Ангела Меркел Засгийн газраа удирдана

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Ангела Меркел Засгийн газраа удирдана

Ангела Меркел Засгийн газраа удирдана

ХБНГУ-ын Социал демократ намын гишүүд Канцлер Ангела Меркелийн Христийн ардчилсан холбоо намтай эвсэл байгуулахыг дэмжсэнээр зургаан сар үргэлжилсэн улс төрийн тодорхойгүй нөхцөл байдлыг мухардлаас гаргаж, Ангела Меркел дөрөв дэх удаагаа засгийн газар тэргүүлэхээр болж байна.

Социал демократ намын гишүүдийн 66 хувь нь их эвсэл байгуулахыг дэмжсэн бол 34 хувь нь эсрэг санал өгчээ.

Есдүгээр сард болсон холбооны парламентын сонгуулийн үр дүнд эрх баригч хоёр нам хоёулаа олон сонгогчоо алдсан. Эвсэл шинэ засгийн газрыг энэ сарын эцсээр байгуулах ажээ.

Ангела Меркел 2005 оноос хойш Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай орны засгийн газрыг удирдаж байгаа юм. Хэрэв Меркел эвслийн засгийн газрыг дөрвөн жил удирдаж чадвал 16 жил засгийн газар тэргүүлсэн Канцлер болж, хамгийн удаан засаг тэргүүлсэн Канцлер асан Гельмут Кольтой энэ зэрэгцэж очих юм.

2017 оны Холбооны парламентын сонгуульд Ангела Меркелийн Христийн ардчилсан нам амархан ялалт байгуулж, түүний дөрөв дэх бүрэн эрхээ хэрэгжүүлэх замыг засах байв.

Гэвч сонгуулийн дүн таамаглаж байснаас тааруу гарч, Германы эрх баригч хоёр нам олон сая сонгогчоо хэт барууны үзэл баримтлалт Альтернатив Герман намд алдсанаар байр суурь нь ганхаж эхэлсэн юм.  Германы Альтернатив нам сонгогчдын 13 хувийн санал авч, анх удаа парламентад суудалтай болсон билээ.

Сонгуулийн гэнэтийн үр дүнгээс болж Ангела Меркел эвсэл байгуулахаар Либерал чөлөөт ардчилсан нам (FDP) болон Ногоон намтай арваннэгдүгээр сард хэлэлцээ явуулсан боловч бүтээгүй тул Социал демократ намтай их эвсэл байгуулах ганц сонголт үлдсэн билээ.

Меркелийн рейтинг унаж, есдүгээр сарын сонгуулиар сонгогчдоос тааруу дүн авсан нь Меркелийн 2015 оны цагаачдын талаар явуулсан бодлогын үр дагавар гэж ажиглагчид үзэж байгаа юм.  Цагаачдад зориулсан нээлттэй хаалганы бодлого нь ХБНГУ даяар хэлэлцүүлэг, маргаан дэгдээж, эсэргүүцэлтэй тулгарсан.

Сонгуулиас сургамж авсан Меркел өнгөрсөн оны аравдугаар сард Германы цагаачдын тоог бууруулах арга хэмжээ авахыг зөвшөөрсөн юм.

Ангела Меркелийн Христийн ардчилсан нам болон Мартин Шульцын Социал демократ нам эвслийн засгийн газар байгуулж, сайд нарыг удахгүй томилох ажээ.

Христийн ардчилсан нам болон Социал демократ нам эвсэл болсноор хэт барууны үзэл баримтлалтай Германы Альтернатив нам парламентын томоохон сөрөг хүчин болох боломж бүрдэж байгаа юм.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж