Оросын алдартай яруу найрагчид, түүхчид, эрдэмтэдтэй холбоотой өмнө дэлгэгдэж байгаагүй архивын ховор баримтуудыг энэ сарын 10-ны өдөр олон нийтэд дэлгэн үзүүлэхээр бэлдэж байгаагаа Москва хотын Архивын газар мэдээллээ.
Энэ үзэсгэлэнд XVIII-XIX зууны Оросын яруу найрагчид, зохиолчид, түүхчид, эрдэмтдийн төрсөн талаарх баримтууд, сүй тавьсан болон гэрлэсэн талаарх өмнө олон нийтэд дэлгэгдээгүй ховор баримтууд тавигдах юм. Тухайлбал, Александр Пушкин, Михаил Лермонтов, Николай Гоголь, Федор Достоевский, Николай Пирогов, Денис Давыдов, Антон Чехов, Николай Карамзин, Сергей Соловьев, Бориса Пастернак нартай холбоотой баримтууд тавигдах юм. Үүн дотроос Пушкин, Лермонтов нарын удмын сүлд бүхий ургийн бичиг, Достоевскийн удмыг Москвагийн дворянинд хүлээн зөвшөөрч бүртгэсэн бүртгэл, Николай Пироговт Москва хотын Хүндэт иргэн цол олгосон баримт, Давыдовын удмын ургийн бичиг, Борис Пастернакийн их сургуульл элсэн орсныг нотлох баримт, Николай Гоголийн “Амьгүй албат” зохиолын чимэг зургуудын ноорог, Антон Чеховт зориулан гаргаж байсан ил захидал, түүний гэрэл зургууд гээд олон сайхан ховор баримтуудыг уг үзэсгэлэнгээс сонирхож болох юм.
“Үзэсгэлэнд тавигдах баримтууд бүгд эх хувь бөгөөд ийм үзэсгэлэн анх удаа зохиогдож байна. Нийслэл хотын архивт ямархуу түүхэн ховор материал хадгалагдаж байдгийг хүмүүст дэлгэн харуулна” хэмээн Москва хотын Аохивын газрын дарга Ярослав Онопенко РИА Новости агентлагт ярьсан байна.
Үзэсгэлэн Москва хотын Улсын төв архивын байранд дэлгэгдэнэ.