Итгэлцлийн хомсдолтой харилцаа

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Итгэлцлийн хомсдолтой харилцаа

Итгэлцлийн хомсдолтой харилцаа

Ерөнхий сайдын айлчлалд

Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нь хувьсан өөрчлөгдөж байдаг амьд холбоос. Тэр тусмаа хөршүүдийн харилцаа илүү их мэдрэмжтэй. Тэгээд ч өөдөлж дэгжиж, өгсөж уруудаж, заримдаа хөрч, бас халууцаж оршдог учиртай. Харин сайн хөршийн харилцаанд сайн итгэлцэл нэн чухал. Ирэх сард Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өмнөд хөршдөө айлчлах бэлтгэл ид хийгдэж буйтай холбогдуулан найман жилийн өмнөх нэгэн  нийтлэлээ эргэн толилуулж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хөршийнхөө төрийн тэргүүнд хандаж “дээд хэмжээний гурвалсан уулзалт” хийх талаар санал тавьсан тухай мэдээ өнгөрсөн хавар чих дэлссэн. Энэ нь хоёр талын бөгөөд гурван талын олон чухал асуудал, түүний дотор гурвалсан хамтын ажиллагаа, түүний ойрын болон хэтийн төлөв, түүн дэх тал тус бүрийн оролцоог тодорхойлох, уялдуулах, Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, эдийн засгийн интеграцид хамтын оролцоог хангах зэргийг дээд хэмжээнд авч үзэх амьд механизмын тулгын чулууг тавихтай холбогдсон алсын хараатай чухал санаачилга. Энэ зун, намар амжихгүй ч, дараа нь хэрэгжүүлэх учиртайг хөршүүд маань ойлгож дэмжинэ гэдэгт найдна. Ер нь гурван талын төрийн тэргүүнүүд маань ёсорхог албанаас гадна энгийн, найрсаг бөгөөд хүнлэг байдлаар жилдээ нэг удаа уулзах сайн цаг ирээсэй гэж хүснэ. Тэдний хоорондын хүн ёсны итгэлцэл, түншлэл л хөрш айлуудын хоорондын харилцааг бүх салбарт өргөтгөн тэлэх арга замыг олох нөхцөлийг бүрдүүлнэ. 

Канадын Ерөнхий сайд асан Ж. Кретьен, АНУ-ын Ерөнхийлөгч асан Б. Клинтон хоёр жил тутам 2-3 удаа гольфын талбайд уулздаг байсан гэдэг. Одоо ч энэ хоёр хөршийн тэргүүнүүд дээрх уламжлалыг хадгалж буй. Эдгээр хоёр улсын төрийн тэргүүн хоорондоо шууд телефон утсаар ярьдаг тусгай шугамтай нь тэдгээрийн харилцааны итгэлцлийн түвшинг бас илтгэнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ш. Абе хоёр хоорондоо дээрхтэй дүйхүйц түншийн харилцаа тогтоосон нь Монгол-Японы харилцааны өнөөгийн өнгө аяс, идэвхжил, үр дүнд илт нөлөөлж байна. Энэ нь мөнөөх албаны бөгөөд хувийн итгэлцэл бүх чиглэлээр бэхжиж буйн шинж. Харин ийм итгэлцлэл, шинэлэг бөгөөд эрч хүчтэй яриа хөөрөө удахгүй Монголд айлчлах өмнөд хөршийн дарга Ши Жиньпин, манай Ерөнхийлөгч хоёрын хооронд өрнөөсэй гэж хүснэ. Арга нь олдвол тэд хоёрхон биеэрээ энгийн бөгөөд элэгсэг уулзалт бас хийгээсэй. Чингэвэл Монгол-Хятадын харилцаан дахь итгэлцлийн хомсдол нимгэрэх чиглэлд дорвитой алхам хийгдэнэ. Үүнд айлчлалын бэлтгэлд оролцож буй хоёр талын бүтээлч хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэх учиртай.

Итгэлцлийн хомсдол хэмээн ихээхэн мэдэмхийрч байна гэж зэмлэх эрхмүүдийн шүүмжлэлийг дуртайяа хүлээж авна. Гэхдээ хоёр талын эрдэмтэн мэргэдийн үгийг түшиглэе. Өвөр Монголын Их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн профессор Наран гуайн саяхан тавьсан нэгэн илтгэлд “… Монголын талаас Хятадад үзүүлэх итгэл дутмаг байна…” гэжээ. Тэрбээр олон жишээ татаж энэхүү дүгнэлтээ нотолсныг тэмдэглэе.

Эдүгээ манай хоёрын “Сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцаа” (2011 он хүртэл) нь ”Стратегийн түншлэлийн харилцаа” (2012 оноос хойш)-нд шилжин хөгжиж буй. Хоёр талын харилцаа анхны нэгэн жарныхаа эхэнд ”ах дүү” шиг бүрэн итгэлцэж, дараа нь “түүхэн шалтгаан”-аар үл итгэлцэн хөрч, тэгээд “хүйтэн дайн” дуусч, сайн цаг ирснээр дулааран сайжирч, идэвхижсээр өдгөө шинэ жарныхаа эхний таван жилд урт удаан хугацаанд түншлэх замд баттай ороод байгаа нь хэн, хэндээ олон талын ач холбогдолтой, гэрэл гэгээтэй ирээдүй. Энэхүү стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийн тулд дунд, урт хугацааны хөтөлбөр хамтарч боловсруулан баталсан аж . Үүнтэй холбогдон өмнөх үеийн “…. харилцан итгэсэн түншлэл…”-ийн агуулга нь улам бүр чухлаар тавигдаж байна. Тиймээс харилцан итгэлцэл жинхэнэ утгаараа гүнзгийрч байгаа, эсэх талаар судлаачид, эрдэмтэн мэргэд болон ажиглагчид ил, далд мэтгэлцсээр байна.

Бат бэх итгэлцэл хоёр талын харилцааны бүх салбарт амин чухал. Монгол, Хятадын хувьд улс төр, нутаг дэвсгэр, хилийн маргаантай асуудал байхгүй нь онцгой давуу тал бөгөөд энэ нь бүрэн итгэлцэх үндэс юм. Тийм учраас улс төрийн итгэлцэл эдүгээ өндөр түвшинд хүрсэн гэж үзэх боломжтой. Цэрэг, батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа “Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Засгийн Газар хоорондын хэлэлцээр” байгуулагдсанаар өргөжиж, энэхүү чухал салбарын итгэлцлийг улам гүнзгийрүүлсэн аж.

Хоёр талын Ерөнхий сайдын гарын үсэгтэй дээрх дунд, урт хугацааны хөтөлбөрт “…. харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрсээр байна…” гэж зориуд цохон тэмдэглэсэн нь бий. Гэвч энэ нь  үнэн хэрэг дээр юу, эсвэл зөвхөн цаасан дээр үү гэдэг нь мэргэдийг мэтгэлцүүлж байгаа билээ. Жинхэнэ харилцан итгэлцэл нь харилцаанд хөгжил дэвшил авчирна. Харин хагас дутуу итгэлцэл нь цаг хугацаа алдагдуулж, үр ашгийг хөсөрдүүлнэ.

Итгэлцлийн хомсдолоос үүдэж Монгол, Хятадын эдийн засгийн харилцаа “цоморлиг”-оо гүйцэд дэлгэж чадаагүй явсаар ирснийг үгүйсгэх аргагүй. Төмөр замын нарийн, бүдүүн царигийн асуудал үл итгэх сэтгэхүйгээс үүсэлтэй гэж дийлэнх эрдэмтэн мэргэд үздэг аж. Хөршөөсөө эмээх, болгоомжлох, өөрийгөө хамгаалах сэтгэхүй нь түүхээс улбаалж ирсэн учир шалтгаантай. Гэвч “цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй” нь бас үнэн учраас шинэлэг хандлага зүй ёсоор шаардагдаж байна. Дэлхий ертөнц хавтгайрч, даяаршиж, манай эдийн засаг түүнд татагдан орж буй энэ цаг үед улс хоорондын, нэн ялангуяа, хөрш хоорондын харилцаанд бүтээлч сэтгэхүйгээр хандахыг манай улсын хөгжил дэвшлийн үйл явц шаардаж байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ нь өнөөдөр далай тэнгисийн гүн, сансар огторгуйн алсыг эзэмшиж, удахгүй саран дээр хятад нисгэгчтэй хөлөг буулгахаар шамдаж байна. Хятадын төр, засгийн тав дахь үеийн шинэ залуу удирдлага олон улсын харилцаа, түүний дэг журамд Хятадын энх тайванч хөгжил, сэргэн мандалтын оруулах хувь нэмрийг прагматикаар харж, “Хятадын мөрөөдөл”-г хэрэгжүүлэх тааламжтай гадаад нөхцөлийг бүрдүүлэхэд чухалчлан анхаарч байна.

Харин бид төмөр замын царигийн мэтгэлцээнээсээ улс төрийн тааламж авсаар үдсэн өмнөх таван жилдээ түмэн автозам, нүүрсний хашаагаар Өмнийн говио талхалж, экспортоо “зориуд”-аар боомилсныхоо горыг өнөөдөр эдэлж байгаа гэхэд хилсдэхгүй. Гол шалтгаан нь нарийн царигаар өмнөд хөршийн “цэрэг, зэр зэвсэг” урсана гэж хардсаных, үл итгэснийх байх.

Үүнээс гадна нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэж, түүнийгээ экспортлох боломжоо ч манайх алдсаар суугаа нь нууц бишээ. Гэхдээ эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгох хөрөнгө, технологи манайд одоохондоо бас алга. Гадаадын олон  улс орон, компани янз янзын санал тавьдаг дуулдана. Өмнөд хөршийн зүгээс ч цөөнгүй бодит санал тавьж санхүүжүүлэх, техник, технологиор хангах санаачилга гаргасан байдаг. Мөнөөх “Шивээ овоо”-д дулааны цахилгаан станц барих тухай яриа хэлцээ найман жил үргэлжилж, олон Засгийн нүүр үзсээр зүдэрч, эцэст нь замхарсан түүхтэй. Уг станц баригдсан бол Оюутолгой өнөөдөр импортын цахилгаанаас хамааралгүй байхсан. Мөн л үл итгэлцэл энэ асуудалд багагүй сөрөг нөлөө үзүүлсэн биз. Хятадын Засгийн газар, холбогдох яам, төрийн өмчит томоохон компаниуд нь арай ч Эрээний лангууны зарим найдваргүй этгээдтэй яав ч ижил биш. Соёлын хувьсгалд зүдэрсэн Хятал улс, өнөөгийн эдийн засгийн хүчирхэг БНХАУ хоёр нь ямаа, тэмээ шиг ялгаатай. Хориннэгдүгээр зууны Хятад гүрэн дэлхийн эдийн засгийн томоохон тоглогч болсон бөгөөд түүнд олон улсын нэр хүнд, сайн хөршийн найрсаг харилцаа нэн чухал. Манай дотоодын хэрэгцээнээс айлын хэрэгцээ бүр их. Энэ нь манайд ашигтай тал. Өөрийнхөө хэрэгцээг хангаж, илүү гарсныгаа хөрштэйгөө төлбөртэй хуваалцана гээд бодоод үз дээ.

Хоёр талын банк санхүүгийн салбарын хамтын ажиллагаа, түүгээр дамжин орж ирэх капитал, дэлхийн түвшний техник, технологи нь эдийн засгийн хамтын ажиллагаа үр дүнтэй өргөжихөд чамгүй үүрэгтэй. “Хятадын Банк”-ыг оруулах, эс оруулах талаар улстөржин мэтгэлцэж байгаа нь үл ойлголт уу, эсвэл үл итгэлцэл үү? Үүнийг хоёр талын Засгийн тэргүүн нарын байгуулсан баримт бичгээр бараг тохирсон байдаг. Түүнээсээ ухрах уу? Тоглоомын дүрмээ хатуу тохирвол айж эмээх, үл итгэх зовлон үүсдэггүйг олон улсын практик, туршлага харуулдаг. Үл итгэлцлээс үүдсэн зарим жишээг дурдахад нэг иймэрхүү төрхтэй.

Хоёр талын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар, олон улс болон бүс нутгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай эрчимжүүлэхэд ч хамтын итгэлцэл мөн л чухал үүрэгтэйг нурших нь илүүц биз ээ. Тэгээд ч итгэлцэл буурсан, хомсдсон шалтаг, шалтгааныг тоочих нь чухал биш. Эдүгээ түүнийг өсгөх, зузаатгах чиглэлд илүү прагматик, бүтээлч бөгөөд жинтэй алхам хийхийг цаг үе шаардаж байна.

Күнзийн шавь Зы Гун Засаглалын учрыг багшаасаа асуухад “ Амуу будаа арвин элбэг, цэрэг зэвсэг өвч бүрэн, иргэн олон итгэл дүүрэн байхыг хэлмой” хэмээснийг Кунзийн “Шүүмжлэл өгүүлэл”-ээс үзэж болно. Эдгээрээс хамгийн чухал нь итгэл, итгэлцэл гэж Кунз онцолсон байдаг. Энэхүү номлол нь “Хятадын уламжлалт төр, нийгэмд хэв хэмжээ, жаяг зарчим болж тогтжээ” гэж манай нэрт нангиадч, профессор М. Чимэдцэеэ гуай бичсэн нь нэгийг өгүүлнэ. Энэ нь БНХАУ-ын төр, засаг, холбогдох бүх байгууллага, компани, тэдгээрийн удирдлага, олон нийтэд ч хамааралтай нь ойлгомжтой.

Манай хувьд “эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” хүрнэ гэдэг ухаант ардынхаа сургаалийг баримталдаг уламжлалтайг айлын тал ч бас ойлгож буйд найдна.

Үндсэндээ аль, аль нь “PACTA SUNT SERVANDA” буюу “ хэлсэн, тохирсон бүхнээ хэрэгжүүлэх ёстой” гэх эртний латин хэллэгийг чанд баримталбал итгэлцэл зузаарах учиртай болов уу. Чингэхгүйгээр стратегийн түншлэлийг харилцан ашигтай, бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд хүндрэлтэй.

Айлыг манайхан аюул занал биш, хамтын ажиллагааны өндөр чадавхитай, энх тайванч  хөрш, манайхыг айл тогтвортой, найдвартай, баялагтай, энх амгалан түнш гэж итгэх нь онцгой чухал. Бид харилцан өгөх, авах, хуваалцах үнэт зүйлстэй, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, туршлага, технологитой мөнхийн хөршүүд.

Ши Жиньпин гуай дэд Ерөнхийлөгч байхдаа айлчилж шавыг нь тавьсан “Спортын ордон” өнөөдөр хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болон Буянт Ухаад сүндэрлэжээ. Тэр эрхэм амласнаа хэрэгжүүлдэг нэгэн аж. Түүнд итгэж болно. Тэрбээр энэ сард айлчилж, манай Ерөнхийлөгчтэй хөөрөг зөрүүлж тухлана . Энэ удаа хоёр Ерөнхийлөгчийн яриа хэлцээний сэдэв, агуулга бүр ч өргөн цар хүрээтэй байх нь мэдээж. Тэр хэмжээгээр итгэлцэл улам зузаарч хоёр талын харилцаа, нэн ялангуяа худалдаа, эдийн засгийн харилцаа цэцэглэн хөгжих нь хөршүүдийн стратегийн түншлэлийг улам нягтруулах учиртай.

Дээр дурдсан Жон Кретьен гуай “Канад-Америкийн харилцаа бол худалдааны харилцаа” гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Тэр нь “жижиг Канад”, “том Америк” хоёр хоорондоо бүрэн итгэлцдэг учраас зөвхөн худалдааны бодлого, зохицуулалтанд анхаардагтай холбоотой. Итгэлцлийн хомсдолгүй харилцааны мөн чанар энэ ажгуу. Монгол Улс, БНХАУ хоёрт ч тийм боломж бий.            

Элчин сайд Г. БАТСҮХ

2014-08-05, Улаанбаатар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж