Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал өнөөдөр Бээжин хотод эхэллээ. 2017 оны аравдугаар сард болсон ХКН-ын 19-р их хурлаар намын дарга Ши Жиньпиний хоёр дахь таван жилийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөс хойш Хятадын хууль тогтоох байгууллага анхдугаар хурлаа хийж байна. ХКН-ын дарга Ши Жиньпинь намын дүрэмд зааснаас илүү хугацаагаар улс төрд үлдэх нь тодорхой болсон учраас энэ хурлаар намын дарга хоёр удаа таван жилийн бүрэн эрх хэрэгжүүлэх тухай заасан намын дүрэмд өөрчлөлт оруулах юм.
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын нээлтийн ёслолын үеэр Хятадын Ерөнхий сайд Ли Көцян ажлаа тайлагнаж, төсвийн тайлан хийх ажээ. Ли Көцян улсын батлан хамгаалах зардлыг 8.1 хувиар өсгөх тухай тайландаа дурдах гэнэ. Түүгээр зогсохгүй 2018 онд ДНБ-ийг 2.6 хувьд хүргэж, төсвийн алдагдлыг 0.4 хувиар бууруулах зорилт тавьжээ.
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлаар ХКН-ын дарга дээд тал нь хоёр удаа таван жилийн бүрэн эрх хэрэгжүүлэх тухай намын дүрмийг өөрчилнө гэдэг бол Ши Жиньпиний боловсруулсан “Хятад онцлогтой коммунизмын шинэ эрин байгуулах тухай” үзэл баримтлалаар замнахын тулд түүнд улс төрийн хугацаагүй эрх мэдэл олгох юм.
ХКН-ын дүрэмд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн танхим бол улсын шийдвэр гаргах түвшний хамгийн хүчирхэг байгууллага хэмээн заасан байдаг ч лидерүүдийн хэлсэн бүхнийг дуулгавартай гүйцэтгэдэг нэр төдий байгууллага хэмээн нэрлэдэг билээ.
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хуралд энэ жил Хонгконг, Макао зэрэг тусгай захиргааны хоёр бүсийг оролцуулаад улсын өнцөг булан бүрээс 2980 төлөөлөгч оролцож байгаа ажээ.
Төлөөлөгчдийн 25 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол угсаатны цөөн 438 төлөөлөгч байгаа ажээ.
Эх сурвалж: SouthChinaMorningPost