"Пёнчан-2018" олимпийн амжилтыг Гиннесд бүртгэжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

"Пёнчан-2018" олимпийн амжилтыг Гиннесд бүртгэжээ

"Пёнчан-2018" олимпийн амжилтыг Гиннесд бүртгэжээ

БНСУ-ын Пёнчан хотод хоёрдугаар сарын 9-25-ний хооронд XXIII өвлийн олимпийн наадам болж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 92 орны 2922 тамирчин 17 хоногийн турш спортын 15 төрөл 102 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

Английн ‘Гиннесс  Бевери’ компаний эзэн Сэр Хью Биверийн санаачилгаар 1955 онд хамгийн хамгийн гэсэн амжилтуудыг бүртгэн ном хэвлэн гаргасан нь өнөөгийн бидний уншиж мэдэхийг хүсдэг ‘Гиннессийн амжилт’ гэдэг ном билээ. Тэрхүү номонд  жил бүр дэлхийн өнцөг булан бүрт  хүмүүсийн тогтоосон өвөрмөц хамгийн хамгийн гэсэн амжилтуудыг бүртгэн батламж олгодог бөгөөд Пёнчаны өвлийн олимпод тогтоосон арван амжилтыг онцолсон байна.


1. Өвлийн олимпийн түүхэнд хамгийн залуудаа түрүүлсэн эмэгтэй Сноубордчин Хлоя Ким

Өвлийн экстрим спортын X-Games тэмцээний дөрвөн удаагийн аварга, 2016 оны Лиллехаммерийн хүүхдийн олимпийн Сноубордын Хафпайп, Слоупстайл төрөлд түрүүлэн алтан медаль хүртэн спорт сонирхогчдын анхаарлын төвд орсон Солонгос гаралтай Нэгдсэн улсын тамирчин  Хлоя Ким эмэгтэйчүүдийн Сноубордын Хафпайп төрөлд өрсөлдөгчөөсөө илт тасархай байж 17 нас 296 хоногтойдоо олимпийн аварга болохоос гадна Сноубордын төрөлд хамгийн залуудаа олимпоос алтан медаль хүртсэн эмэгтэй тамирчин гэсэн амжилт түүнийг дагаж байгаа юм. Тэрбээр финалын шатанд бүтэн 3 эргэх үзүүлбэр толилуулан онооны рекорд болох 98.25 оноог шүүгчдээс аван Пёнчанд түрүүлсэн юм. Дашрамд сонирхуулахад одоогоос дөрвөн жилийн өмнө Сочигийн олимпод тухайн үед 13 настай байсан Хлоя Ким урьдчилсан шатанд тэнцсэн ч дүрэм ёсоор олимпод наад зах нь 15 хүрсэн байх ёстой гэсэн заалтын дагуу Сочиг өнжиж байжээ.

 


 

2. Норвегийн бахархал Марит Бьёрген

Норвегийн биатлонч Уле Эйнар Бьорндален өвлийн олимпийн түүхэнд 13-н медаль хүртсэн амжилтаар тэргүүлдэг байсан. Түүний тогтоосон амжилтыг эвдэнэ гэдэг боломжгүй зүйл, биелэгдэшгүй даалгавар мэт байсан ч, нутаг нэгт гүйлтийн цанын тамирчин Марит Бьёрген бодит зүйл болгосон юм. Марит Бьёрген ‘Пёнчан-2018’ өвлийн олимпийн сүүлийн өдөр гүйлтийн цанын 30км бөөн гараанд түрүүлэн хаалтын ёслол дээр төрийн дууллаа эгшиглүүлснээр өвлийн олимпоос 15 дахь медалиа хүртэн, бүх цаг үеийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Өдгөө 38-тай тэрбээр анх 2002 оны Ванкуверийн олимпод гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 4*5км багийн буухиа уралдаанд мөнгөн медаль хүртэж байснаас хойш 4-н олимп дараалан 8-н алт, 4-н мөнгө, 3-н хүрэл нийт 15 медалийг өвлийн олимпоос зүүгээд байгаа юм. Дээр нь Марит Бьёрген өвлийн олимпоос хамгийн олон алтан медаль хүртсэн эмэгтэй тамирчин, Гүйлтийн цанын төрлөөс хамгийн олон медаль хүртсэн тамирчин гэсэн амжилтууд түүний нэр дээр бичигдэж байна.


 

3. Зургаан секундын зайтай 2 гоол

Эмэгтэйчүүдийн хоккейн ‘А’ хэсэгт учраа таарсан АНУ-ын шигшээ, Олимпийн туган дор оролцож буй Оросын бүсгүйчүүдийг 5:0 ээр илүүрхсэн тоглолтонд нэгэн рекорд бүртгэгдсэн юм. Тус тоглолтын 2 болон 3 дахь шайбыг оруулсан Нэгдсэн улсын багийн довтлогч Жоселин Ламурё 2-р үеийн 31 минут 46 секундэд эхний гоолоо улмаар 6 секундын дараа Оросын багийн хамгаалагчдын алдааг ашиглан 2 дахь шайбыг хаалгач Валери Таракановагын хаалганд оруулсан байна. Сүүлийн 3-н олимпийн финалд хүчирхэг бүрэлдэхүүнтэй Канадын шигшээд хожигдон мөнгөн медаль дээр буусан Америкийн шигшээ финалд тэднийг буллитаар 3:2 оор хожсоноор 20-н жилийн дараа олимпод түрүүлсэн юм.


 

4. Олимпийн 3-н алтан медальтай цорын ганц Сноубордчин Шон Уайт

2006 оны Турины өвлийн олимпод  сноубордын төрлүүд  хөтөлбөрт багтсанаар экстрим спортын тамирчид өвлийн олимпод оролцох боломж нээгдсэн юм. Өвөл, зуны экстрим спортын наадмаас медаль хүртсэн цорын ганц тамирчин болох Шон Уайт Пёнчаны олимпод Сноубордын эрэгтэйчүүдийн хафпайп төрөлд алтан медаль хүртсэнээр өвлийн олимпоос 3-н алтан медальтай цорын ганц Сноубордчноор бүртгэгдлээ. Мөн дээр нь Шон Уайтын хувьд 1924 оны Шамонигийн өвлийн олимпоос эхлэн тасралтгүй оролцож буй Нэгдсэн улсын түүхэнд 100 дахь алтан медалийг авчирсан тамирчин болсон юм. Эксртим спортоос дэлхийд гайхагддаг Нэгдсэн улсын экстрим спортын бахархал болсон Шон Уайт нь 2014 оны Сочигийн  олимпод бүтэлгүйтээгүй бол өдийд түүний медалийн цуглуулга олимпийн  гурав биш дөрвөн алтан медальтай байх байжээ.


 

5. Аксель Лунд Свиндаль харих болоогүй гэдгээ залуучуудад харуулсан

Аливаа тэмцээнд туршлагатай тамирчин амжилт гаргах магадлал хамгийн өндөр байдаг. Тэрч утгаараа уулын цанын доунхилл төрөлд Норвегийн тамирчин Аксель Лунд Свиндаль туршлага гэж юу байдгыг харуулан 35-н нас 51 хоногтойдоо түрүүлэн өвлийн олимпийн уулын цанын төрөлд алтан медаль хүртсэн хамгийн ахмад тамирчнаар шалгарч дээр нь Доунхилл төрлөөс олимпийн алтан медаль хүртсэн анхны Норвеги тамирчин болсон юм. Энэ төрөлд мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр Свиндалийн нутаг нэгт  Сочигийн олимпийн аварга Янсруд Хьетилийг түрүүлнэ хэмээн таамаг дэвшүүлж байсан ч түрүүлсэн тамирчнаас 0.12 секунд хоцрон бариалсан байна. Аксель Лунд Свиндаль нь 8-н жилийн өмнө Ванкуверийн олимпод уулын цанын Super-g ангилалд алт, доунхилл ангилалд мөнгө, жайнт слалом ангилалд хүрэл медаль хүртсэнээс хойш Сочид шагналт 4-р байрнаас хэтрээгүй бөгөөд 2016 онд Австри улсад явагдсан дэлхийн цомийн үеэр томоохон осолд орон их спортоосоо зодог тайлах хүртэл яригдаж байсан үе түүнд бий билээ.


 

6. Найман олимп дараалан оролцсон Нориаки Касай

Пёнчаны өвлийн олимпод Япон улсын тамирчин Нориаки Касай эрэгтэйчүүдийн трамплинаас харайлтын ‘Normal Hill’ ангилалд 21-р байрт шалгарсан нь спорт сонирхогчдын дунд энгийн нэгэн байдаг л мэдээ байх. Гэхдээ  тэрбээр 8 олимп дараалан оролцсон гэсэн амжилтаар Гиннессийн номонд нэрээ бичүүлсэн байна. Тэртээ 1992 оны Францын Альбервилийн өвлийн олимпод 20 настай идэр залуу Нориаки Касай оролцож байснаас хойш Пёнчаныг оруулаад нийтдээ 8-н олимп дараалан оролцсон түүний энэ амжилтыг эвдэх байтугай давтах тамирчин одоогоор гарч ирээгүй ажээ. 1994 оны Лиллихамерт багийн төрөлд мөнгөн медаль, 2014 оны Сочигийн олимпод хувийн болон багийн төрөлд мөнгө, хүрэл медаль хүртэж байсан тэрбээр алсдаа 2022 онд Ази тив тэр дундаа Бээжинд зохиогдох өвлийн олимпод оролцохын тулд эрх олгох сонгон шалгаруулах тэмцээнүүдэд идэвхитэй оролцохоо сэтгүүлчдэд амлаад байгаа билээ.


 

7. Гайхамшигт Орос охид

Өвлийн олимпийн хамгийн сонирхолтой үзүүштэй төрөл болох уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын залуу уран гулгагчид болох Алина Загитова, Евгения Медведева нар бүрэн ноёрхсон гэхэд болно. ISU буюу Олон улсын уран гулгалтын холбооны зохион байгуулсан 2016, 2017 оны дэлхийн аварга Евгения Медведева багийн төрөлд богино үзүүлбэр толилуулахдаа 81.06 оноо аван олимпийн дэлхийн рекордыг шинэчилсэн нь түүний сайн найз өрсөлдөгч Алина Загитовыг хурцалсан үйлдэл болсон юм.Хэд хоногийн дараа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр явагдан Евгения Медведева, алдарт Фредрик Шопений ‘Ноктюрн’ аянд үзүүлбэрээ гүйцэтгэн шүүгчдээс 81.61 оноог аван хэд хоногийн өмнө өөрийн тогтоосон рекордоо шинэчилсэн билээ. Гэсэн ч Клинт Манселийн ‘Хар Хун’ аянд Алина Загитова өөрийн үзүүлбэрээ ямар ч алдаа мадаггүй төгс гүйцэтгэн 82.92 гэсэн оноог авснаар Женягийн хэдхэн минутын өмнө тогтоогоод байсан рекордыг шинэчлэн улмаар чөлөөт үзүүлбэртээ шилдэг нь байж 15 хан насандаа олимпийн алтан медалийг хүзүүндээ зүүсэн юм. Гэхдээ энэ төрөлд хамгийн залуудаа алтан медаль хүртсэн амжилтыг 15 нас 257 хоног гэсэн үзүүлэлттэй АНУ-ын Тара Липински эзэмшидэг бол 15 нас 281 хоногтой Алина Загитова түүний дараа бичигдэж байна. Хэдийгээр 15 нас 249 хоногтойдоо ОХУ-ын Юлия Липницкая   багийн тэмцээнд түрүүлсэн тул энэ жагсаалтад ордоггүй юм байна.


 

8. Рийкка Вялиля өвлийн олимпод гоолдсон хамгийн ахмад хоккейчин

Пёнчаний өвлийн олимпийн эмэгтэйчүүдийн хоккейн хасагдах шатанд Финланд шигшээ  хөрш Шведийн багийг 7:2 оор хожсон тус тоглолтонд  2 шайб оруулсан довтлогч Рийка Вялиля нэгэн өвөрмөц амжилт тогтоож өвлийн олимпийн түүхэнд гоол оруулсан хамгийн ахмад тамирчин { 44 нас 250 хоногтой} болсон юм. Дээр нь Финландын бүсгүйчүүд ОХУ-ын шигшээг 3:2 оор хожин цагаан олимпийн түүхэнд  3 дахь хүрэл медалиа хүртжээ. Эмэгтэй хоккей олимпийн хөтөлбөрт багтсан 1998 оны Наганогийн олимпод Финчүүд хүрэл медалийн болзол хангахад Финландын шигшээн багийн бүх цаг үеийн мэргэн бууч { 109 гоол, 95 оновчтой дамжуулалт, 204 оноо } Рийка Вялиля багийн түлхүүр тоглогч нарын нэг байсан бөгөөд 20 жилийн дараа олимпоос дахин медаль хүртэж байна.


 

9. Эстер Ледецкагийн өвөрмөц амжилт

Чехийн Эстер Ледецкая хэмээх тамирчин өвлийн олимпийн наадамд хоёр өөр төрөлд алтан медаль хүртсэн түүхэн амжилтын эзэн болсон билээ.

2017 оны 12 сард Канадын Лейк Луйст болсон уулын цанын дэлхийн цомын тэмцээнд  Доунхилл ангилалд 7-р байрт шалгаран олимпод оролцох эрхээ авсан  Чехийн тамирчин Эстер Ледецкаяг Пёнчанд  уулын цанын ‘Super-G’ төрөлд олимпийн аварга  алдарт Австрийн Анна Феннингерийн буюу Анна Файтын урд орж алтан медаль зүүнэ гэж хэн санах билээ. Мөн тэрбээр Пёнчанд Чехийн багийн анхны алтыг авчирахаас гадна уулын цанын төрөлд олимпоос алтан медаль хүртсэн анхны Чех тамирчин болсон юм. Дээр нь өөрийн оролцдог гол төрөл болох сноубордын эмэгтэйчүүдийн жайнт слалом төрөлд алтан медаль хүртсэн байна. Таван настайгаасаа эхлэн сноубордын спортоор хичээллэсэн Эстер Ледецкая сноунбордын жайнт слалом төрлийн 2015, 2017 оны дэлхийн аварга юм. Ийнхүү 22 настай Чех бүсгүй нэг олимпод 2 өөр төрлөөр алтан медаль хүртсэн 3 дахь, анхны эмэгтэй тамирчин болж Гиннессийн номонд нэрээ бичүүллээ.


 

10. Норвеги өвлийн олимпийн түүхэнд хамгийн олон медальтай улс

Олимпийн наадмын сүүлийн өдөр гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 30км бөөн гараанд Норвегийн Марит Бьёрген түрүүлэн алтан медаль хүртсэнээр Норвеги улс албан ёсоор Пёнчанаас 39-н медаль авсан амжилтаар найман жилийн өмнө буюу 2010 оны Ванкуверийн олимпод 37 медальтай АНУ-ын багийн тогтоосон рекордыг 2-оор ахиулсан юм. Дээр нь Ванкуверт 14 алтан медаль хүртсэн амжилтаар нэг удаагийн өвлийн олимпоос хамгийн олон алтан медаль авсан рекордыг Норвеги, Герман улс давтсан байна. Дашрамд сонирхуулахад 1924 оны Францын Шамонигийн өвлийн олимпоос эхлэн тасралтгүй оролцсон Норвеги улс нь одоогийн байдлаар нийт 368 медалийг {132 алт,125 мөнгө,111 хүрэл} өвлийн олимпоос хүртэн бусад улсуудаас илт тасархай тэргүүлдэг юм.

Ю.ЧИНБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж