БНСУ-ын Пёнчан хотноо гуравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд өвлийн паралимпийн XII наадам болох билээ. Уг наадам гүйлт болон уулын цана, биатлон, хоккей, тэргэнцэртэй кёрлингийн спортын 6 төрлөөр 49 орны 570 тамирчин 80 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Монгол Улсаас пара гүйлтийн цанын тамирчин Батмөнхийн Ганболд оролцох бөгөөд тэрбээр маргааш дасгалжуулагч, эмчийн хамт Пёнчан хотыг зорино.
“Сочи 2014” паралимпийн наадамд анх удаа оролцож байсан ОУХМ Б.Ганболд 2017 онд Германы Финстрау хотод болсон ДАШТ-д есдүгээр байр эзэлж, Пёнчаныг зорих эрхтэй болж байсан юм. Тэрбээр паралимпийн эрхийн 180 оноо авахаас 260 оноог авснаар “А” нормативаар эрхийн болзлыг биелүүлсэн.
Б.Ганболд Олон улсын паралимпийн хорооноос гаргасан сүүлийн чансаагаар (2018.02.26) LW-6 ангилалд 55 тамирчнаас 23 дугаарт байрт жагсчээ.
Монголын багийн бүрэлдэхүүнд багийн ахлагчаар Монголын пара цанын холбооны ерөнхийлөгч Д.Рэнчинханд, дасгалжуулагчаар Ж.Дашдондог, цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж, эмчээр Ш.Болормаа, хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүлч Д.Батжаргал нар багтсан байна.
“Пёнчан 2018” паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын нээлт, хаалтын ёслолд өмсөх хүндэтгэлийн хувцсыг “Говь” компани ивээн тэтгэжээ. Баг тамирчдыг албан ёсоор үдэх арга хэмжээ өнгөрөгч долоо хоногт болсон юм. Энэ үеэр МҮПХ-ны ерөнхийлөгч Д.Нямхүү “Манай гүйлтийн цанын тамирчин Б.Ганболдын бэлтгэл сургуулилт “Онцсайн” хангагдсан. Түүний бэлтгэлийг хангахад онцгой дэмжлэг үзүүлсэн БТСГ-ын дарга Ц.Шаравжамц болон түүний хамт олон, дасгалжуулагч багш Ж.Дашдондог, Н.Сандагдорж, ахлагч Д.Рэнчинханд нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Манай Б.Ганболдын хувьд Сочигийн өвлийн паралимпийн цасан замд хурдаа сорьсон туршлагатай тамирчин. Энэ удаа бид түүнийг шигшээ уралдаанд, цаашлаад медалийн төлөө өрсөлдөх хэмжээнд хүрсэн гэж ихэд найдаж байгаа. Өвлийн спортоор анхдагч медальтан болох боломжтой гэж харж байна” хэмээн онцолсон юм.
Б.Ганболд гүйлтийн цанын 20 км, 10 км, 1 км гэсэн гурван төрөлд уралдана. Түүний тэмцээн гуравдугаар сарын 12, 14, 17-ны өдрүүдэд болно.
Монгол улсын баг тамирчид 2006 онд Италийн Турин хотноо болсон өвлийн паралимпийн X наадамд гүйлтийн цанын төрлөөр оролцож байсан түүхтэй.
Б.Ганболд “Сочи 2014” наадамд 20 км-т 14, 10 км-т 31, 1 км-т 25 дугаарт байрт орж байсан юм.