“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ
ГАО Э
Жаран есдүгээр бүлэг
УРАН МЭХ ГАРГАЖ, ХҮНИЙ ГАРААР ХҮН АЛЖ, НАСНЫ ХЭМЖЭЭГ МЭДЭЖ, АЛТ ЗАЛГИН АМИА ХОРЛОВ
Хүний эрхшээлд ороод хүрээлэнд сууж байгаа Ёу Эр Же, Фөн Жегийн яриаг сонсоод үнэн зүрхнээс бишрэн шүтэж, арга буюу даган явав. Тэнд очиход нь Ёу хатан ч ирчихсэн байв. Фөн Же: “Та дуугүй бай. Би л хэлье” гэсэнд цаадах нь тэгэлгүй яахав гэв. Ёу Хатан: “Цагаа болбол цөм чиний толгой дээр овоологдоно шүү” гэж ярьсаар Жя Мүгийнд очив.
Энэ үед Жя Мү хүрээлэнгийн авхай, охидуудтай инээлдэн ярилцаж, уйтгараа сэргээж байтал Фөн Же гэнэт, нэгэн үзэсгэлэнт хүүхнийг дагуулан орж ирсэнд цөм л нүдээ онийлгон, бүлтийлгэн харцгаав. Жя Мү:
-Энэ чинь хэний хүүхэд вэ. Үнэхээр хөөрхөн төрсөн охин байх чинь гэж гайхан асуусанд Фөн Же урагш дөхөн инээж:
-Буурай эмээ та, үнэхээр нарийвчлан шинжтүгэй. Үнэхээр сайхан төрсөн байна уу гээд Ёу Эр Жег татаж: “Энэ хүн хадам эмээ чинь. Хүндэтгэн мөргөгтүн” гэсэнд цаадах нь хүндэтгэн ёслов. Фөн Же авхай, охидыг зааж нэг бүрчлэн нэрлэж танилцуулаад: “Тайтай нарт золгосон хойно ирж ёс гүйцэтгэсүгэй” гэсэнд Ёу Эр Же аргагүй бас дахин асуугаад хамрын үзүүрээ харан зогсов. Жя Мү түүнийг оройноос ул хүртэл ширвэн ажиглаад, бодлогошронгуй инээгээд:
-Би энэ хүүхнийг хаа нэгэн газар үзсэн мэт санагдана гэсэнд Фөн Же инээж:
-Буурай эмээ, үүнийг ярих хэрэггүй. Ганцхан надаас ямар байгааг хэлчих гэв. Жя Мү шилээ зүүгээд Юань Ян, Ху По нарт: “Тэр хүүхнийг нааш аваад ир. Би махан ширхгийг нь үзсүгэй” гэсэнд бүгд жуумалзан инээж, Ёу Эр Жег урагш түлхэн аваачив. Жя Мү түүнийг ажин шинжээд Ху Под: “Гарыг нь гарга. Би үзье” гээд хэсэг харснаа шилээ авч инээн:
-Их тэгш төржээ. Би бол чамаас цэвэрхэн гэж хэлнэ гэв. Фөн Же яаран сөгдөөд, Ёу хатны тэнд найруулсан үгсээ тодорхой тоочоод: “За буурай эмээ минь, энэ дүүг урьдаар энд ирүүлээд, нэг жилийн дараа дэр нийлүүлэхийг энэрэн өршөөх болов уу” хэмээн мөргөж гуйсанд Жя Мү: “Үүнд ямар үл болох ёсон байна вэ. Чи ийнхүү мэргэн ухаантай аашлах нь маш сайн болой. Харин нэгэн жилийн дараа сая дэр нэгтгэх хэрэгтэй” гэв. Фөн Же мөргөн босоод:
-Одоо буурай эмээ таны захиа хэмээн хоёр бүсгүйн хамт илгээж Тайтай нарт золгуулсугай гэж гуйсанд Жя Мү болно хэмээн толгой дохив. Тийнхүү хоёр бүсгүйг зарж тэдний хамт Ёу Эр Жег Шин Фүрэнь нарын тэнд очуулав. Фөн Жегийн нэр хүнд төдий л сайнгүйд Ван Фүрэнь ихэд зовж байсан тул одоо ийнхүү нэгэн сайн хэрэг үйлдсэнд баярлалгүй яахав. Тийнхүү Ёу Эр Же сая өдрийн нарыг үзэж үнэн гэгээнд учран төв ёсоор нүүж ороод жигүүрийн гэрт суужээ.
Түүнээс хойш Фөн Же, нууцаар Жан Хуаг өдөөж: “Уг гэргийгээ авна” хэмээн заргалдуулаад түүний тулд бэлэг тал хүргэснээр барахгүй, бас хоол хүнсний мөнгөөр тусалжээ. Харин Жан Хуа, Жя овогтонтой заргалдах хүсэлгүй билээ. Энэ зуур Жя Рун хүн явуулж асуулгасанд “Сүйг Жан Хуа урьдаар буцжээ. Бид бол ойрын ураг болох тул гэртээ аваачиж суулгасан нь үнэн боловч булаах санаа ерөөсөө үгүй ээ. Жан Хуа биднээс зээлсэн өрөө өгөхгүй байсаар харин өчүүхэн хүний эзнийг гүтгэн заалдуулжээ” гэсэн байна. Тэр шүүгч түшмэл бол Жя, Ван хоёр овгийнхонтой садан сүлбээтэйгээс гадна ашиг олсон тул Жан Хуаг ядуу зүдүүгээр далимдуулан яамны цаазыг барьж хүн гүтгэв гэж заргын бичгийг нь ч авсангүй. Нэгэн зэрэг занчаад хөөн гаргажээ. Чин Эр, Жан Хуагийн төлөө гадуур хөөцөлдөж явж арайтай л зодуулаагүй боловч түүнийг турхирч: “Энэ ургийг бол чамтай тогтсон өндгөн сүй тул чи ганц хүнээ авна гэж нэхвэл яамнаас өгөхгүйгээр тасална” гэсэнд дахиад заалджээ. Ван Шинь бас Ван Хуаний төлөө яаманд үгээ хэлсэн тул албан яамнаас “Жан Хуа Жя овогтноос зээлсэн өрөөн хугацаа болзон буцааж урьдын тогтсон сүйгээ чадалгүй болсон үедээ нэхэх нь зүй” хэмээн шийдээд бас Жан Хуагийн эцгийг дуудуулан авчирч нүүрэлдүүлжээ. Энэ хэргийг Чин Эр эцэгт нь ойлгуулсан тул эд юмс, хүн хоёрыг зэрэг олов гэж ихэд баярлаж Жя Фүгээс хүнээ авахаар очив.
Энэ үед Фөн Же бас ихэд айн ирж Жя Мүд ийн тийн сонсгоод: “Энэ бүхэн цөм Жэнь бэргэний хорт хэрэг үйлдсэнээс болжээ. Нөгөө айл нь сүйгээ буцахгүй гэж заргалдсанд яамнаас хэргийг ийнхүү тасалсан байна” гэсэнд Жя Мү Ёу хатныг дуудан ирүүлж түүнийг болчимгүй гэж зэмлээд: “Охин дүүг чинь, багадаа өндгөн сүй тогтоож байсан, цаад айл нь сүйгээ буцаагүй гэж заргалдсан гэнэ. Чи юү гэж бодож байна” гэж асуув. Ёу хатан:
-Тэр хүн, мөнгө хүртэл аваад байлаа, яалаа гэж сүй буцаагүй гэж заргалдах юм бэ гэв. Фөн Же хажуугаас нь: “Тэр Жан Хуа мөнгө аваагүй, хүн очиж хэлэлцээ хийгээгүй гэж өчиг өгсөн гэнэлээ. Бас эцэг нь, худын тэндээс нэг удаа дурдсан боловч бид зөвшөөрөөгүй. Одоо худыг үхмэгц тэд аваачиж бага эхнэр болгоно гэсэн байна лээ. Энэ мэтийн бат гэрчгүй үгийг тэд дураар чалчиж байна. Золоор харин Жя Лянь гэртээ байсангүй. Дэр нийлээгүй байгаа тул төдий л хамаагүй. Гэхдээ л хүнийг нэгэнт авчирсан тул бас яаж буцаах вэ. Нэр нүүрт муухай юм болно” гэсэнд Жя Мү:
-Дэр нийлээгүй тул хүний эхнэрийг булаасан явдал биш юм. Гэсэн ч муу нэр гарахад хүрэх тул буцаасан нь дээр. Сайхан хүүхэн ер мундахгүй гэж хэлэв. Ёу Эр Же урагш дөхөн Жя Мүд:
-Миний эх тэр жилийн тэр сарын тэдний өдөр түүнд хорин лан мөнгө өгч сүйг нь буцаажээ. Тэд одоо үгүйрч мухардахдаа хэлснээ идэж, зарга хийж байгаа юм байж. Миний эх буруу юм хийгээгүй гэсэнд Жя Мү:
-Энэ бол муу хүнд ойртож болохгүй гэгчээ. Тийм юм бол Фөн охин очиж нэг тийш болготугай гэв. Фөн Же арга буюу “За” гээд гарч Жя Рунийг дуудуулав. Тэрбээр Фөн Жегийн санааг сайн мэдэж байгаа. Фөн Же өдийд, Жан Хуад хүнийг нь өгчихвөл нэр нүүрт муухай болно. Тэгэхээр Жя Жэньд хэлээд далдуур хүн явуулаад Жан Хуад “Одоо чи өвөр дүүрэн мөнгөтэй болсон мөртөө яагаад хүнээ авна гэж зууралдаад байгаа юм бэ. Чи ингэж мугуйдалж байгаад ноёдын уурыг хүргэж, сүүлээ базуулбал үхсэнийхээ дараа хүүрээ тавих газаргүй болно шүү. Одоо чи мөнгөтэй болсон тул нутагтаа харихад ямар ч эхнэр чамд олдоно. Хэрэв явна гэвэл замын зардал ч өгч болно” гэж хэлэхэд бэлэн байгаа гэж бодов. Үнэхээр ч тийм болж Фөн Же, Жан Хуад дээрх үгийг хэлүүлсэнд: “Энэ арга болно” гэж зөвшөөрөөд эцэг эхтэйгээ зөвлөжээ. Тэгсэн чинь зүв зүгээр байж байгаад зуун лан алттай тэнцэх эд мөнгө олсон байв. Тэгээд эцэг хүү хоёр үүрийн таван жингээр нутаг руугаа арилж өгчээ.
Энэ тухай сонсоод, Жя Рун Жя Мү Фөн Же нарт дуулгав. Тэрбээр: “Жан Хуа, ялаас айгаад оргон зайлжээ. Яам энэ тухай мэдсэн ч хойноос нь хөөцөлдөхгүй болсон тул энэ явдал ингээд дуусчээ” гэж мэдэгдэв. Харин Фөн Же дотроо: “Жан Хуад Эр Жег өгч явуулбал, Жя Лянь буцаж ирээд, түүнтэй сууна гээд баахан мөнгө зарахад хүрвэл Жан Хуа татгалзаж чадахгүй учраас, энэ хүүхнийг хажуудаа байлгаж байгаад нэг арга бодъё. Харин тэр Жан Хуа хаашаа явсан бол. Тэр энэ хэргийг өөр хүнд хэлэх буюу хожим дахин заргалдахад хүрвэл өөрийгөө өөрөө хорлосон хэрэг болно. Хутганы бариулыг ингэж хүнд атгуулах нь зохихгүй юм” гэж гэмшиж байв. Тэгээд нэг арга бодож Ван Эрийг дуудуулж авчраад “Хүн явуулж, Жан Хуаг мөрдөн олоод түүнийг хулгайч дээрэмчидтэй холбоо сүлбээтэй гэж сэрдэн алуулах буюу эсвэл өөр аргаар үгүй хийвэл хорын үндсийг арилгаж, нэрээ хамгаалж чадна” гэж сэм захив. Цаадах нь тушаалыг сонсож гэртээ хариад эргэцүүлэн бодов. Тэгээд “Тэр хүн нэгэнт яваад зарга дууссан байхад бас ийм юм хийж яах юм. Хүний амины хэрэг гэгч хүүхдийн тоглоом биш. Тэгэхээр нэг удаа Фөн Жег мэхлээд дараа нь хайя” гэж бодоод гадуур гарч хэдэн хоног эзгүй яваад эргэж ирснээ, Фөн Жетэй уулзаад,
-Би нэг сураг гаргалаа. Тэр Жан Хуа эндээс зайлан яваад гурав хоногийн дараа Жин Көүгийн хязгаарт хүрээд, шөнө дээрэмчинтэй таараад алагдаж гэнээ. Тэр их мөнгөтэй нь мэдэгдэж л дээ. Эцэг нь буудлын газар айгаад бас үхэж. Тэгээд тэднийг тэнд нь оршуулсан биз гэж хэлэв. Фөн Же сонсоод үл итгэж “Чи намайг мэхэлсэн байвал шүдийг чинь булга цохино шүү. Гайгүй би, шалгана” гэсгээд тэр явдлыг тэгсгээд орхив. Энэ үеэс хойш Фөн Же, Ёу Эр Же хоёр төрсөн эгч дүүгээс ч илүү дотно болжээ.
***
Албаны хэргээ бүтээгээд Жя Лянь холын аянаас буцаж ирмэгц шинэ гэртээ очив. Амьтан хүн ч үгүй, үүд хаалга нь түгжээтэй байв. Ганц нэг хөгшин гэр сахиж байлаа. Жя Лянь, юу болсныг асуувал, сахиул болсон явдлыг тодорхой хэлэв. Тэрбээр баахан уйтгарлаад Жя Шө, Шин Фүрэнь хоёртой уулзахаар очив. Тэдэнд албаны явдлыг бүтээснээ мэдүүлсэнд Жя Шө ихэд баярлан “Тусад оржээ” хэмээн сайшаагаад нэг зуун лан цагаан мөнгө шагнахын хамт ойрын зарц шивэгчин охин Чю Тунг сул эхнэр болготугай гэж өгөв. Жя Лянь ихэд баярлан хишигт мөргөв. Дараа нь, Жя Мү болон гэр хотлоорын хөгшин залуу бүгдтэй золгоод Фөн Жетэй уулзсанд баахан ширвээдэв. Тэгтэл Фөн Же харин урьдын адилгүй ааш зантай, Ёу Эр Жегийн хамт угтан гарч ирээд амар мэндийг асуун золгосонд Жя Лянь зориг орж Чю Тунгийн тухай ярив. Фөн Же тэр дорхноо хоёр эхнэрийг зарж Чю Тунг тэргээр авчруулав. Үнэхээр зүрхэнд шаасан нэг өргөсийг аваагүй байтал одоо бас нэг нэмэгджээ. Ганц атга зүрхийг нуун, уур хилэнгээ дарж инээх дүр гарган найрын ширээ засаж, Жя Ляний аяны тоосыг гөвж, Чю Тунг дагуулан Жя Мү, Ван Фүрэнь нарт золгуулсанд Жя Лянь ихэд гайхав. Фөн Же өнгөн дээрээ Ёу Эр Жед сайн боловч өр зүрхэндээ бол нэгэн бодол хадгалж, хүнгүй үед бол түүнд:
-Дүү чиний алдар нэр асар муухай байна. Одоо нэгэнт Лао тайтай бусад Тайтай нарын чихэнд ороод дүү чамайг охин байхдаа хувиа сахиж чадсангүй. Бас хүргэн ахтайгаа ханилжээ гэнэ. Бас зарим нь, авах эзэнгүй амьтныг олж авчрав. Хурдан гаргаад нэг сайныг ол гэсэнд би үнэн уур хүрч хэнээс гарсан үг болохыг нь мэдэх гээд чадсангүй. Хожим хойшдоо энэ олон шивэгчний өмнө яаж үг дуугарна. Одоо би харин толгой дээрээ шороо овоолжээ гэж хэдэнтээ хэлээд, өөрөө харин “Бодлын өвчин” олоод цай хоолноос гарчээ. Пин Эрээс бусад эхнэр охид элдэв хоёроор ярьж битүү хатуу үгээр хадран хавирч элэг доог болгоно. Эднийд өнөөдөр ирж байгаа Чю Тун бол Жя Шөгийн өгсөн хүн гээд Фөн Же, Пин Эр хоёрыг тоож харахгүй тул шалиг завхайн замаар шурган орж ирсэн, өргөж тэтгэх хүнгүй өчүүхэн эхнэрийг хэн тоох вэ. Фөн Же ийм үгийг сонсоод дотроо баярлажээ. Тэрбээр өвчнөөр ов зохиосноос хойш Ёу Эр Жетэй хамт хоол идэх хүнгүй болж, хоолыг нь гэрт нь хүргэж өгдөг болжээ. Тэр хоол гэгч хүн идэх юм биш болохоор Пин Эр хараад өөрийн мөнгөөр хоол авч өгөх буюу хааяа заримдаа түүнтэй хүрээлэнгээр явъя гэж дагуулж гараад тэндхийн тогооны гэрт шөл хийлгэж идүүлнэ.
Түүний энэ байдлыг Фөн Жед хэлэх хүнгүй гэж бодож байсан боловч гай болж Чю Тун харчихжээ. Тэгээд Фөн Жед: “Энэ Пин Эр чинь найнайгийн нүүрэнд хөө түрхэж байна шүү. Ийм сайхан хоолыг голоод идэхгүй байхад нь хаяад хүрээлэнд аваачиж хоол хулгайлж идүүлж байна” гэж ховлосонд цаадах нь: “Хүний нохой гадагшаа хуцдаг бол миний нохой дотогшоо хуцаж байна” гэж хараасанд хариу үг хэлсэнгүй. Түүнээс хойш Эр Жегээс зай барьж Чю Тунг занаж байв. Хүрээлэнгийн доторх эгч дүүс цөм Ёу Эр Жегийн төлөө зовж шаналавч ил хэлж чадахгүй дэмий л хөөрхийлнө. Ёу Эр Же ч дотроо гомдож нулимс унагавч, Фөн Жед юм хэлж чадахгүй. Ажиг тэмдэг ч мэдүүлэхгүйг хичээнэ. Жя Лянь гэртээ ирээд Эр Жед сайхан хандсаныг үзээд юм бодсонгүй. Жя Шөгийн сул татвар гоо шивэгчин олныг үзээд Жя Ляний шүлс гоожиж байсан ч ер холдож чадахгүй явж ирсэн тул өнөөдөр Чю Туныг шагнасанд, түлээ өвсөнд түймэр гарсан мэт болж машид их олзуурхав. Тэгээд Жя Ляний Эр Жег бодох сэтгэл нь аажим хөрч ганцхан Чю Тунг амь гол мэт үзэх болов. Фөн Же ч гэсэн хэдийгээр Чю Тунд хорсох боловч түүгээр Ёу Эр Жег үгүй хийлгэж болоход баярлан: “Хүний гараар хүн алах” аргыг хэрэглэж түүнийг алуулаад дараа нь өөрийг нь ална гэж бодож байв. Ийнхүү шийдээд далдуур Чю Тунг ятгаж: “Чи нас бага хүн тул учир явдлыг мэдэхгүй байна. Тэр бол хоёрдугаар найнай бөгөөд бас эзний чинь элэг зүрх болжээ. Би хүртэл хэдэн хувийн найр тавьж байхад чи түүнтэй өрсөлдөж үхлээ эрнэ шүү” гэжээ.
Энэ үгийг сонсоод Чю Тун өдөр бүр хараал зүхэл болж, “Найнай бол номхон дорой хүн болой. Би харин таны мэт мэргэн ухаантай явж чадахгүй. Найнайгийн багтаамжтай хүн боловч би харин нүдэндээ хог цацуулж чадахгүй. Тэр янхан эмтэй нэг үзэлцвэл тэр миний хэцүүг мэднэ” гэсэнд Фөн Же айгаад дуугарч чадахгүй байгаа мэт байдал гаргана. Энэ үед Ёу Эр Же ихэд тачаадан уйлан гасалж хоол цай ч идэж, уухгүй болов. Тэгсэн хэр нь Жя Ляньд ч хэлж чадахгүй сууна. Жя Мү түүний нүд улайж хавдсаныг хараад яасан бэ гэж асуусанд тэр үнэнийг хэлж чадсангүй. Чю Тун өө сэр эрж байсан тул Жя Мү, Ван Фүрэнь хоёрт сэмхнээр: “Энэ чинь бухимдахаас өөр юм мэдэхгүй. Зүв зүгээр байтлаа өдөржин санаа алдаж бухимдаад хөмсөг зангидан: “Найнай, бид хоёрыг эртхэн үхээсэй” гэж зүхдэг гэнэлээ. Тэгээд энэ Жя Ляньтай амар жимэр аж төрөх гэнэ” гэсэнд Жя Мү: “Хүн хэтэрхий цэвэр бол атаатай болно. Фөн охин сайн санаагаар түүнийг харж хандаж байхад нь жөтөөрхөн хорсож байдаг бол атгаг сэтгэлт муу эм байна” гээд ойшоохоо болив. Хүмүүс ч Жя Мүгийн Ёу Эр Жег үл таалахыг хараад бага багаар дарлаж эхлэв. Тиймээс Ёу Эр Же байж ч чадахгүй, үхэж ч чадахгүй болсонд Пин Эр Фөн Жегээс нуугдан үргэлж ирж аргадаж тусална.
Энэхүү Эр Же бол чухамдаа “Цэцгээр доторлож, цасаар гадарласан” хүн тул яахин иймэрхүү тарчилган тамлахыг даах вэ. Энд нэг сар бололгүй өвчилж, дөрвөн мөч нь татаж, цай хоолноос гарч улмаар шарлан турж эхлэв. Нэг шөнө унтахаар хэвтээд нүдээ аньтал охин дүү нь гартаа мөнөөх гоё хийцтэй сэлмийг атган хүрч ирээд: “Эгч минь ээ, чиний төрөлхийн чанар зөөлөн буурай тул тийм зовлон эдэлж байна. Тэр өнгөн дээрээ үнэнчээр мэхлэн, өр зүрхэндээ зальхайг нуусан чөтгөр эмийн уран үгийг битгий итгэ. Тэр чамд жөтөөрхөн хорсож, амийг чинь авахаас нааш салахгүй. Дүү чинь тэнд байсан бол чамайгаа тэнд очуулахгүй л дээ. Тэнд очууллаа ч гэсэн ийм байдалд хүргүүлэхгүй. Энэ бол цөм урьдын хийсэн үйл болой. Чи амьддаа хуялч явж, хүний ёс журмыг алдагдуулсан тул энэ лайг эдэлнэ. Чи миний үгийг дагаж, энэ сэлмээр тэр шулам эмийг цавчаад түүнтэй хамт явж, зэргэлгээн цэцэн дагинад ирж заргалдан түүнийг шийтгүүлсүгэй. Үгүй бол чи зүгээр л амиа алдана. Хэн ч чамайг өрөвдөхгүй” гэж хэлсэнд Ёу Эр Же баахан уйлж: “Дүү минь ээ, миний энэ насны үйлийн үр ингэж боловсрох нь тэнгэрийн зүй юм. Одоо бас яаж хүн алж нүгэл хураах вэ” гэтэл Сань Же шүүрс алдан алга болов. Эр Же цочин сэрвэл, зүүдэлсэн ажээ. Жя Лянь хүрч ирэв. Дэргэд нь хүн байгаа болохоор баахан уйлаад “Миний энэ өвчин эдгэхүйеэ бэрх болов. Чамтай учирснаас хойших хагас жилд бие шалтгаантай болжээ. Хүү, охины алин болохыг мэдэхгүй. Амьд мэнд хөнгөрч чадвал тэнгэрийн ивээл болно. Гэвч амиа яая гэж байгаа би яаж чадах вэ дээ” гэсэнд цаадах нь хэсэг уйлснаа “За чи санаа амар байж бай. Сайн эмч залж ирье” гээд гарав.
Энэ үед хааны эмч Ван оточ өвдсөн бөгөөд хамт бас цэргийн хэрэгт зүтгэсэн гавьяагаараа зэрэг хэргэмээ нэмүүлэхээр хөөцөлдөж байлаа. Тийм учраас зарц нар дээр үед Чин Вэнийг эмнэсэн хааны эмч Хү Жюньрунийг залж ирэв. Эмч, Эр Жегийн судсыг барьж үзээд, сарын тэмдэг нь тэгшгүй тул тамир тэнхээ сайжруулах эм өгнө гэжээ. Жя Лянь “Сарын тэмдэг зогсоод гурван сар болсноос гадна үргэлж бөөлжин огиулах тул жирэмсэн болсон биш үү” гэж асуусанд эмч судсыг дахин барьж үзээд “Жирэмсэн бол элэгний судас эрхэтгүй чанга эрчимтэй байх ёстой. Модны махбод хэтэрч галын хүчийг хөгжөөснөөс сарын тэмдэг тэгшгүй болж элэг модны махбодоос нөлөөлжээ. Эмч би, найнайгийн алтан нүүрийг үзэж, царайг шинжвэл сая эм өгч чадна” гэв. Жя Лянь арга буюу орхиулыг сөхөж Эр Жегийн нүүрийг харуулсанд эмч харвал, сүнс нь нэгэнт завхарсан тул царайг нь яаж шинжих вэ. Баахан шинжээд эмч гарч ирсэнд Жя Лянь өвчний байдлыг сонирхов. Эмч: “Жирэмсэн болоогүй. Цус нь хаагдан бөөгнөрчээ. Одоо буулгах эм өгөх нь чухал” гээд эм бичиж өгөөд явав. Жя Лянь тал барьц илгээж, жорын ёсоор эм найруулан уулгасанд шөнө дундын үед Ёу Эр Жегийн гэдэс нь тэсэшгүй өвдөж, төдөлгүй нэгэнт бие бүтсэн хөвгүүн ургийг унагажээ. Түүний дараа ухаан алдав. Жя Лянь сандарч уурлан өөр эмч залахын хамт түрүү ирсэн Хү Жюньрунийг ч эрүүлэв. Энэ мэдээг сонсоод тэрбээр хамаг юмаа аваад оргон зугтаасан ажээ.
Хааны эмч ирж Эр Жег үзээд: “Цусан тамир дорой байсны дээр жирэмсэн болсноос хойш баахан ондоо төрсөн тул дотор нь зангиран тогтжээ. Тэр эмч баахан хатуу эм хэрэглээд эх биеийн тамир хүч найм есөн хувь буурсан тул эдгэхэд хэцүү болжээ. Тан, үрэл хослуулан хэрэглэж, хэл амгүй тайван байлгаж сайхан сувилбал засарч мэднэ” гээд нэг тан эмийн жор, бэтэг задалж, тамир тэтгэх үрлийн жор бичиж өгөөд явав. Жя Лянь хилэгнэж: “Ямар хүн тэр Хү эмчийг залж ирсэн бэ” гэж асуугаад тэр хүнийг үхтэл занчив. Фөн Же, Жя Ляниас арван хувь илүү сандарч:
-Бидэнд үрийн заяа алга. Золоор нэг хөвгүүн олоход л тэр мэтийн юм мэдэхгүй эмч таарч байх юм гээд тэнгэрт баахан залбиран мөргөж, би хэдий өвчин зовлонд ороогдсон ч сэтгэлээ хаяагүй байна. Охин дүүг минь тэнгэр өршөөж, өвчин зовлонгоос нь салгаж дахин нэг хөвгүүн үртэй болгон соёрх. Үүнээс хойш би мацаг барьж маани уншин сууя гэж хэлсэнд Жя Ляниас эхлээд л магтацгаав. Жя Лянь, Чю Тунгийн хамт суудаг болов. Фөн Же шөл, ус буцалган Эр Жед хүргүүлж, хажуугаар нь хүн явуулж мэргэлүүлсэнд тэр хүн буцаж ирээд: “Туулай жилт эмийн хорлол болжээ гэлээ” гэв. Цөм бодож үзвэл, ганцхан Чю Тун туулай жилтэй тул түүний хорлол болжээ гэцгээв. Жя Лянь эмч домч залж, эм тан төхөөрөөд, хүн хар занчиж, Эр Жегийн төлөө машид чармайхыг үзээд, Чю Тун дотроо бухимдан атаа жөтөөнд шаналав. Үүний хажуугаар түүнийг хорлосон гэхийг сонсоод Фөн Же:
-Чи хэдэн өдөр эндээс явбал зохино гэсэнд Чю Тун:
-Тэр муу үхэж баймаар бутач эмийн төлөө ингэж яншиж байгаа юм уу. Тэр бид хоёр хавьтахгүй, бараа бараагаа харахгүй явж байхад би түүнийг юү гэж хорлодог юм. Тэр “Олдошгүй” эрдэнэ чинь гадуур хүнтэй учраагүй гэж хэн хэлж байгаа юм бэ. Энд ирэхээр нь хорлочихож гэнэ үү. Би бол харин тэр хүүхдийг хэнээс олсныг нь асуумаар байна. Тэр чинь, манай зөөлөн чихтэй ноёныг мэхэлж байгаа юм бишүү. Ямар амьтны үр болохыг хэн мэдэж байна вэ. Найнай бас тэр золбинг бахархаж байвал, би тоохгүй. Хэн төрж чадахгүй вэ. Хоёр жилээс би халимаггүй цэврийг төрүүлээтэхье гэхэд нь сонссон болгоны инээд хүрэвч инээж чадахгүй байлаа.
-Энэ үед Шин Фүрэнь хүрч ирсэнд Чю Тун “Эр Еэ, Эр найнай хоёр намайг хөөлөө. Би орох оронгүй боллоо. Тайтай өршөөн хайрлаач” гэсэнд цаадах нь Фөн Жег муухай хараад Жя Лянийг харж:
-Сайн мууг ялгах чадалгүй амьтан юм чи. Ямар болсон ч Лаое өгсөн юм шүү. Гаднаас ирсэн нэгний төлөө үүнийг хөөх чинь эцгээ танихгүй болсон үг гэж хараасаар явж одов. Чиү Тун улам ч зориг орж цонхны цаана очоод чанга дуугаар хараасанд Ёу Эр Жегийн зовлон улам нэмэгдэв. Жя Лянь, Чю Тун дээр очиход, Фөн Жег унтсан хойно Пин Эр, Эр Жегийн тэнд сэм очиж, зөөлөн аятай үгээр тайтгаруулсанд цаадах нь мэгшин уйлж зовлонгоо тоочив. Пин Эр шөнө орой болтол хань болж, юм ярьж суув. Ёу Эр Же дотроо: “Өвчин нэгэнт хүндрээд, асран сувилах хүнгүй мөртөө зовоож тарчлаах хүн олон тул эдгэхгүй нь лавтай. Нялх ураг ч тэртэй тэргүй өнгөрсөн тул сэтгэл хоргодох юмгүй боллоо. Ингэж нүдний булай болж байснаас үхэж тонилбол дээр боллоо. “Алт идвэл үхнэ” гэцгээдэг. Энэ бол боож үхсэнээс цэвэр байх” гэж бодоод тэлчлэн босож авдраа нээн хэсэг алт олж гаргав. Хэсэг зуур гашуудан уйлаад тэнгэр харвал үүрийн таван жин болсон тул хөмхийгөө зууж, алтыг үмхээд, хүчилж байгаад залгичихав. Тэгээд дээл хувцас хатгуур чимгээ засаж, ханзан дээр гарч хэвтэв.
Маргааш өглөө нь болоход Эр Жег дуудахгүй байхад нь баярлан, үс гэзгээ засаж угааж самнаж байлаа. Фөн Же, Чю Тун нарыг гадагш гарсны дараа Пин Эр сэтгэл төвдөхгүй болж шивэгчдийг дуудан:
-Хартай, хортойд нь хараалгаж, зодуулж байхаа тоохгүй мөртөө халуун зөөлнийг нь яагаад өрөвдөхгүй байна вэ. Номой зөөлөн хүнийг та нар хайрлах ёстой. Хазайсан дээр нь түлхэж болохгүй гэж хэлсэнд тэд яаран орж үзвэл, тэрбээр хувцас хунараа өмсөөд ханзан дээрээ үхсэн байв. Тэд харуут цочиж, орилж бархирав. Пин Эр сандран орж үзээд дуу алдан уйлав. Тэд цөм Фөн Жегээс айх боловч Эр Жегийн эгэл доордод элэгсэг зөөлөн байсныг санаж элэг эмтрэн нулимс унагацгаав. Тэгсэн хэр нь л Фөн Жегээс айгаад нулимсаа нууж байлаа.
Энэ явдлыг төдөлгүй гэр хотлоороо мэдэцгээв. Жя Лянь ирээд, түүнийг тэврэн уйлсанд Фөн Же даган уйлж: “Ээ халаг минь, хатуу сэтгэлт дүү минь, чи юунд намайгаа орхиод явав даа. Үнэхээр чи миний сэтгэлийг мартжээ” гэж үглэн гашуудсанд Ёу хатан, Жя Рун нар ирж уйлж гашуудаад Жя Лянийг тайтгаруулав. Жя Лянь, Ван Фүрэньд: “Ли Шян Юань сүмд шарилыг нь таван өдөр тавиад Те Кань Сы сүмд аваачъя” гэж гуйсанд зөвшөөрөв. Жя Лянь сүмийг цэвэрлүүлэн шарил тавихад бэлтгүүлэв. Шарилыг дамнуур дээр тавьж бүтээгээд найман зарц шивэгчин найман эхнэр дамнан явав. Энэ үед зурхайч залж өдөр судар үзүүлэв. Маргаашийн барс цагт бэлбэсрэлд орох сайн цаг гэсэн тул таван өдрийн турш газарт хүргэж болохгүй, долоо дахь өдөрт гаргаж болно гэжээ. Жя Лянь: “Ганц долооны өдөр бол болно. Одоо авга ах нар гадна яваа тул бэлэвсрэлийг удааж болохгүй” гэсэнд зурхайч мэдэгдэл бичээд явуулжээ. Бао үдэд ирж уйлав. Төрлийн олон цөм ирцгээсэнд Жя Лянь дотогш орж Фөн Жегээс мөнгө авч бэлэвсрэлийн явдалд бэлтгэ” гэж тушаав. Эр Жегийн шарилыг авч явсныг дуулаад Фөн Же өвчнөөр шалтаглан “Лао тайтай их Тайтай нар намайг улаан цагааны явдалд битгий оч” гэсээн. Тийм учраас би гашуудалд оролцохгүй” гээд Да Гуань Юаньд очиж жаахан байж байгаад, мэдээ чимээ сонсчихоод Жя Мүд ийм тийм гэж мэдүүлсэнд “Түүний дэмий донгосохыг сонсож юү хийнэ вэ. Хэн өлөг өвчнөөр үхсэн хүүхдийг шатаахгүй вэ. Бас тэгж газар нутаг сонгон хүндэтгэж оршуулж яах юм бэ. Хэдэн хоногийн сул эхнэр юм чинь эр эмийн хайр сэтгэлийг бодоод тав, долоодох өдөр сүмд тавиад хайлуулах буюу булж орхивол болно” гэсэнд Фөн Же инээж: “Тэгэх хэрэгтэй. Би мөн ингэж бодсон боловч хэлж чадахгүй байна” гэв.
Тэднийг ийн ярилцаж байтал шивэгчин ирж: “Эр Еэ ирээд найнайгаас мөнгө авна гээд хүлээж байна” гэсэнд Фөн Же гарч очоод: “Юун мөнгө вэ. Одоо манай гэрийн орлого өдрөөс өдөрт муудаж байгааг чи мэдэхгүй юү. Сарын мөнгө бол бүр бэрхдэж байгаа. Би өөрийн хоёр алтан зүүлтээ өчигдөр гурван зуун лан мөнгөөр барьцаанд тавиад одоо хорьхон лан мөнгө үлдсэн. Чи ав л даа” гэсээр Пин Эрээр авчруулж Жя Ляньд өгөөд Жя Мүгийн тэнд ажилтай гэж шалтаг хэлээд явав. Жя Лянь багтран уурласан боловч юм хэлэлгүй, хувийн мөнгөө заръя гэж бодоод Ёу Эр Жегийн авдрыг нээж үзвэл, хэдэн хугархай, тасархай хатгуур эзний нь ерийн үед өмсдөг хэдэн зах хувцас төдийгөөс өөр юү ч байсангүй. Энэ бүхнийг үзээд Жя Лянь нулимас унагаж зогсохдоо Ёу Эр Жегийн үхсэнийг сэжиглэсэн боловч юм хэлсэнгүй. Тэгээд тэдгээр юмыг боож аваад шатаав. Энэ байдлыг хараад Фөн Же сэтгэл нь уярсан боловч бас инээд хүрч тэр дороо хоёр зуун лан мөнгө, нэг боолт авчирч өгөөд,
-Чи яриа гаргах хэрэггүй. Уйлъя гэвэл гадаа уйлах газар олдохгүй байна уу. Юунд ирж зүрх өвтгөөд байгаа юм бэ гэсэнд Жя Лянь “Мэдлээ” гээд мөнгийг авч нэг өмдний тэлээг Пин Эрд өгч: “Энэ бол түүний үргэлж тэлээлж байсан тэлээ шүү. Чи сайн хадгалж байгаарай. Дурсгал болгосугай” гэсэнд арга буюу авав. Жя Лянь, мод авчруулж авс хийлгэн, хүнээр шарилыг сахиулав. Өөрөө гэртээ ч харилгүй долоо хоног шарилыг сахив. Тэгээд лам хувраг залж ном хуруулж буян үйлдээд дуусгав. Гэнэт түүнийг Жя Мү дуудуулав. Ямар учир болсныг мэдэх хэмээвээс дараа бүлэгт үзтүгэй.