“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Далдугаар бүлэг
ЛИНЬ ДАЙ ЮЙ “ТООР ЦЭЦГИЙН ЦУГЛААНЫГ” ДАХИН БАЙГУУЛЖ, ШЫ ШЯН ЮНЬ УДЫН УНГИРЛЫН ДУУЛЛЫГ ХОРОМХНОО ЗОХИОВ
Өгүүлэх нь: өдөр бүр ном хуруулж, буян үйлдүүлж байтал Жя Лянийг Жя Мү дуудуулж шарилыг гэрийн сүмд аваачиж болохгүй гэсэн учир арга буюу Ёу Сань жегийн дээд талд нүх ухаад хөдөөлүүлэв. Тэр үед ураг төрлийн хэдэн хүн, Ван овогт эр эм хоёр, Ёу овогт эх, эгч нар л хүрэлцэн очив. Энэ ажилд Фөн Же огт хавьтсангүй.
Энэ үед цагаан сар ойртож ажил хэрэг ундарч байтал Линь Жышяогийн эхнэр хүмүүсийн нэр бичсэн хуудас барьж, хорин таван нас хүрсэн найман боол байгаа тул сул тавьж явуулах буюу насанд хүрсэн боол шивэгчин байвал ураг холбохыг хүснэ хэмээн мэдүүлэв. Фөн Же үзээд Жя Мү Ван Фүрэнь нартай зөвлөлдөв. Хэдийгээр насанд хүрэгсэд бий боловч цөм өөр өөртөө үл холбох шалтгаантай ажээ. Хамгийн түрүүнд Юань Ян хүнд очихгүй гэж бурхан тэнгэрт ам алджээ. Тэр өдрөөс эхлэн Бао Юйтэй үг дуугарахгүй болсноор барахгүй, гоёж гоодохыг ч больжээ. Хүмүүс ч түүний зоримогийг мэдээд хүчлэн хөшиж чадсангүй. Дараагийн хүн Ху По одоо өвчтэй тул энэ удаад тэр тухай ярих хэрэггүй болжээ. Цай Юнь бас ойрмогхон Жя Хуаньтай муудалцсанаас бас засашгүй өвчин олжээ. Тийнхүү Фөн Же, Ли Ванийд зарагдаж байгаа охидыг гаргах болов. Бусад нь цөм насанд хүрээгүй тул үлдэгсдийг өөрсдөө гаднаас ураг хэлэлц хэмээн явуулжээ.
***
Ойрноос Фөн Же өвдсөн учир Ли Вань, Тань Чүнь хоёр гэрийн явдлыг хариуцаад тун завгүй байв. Цагаан сар болж эс бусан их бага ажил хэрэг ундарсан тул шүлгийн чуулган мэтийг орхижээ. Хэдийгээр хаврын сайхан улирал эхэлж зав чөлөө гарч байсан боловч Лю Шянлянь хоосны үүдэнд шургаж, Ёу Сань же амиа хорлон Ёу Эр Же Фөн Жед хяхагдан үхэж, Лю Эр тэр шөнө хоригдсоноос хойш өвчин нь улам хүндэрсэнд Бао Юй үзэж төвдөхгүй олон арван уйтгар гуниг дээр дээрээсээ давхарлаж нэг нь дуусаагүй байхад нөгөө нь нэмэгдсэнд түүний царай муудаж, үргэлж үгээ солин хэнээ өвчин туссан мэт болжээ. Тийм учраас Ши Рэнь нар ихэд сандарч тэгсэн хэрнээ Жя Мүд хэлж чадахгүй, аль болохоор л инээлгэн баясгаж аргацаана.
Нэг өглөө сэрвэл, гадаах өрөөнд тасалдахгүй хөхрөх дуу гарсанд Ши Рэнь: “Энэ чинь юү вэ. Чи түргэн очиж шалга” гэж Бао Юйд хэлэв. Цаадах нь хэрмэн зувцаагаа өмсөөд яаран очвол, Чин Вэнь, Шө Юэ хоёр Фан Гуанийг даран гижигдэж байв. Тэд ор дэрээ ч хураагаагүй, дээл хувцсаа ч өмсөөгүй байлаа. Чин Вэнь ногоон дурдан цамцтай, улаан дурдан шуудагтай, үсээ сэгсийлгээд Бан Гуаний дээр суучихсан, Шө Юэ улаан сиймхий торгон элгэвчтэй хуучин дээл нөмрөөд суганд гараа хийчихсэн гичигдэж байв. Фан Гуань нь цацмал хуартай цамц, улаан өмд, ногоон оймстой ханзан дээр тэрийн тэлчилж, хөхөрсөөр элэг нь хөших шахжээ. Тэднийг хараад Бао Юй инээж:
-Нэг жаахныгаа хоёр том нь дарлаж байгаа юм уу. Миний гижигдэхийг үзэх үү гээд ханзан дээр гарч Чин Вэнийг гижигдсэнд Фан Гуаниас салаад Бао Юйтэй ноцолдов. Энэ далимаар Фан Гуань, Чин Вэнийг дарж авав. Тийнхүү дөрвүүл бөөгнөрөн өнхрөлдөж байхыг хараад Ши Рэнь инээн: “Болио, салхи цахиулав. Хувцсаа өмсөцгөө” гэв. Ингэж байтал Би Юэ ирж: “Өчигдөр үдэш найнай энд алчуураа мартжээ. Байна уу” гэж асуусанд Шяо Янь “Байгаа. Би газарт байхыг нь аваад угаагаад өлгөчихсөн. Хэнийхийг мэдээгүй. Хатаагүй л байх” гэв. Тэдний ноцолдож байхыг хараад Би Юэ инээж:
-Танай энд их шуугиантай юмаа. Хар өглөөгүүр хи хи, ха ха гээд л шуугилдаад эхэлсэн шүү гэсэнд Бао Юй:
-Танай хүн бас л олон. Яагаад тоглож нааддаггүй юм бэ гэж асуусанд цаадах нь:
-Манай найнай, хөөрцөг наадаанд дургүй учраас бага эхнэр, авхай нарыг ч шуугилдахыг хориглоно. Одоо чинь авхай Лао тайтайгийн тэнд байгаа болохоор бүр ч эль хуль болсон. Ирэх өвөл бага эхнэр гэртээ буцна. Тэгэхээр бүр чимээ чийргүй болох биз. Чи хараач, Бао авхайн тэндээс ганцхан Шян Лин явсанд хичнээн олон хүн явчихсан юм шиг болсон. Юнь авхай л ганцаараа байна гэв.
Тэднийг ингэж ярилцаж байтал Шян Юнь, Цүй Лю-г явуулж: “Бао Юй хурдан ирж сайхан шүлэг унштугай” гэж дуудуулсанд Бао Юй санд мэнд угааж арчаад гарч ирэв. Яаран явж очвол Дай Юй, Бао Чай, Шян Юнь, Бао Чинь нар нийлээд хэсэг шүлэг уншиж байв. Бао Юйг ороод ирмэгц инээлдэн: “Өдий болтол босдоггүй ээ. Манай шүлэгчдийн чуулган тараад нэг жил болоход сэргээсэн хүн байхгүй. Одоо цаг тутам бодис амилан сэргэх хаврын эхний сайхан цаг тул чухам дахин нэгийг байгуулж урам зориг юүгээ хөгжөөвөл зохино” гэцгээв. Шян Юнь инээж:
-Түрүүнд шүлэгчдийн цуглаан байгуулахад намар байсан тул өрнөн хөгжиж чадаагүй юм. Одоо бол яг хамаг амьтны амин судас лугшин оргилох сайхан цаг тул шүлэгчдийн цуглаан байгуулахад тохиромжтой байна. Түүгээр барахгүй, энэ “Тоор цэцгийн дуулал” маш сайхан. Одоо “Хайтан цэцгийн цуглаан” нэрээ сольж “Тоор цэцгийн цуглаан гэе” гэсэнд Бао Юй толгой дохиж, “Зүйтэй зүйтэй” гээд шүлгийг үзэх гэж яарав. Бүгдээр “Даруй Дао Шянгийн хөгшин тариачныг сурвалжлахаар очиж шүлэгчдийн цуглаан байгуулахаа зөвлөлдөе” гэцгээв. Тэгээд бүгд босож Дао Шян Цүньд очив. Бао Юй тийш явж байхдаа шүлгийг уншиж үзвэл ийм ажээ.
ТООРЫН ЦЭЦГИЙН ДУУЛАЛ
Тоорын цэцэгт орхиулын гадна урьхан салхи сэвэлзэж
Тоорын цэцэгт орхиулын дотор өглөөний нойрондоо үүрэглэнэ
Орхиулын гадна тоорын цэцэг, орхиулын дотор хүн
Өнгөт цэцэг хүнээс асар холгүй.
Дорнын салхи зорьмог үлээн орхиулыг сөхөх санаатай
Дотор өрөөг цэцэг бүрхвэл орхиул сөхөгдөхгүй
Орхиулын гадна тоорын цэцэг мөнхүү дэлгэрсээр
Орхиулын доторх хүний бие цэцгээс илүү дорой
Хүрээнд үүсэх дуу чимээг салхи ямагт авчиран
Хүний сэтгэлийг цэцэг ойлговол өөрөө бас гунихарна
Өнгөт орхиулыг салхи нэвтлэхүйеэ хүрээ дүүрэн цэцэг
Өнөр хаврын сайхан үзэмжинд сэтгэл аандаа энсэрнэ
Тансаг хөвд хөлөөр хөглөрч хаалгыг дэмий дарна
Ташуу наран хашлагыг гийгүүлж хүн түүнийг түшнэ.
Хашлага түшин сэтгэл уярч, дорнын салхинд уйлан
Хээнцэр цэцэг лүгээ сэм нөхөрлөн улаан хормойвчийг заснам
Багларсан навчис солбисон мөчир ороолдож ширэлдээд
Бадмаараг гэсэр шинээр дэлгэгдээд номин навчинд хосолно
Утаа униар шугуйд тунаран түмэн модод бүрэлзэж
Улаан туяа ханыг гэрэлтүүлж асар гоёмсог үзэгдэнэ.
Мандах нарны улаан туяа магнаг хөнжлийг шатаахул
Мансуурсан нойрноос сэрж хатгамал дэрийг түлхнэм.
Зарц охин ус авчран алтан гадрыг өргөсөнд
Заарт усанд ууссан энгэсэг адбиш сэрүүн санагдана
Өнгө хурц оо энгэсгийг юутай адилтгаваас зохино вэ.
Үлэмж булбарай цэцгийн цоморлиг болор нулимстай адил
Учралт хүний нулимсны хэлхээг тоорын цэцгээр зүйрлэвэл
Урсах нулимс тасрашгүй цэцэг үүрд соргог.
Нулимст нүдээр цэцгийг харахуйяа нулимас амархан хатна
Нулимс хатаж, хавар өнгөрөөд цэцэг үхширэн хатна.
Зовлонт хүний сэтгэлийн зугаа нь зулгаран одох цэцэг
Зулгарах цэцгийн төлөөнөө гунихад үдэш болох нь түргэн
Уянгат хөхөө эгшиглэн донгодсоноор хаврын өнгө дуусна
Уйтгарт шөнийн гэгээн саран орхиул дээр туяарна
Бао Юй энэ шүлгийг уншаад магтан сайшаагаагүй боловч хоёр нүдэнд нь нулимс хураад мэлрэн мангуурч харагдана. Цаадуулаасаа зовоод нулимсаа яаран арчингуут “Үүнийг хаанаас олсон юм бэ” гэж асуусанд Бао Чинь “Хэн зохиосон шиг санагдав” гэсэнд Бао Юй инээгээд: “Энэ Шяо Шянзыгийн найраг байхаа” гэв. Цаадах нь инээж: “Үүнийг би зохиосон юм” гэв. Бао Юй: “Би итгэхгүй. Энэ шүлгийн аяс өөр байна” гэсэнд Бао Чай инээж: “Чи мэдэхгүй нь зөв өө. Шө Гун бү бол бадаг бүрд эрхбиш “Удвал цэцгийн дэлгэрэх нь урсах нулимсны тулд” гэх буюу ерийн үед бас “Усны элбэгт улаан цэцэг соргог”, “Замаг өвсийг салхин үлээхүйеэ номин бүс урт” гэх мэт үгс байдаг” гэв. Бао Юй инээж: “Хэдий тийм боловч охин дүүг ийнхүү гунихран ингэнсэн шүлэг бичихийг эгч нь хэрхэвч зөвшөөрөхгүй. Охин дүүд эрдэм байвч ийм шүлгийг зохиоход бас ч хэцүү. Ганцхан Линь авхай л хагацал ангижралын гашуудлыг амссан хүн болохоор үг аялгуу нь энэ мэт уяруун байдаг юм” гэв.
Энэ үг таалагдсан бололтой цөм л хөхрөлдөв. Тэд дараа нь Ли Ваньд үзүүлсэнд цаадах нь бүр сайшаав. Шүлэгчдийн цуглаанаа сэргээх тухай ч ярилцав. Тэгээд маргааш нь цуглаанаа хуучин нэрийг нь солиод “Тоорын цэцгийн цуглаан” болгож Дай Юйгээр ахлагч болгохоор тохиров. Хоолны дараа цуглаад шүлгийнхээ сэдвийг ярилцсанд Дай Юй: -Бүгдээрээ, “Тоорын цэцгийн шүлэг” зуун бадаг зохиоё гэж санал гаргасанд Бао Чай: -Болохгүй. Эртнээс “Тоор цэцгийн тухай шүлэг” маш олон болохоор одоо бид олныг зохиовол тэднийг давтана. Чиний энэ эртний шүлгийн аясаар бичсэнтэй адилгүй. Өөрийн сэдэв эрсэн дээр… гэтэл хүн ирж “Нагац Тайтай ирсэн тул авхай нарыг очиж мэндэл” гэж байна гэсэнд цөм явж Ван Зытөнгийн хатантай золгоод баахан ярилцав. Хоолны дараа түүнийг дагаж хүрээлэнгээр ороод баахан зугаалав.
Маргааш нь Тань Чүний төрсөн өдөр болох тул Юань Чүнь хоёр бяцхан тайган илгээж тоглоом наадмын зүйл бэлтгүүлэв. Хүмүүс дор дороо бэлэг сэлэгтэй хүрч ирэв. Хоолны дараа Тань Чүнь ёслолын хувцас өмсөөд айлуудаар орж золгосонд Дай Юй инээж: “Миний цуглаан эхэлмэгц бас тохиол таарсангүй. Энэ хоёр өдөр ол энүүний төрсөн байсныг мартжээ. Хэдий найрын ширээ засаж, ший тоглуулахгүй боловч өнөөдөр Лао тайтай, бусад Тайтай нарт нэг өдөр бараа болох хэрэгтэй тул яаж чөлөө олдох вэ” гээд шүлэгчдийн цуглаанаа хэдэн өдрөөр хойшлуулав.
Өнөөдөр эгч дүү нар хамтаараа өглөөний хоол идэж байтал гэнэт Жя Жөнгийн захиа ирлээ гэв. Бао Юй амар эрээд Жя Мүгийн амгаланг айлтгасан захиаг задлан дуудаж өгөв. Эхлээд амгаланг айлтгаад зургаан сарын үеэр нийслэлд очно гэсэн байв. Түүний хажуугаар гэрийн захидал, бусад зүйлсийг Ван Фүрэнь, Жя Лянь нар задалж үзэв. Түүнд бас зургаа долоон сард харина гэсэн байлаа. Захиаг сонсоод цөм баяр хөөр болов.
Энэ үед Ван Зытөн ач охиноо Шюй Бао Нинхөүгийн хөвгүүнд өгөхөөр тогтож таван сард богтлох болсон тул Фөн Же тэр ажилд оролцох завгүй болоод хэд хоног гэртээ харьсангүй. Өнөөдөр Ван Зытөнгийн хатан ирж Фөн Жег аваачихдаа бас зээ хүүгээ залж нэг өдөр наргия гэв. Жя Мү, Ван Фүрэнь нар Бао Юй, Тань Чүнь, Дай Юй, Бао Чай дөрвийг Фөн Жегийн хамт оч гэсэнд үгүй гэх хүнгүй тул гоёл заслаа өмсөөд явцгааж, зул асаах үеэр эргэж ирэв. Бао Юй хариад амарч байтал Ши Рэнь, дэмий сул байх үедээ ном бичгээ үзэж бай гэж ятгасанд цаадах нь хуруу дарж тоолоод “Хол байна” гэв. Ши Рэнь: “Бичиг бас гайгүй. Чи тэр үед үнэхээр цээжилж чадвал бичсэн үсэг чинь хаана байна вэ” гэж асуусанд цаадах нь: “Би нилээд их юм бичсээн. Та хурааж аваагүй юм уу” гэв. Ши Рэнь:
-Яаж хураагаагүй байхав. Өчигдөр чамайг эзгүйд бүртгэж үзсэн. Таван зуун жаран хэдхэн хуудас байна лээ. Энэ хоёр гурван жилд энэ хэдхэн хуудсыг бичлээ гэж үү. Маргаашаас эхлээд элдэв юм бодохыг больж, өдөр бүр хэдэн хуудас шалбалзан бичээд байвал хэдий тоо ёсоор бүрдэж чадахгүй ч гэсэн эвлүүлэн өнгөрөөж болно гэсэнд Бао Юй өөрөө тоолж үзвэл, үнэхээр ам хаахад хэцүү байсан тул “Маргаашаас эхлээд өдөр бүр зуун үг бичье” гээд унтахаар хэвтэв.
Бао Юй өглөө босож угааж самнаж дуусаад цонхны дэргэд сууж хичээнгүй сайхан бичиж эхлэв. Жя Мү түүнийг үгүйлж “Өдий болтол ирэхгүй байна. Өвчтэй болоогүй байгаа” гэж санаашран асуулгасанд Бао Юй шалбалзан очиж амрыг эрээд “Үсэг бичиж байгаад оройтчихлоо” гэсэнд Жя Мү баярлан “Хойшид үсэг бичих буюу ном уншиж байвал мэнд мэдэх гэж наашаа гүйх хэрэггүй. Тайтайдаа бас ном үзэж байгаагаа хэлээрэй” гэсэн ёсоор очиж хэлбэл ээж нь:
-“Мордох үед чихийг нь хатгав” гэж үг байдаг юм. Ийнхүү одоо цухалдахаа мэдсэн бол өдөр бүр хичээж, бичиж, уншиж байх байжээ. Тэгсэн бол өдийд хичнээн их юм уншиж чадах вэ. Одоо гэнэтхэн шамдаж байгаад өвчин олов доо гэсэнд Бао Юй: “Хамаагүй ээ” гэв. Бао Чай, Тань Чүнь хоёр хөхөрч:
-Тайтай зовох хэрэггүй. Бид өдөрт нэг хуудас хуулж өгөөд энэ нэг удааг аргалж болно. Тэгвэл Лаоег цухалдуулахгүй байж болно гэсэнд Ван Фүрэнь толгой дохин инээв. Дай Юй, Жя Жөний ирэх ойртсоныг сонсоод тэрбээр ирээд л Бао Юйн бичгийг шалгах тул, наадах нь өөр юм оролдсоор байгаад юү ч үгүй байвал зэмлүүлнэ гэж бодоод, бие тавгүй мэт байгаагаар оволж шүлгийн тухай дурьдахгүй болов. Тань Чүнь, Бао Чай хоёр өдөржин хичээж бичсэн нэг хуудас бичгийг Бао Юйд өгөв. Энэ үед Бао Юй ч хичээж өдөрт хоёр гурван зуун үсэг бичдэг болов. Гурван сарын хорьд болоход бичсэн юм ч овоо их болжээ. Тоолж үзвэл, хэдэн арван хуудас болсон бөгөөд ам таглах болохтой байв. Гэхдээ яагаа л гэж бодож байтал Зы Жюань ирж нэгэн боодолтой юм өгөв. Үзэхүл, тостой цаасан дээр бичсэн Жун вангийн ялаан толгойн чинээхэн гол үсгүүд байв. Үсгийн тиг нь бас өөрийнхтэй нь адил тул Бао Юй ихэд баярлав. Тэгээд Зы Жюаньд машид талархан ёслов. Ши Шян Юнь, Бао Чинь нар ч хэдэн хуудас хуулж өгсөний дараа тоолж үзвэл уг тоонд хүрээгүй ч ам таглаж болохтой болжээ. Бао Юй санаа амраад унших ёстой байтал далайн шуурга болж эрэг дагасан хэдэн орны иргэд гамшигт учраад нутгийн ноёд тусламж хүссэн тул Богд эзэн зарлиг буулгаж Жя Жөнг ирэх замдаа тохинуулан тэтгэх тушаал өгчээ. Бодоод байвал долоон сарын сүүл хүргэж эргэх тул Бао Юй бичиг үсгийн зүйлийг орхиж, энүүгээр тэнүүгээр зорчиж эхлэв. Бас Ши Шянюнь уйтгарлан суух үед хавар зуны зааг болоод, удын унгирал хийсэн бүжиглэхэд нэг дуулал бичих санаа төрж аялгууг нь “Рү Мөн Линд” зохицуулжээ. Тэр дууллын үг нь,
Хүр хорхой анх бөөлжсөн мэт хэмээхүйеэ
Хүжсийн үнэрт хоргой орхиулыг өргөсхийв
Уран гараар орхиулыг атган бахдаж
Уянгат хөхөө, жөтөөч хараацайг үл хэрэгсэнэ
Түр байзна, түр байзна
Төлжих хаврыг талаар битгий өнгөрүүл!
Ийнхүү бичсэнээ, үзээд бузгай болж бодоод сийрүүлэн бичээд Бао Чайд үзүүлэн дараа нь Дай Юйг эрэв. Түүнийг нь Дай Юй үзээд: “Үнэхээр сайн болжээ. Шинэ сонин төдийгүй гайхалтай сайн байна” гэж үнэлэв. Шян Юнь:
-Манай урьдах цуглаан нэгэнт дуулал зохиосонгүй. Маргааш чи цуглаанаа зарла. Дуулал зохиовол шинэ сонин юм биш үү гэсэнд Дай Юйн урам сэргэж “Зүйтэй, зүйтэй” гэв. Шян Юнь:
-Тэгвэл өнөөдрийн тэнгэрийн сайханд эхлүүлье гэсэнд Дай Юй зөвшөөрөв. Тэгээд тэр хоёр хэдэн янзын жимс бэлтгүүлээд тал тал руу хүн явуулж нөгөөдүүлээ залав. Тэр хооронд “Удын унгиралаар” сэдэв болгон хэдэн аялгуу хуваагаад тэмдэглэн авч хананд наав. Төдөлгүй цөм цуглав. Тэд хана өөд харвал, “Удын унгиралаар сэдэвлэн уянга уянга дууллыг аялгуу хуваан найруулна” гэж бичсэн байв. Тэгээд Шян Юний дууллыг уншин магтацгаав. Бао Юй инээж:
-Би дуулал зохиохдоо муу. Баахан дэмий донгосох төдий гэсэнд Бао Чай, нэг ширхэг “Мөн Тянь Шян” хэмээх хүж асаасанд бүгд бодолхийлж эхлэв. Төдий удсангүй, Дай Юй дууллаа биччихсэнд Бао Чинь ч дуусчихлаа. Бао Чай инээж:
-Би нэгэнт бодчихлоо. Урьдаар та нарынхыг үзье. Дараа нь минийхийг үзээрэй гэсэнд Тань Чүнь инээж:
-Өнөөдрийн энэ хүж ямар амархан шатдаг юм бэ. Би дөнгөж хагас бадагтай байна гээд Бао Юйг харж, чи биччихвүү гэж асуув. Цаадах нь хэдхэн мөр бичээд бичсэнээ баллаад, дахиад бичнээ гэж бодож байтал хүж шатаж дуусав. Ли Вань нар хөхрөлдөж: “Бао Юй бас л хоцорлоо. Жяо охин яав” гэсэнд Тань Чүнь яаран бичиж байв. Тэрнийг нь үзвэл, “Нань Кө Зы” хэмээх дуулал ажээ.
Ширхэг нарийн мяндсыг талаар өлгөж
Ширэлдсэн эрчит утсыг хоосон дүүжилнэ
Холбож уяхуйяа бэрх агаад хурааж нийгэх аргагүй
Хувь хувийн замаа эрж дөрвөн зүгт ниснэ… гэж бичсэн байв. Ли Вань инээж: “Зохиосон нь бас зүгээр юмаа. Яагаад залгаж бичихгүй байгаа юм бэ” гэв. Хүж нэгэнт дууссан тул Бао Юй чармайн зүдэж байснаа болив. Тэгээд “Дуртайяа торгуулаяа” гэсээр бийрээ тавьснаа, дээрх төгсөөгүй хагас бадаг дууллыг үзээд, дорхноо урам нь сэргэж бийрээ аваад бичиж эхлэв.
Бутран сарниад очиход та битгий гунихрагтун
Буцан нисэж ирэхийг би өөрөө мэднээ.
Болжмор яаран, эрвээхэй ядарч хавар нэгэнт өнгөрөв
Болзоо гэрээг ийнхүү тогтож ирэх хавар учирсугай!
Ингэж бичсэнийг үзээд охид хөхрөлдөж: “Түрүүнд чадахгүй байснаа энүүхэн хооронд чаддаг болдог юмаа. Хэдий сайхан зохиож байгаа ч гүйцэтгэ гэсэн гэж тооцохгүй” гэцгээгээд Дай Юйн бичсэнийг үзэцгээв. Нэгэн анги “Тан Дуолин” дуулал ажээ.
Буман цэцгийн хойгт буурцагийн өрөвтас лавсан
Болжморын эгшигт асарт цэцгийн үнэр анхилнам
Бөөн бөөнөөр багларан бутарч нийлэхийг төсөөлөхүйеэ бэрх
Бушнин хийсэх нь тавилан мууттай адил
Ээнэгшин наалдавч дэмий хэрэг
Эргэцэн санавч ямар тус!
Улалж өвс мандаж, буурахыг мэдэх бөгөөс
Улирал дуусвал залуугийн үс цайсан мэт
Нимгэн заяанд гомдож гутран
Нисэж, хөвөхийг чинь хэн хүн хэрэгсэнэ үү!
Дорнын салхийг дагая гэвч салхи тоохгүй
Дур зоргоороо хийсэн явтугай
Дурсаж, хүсэж байх хүн алга!… гэсэн үүнийг сонсоод цөм шүүрс алдснаа “Их сайхан зохиосон боловч дэндүү их эмгэнэлт гунигтай мэт болжээ” гээд Бао Чиний бичсэн “Ши Жян Юэ” хэмээх дууллыг үзэцгээв. Энэ дуулад өгүүлсэн нь;
Ханий зусланд найгасан уд асар сийрэг
Маны даланг чимсэн ой хэтэрхий сахлаг
Нэгэн хаврын зүдрэл чармайлт нь зэрэглээ болон замхарч
Нүд ирэммэгц саран цэцгийн зүүд төдий болжээ
Улаан энгэсэг хөсрийг будсан хүрээ олон
Урьхан цас орхиулыг хучсан айл арвин
Орчлон дэлхийн газар бүхэн нэгэн адил байсан ч
Огоорон ангижирах хагацалт хүний эмгэнэл хүнд
Уг дууллыг сонсоод хөхрөлдөж: “Ер нь үүний үгийн аяс уяруун зовиуртай байх юмаа. “Хүрээн олон”, “айл арвин” гэж дууссан энэ мөр их сонирхолтой” гэсэнд Бао Чай инээж:
-Гуниг эмгэнэлээс салж чадсангүй ээ. Миний бодоход, удын унгиралгэгч угаас хөнгөн нимгэн, үндэс ёзооргүй юм тул түүнийг магтан шүлэглэхэд харин давхардахгүй мэт. Ийнхүү би нэг анги эвлүүлэн найруулав. Та нарын санаанд ямар байхыг мэдэхгүй гэсэнд цаадуул нь инээлдэж: “Битгий өөрийгээ бас. Сайхан дуулал болсон байх гэж бодогдож байна. Сонирхон сонсоё” гээд энэ нэгэн анги “Линь Жян Шянь” дууллыг үзвэл:
Хас цагаан танхимын өмнө хавар бүжиг эргэж
Хараахан сэвэлзэх дорнын салхины эрч нь юутай уран тэгш… гэх үгэнд хүртэл Ши Шян Юнь хөхөрч, “Хараахан сэвэлзэх дорнын салхины эрч нь тэгш” хэмээх мөр бэ. Ганц мөр даруй олноос оройлж хүнээс хэтийджээ гээд дараачийнхыг үзье гэв.
Эрвээхэй сүрэглэж, зөгий бүлэглэн түйвээн зогсохгүй ч
Ямар учраас нөгчих урсгалыг дагана вэ
Яахин бас анхилмал тоосыг түшнэм бэ
Буман ширхэг түмэн мушгиа өнөд үл таран
Бутран саринаж нийлэн хурах нь өөрийн аяа
Хөхрөх хавар түүнийг битгий язгуур нимгэн гэж элэглэгтүн
Хонгор салхины хүч дэмжлэг олбол
Хөх үүлнээ авирах үнэхээр хялбар… гэсэн үүнийг сонсоод бүгд баясан сайшааж “Урвуулан хэрэглэсэн нь, үнэхээр сайхны туйлд хүрчээ. Энэ дууллыг эрхэтгүй тэргүүнд тавибал зохиноо. Уран зөөлөн, уяруун эвхрэлтэйг хэлбэл Шяо Шян За боловч үг аясын урсам сонсголонтой нь, илүү олзуурхууштай болжээ. Харин өнөөдөр Шяо Шюэ, Жяо Кө нар мөчлөгт алдсан тул торгуул хүлээнэ” гэцгээв. Бао Чинь инээж:
-Бид торгуулах нь лавтай, харин хоосон хуудас тушаасныг яаж шийтгэх вэ гэж асуув. Ли Вань:
-Яарах юү байхав. Энэ удаа хүнд торгож, хойшид сэрэмж болгоно… гэтэл гадаах хулсан гэгээвч унах мэт дуу гарсанд хэрдхийн цочиж шивэгчдийг гарч үз гэтэл гаднаас охид орж ирж “Эрвээхэй хэлбэртэй том цаасан шувуу унаад хулсны салаанд өлгөгджээ” гэв. Шивэгчид хараад инээлдэн: “Ямар сайхан цаасан шувуу вэ. Ямар хүн тавьсан юм бол доо. Утас нь тасарчээ. Бид буулгаж авчирая” гэлцсэнд Бао Юй нар гарч хараад: “Энэ цаасан шувууг би танинаа. Да Лаоегийн тэндэх Янь Хун охиных байна. Буулгаад хүргэж өг” гэв. Зы Жюань инээж: “Энэ дэлхийд адилхан цаасан шувуу байдаггүй юү. Ганцхан түүнд л ийм цаасан шувуу байдаг юм уу. Эр Еэ тун нарийн ажиглажээ. Харин би буулгаатхая” гэв. Тань Чүнь инээж: “Зы Жюань чи олзонд их дуртай юмаа. Өөрт чинь байсаар байтал, бас хүний алдсаныг авахаас сэжиглэхгүй юү” гэж дооглов. Дай Юй: “Нээрэн л тийм юм даа. Манайх өөрийнхийгээ бас авчраад гай түйтгэрийг зайлуулан явуулъя” гэв.
Цаасан шувуу тавина гэхийг сонсоод охид тэсгэлгүй баярлаж, яаран шувуугаа авч гарч ирсэнд гоолиг хүний дүрстэй, галуу шувууны янзтай зүйл зүйлийн шувууд харагдана. Охид яаралдан өндөр гишгүүр бэлтгэж, өлгүүр мод уяж, эрвээхэй тэнхлэгийг нь султгасанд Бао Чай нар хүрээлэнгийн их хаалганы тэнд зогсоод цаасан шувуут охидыг гаднах уудам талбайд очиж тавь гэцгээв. Бао Чинь хэн нэгэнд:
-Таны энэ бүтэхгүй ээ. Гуравдугаар эгчийн тэр зөөлөн жигүүртэй гарди харин их сайхан болжээ гэв. Бао Чай эргэж Цүй Мод: “Чи явж өөрийнхийгээ авчираач дээ” гэв. Энэ үед Бао Юйн урам их хөгжиж, бяцхан охиныг явуулж “Өчигдөр Лай Данянгийн өгсөн том загасан дэгдүүрийг аваад ир” гэж явуулав. Явсан охин удаж удаж буцан ирээд: “Чин Вэнь охин өчигдөр тавиад явуулчихжээ” гээд инээв. Бао Юй: “Тийм бол тэр том наймалжийг авчир” гэв. Охин буцаж, том сайхан хүн дүрстэй цаасан шувууг, эргэх тэнхлэгийн хамт хэдэн охины хамт дамжлаад ирэв. Тэд: “Ши Рэнь хэлж байна. Наймалжийг өчигдөр Сань эгчид өгчээ. Түүнийг сая Линь Данян хүргэж ирсэн боловч үүнийг тавь гэж” гэв. Бао Юй шинжин үзээд, энэ сайхан хүнийг асар урлан хийжээ гэж баярлан: “тавьтугай” гэв. Энэ үед Тань Чүнь бас нэгийг авчруулаад, уулын бэл рүү очиж тоглоцгоов. Бао Чинь нэг бүдүүн баавгайг Бао Чай хэлхээтэй долоон галуу тавиулж байхад Бао Юйн өнөөх сайхан хүн нисэж чадсангүй. Тэрбээр бяцхан шивэгчнийг тавьж чадахгүй байна гэж зэмлэн өөрөө оролдож байгаад хөөргөсөнд, байшингийн оройн хэр хөөрөөд унасанд цөм сандарч толгой даран зугтав. Охидууд шоолж хөхрөлдвөл Бао Юй нөгөө “сайхан хүнээ” хуруугаар чичин, энэ сайхан хүн биш байна. Хэмхчиж хаяна гэсэнд Дай Юй инээн:
-Чиний энэ оосор чинь таарсангүй. Оосрыг солиулбал ниснэ. Өөр нэгийг авчруулаач гэв.
Охидын хөөргөсөн цаасан шувууд огторгуйгаар нэг нисэлдэж байтал салхи хөөрч охидын алчуурыг бас хийсгэв. Дай Юй урагш ухасхийн эргэх тэнхлэгийг сулруулсанд, жир жир гэсэн дуу гарч хоромхон зуур утас нь сунаж гүйцээд цаасан шувууд салхины аяар алга болов. Дай Юй: “Цөмөөрөө тавьтугай” гэсэнд охид цөмөөр: “Хараач, Линь авхай өвчнөө тавиад явуулчихлаа. Бид ч бас тавья” гэж шуугилдан утсаа таслая” гэцгээв. Цаасан шувууд салхины аясаар хөвөлзөн одоод, төдөлгүй тахианы өндөг чинээ болсноо хоромхон зуур хар толбо болоод сүүлдээ харааны үзүүрт өртөхөө болив. Олон авхай, шивэгчин алга ташин “Ямар сайхан юм бэ” гэцгээн хашгиралдаж байтал хүн ирж “Хоолоо идэцгээ” гэж зарлав.
Энэ үеэс эхлээд Бао Юй урьдын адил ном бичиг үзэхээ хоргошдогоо болив. Сав л хийвэл ном уншиж, юм бичиж суудаг боллоо. Хааяа уйдвал гарч охидуудтай наадан гаргих буюу Шяо Шян Гуаньд очиж энэ тэрийг ярьж сууна. Авхай, охидууд түүний ном үзэхийг саатуулж болохгүй гэж бодоод шүлэг бичин уншицгааж, үйл оёдол хийхдээ түүнийг ирүүлэхийг болив. Жя Жөн хүрч ирвэл Бао Юй хатуу үг сонсохыг Дай Юй сайн мэдэх учраас түүнийг хүрч ирэхэд нь унтаж байгаагаар шалтаглан оруулахгүй болов. Бао Юй гэртээ суугаад бичиг номоо хичээн боловсруулав.
Нэг л мэдэхнээ, зун намрын завсар болов. Эцэг ирэх ч дөхөж байв. Бао Юйг гэртээ их л шамдангуй юм бичиж байтал Жя Мү дуудуулжээ. Ямар хэрэг болоо юм бол гээд Бао Юй яаран босов. Чухам юу болсон юм бол. Тэр тухай дараах бүлэгт үзтүгэй.
Холбоотой мэдээ