"Том төсөл зөрчил, эсэргүүцэлтэй тулдаг"

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

"Том төсөл зөрчил, эсэргүүцэлтэй тулдаг"

"Том төсөл зөрчил, эсэргүүцэлтэй тулдаг"

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.


-Намрын чуулган завсарласнаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна. Та өнгөрсөн намрын чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?

Намрын чуулган хүнд бөгөөд олон асуудал шийдсэн чуулган байсан. Зарим хүмүүс намрын чуулганыг хэлэлцэх асуудалгүй байсаар өндөрлөсөн гэх мэтээр дүгнэсэн. Намрын чуулган хамгийн олон бие даасан хууль, эрх зүйн актуудыг баталсан гэдгийг УИХ-ын дарга намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ тодорхой хэлсэн. Намрын чуулганаар эдийн засгаа хямралаас гаргах, Олон улсын валютын сан (ОУВС)-тай хэрхэн хамтрах, татварын асуудал, төрийн албаны, шүүхийн хуулиуд зэрэг олон чухал хуулиудыг баталсан нь үүргээ биелүүлсэн гэж дүгнэж болохоор байна.

-Намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн Засгийн газраа огцруулсан. Үүнээс болж эрх баригч 65-ын бүлэг 33, 32-оороо хуваагдсан. Одоо 65-ын бүлэг аливаа асуудалд 65-ын бүлгээрээ хандаж байгаа юу?

Засгийн газраа огцруулсан нь МАН-ын түүхэнд бичигдэж байгаа нэг том хар толбо. Сайн талаас нь тайлбарлах, зөвтгөх зүйл байхгүй. Засгийн газраа огцруулж тогтворгүй байдлыг бий болгосон нь яах аргагүй бидний том алдаа. Өнгөрсөн 100 орчим жилийн хугацаанд нийгэм, эдийн засаг, монголчуудын хөгжил цэцэглэлтийг нуруундаа үүрч ирсний хувьд МАН-д алдаа, оноо аль аль нь бий. Гэхдээ МАН Монголын ард түмний язгуур эрх ашгийг үргэлж өмнөө барьж ирсэн нам. 1990 оноос хойш МАН Засгийн газар барьж байсан үед л эдийн засаг сэргэж байсан. Тэр бүхэнд аз тохиогоод байсан гэж би үзэхгүй байна. Яагаад гэвэл ямар ч улс орныг хөгжүүлэх бодлого зөв, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь олон түмний хүсэл зоригоор, гадаад, дотооддоо дэлхий нийтийн ярьдаг хэлээр ярьж, бизнес болон бусад асуудал дээрээ илүү зарчимтай байдгийн баталгаа нь өнөөдрийн гарч байгаа эдийн засгийн өөрчлөлтүүд. Эдийн засагт эерэг өөрчлөлт гарч эхлэхэд дэлхийн зах зээл дээрх түүхий эд үнэ өссөнтэй холбоотой гэж дүгнэх хүмүүс байдаг. Гэтэл бид дотооддоо зөв бодлого хэрэгжүүлэх, зөв арга хэмжээ авахгүй бол ялгаагүй л унаж, уруудна. Тиймээс эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлж байгаа учраас эерэг өөрчлөлтүүд гарч байна гэсэн үг. Цаашид энэ Засгийн газар илүү эрчтэй ажиллах ёстой. Асар өндөр хүлээлтэн дор ажлаа эхлүүлсэн, У.Хүрэлсүхийн Засгийн газраас илүү ихийг хүлээж, хүсч байгаа. Харин үүнд хүрч ажиллаж чадах эсэх нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанаас ихээхэн хамаарна. Тиймээс МАН-ын 65-ын бүлэг мөрийн хөтөлбөр, амласан амлалтаа биелүүлэхэд шаардлага тавих, бүх түвшинд нь дэмжиж ажиллана. Ингээд ажиллахад улс орны эдийн засаг арай өөр өнгө төрхтэй болсон байна гэдэгт итгэж байна.

-Улс төрийн хүрээнд дахиад Засгийн газрыг унагах нь гэсэн яриа, зарим хэвлэлээр ч бичээд эхэлжээ. Тэгэхээр Засгийн газраа дахин огцруулж, тогтворгүй байдал үүсгэх вий гэсэн болгоомжлол хаа хаанаа байх шиг байна?

-Засгийн газрыг огцруулах хүсэлтэй хүмүүс байгаа. Гэхдээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаараа МАН маш том сургамж авсан болов уу гэж бодож байна. УИХ-ын 65-н гишүүн маш сайн сургамж авсан байх. Ер нь бол 1990 оноос хойш олон Засгийн газар солигдсоноор үр дүнд хүрдэггүй гэдэг нь харагдаж байна.

Энэ жилийн ерөнхий төрхийг аваад үзэхэд, эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүд өмнөх буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үр дүн. Харин 2018, 2019 онуудад одоогийн Засгийн газрын ажлын үр дүн гарч эхэлнэ. Тиймээс бид Засгийн газраа бүх талаар нь дэмжиж ажиллана.

-Олонхийн бүлгийг зангидаж байгаа хүний хувьд дахиад Засгийн газар унахгүй байх баталгаа байна уу. Бүлгийн даргын үг илүү баталгаатай сонсогдож магадгүй юм?

-Монголын ард түмний хүслийг МАН-ын их хурал дээр мэдэрч, намын даргад өрсөлдөхдөө би хэлж байсан юм. Төр засаг тогтвортой байх ёстой гэдгийг тухайн үеийн их хурлын төлөөлөгчид бүгд хэлж байсан. Энэ 1200 хүний бүрэлдэхүүн бол Монголын ард түмний толь, хүсэл нь юм. Тиймээс энэ хүсэлд нийцүүлж ажиллах ёстой гэдэг зарчмыг үргэлж бодож ажиллах ёстой. Мэдээж энэ Засгийн газартай хариуцлага ярьж, тодорхой сайд ч юм уу хариуцлага алдвал бид хэлнэ, алдааг нь засч, залруулна. Түүнээс алдаа гаргаад байхад нь төрийн тогтвортой байдал гээд толгойг нь илээд явахгүй. Ямар ч нөхцөлд Засгийн газар тогтвортой байлгахын төлөө 65-ын бүлгийн зүгээс хамаарах бүх зүйлээ дайчилна.

-Намрын чуулган завсарлахтай цэрэгцэн МАН-ын бүлгийн хамгийн залуу гишүүн болох Д.Гантулгын асуудал яригдаж эхэлсэн. Ингэхдээ прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж байгаагаа ч мэдэгдсэн. МАН Д.Гантулга гишүүнд хариуцлага тооцох уу гэдэг асуудал олон нийтийн дунд их байна. Бүлэг энэ талаар ярилцсан уу, цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-МАН-ын бүлэг дээр ярих асуудал мөн эсэхийг бодолцох хэрэгтэй. Хуулийн хүрээнд шалгагдаж байгаа асуудлын талаар бид яриад байх зүйл алга. Ер нь бол нэг л зарчмыг бид барьж ажиллах ёстой юм. Хэн ямар ажил, албан тушаалтай байх нь сонин биш. Хуулийн өмнө гэм буруутайг тогтоох шаардлага гарвал дуудсан цагт нь очдог, мэдүүлэг өгдөг. Буруугүй бол түүнийгээ нотолдог, хуулийн хариуцлага үүрэх ёстой бол хариуцлагаа үүрдэг зарчмаар Монгол Улсын иргэн бүр явах ёстой. Энэ бол Үндсэн хуулийн суурь зарчим учраас түүнийгээ барьж ажиллах ёстой. Одоогоор Д.Гантулга гишүүний талаар яриад байх зүйл алга.

-Өнгөрсөн намрын чуулганыг харж байхад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ гэсэн гурван институци нь хоорондоо үл ойлголцолтой, нэгдмэл байж чадахгүй байх шиг харагдсан. Цаашид засагдах уу?

-Монголчууд дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж ярьдаг. Монголын төр тийм л байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдахаар Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон учраас эрх мэдлийг нь хязгаарлах нь гэсэн сөрөг сурталчилгаа хийж эхэлдэг. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үе үеийн парламент ярьсаар ирсэн. Төрийн гурван том институцын үл ойлголцол олон түмний нүдэн дээр ил болж эхэлж байна. Ийм үл ойлголцолтой байдлаар цаашаа явах юм бол Монгол хөгжихгүй. Тиймээс УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын зааг ялгаа, бүрэн эрх, үүргийг шат шатандаа хэрэгжүүлэхгүй бол болохгүй байна. Судалгаагаар Үндсэн хууль батлагдсанаас хойш 49 хуулиар Ерөнхийлөгчид эрх мэдэл нэмж олгосон байгаа юм. Хэн нь Ерөнхийлөгч, хэн нь Ерөнхий сайд, УИХ нь юм бэ гэдэг ойлгомжгүй байгаа.

Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ гэж заасан. Гэтэл төрийн эрхийг Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ аль нь барих гээд байгаа нь мэдэгдэхгүй болсон байна. Сонгогдсон хүмүүсээс хамаарч үл ойлголцол улам бүр тодорч харагдаж байна. Тиймээс энэ асуудлыг нэг талдаа багтааж, хөгжинө.  Хусмаа голсон хүүхдүүд шиг хоорондоо юмаа булаацалдаад байх юм бол бид хөгжихгүй.

-Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгчийн эрхийг 65-ын бүлэг үгүй хийх нь л гэж яриад байгаа шүү дээ?

-Ерөнхийлөгчөөс ирж байгаа саналуудад ажилгүйдэл, ядуурал гэх мэт асуудлууд бий. Гэтэл энэ нь Засгийн газрын хийх ажил. Үнэндээ бол УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нь баахан төсөл хөтөлбөр, бизнес яриад байхаар тун ойлгомжгүй болно. Тэгэхээр Засгийн газар хүчирхэг, маш тодорхой шийдвэрээ гаргаж УИХ-аар батлуулах ёстой. Жишээлбэл, Тавантолгой дээр шийдвэрээ гаргаад л УИХ-аар оруулж, ард түмэндээ танилцуулах боломжтой. Жаахан зоримог шийдвэрээр ажлаа хийхгүй бол Ерөнхийлөгч, УИХ-ын саналыг нэгтгэж, нэг санаатай болж, урагшилна гэвэл молиго. 65 хүн нэгдмэл нэг саналтай байна гэж байхгүй. Ямар ч том төслийн цаана тодорхой зөрчил, эсэргүүцэлтэй тулгарна. Тэр бүхнийг зөв арга механизмаар л ялж, давж гарна.

Нөгөө талдаа төрд үүсээд байгаа, төрийн гурван институци хоорондын гажуудлыг засах л ёстой. Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг биш, Засгийн газар нь дорвитой шийдвэр гаргахад учир дутагдалтай, төрийн эрх барих дээд барих байгууллагадаа Ерөнхийлөгч, Засгийн газар нь хүндэтгэлтэй бус хандах үйлдлүүд ажиглагдаж байна.

-У.Хүрэлсэх сайдаас зоримог шийдвэр гарах болов уу?

-Би биш ард түмэн хүлээгээд л байгаа. Би ард түмний нэг шүү дээ.

-Шинэ Ерөнхий сайдыг гал тогоондоо “эргэлдээд”, том төслүүдээ, том зургаар гаргахгүй байна гэж шүүмжлэх хүмүүс олон байна. Ялангуяа том төслүүдээ хөдөлгөх эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. УИХ том төслүүдээ хөдөлгөх чиглэлд ямар нэг шахалт үзүүлэх боломжтой юу?

-Засгийн газар байгуулагдаад төсөв, төлөвлөгөө гэх мэт амаргүй цаг үеэ давсан. Одоо чуулганы хуралдаан завсарласан учраас сайд нарыг дуудах нь багассан. Тиймээс Засгийн газар одоо л нэг бодлогоо тодорхойлж, нэг зүйлд зангидагдах зүйлээ хийж байгаа болов уу гэж бодож байна.  Том төслүүдээ хөдөлгөн, эдийн засгийн өсөлтийг хангаж байж бид мөрийн хөтөлбөрөө биелүүлнэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Бүлгийн хурал дээр ч Засгийн газрыг бодлого маш тодорхой болго гэсэн шаардлага тавьсан. Цаашид ч тавих болно. Засгийн газраас Тавантолгойн асуудлыг одоогоор ярихгүй байна, нефть боловсруулах үйлдвэрийн асуудлыг яриад эхэлсэн. Тооцоо, үндэслэл, судалгааг маш сайн хийж байж аливаа том төсөл урагшилна гэдгийг л маш сайн ойлгох ёстой. Нефть боловсруулах үйлдвэр барихад Монголд ашигтай эсэх, геополитикийн хувьд хоёр хөрштэйгээ ямар харилцаатай байх вэ гэх зэрэг маш олон талаас нь харж, дүгнэж өндөр дүнтэй зээлээр том төслүүдээ санхүүжүүлэх ёстой. Түүнээс гадна бидний хамгийн ойрын үед хөрөнгө оруулж, эргэлтэд оруулах нь Тавантолгой. 2018 ондоо багтаагаад төмөр замаа барьчих л хэрэгтэй. Даахгүй нохой булуу хураана гэж ярьдаг шиг нэг л их харамч хүмүүс байгаад байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшлийн тухай мэдээллийг бид өдөр бүр авч байна. Монголын нүүрс хэдий хүртэл үнэ цэнэтэй байх вэ. Хөгжих үү, үлдэх үү гэдэг дээр зоримог шийдвэр гаргах ёстой. Ингэж зоримог шийдвэр гаргахад юу нөлөөлж байна вэ гэхээр өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төр оролцсоноос үүдэлтэй. Магадгүй хувийн аж ахуй нэгжид өгсөн бол Тавантолгойн орд бидэнд өгөөжөө өгөөд эхэлсэн байгаа шүү.  “Эрдэнэт”,“МИАТ”, нүүрсний ордууд зэрэг төрийн өмчит томоохон компаниудыг нээлттэй, ил тод олон улсын хэмжээний тендер ил тод зарлаж, хувьчилмаар байгаа юм.  Монголчууд хувьчлалыг хэсэг бүлэг хүн нийлж хийгээд худалдаж аваад, баяжаад дуусдаг гэсэн болгоомжлолоосоо салж чадахгүй байна. Өнгөрсөн өмч хувьчлал бидэнд ийм сэтгэгдэл үлдээсэн. Гагцхүү бид сургамж л авах ёстой.

-Та чуулган завсарлахын өмнө УИХ-ын гишүүдийн хариуцлагыг сайжруулах, арга хэмжээ авах хуулийн төслийг өргөн барьсан. Яагаад энэ хуулийг өргөн барих болов. Шалтгаан нь юу байв?

-Би энэ парламентад сонгогдоод 10 гаруй жил болж байна. Сүүлийн жилүүдэд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын нэр хүнд унаж эхэлж байна. Үүний үндсэн нэг шалтгаан нь УИХ-ын гишүүдийн ирц. Улс төрийн тогоон дотор өмнөхөө мартдаг, богино ой санамжтай гэж ярьдаг. Гэтэл өнгөрсөн дөрвөн жил буюу 2012-2016 оны мөн үеийг 2016-2018 оны мөн үетэй харьцуулахад тасалсан, суугаагүй гишүүдийн тоо өмнөх парламентын үед гурав дахин их байгаа юм.  УИХ-ын гишүүдийн ирцийн асуудал нь төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг нийгэмд унагаж буй хамгийн том сэдэв.  Бид ард түмнээ төлөөлж, хууль тогтоох дээд байгууллагад ажиллана гэж сонгогдсон хүмүүс. Бидний үндсэн ажил энэ. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч өглөө 08.00 цагт ажилдаа ирж, хуруугаа уншуулдаг. Гэтэл бид сайн дураараа, дунд чөмгөөрөө тонгочино гэдэг шиг байж болохгүй. Тэгэхээр хариуцлагын механизмыг УИХ-ын Дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд тусгасан байдаг ч хариуцлагын асуудалд тодорхой арга хэмжээ авах нарийвчилсан заалт байхгүй юм билээ. Тиймээс хариуцлагыг нь илүү нарийвчлалтай, зүйл бүрээр нь тодорхой болгож өгсөн. Жишээлбэл, үг хэлэх эрхийг нь хасах, сануулах гэх мэт зүйл, заалт бүрээр нь тодорхойлж боловсруулсан. Нэмээд УИХ-ын тухай хуульд “Нэг чуулганы бүрэн эрхийн хугацаанд чуулган, байнгын хорооны хуралд хүндэтгэх шалтгаангүйгээр суугаагүй тохиолдол нь чуулганы хугацааны гуравны нэгтэй тэнцсэн тохиолдолд шууд УИХ-ын гишүүнээс эгүүлэн татдаг болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа. Энэ бол гишүүдэд тодорхой анхааруулга болох байх гэж бодож байна.

-Хуулийн хэрэгжилтийг хэзээнээс тооцож байна вэ. Олон нийтийн зүгээс УИХ өөрсдөөсөө хариуцлагын асуудлыг эхэлбэл цаашид батлагдах хууль чанаржих, төрийн бусад шатны байгууллагад нөлөө үзүүлэх зүйл болох юм гэсэн хүлээлтэй байх шиг байна?

-Миний хувьд хаврын чуулган эхлээд хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулаад, баталсан өдрөөс нь хэрэгжүүлэх заалттайгаар оруулна гэсэн бодолтой байна.

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд өөрийн биеэр байхгүй ч картаа шургуулаад үлдээх тохиолдол маш их байдаг. Ирц нь 60 гаруй хувь гэж байхад танхимд нь ирцэндээ хүрэхгүй гишүүд сууж байдаг шүү дээ. Энэ асуудлыг хэрхэн зохицуулахаар хуульд тусгасан бэ?

Хуульд хариуцлагын асуудал орж ирж байгаа учраас дотоод журмаараа үүнийг зохицуулаад явах боломжтой. УИХ-ын Тамгын газар дотооддоо ч шийдэх боломжтой. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр тооцох, өөрөө биеэр бүртгүүлэх, гарах, чөлөө авах зэргийг дотоод журмаар зохицуулаад явах боломжтой.

-Энэ хуулийн төслийн хэлэлцэх үеэр гишүүдийн эсэргүүцэлтэй тулах байх гэж бодож байна. Ялангуяа хурал “тасалдаг” гишүүдийн?

-Хуулийн төслийг гишүүдтэй санал солилцоогүй, шууд өргөн барьсан. Хэлэлцүүлгийн үеэр л гишүүдийн реакцыг харах хэрэгтэй.

-Ирэх хаврын чуулганаар Улс төрийн намуудын, Сонгуулийн тухай хуулиуд, Үндсэн хууль гэх мэт чухал хуулийн төслүүд хүлээгдэж байна. Хаврын чуулганаас юу хүлээж болох вэ. Ялангуяа эдгээр хуулиуддаа өөрчлөлт оруулж чадах болов уу?

-Юуны түрүүнд Сонгуулийн болон улс төрийн намуудын хуулиудаа батлаасай гэж хүсч байна.  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нухацтай ярилцаж, хэлэлцэх ёстой. Хаврын чуулган нилээд ачаалалтай байх болов уу гэж бодож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж