөрт 800 гаруй автобус үйлчилдэг. Хэрвээ эдгээр автобусны хүч нь хүрэхгүй байгаа бол жижиг оврын автобусаа өглөө эрт үйлчилгээнд гаргаж болохгүй юу. Хотын дарга аа, нийслэлийн Тээврийн газрын дарга аа, энэ талаар санаж сэрж ажиллаж үзээч.
Г.ХОРОЛ