Улаан асрын зүүд (68-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.04-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (68-р бүлэг)

Улаан асрын зүүд (68-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Жаран наймдугаар бүлэг

ХУВЬ МУУТ ЭР ЖЕ, ДА ГУАНЬ ЮАНЬД МЭХЛЭГДЭН ОРЖ, ХОР ИХТ ФӨН ЖЕ НИН ГУОФҮГ ИХЭД ТҮЙВЭЭВ

Алсыг зорьсон Жя Лянь хүрэх газраа очтол Пин Аньжоугийн Же Дүши түшмэл хязгаарын газрыг цагдахаар яваад сарын дараа буцаж ирэх байсан тул заавал уулзаж байж буцахаар шийдэн хүлээв. Түүнтэй уулзаж ажил хэргээ дуусгаад буцаж иртэл бараг хоёр сар болох ажээ. Энэ хооронд Фөн Же хэдийн бодож боловсруулаад, Жя Лянийг явсны дараа уран дархцуулыг авчирч зүүн хажуугийнхаа гурван тасалгаа байрыг өөрийн гол гэрийн адил засуулж, тавилга, чимэглэлийг яг адилхан хийлгэжээ. Арван дөрөвний өдөр Жя Мү, Ван Фүрэнь нарт, маргаашийн арван таванд чавганцын сүмд зул барьж хүж асаахаар очно гэж хэлүүлээд Пин Эр Ван Эр Жөү Рүйн эхнэр, Ван Эрийн эхнэрийг дагуулан явахынхаа өмнө хүмүүст баахан юм захиад, бүстэй зарц нарт эрээлж мяраалаагүй цулгай хувцас өмсгөж, лавир зүүлгээд шууд явав. Шин Эр дагуулж хаалга үүдийг тогштол Бао Эрийн эхнэр, хаалга онгойлгов. Шин Эр инээж: “Их найнай ирэв гэж хурдан хоёрдугаар найнайд мэдүүлэгтүн” гэв. Энэ үгийг сонсоод Бао Эрийн эхнэрийн ухаан сүнс оройгоор нь гарч сандран гүйж ороод Ёу Эржед хэлэв. Цаадах нь цочсон боловч дээл хувцсаа өмсөөд, нэгэнт ирсэн хүмүүсийг ёс зүйтэй угтахаар гарав. Фөн Же үүдэнд тулж ирж тэрэгнээс буухыг харвал, толгойдоо мөнгөн чимэг зүүгээд цэгээн торгон дээл дээр цэнхэр торгон хүрэм давхарлаж цагаан дурдан цулгай хормогч бүслээд өнгөлөг байх бөгөөд удын навчин хөмсөг нь сэрвийгээд, улаан гардийн нүд нь гурвалжлаад сүрлэг ажээ. Түүний гоо хээнцэр нь, намрын сүүл сарын удвал цэцэг шиг байв. Жөү Рүй, Ван Эр хоёрын эхнэр Фөн Жегийн хоёр талаас түшин орж ирсэнд Эр Же инээмсэглэн угтаж “эгч” гэж хүндлээд: “Өнөөдөр эгч таныг морилон ирэхийг үнэхээр мэдсэнгүй тул замд очиж тосож чадсангүй. Эгч та өршөөх болов уу” гээд цээж мэхийн ёслоод гараа өгсөнд Фөн Же ч тэвдэнгүй хариу ёслон инээж Эр Жегээр хөтлүүлэн дотогш оров. Фөн Жег гол суудалд суусны дараа Эр Же олбог авчруулан ёслоод: “Дүү чинь нас бага тул энд ирснээс хойш алив учрыг цөм хөгшин эх ба эгчтэйгээ зөвлөж байна. Өнөөдөр завшаанаар тантай учирсан тул эгч та ядуу доорд гэж гололгүй сургаал хайрлавал, дуртайяа элэг зүрхээ уудалж, эгч таныг өргөн хүндэлж явна” гээд ёслон мөргөв. Фөн Же суудлаас босон хариу ёслоод:

-Би ч бас багадаа түүнтэй учирсан. Тэгээд Эр Еэг хашир болгоомжтой бай. Битгий эс бусын газраар явж даяа, Тайтай нарыг зовоогтун гэж бүсгүй хүний ухаанаар ятгадаг байсан. Энэ нь чи бидний л мунхаг бодол боловч Жя Лянийг харин миний санааг эндүү бодно гэж ер санаагүй. Гадуур хүний эхнэр, охидтой холбоотой болбол нуух нь ч яамай хэрэг. Одоо охин дүү чамайг бага гэргий болгон буулгаж байгаа нь хүний ёсонд нийцэх их хэрэг байтал бас биднээс нууж юугаа хийнэ вэ. Эртхэн энэ хэргийг янзалж, хүүхэд ач нартай болбол хожим надад ч өмөг түшиг болно гэж бодоод би Эр Жег ятгахаар ирлээ. Жя Лянь харин намайг атаа жөтөөтэй авашгүй хүнээр бодоод далдуур ийм юм хийнэ гэж ер санасангүй. Би энэ үнэн сэтгэлээ тэнгэр газарт ам алдахаас өөр хэнд очиж хэлэх вэ дээ. Би арав хоногийн өмнө сургийг чинь олж сонссон боловч Эр Еэг бас буруу ойлгохоос болгоомжлоод ирж чадсангүй. Тэгтэл тэр гадагш хол явсан учраас би чамтай биеэр уулзан золгохоор ирлээ. Охин дүү танд хүсэх нь, миний энэ сэтгэлийг ойшоон үзэж, манай тэнд нүүж очоод бид эгч дүүс цуг суун хамт амьдарч, Жя Ляньд нэг сэтгэлээр ятган сануулж, дэлхий дахины явдалд хичээлгэн, бие хааг нь асран сувилбал сая их ёсонд нийцэх болно. Дүү та гадна, би дотор байвал ямрыг бодоод үзэгтүн. Миний сэтгэл яахин амар байж чадах вэ. Дараа нь гаднын хүн сонсвол миний нэрд муухайгаар барахгүй, дүү чиний алдарт ч эвгүй болно. Ер нь эгч дүүс бидний ийн тийн хэлэлцэх ч бага хэрэг. Эр Еэгийн нэр алдар нэн чухал болой. Би бол ажил хэргийн явдалд ямагт чанга тул боол зарц өчүүхэн хүмүүс далдуур ийн тийн муулах нь бий. Хуучны үгэнд “Гэрийн мэдээчин зуун хүний хэлэн дээр” гэж байдаг. Надад үнэхээр буруу юман дээр бусадтай эвлэрдэггүй хатуу зан байсан боловч дээр гурван давхар хадам эцэг эх байхаас гадна өчнөөн олон эгч дүү, ах нарын эхнэр, бэрүүд эзэдийн дунд өдий болтол яаж энэ мэтээр явж ирж чадна вэ. Өнөөдөр Жя Лянь далдуур дүү чамайг буулган аваад гадаа суусан энэ явдлаар жишээлж хэлсэн ч, би чамтай ирж уулзах дургүй байх байтал одоо яагаад биеэр хүрч ирж байна вэ. Манай энэ Пин Эр ч мэднэ. Би Эр Еэд түүнийг татвар болготугай гэж хэлсээр ирсэн юм. Энэ бүхэн бол өчүүхэн хүмүүс намайг үгүй хийх гэж боддогийг тэнгэр таалахгүйдээ сая надад мэдэгджээ. Би одоо чамайг тэнд залж оруулаад надтай хамт унтаж хэвтэх, эдэлж хэрэглэх, өмсөж зүүхэд хүртэл адил авч явна. Дүү мэт ийм хурц сэргэлэн хүн үнэн сэтгэлээр надад тусалбал, би үнэхээр нэг мөрний хүч болж чадна. Ийнхүү явбал, тэр өчүүхэн хүмүүсийн амыг таглаж чадахаар барахгүй, Эр Еэ хүрч ирээд, намайг атаа жөтөөндөө хатсан амьтан биш гэдгийг мэдэж, бид гурвуул нэг эе эвтэй явж чадна. Тэгж чадвал дүү чи, миний ачит хүн болно. Хэрэв чи тэнд очихгүй бол би нүүгээд ирье. Дүү чи, Эр Еэд миний өмнөөс хэдэн сайхан үг хэлж, надад гишгэх газар үлдээвэл, би гэзэг үсийг чинь самнан зарагдавч гомдолгүй гээд эхэр татаж мэгшин уйлав. Энэ байдлыг хараад Эр Же ч уяран нулимс унагав.

Тэгээд хоёул ёслолцон зэрэгцэн суув. Пин Эр ч сандран ирж ёслов. Түүний өмсөж зүүсэн, ааш байдал, зүс царай цөм эгэл хүнтэй адилгүйг хараад Эр Же, энэ чинь Пин Эр мөн байгаа даа гэж бодуут тэтгэн босгоод “Дүү минь, битгий ингэ. Чи бид цөм нэгэн адил шүү” гэсэнд Фөн Же ч инээж: “Энүүний буяныг бид баруузай. Дүү минь чи үүний ёслохыг үзвэл барав. Энэ чиний миний шивэгчин. Хойшид битгий үүнийг аашлаарай” гээд Жөү Рүйн эхнэрээр дөрвөн толгой сайн торго, дөрвөн хос алт сувдан хатгуур чимэг авчруулж: “Энх учирсны бэлэг” гээд барив. Ёу Эр Же яаран ёсолж хүлээн аваад, хоёул цай ууя гээд энэ тэрийг ярилцацгаав. Энэ зуур Фөн Же өөрийгээ буруушаасаар “Хүнд гомдохын арга нэг ч үгүй. Одоо охин дүү та намайг өрөвдөх байхаа” гэв.

Энэхүү Ёу Эр Же бол гүдэс номхон хүн тул түүнийг үнэхээр сайн хүн хэмээн итгэж дотроо: “Өчүүхэн хүний сэтгэлд тавгүй болбол эзнээ муулах нь ердийн хэрэг юм даа” гэж бодов. Тэгээд сэтгэлийн үгээ уудлан ярьж Фөн Жег хүний сэтгэлийг мэдрэгч сайн хүн гэж бишрэв. Энэ үед Жөү Рүйн эхнэрээс эхлээд бусад зарц эхнэрүүд Фөн Жег хажуугаас нь магтаж “Гэмгүй цагаан сэтгэлээсээ болж хатуу үг хэлээд хүмүүсийг гомдоочихсон юм” гээд гэр, тэрэг бүх юмыг чинь төвхнүүлчихсэн. Найнай очоод л мэднэ гэцгээв. Ёу Эр Же тэнд нь очоод суувал зүгээр юм гэсэн шиг бодож байснаа сүүлдээ бүр шийдээд: “Чухамдаа эгчтэй очиход болохгүй юү билээ. Гэхдээ, эндхийгээ яах вэ” гэж асуув. Фөн Же: “Энүүн шиг амархан юм байхгүй. Дүүгийн авдар сав, ойр зуурын юмыг зарц нараар зөөлгөөд, хүнд нүсэр зүйлийг энд хүнээр харуулчихна. Хэн зохистой гэж дүүгийн хэлсэн тэр хүнээр чинь харуулая” гэсэнд Эр Же:

-Өнөөдөр завшаанаар эгчтэй учирсан тул хойшдын алив явдлыг эгч танд найдъя. Би ирээд удаагүйн дээр гэр толгойлж үзээгүй, юм мэдэхгүй тул яалаа гэж дураар хийж чадах вэ. Энэ авдар мэтийг тэнд аваачиж болно. Би ч нэг их юмтай хүн биш. Энэ юмс чинь цөмөөр Эр Еэгийн юм гэв. Фөн Же, Жөү Рүйн эхнэрт: “Энэ юмнуудыг сайн тэмдэглээд, зүүн хажуугийн гэрт оруулж эмх цэгцтэй сайхан тавь” гэв. Тэгээд Эр Жег яаруулан өмсгөж зүүлгээд дагуулан тэргэндээ суулгаад хөдлөхийн алдад сэмээр: “Манай гэрийн ёс дүрэм чанга. Энэ хэргийг Лао тайтай, бусад Тайтай нар мэдээгүй байгаа. Эр Еэг, Жя Жэний бэлэвсрэлийн хугацаанд чамайг буулгасныг мэдвэл лавтай түүнийг зодож ална. Одоо чи Лао тайтай, бусад Тайтай нартай уулзах хэрэггүй. Тэнд нэг их цэцгийн хүрээлэнд охид авхай нар сууж байгаа тул тэнд хүмүүс төдий л очихгүй. Чи одоо тэр хүрээлэнд хэдэн өдөр сууж бай. Би тэр хооронд аргалж тэдэнд мэдүүлсэн хойно очиж уулзвал зохино” гэж хэлсэнд Ёу Эр Же: “Эгч та зохицуул аа” гэв.

Энэ бүхнийг тэрэгч, зарц нарт урьдаар хэлсэн учир тэд гол хаалгаар оролгүй явсаар хойт хаалганд очив. Тэрэгнээс буунгуут Фөн Же хавийн улсыг холдуулж зайлуулаад Эр Жег дагуулан хүрээлэнгийн хойт үүдээр орж Ли Ванийд очив. Да Гуань Юань хүрээлэнгийн хүмүүсийн олонх нь энэ явдлыг мэдсэн тул Эр Жег гайхширан харцгаана. Эр Же тэр бүхэнтэй мэндлэн золгосонд хүмүүс түүнийг шагшин магтацгаав. Фөн Же хүмүүст “Иймээ тиймээ мэдээ гадагш гаргаж болохгүй. Хэрэв Лао тайтай бусад Тайтай нарт мэдэгдсэн байвал би өөрөө тэр хүнийг цохиж ална” гэж анхааруулав. Хүрээлэнгийн доторх зарц эмгэд, шивэгчин охид цөм, Фөн Жегээс айхаас гадна Жя Лянь улсын ба гэрийн бэлэвсрэл дунд ийм хэрэг гаргасан нь бага явдал биш гэж мэдэх учир цөм амаа хамхив. Фөн Же, Ли Ванийд ороод, үүнийг хэдэн өдөр гэртээ байлгаж бай гэж гуйгаад: “Дээш мэдүүлсэний дараа нүүлгэж аваачна” гэсэнд, Фөн Же байр засуулж байгааг мэдэхийн хамт бэлэвсрэлийн үед хэтэрхий цуу чимээ гаргаж болохгүйг ойлгож байгаа тул зөвшөөрч хүлээн авав. Эр Жегийн шивэгчдийг цөмийг гаргаад өөр нэг шивэгчин өгч хүрээлэн доторх зарц эхнэрүүдэд: “Түүнд сайн зарагдаж бай. Хэрэв өчүүхэн осолдвол та нартай ярина шүү” гэж анхааруулаад, өөр бас юмнууд зохион байгуулсныг үл өгүүлэн өгүүлэх нь: хүмүүс дотроо: “Тэр гэнэтхэн юүн сүрхий ухаантай болов” гэцгээн гайхав. Ёу Эрже ч санаандгүй ийм орон сууцтай болохын хамтад хүрээлэнгийн доторх эгч дүүс ихэд найртай хандсан тул санаа амар байв. Гэтэл гурван өдрийн дараа шивэгчин охин Шаньже үгийг нь тоохоо болив. Эр Же үсний тосгүй болсон тул: “Чи очоод да найнайгаас жаахан тос аваад ир” гэсэнд цаадах нь:

-Чи юунд хэрээн мэдэхгүй байна. Манай найнай өдөр болгон Лао тайтайг асран хүндэлж, бас бусад Тайтайг харж хандана. Энэ охин, ах дүүсийн эхнэрүүд, дээр доорын хэдэн зуун эр эм хүн цөм түүний үгийг хүлээж байх тул өдөрт татаж хэлэхэд арав хорин их явдал, дөч тавин бага явдлыг шийдвэрлэж байна. Гадна бол хааны хатнаас эхлээд ван, гүн, бэйл, бэйсийн тал бэлэг, дотор бол олон ураг төрлийнхний учир явдал, мянга түмэн лан мөнгөний орлого зарлага цөм түүний амыг харж, түүний гараар өнгөрнө. Ийм олон хэрэг явдлыг гүйцээж завдахгүй байхад иймхэн юмаар бас түүнд төвөг удах нь уу. Чамайг баргаа мэдтүгэй гэж ятгая. Чамайг сан эргэж, саадаг агсаж буулгасан ч биш шүү дээ. Тэр найнай бол эрт эдүгээд хосгүй мэргэн гэгээн хүн тулдаа би чамайг авч явж байна. Барагтайхан хүн байсан бол чиний энэ үгийг сонсоод хэрүүл, үймээн үүсгэж, хөөж гаргана. Тэгэхээр чиний үхэж сэхэхийг хэн хариуцах юм бэ гэж хэгжүүрхэв.

Энэ үгийг сонсоод Эр Же толгой гудайлган, энэ тэрхэнийг оролдоно. Зарц Шань Же тэгсгээд хоол цайг нь авчирч өгөхөө болив. Хоёр удаа нүдээ томсгон чанга дуугаар бархирсанд Эр Же хэрээн мэдэхгүй амьтан гэж хүмүүст шоолуулахаас болгоомжлон юм хэлэхээ болив. Энд арван тав хонод Фөн Жетэй уулзвал сайхан ааш гаргаж, сайн дүү, сайхан дүү гэж магтан: “Доорх хүмүүс чинь зарагдахгүй, үгэнд чинь орохгүй байвал надад хэлээрэй. Би хэмх цохино” гээд зарц эхнэрүүдийг зүхэж, та нарын зөөлнийг дарлаж хатуугаас айдгийг чинь мэднэ шүү. Надаас өөр хэнээс айдаг вэ. Энэ Эр Же найнай надад: “Эд нар чинь болохгүй байна” гэж нэг л үг хэлбэл ална шүү та нарыг гэж загнасанд Эр Же сайхан сэтгэлтэй хүн юм гэж бодоод: “Энүүнийг байхад би илүү дутуу юманд зовж яана. Боол зарц дэмий ааш гаргавал гаргаж л байг. Би тэднийг ховлож зовоовол улс хүмүүс намайг өрөвдөх сэтгэлгүй гэнэ” гэж бодоод тэдний элдэв мууг нуух болжээ.
-Энэ үед Фөн Же Ван Эрийг явуулж, Ёу Эржегийн уг үндсийг судлуулж, түүний нэгэнт сүйтэй байсан баттай мэдээг олж сонсов. Тэр нь юү гэвэл, нөхөр болох хүн нь энэ жил арван есөн настай, Ван Хуань гэдэг нэртэй бөгөөд ажил хийдэггүй, мөрийтэй тоглосоор байгаад гэрийн хөрөнгөө бараад гэрээсээ хөөгдөөд одоо тоглоомын газарт толгой хоргоддог. Эцэг нь Ёу эмгэний хорин лан мөнгийг аваад ураг буцсаныг нь тэр хархүү одоо хүртэл мэдээгүй байгаа гэх мэтийн нарийн ширийн юмыг Фөн Же мэдээд, Ван Эрд хорин лан мөнгө өгч Жан Хуаг сэмхэн тэднийд аваачин суулгажээ. Тэгээд “Жя Лянийг төрийн ба гэрийн давхар бэлэвсрэлийн үед эзэн хааны зарлигийг зөрчин ахас захсаас нууж эрх сүрд эрэмшин, болохгүйг үйлдэж, бас дахин богтлуулжээ” гэсэн заргын бичиг бичүүлэв.

Энэ Жан Хуа бол алсын учир юу болохыг асар сайн мэдэх тул айж заргалдсангүй. Ван Эр, Фөн Жед мэдүүлсэнд уурлан харааж: “Үнэнхүү дэмий унгас алдаж байна. Нохойн гэдсэнд шар тос зохихгүй гэж үг байдаг. Үнэн юм даа. Чи түүнд: “Маныг урвах гэж байна хэмээн заалдсан ч хамаагүй” гэж нарийвчлан хэлж өг. Түүнийг ашиглаж нүүрийг нь баръя гэсэн төдий л юм. Хэрэг ихэдвэл хураах арга надад бэлэн байна” гэжээ. Вэн Эр дахиад л нөгөөх Жан Хуад учир гарган хэлж өгөв. Фөн Же, Ван Эрд: “Тэр муу болохгүй гэж байгаа бол чи заргалдаад өчгөө өг” гэхчилэн элдвээр зааж сургаад, Жан Хуагийн нэрээр хийсэн заргын бичиг дээр Ван Эрийн нэрийг бичүүлэн: “Чи ганцхан Ван Эр намайг Фөн Жег өдөөн үйлдүүлжээ гэж заргалдтугай” гэж хэлэв. Жан Хуа даруй арга бодож Вэн Эртэй зөвлөөд нэг хувь өргөдөл бичиж, маргааш нь яаманд очиж заргалдав. Түүнийг нь шүүгч түшмэл үзвэл, Жя Ляньтай заргалдсан хэрэг бөгөөд дээр нь гэрийн боол Лай Ван гэсэн нэр байх тул Жя Фүд хүн явуулж Ван Эрийг дуудуулан мэдүүлэг авсугай гэжээ. Албаны зарлага нар тэнд аймшиггүй орохгүй тул өөр хүнээр бичиг бариулан илгээсэнд, Ван Эр яг үүнийг хүлээж байсан тул бичиг авалгүй, зээл дээр тосон уулзаад инээж:

-Ах дүү та бүхнийг хөдөлгөснийг үзвэл, би хэрэгт орсон биз ээ. Түргэн ирж намайг барьтугай гэсэнд яамны зарц нар айгаад хөдөлсөнгүй: “Ах та өөрөө хурдан очтугай” гэв.

Тэгээд Ван Эр танхимд очиж сөгдсөнд, шүүгч түшмэл, заргын бичгийг түүнд үзүүлэв. Ван Эр зориуд ганц нэг мөрийг хараад мөргөж:

-Өчүүхэн хүн би энэ хэргийг тодорхой мэднэ. Эзэнд үнэнхүү ийм хэрэг байна. Жан Хуа бол угаас надтай өстэй тул зориудаар өчүүхэн намайг татан оруулжээ. Бас өөр хүн байна. Лаое дахин байцааж асуух болов уу гэсэнд Жан Хуа мөргөж:

-Бас өөр хүн байх боловч өчүүхэн хүн би аймшиггүй заргалдаж чадахгүй. Тэгээд ганц доорх хүнийг заалдсан юм гэв. Ван Эр санаатайгаар:

-Мунхаг амьтан чи, хурдан хэлэхгүй юү. Энд чи төрийн яаманд байгаа шүү. Ямар ч ихэс эзнийг хэлэх ёстой гэсэнд Жан Хуа даруй Жя Руний нэрийг хэлэв. Шүүгч түшмэл тэр даруй Жя Рунийг дуудуулав. Фөн Же энэ үед Пин Эрийг явуулж, Заргын байдлыг тагнуулаад, Ван Шинийг дуудуулан авчирч энэ тухай яриад яамны газар хоосон цуу тарааж айлган цочоовол зохино гэж хэлээд гурван зуун лан мөнгө өгч зардал хий гэж хэлэв. Ван Шин тэр шөнө нь шүүгч түшмэлийн гэрт очиж нэг бүрчлэн хэлсэнд түшмэл уг учрыг нарийн мэдэх тул, мөнгийг аваад маргааш нь ажилдаа очоод Жан Хуаг гүжирдэв. Жя Фүгийн мөнгийг удаашруулж, сайн хүнийг хилсдүүллээ гэжээ. Шүүгч түшмэл угаас Ван Зытөнтэй найз байсны дээр Ван Шин бас гэрт нь очиж хэдэн үг хэлснээс гадна энэ хэрэг бас Жя овогтонтой холбоотой тул эвлүүлэн өнгөрөөхийг бодож, төдий нэхэж асуулгүй хурааж тавиад ганцхан Жя Рунийг дуудуулан өчгийг нь тулгав гэсэн үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Энэ үед Жя Рун, Жя Ляний төлөө явж байтал гэнэт хүн ирж:

-Та нартай хүн заргалдаж байна шүү гээд хурдан аргалтугай гэсэнд Жя Рун яаран явж эцэгтээ хэлэв. Жя Жэнь:

-Би урьтаж, энэ хэргийг сэргийлж байсан юмаа. Тэр үнэхээр их зүрхтэй юм даа гээд даруй хоёр зуун лан мөнгө битүүмжилж шүүгчид илгээгээд, гэрийн боолыг явуулж өчиг тулгая гэж ярилцаж байтал гэнэт: “Баруун ордны хоёрдугаар найнай ирлээ” гэсэнд Жя Жэнь ихэд цочиж, Жя Руний хамт нуугдъя гэтэл Фөн Же завдан орж ирээд:

-Юутай сайн ах вэ. Ач дүү нартайгаа нийлээд үнэхээр сайхан явдлыг үйлджээ гэв. Жя Рун түүнтэй мэндэлсэнд үл тоов. Жя Жэнь инээж:

-Авга бэргэнээ, тахиа нугас нядлуулж тавтай сайхан зочилтугай гээд мордоод явчихав. Фөн Же, Жя Рунийг хөтлөн дээд гэрт ортол Ёу хатан угтан гарч ирээд ууртай байхыг нь харуутаа “Юу болоод яарна вэ” гэж асуутал цаадах нь нүүр рүү нь нулимж:

-Танай Ёу овогтны охидыг авах эргүй болоод Жя овогтноод түлхэн залилж байна уу. Ганцхан Жя овогтон л сайндаа үлдээд энэ дэлхийн бусад эр хүйстэн бүгдээр үхэж дуусаа юу. Чи үнэхээр охидоо өгөх дуртай бол “саадгаа агсаад сангаа эргээд” нэртэй нүүртэй үйлдэж болохгүй байна уу. Цээжийг чинь цэр бөглөж, есөн сүвийг чинь өөх тос бүрхчихээ юү. Гүрэн төр, гэр хотлоор цөм бэлэвсрэл гашуудалтай байхад хүүхнээ хүргэж ирдэг чинь юү вэ. Одоо намайг албан яаманд хүртэл атаа жөтөөтэй, ад оршсон өлөгчин гэж хэлж заргалдаад, нэгэнт нэр заан гээж өгөхөөр болжээ. Намайг энэ айлд ямар буруутай яваа гэж чи өнөөдөр хар сэтгэл өвөрлөж байна вэ. Эсвэл та нар Лао тайтай, бусад Тайтай нарын үгээр энэ аргыг хэрэглэж намайг хавчиж байна уу. Одоо хоёул яаманд очиж, үнэн цагаанаа ялгаад ураг төрлийн чинь нүүрэн дээр учир тухайгаа олоод хаягдах бичгээ авбал даруй явъя би… гээд уйлж Ёу хатныг чирээд яаманд очно гэсэнд Жя Рун сөгдөж: “Авга бэргэн минь дараа болооч” гэж сөгдөн гуйсанд Фөн Же түүнийг зүхэж:

-Тэнгэрийн суманд ниргүүлж, тас бүргэдэд тасчуулсан муу сэг. Бөгсөндөө хүрэхгүй гараа тэнгэр өөд нь сарвайж, хов жив зөөж, хоёр үзүүртэй зүү болсоор, эзэн төрийг тэрсэлж, өвгөд дээдсээ гутаасан нэр нүүргүй явдал үйлдэгч чамайг үхсэн эхийн чинь сүнс ч таалахгүй. Өвгөд дээдэс чинь ч зөв харахгүй. Чи ямар нүүрээрээ намайг ятгах юм бэ гэсээр ханцуй шамлан давшлахад Жя Рун айн сандарч толгой дээш таталгүй мөргөсөөр: “Авга бэргэн битгий уурла. Хөвгүүн би, таны өмнө мянган буруутай боловч бас нэгэн цагийн сайн явсныг санаж, энэ хэрэгт битгий хэтэрхий их ундууцаач гэж гуйя. Авга бэргэн таны хилэн үнэхээр намдахгүй бол бас яахин таны гарыг чилээж болно вэ. Би өөрийгөө занчъя” гээд хоёр хацраа ээлжлэн алгадаад, өөрийгөө, хожим бас энэ мэт зүг, толгойгүй аашилна уу. Бас ганцхан авга ахын үгийг сонсоод, бэргэний үгийг сонсохгүй явна уу. Бэргэн чамайг аль зэрэг санаж ирэв? Тэгэхэд чи үнэхээр ёс журмыг тэрсэлж, хүний үнэргүй аашилжээ гэхчилэн хараасанд, тэнд байгсдын инээд хүрэвч инээж чадахгүй, очиж дэмий л хориглоно.
Төдөлгүй Фөн Же, Ёу хатны өвөр дээр унаж, тэнгэр газрыг дурдан цурхиртал уйлж:

-Дүүдээ эхнэр авч өгөхөд, дүүгээ нөхөртэй болгоход би гомдох ёсгүй. Юунд эзэн тэнгэрийг тэрсэлж, өвгөд дээдсийг гутаан надад муу муухайг үүрүүлнэ вэ. Хуяг цэрэгт баригдаж очсоноос хоёул яваад яаманд очьё. Бид бас Лао тайтай, бусад Тайтай нар болоод ураг төрлийн олонтойгоо улаан нүүрээр уулзан зөвлөлдөөд намайг үнэхээр эр нөхөртөө татвар эм авахуулахгүй гэдэг эргүү мунхаг чөтгөр зэтгэр гээд эрээн цаас атгуулчихвал, дороо л арилаад өгнө би. Охин дүүг чинь би, өөрөө очиж авчраад. Лао тайтай их Тайтай нарын ундууцахаас айгаад дээш мэдүүлж чадахгүй. Хүрээлэнд байлган цай, хоолыг нь зөөлгөж, алт сувдаар гоёод ардын хөвгүүдээр асруулан суулгаж байна. Энэ завсар би, өөрийн бие адил үзэж орон байр төвхнүүлээд Лао тайтайд мэдүүлэхээр хүлээж байна. Ингэж бодон авчирсан нь, бүгдээр хэрээн мэдэж, хэвээн сахин суувал хэн алинд маань тустай тул би ч бас өнгөрсөн юмыг сөхөж шүүх явдалгүй хэмээн бодож байтал тэр охин дүү чинь цаанаа эзэнтэй байсныг сая олж мэдлээ. Та нар чинь ер нь ямар гээч явдал үйлдэв ээ? Би мэдэхгүй байна. Одоо намайг заргалд гэж ятгаж байгаа хүн байна. Хэрэв би яаманд очвол, танай Жя овогтны нэр нүүр юү болох вэ. Би цөхөөд, арга буюу Тайтайгийн таван зуун лан мөнгийг нууж аваачаад тал бэлэг засаж байна. Одоо болтол миний хүнийг тэнд оньсолсоор… гээд уйлан харааж зүхэн учралдсаар байснаа: “Элэнц хуланцдаа гашуудаж байна” гэнгүүт үхье гээд юм мөргөнө. Ийнхүү аашилсаар Ёу хатныг унгасан түүдэг мэт өнхрүүлж хамаг хувцсыг нь нус нулимсаар бялтсанд, хүү рүүгээ хандан: “Муу хүүхэд чи, эцэгтэйгээ нийлээд “сайхан” юм үлджээ. Би тэр үед та нарын байдлыг мэдээд “Болохгүй ээ гэж хэлсэн шүү дээ” гэв.

Фөн Же энэ үгийг сонсуут Ёу хатны зүг царай барайлган:

-Чиний ухаан тэгэхэд ширгэсэн байсан юм уу. Эсвэл бүлх залгиад түүшүү чинь зуурсан уу. Эсвэл эд нар чамайг амгайвчилчихсан юм уу. Юуны учир надад очиж хэлээгүй вэ. Тэгэхэд л надад чи хэлсэн бол ийм явдал хаанаас гарах вэ дээ! Яалаа гэж яам тамгын газар очиход хүрэх вэ. Одоо чи бас тэдэндээ гомдож байгаа юм уу. Эртний үгэнд “Эм мэргэн бол эрийн зовлон бага” гэж байдаг юм шүү. Чи сайн бодсон бол эд нар яаж ийн аашилж чадах вэ. Чи бол чадалгүй, хоншоор ч үгүй, амыг нь тагласан сав, ваар шиг. Дэмий хичээж сайн нэр олохыг бодно гээд хэд нулимав. Ёу хатан бас уйлж:

-Үнэхээр тийм болжээ. Чи итгэхгүй байгаа бол тэднийг бараа бологчдоос нь асуугаарай. Би яагаад ятгаагүй вэ? Тэд сонсохгүй байхад би яах юм бэ? Дүү охин чиний ундууцаж уруулахад буруу байхгүй. Би сонсож л суух ёстой гэв.

Энэ үед сул татвар, инж шивэгчид, хэдийн цөмөөр сөгдөж царайчлан: “Эр найнайгийн мэт мэргэн гэгээн хүн ямар мэдэхгүй явдал байна. Манай найнай гэм буруутай байлаа ч, найнай та боол зарц нарын нүүрэн дээр багагүй зовоолоо. Найнай нар урьд нь найртай сайхан явснаа бодоод бага сага ч гэлээ нүүр хайрлаж болохгүй юү” гэж гуйцгаав. Тэгээд тэд цай авчирч Фөн Жед барьсанд, газар цацаад, гэнэтхэн уйлахаа болиод гэзэг үсээ засаж, Жя Рунийг чанга дуугаар хараав. Тэгээд: “Чи яваад эцгийгээ залаад ир. Улаан нүүрэн дээр нь асуух юм байна. Төрсөн их авгын нь бэлэвсрэл сая таван долоо хонож байхад ач хөвгүүн нь, бэр авах ёс байдгийг би мэдэхгүй. Би лавлан сурч аваад хожим та нарт сургана аа” гэсэнд Жя Рун сөгдөөд:

-Энэ хэрэг миний эцэг эхэд хамаагүй. Ач хөвгүүн миний нэг үеийн мунхаглалаар авга ахыг өдөөн үйлдсэн хэрэг. Энүүнийг миний эцэг ч мэдэхгүй. Бэргэн та үнэхээр тавилгүй нэхвэл би үхэхээс өөр замгүй. Бэргэн та намайг яаж шийтгэн залхаавч би дуртайяа хүлээнэ. Ач хөвгүүн чинь энэ их заргын хэргийг шийдвэрлэж чадахгүй. Энэ заргыг бэргэн та л дуусгана. Би гуйж байна. Таны мэтийн хүн үнэхээр ховор. “Тохой шалбаравч ханцуй дотроо” гэдэгчлэн ач хөвгүүн чинь мунхарч муур нохой мэт тэнэг явдал үйлдсэн тул бэргэн та сэтгэл юүгээ зовоож гаднахын хэргийг дарж өгвөл сайн болно. Бэргэн танд над мэтийн ийм нэг элбэрэлгүй хөвгүүн таарч хэрэг зарга дэгдээсэн боловч энэрэн авахыг хүснэ гэсээр тасалдалгүй мөргөв. Жя Руний энэ байдлыг хараад Фөн Жегийн сэтгэл хэдийн эргэсэн боловч олны өмнө үгээ буцах хэцүү тул нэгэнтээ уртаар шүүрс алдаад татан босгож нулимсаа арчаад Ёу хатанд:

-Бэргэн битгий надад уурлаарай. Би юм мэдэхгүй залуу хүн тул хүн заргалдаж байна гэж сонсоод үхэтлээ айж, ийнхүү эв зүйгүй аашилчихлаа. Рун Эрийн хэлсэн, тохой шалбаравч ханцуй дотроо гэдэг зөв үгээ. Миний хэлсэн үгэнд бэргэн битгий уурлаарай. Бэргэн очиж, ахад хэлж энэ заргыг дуусгах нь чухал байна гэсэнд Ёу хатан Жя Рун хоёр зэрэг: “Бэргэн та санаа амар бай. Авга ахыг чинь өчүүхэн ч чирэгдүүлэхгүй. Бэргэний саяын хэлсэн, таван зуун лан мөнгийг эх, хөвгүүн бид хоёр эвлүүлэн бүтээгээд авчирч өгье. Бэргэнийг өрөнд унагавал улам ч их нүгэл хураана. Бас нэг гуйх зүйл бол бэргэн та Лао тайтай, их Тайтай нарын өмнө энэ бүхнийг дурдахгүйгээр эв зохисыг үзэж, зүйчлэн ярихыг хүснэ” гэж гуйв.

Тэгтэл Фөн Же хүйтнээр инээж:

-Та нар миний толгой дээр хар хэргээ үлдээгээд, одоо бас намайг мэхэлж, зүйчлүүлнэ үү. Би хэдий тэнэг боловч арай бас энэ хэрд хүрэхгүй. Бэргэний дүү над юу болно вэ? Бэргэн, түүний үр тасруузай гэж зовж байхад, надад зовох юм байхгүй юү. Бэргэний охин дүү бол даруй миний охин дүү болой. Би түүний тухай сонсмогц баярлаад, нэг шөнө нүд аниагүй шүү. Тэр даруй би гэр байшин засуулаад авчирч хамтдаа байя гэж бодсон. Гэтэл хэсэг өчүүхэн хүмүүс: “Найнай хэтэрхий яарч байна. Урьдаар Лао тайтай, бусад Тайтай нарт хэлж, баахан ажиглаж байгаад орон байр засахад оройтуулахгүй” гэсэн шүү. Тэгэхээр нь би уурлан харааж зодно цохино гэж байж амыг нь хамхисан. Сайн явдалд саад олон гэгчээр очиж очиж, өөрийн хацраа өөрөө алгадаад, гэнэт газар дороос нэг Жан Хуа гарч ирээд зарга мэдүүллээ. Би сонсоод айж хоёр шөнө нүд аньсангүй. Бас шуугиан дэгдэхээс айгаад, арга буюу хүн явуулж, тэр Жан Хуа гэгч юун хүн болох, яасан том зүрхтэй амьтан бэ гэж хэдэн хоног сураглуулна. Тэгэх нь ээ нь бүтэлгүй гуйлгачин юмсанжээ. Зарц нар “Эр Же найнайг угтаа түүнд сүйлжээ. Тэр амьтан, гачигдахдаа, үхвэл ч үхье, энэ нэг ёсыг атгаж байгаад үхсэн ч, хөлдөж, өлбөрч үхсэнээс дээр гээд заргалджээ. Энэ хэрэгт, Жя Лянь баахан яарснаар, гүрэн төрийн бэлэвсрэл гэх нэг ял, гэр хотлоорын бэлэвсрэл гэх нэг ял, эцэг эхээсээ нууж бэр буулгасан нэг л эхнэрээ хаяад эргэж авсан бас нэг ял болжээ. Эртний үгэнд “Энэ биеэ цөлбөл, эзэн хааныг мориноос нь татаж буулгана” гэдэг юм. Түүн шиг ядуугийн туйлд мухардсан тэр залуу юу хийж чадах вэ. Түүгээр барахгүй тэр бас ийм их юм мэдэж байж заргалдахгүй яаж зүгээр байх вэ гэж ярьцгааж байна. Бэргэн чи бодоод үз. Чи энэ ийм үг сонсоод айхгүй юү. Одоо дүү чинь гэртээ байхгүй. Асууж, хүн ч үгүй тул мөнгө зоос гаргаж эвлүүлэхээс өөр аргагүй. Зоос зарах тусам тэр харин ёстой болоод улам ирж айлгана. Миний энэ уруул дээр хэдэн будаа тогтоно вэ? Тэгээд гачигдаж сандрахдаа бэргэнийг эрж ирлээ гэв.

Түүнийг ийн ярихад нь Ёу хатан, Жя Рун хоёр: “Санаа зовох хэрэггүй” Үүнийг эвлүүлж бүтээх л ёстой” гэцгээв. Жя Рун: “Тэр Жан Хуа үгүйрч мухардахдаа, амиа цөлж бидэнтэй заргалдаж байгаа юм уу. Тэгвэл над нэр арга байна. Түүнд баахан мөнгө өгөөд, хилсээр заалдсан нэр зүүлгэж, заргыг нь бид эвлүүлэн дуусгаад гарч ирсэн хойно бас бага сага мөнгө өгвөл болох биш үү” гэсэнд Фөн Же гаслан хөхөрч: “Чи тулдаа бодож олжээ. Иймдээ л чи бодлогогүй явсаар хэрэг тарьжээ гэсэн юм. Уул нь чи бас ийм бодлоготой хүн байжээ. Би чамайг буруу таньсан байна. Саяын хэлснийг чинь бодвол, зоостой болохоороо дуугүй болох нь яриангүй. Ийм нэр нүүргүй өчүүхэн хүн бол мөнгөө аваад арав хонолгүй сүйтгэж бараад дахин ирж хэрэг өдөж хэл ам хийнэ. Тэгээд ирвэл бид хэдий зовохгүй боловч мөн нэг санааны зовлон болно. Үгүй бол юуны учир мөнгө өгөв хэмээн түүний хэлэхийг яаж чадна вэ” гэв. Жя Рун бол ухаантай сэргэлэн хүн болохоор инээж:

-Надад бас нэг арга байна. Хэл ам нэхэж явагч бол хэл ам дэгдээгч мөн гэдэг байхаа. Энэ хэргийг надад орхичих. Би очоод Жан Хуагаас: “Хүнээ авна уу, эсвэл энэ хэргийг дуусгаад, мөнгөтэй болж өөр эхнэр авна уу” гэж асуугаад, тэр үнэхээр хүнээ авна гэвэл, би очоод хоёрдугаар авчраад түүнд өгье. Зоос авна гэвэл түүнийг нь өгье гэсэнд Фөн Же: 

-Хэдийгээр ингэж болох боловч би үнэхээр тэр бага эхнэрийг явуулахгүй. Яасан ч үгүй. Түүнийг явуулбал, манай нэр нүүр юү болох вэ. Ерөөсөө мөнгө зоос л сайн өгвөл зохино гэв. Тэрбээр аман дээрээ ингэж хэлж сайхан нэр олоод, цаанаа бол уг хүнийг гаргаж явуулахыг хүсэж байгааг Жя Рун сайн мэдэж байгаа ч арга буюу аяыг нь дагаж байлаа. Фөн Же:

-За гаднах явдлыг яахав ингээд тогтъё гэж бодъё. Доторх явдлыг чухам яавал зохих вэ. Одоо хоёулаа Лао тайтай, их Тайтай нарт очиж мэдүүлье гэсэнд Ёу хатан сандарч Фөн Жег татан “Яаж хуурвал сайн бэ” гэсэнд цаадах нь хүйтнээр инээж:

-Хэн чамайг ийм чадалгүйгээ мэдэхгүй байж энэ хэргийг үйлд гэсэн юм бэ. Одоо болохоор ингэж аашлахыг би зөвшөөрөхгүй. Эвлүүлж өнгөрөөхгүй гэвэл, би гэгч зөөлөн сэтгэлтэй хүн, хүн намайг яаж ч дарласан би тэнэгээрээ явна. Харин аргалж эвлүүлэхийг бодно. Одоо та нар очих хэрэггүй. Би дүүг чинь, дагуулаад Лао тайтай, бусад Тайтай нарт мөргүүлээд хэлнэ. Энэ дүүг би үзээд тоож байна. Би ерөөсөө үрийн хутаггүй хүн тул нэг хоёрыг худалдаж авчир гэж түрүүнд хэлж байсан юмаа. Одоо энэ охин дүүг үзэхэд үнэхээр сайн байна. Бас ураг дээр ураг давхарлах тул би бага эхнэр болгох дуртай байна. Эцэг эх, эгч дүү нар нь цөм үхэж дуусаад амьдрахын аргагүй, ажил ундралгүй тул зуун хоногийг хүлээхэд үнэхээр бэрхтэй байсан. Тийнхүү би бодож хажуугийнхаа гэрийг цэвэрлэн засаад түүнийг авчран суулгаж, бэлэвсрэл дууссан хойно ёсыг гүйцэтгэе гэж байна гэе. Би ингэж ичгүүргүйгээр, нүүрээ ширлээд шийдлээ. Буруу ирвэл, та нарт хамаагүй. За та хоёрын бодол ямар байна вэ гэж асуув. Цаад хоёр нь зэрэг хөхөрч:

-Бэргэний цээж уудам, арга ухаан арвин байна. Хэрэг бүтсэн хойно бид эх хүү хоёр талархал илэрхийлнэ гэсэнд Фөн Же: “За больчих, юуны чинь талархал” гээд Жя Рунийг зааж

-Би өнөөдөр л чамайг мэдлээ гээд цээжиндээ хичнээн их гомдол хадгалж байгааг илчлэн нүүр нь улалзаж, нүдэнд нь нулимс хүрэв. Жя Рун инээмсэглэн: “Намайг өршөөгөөрэй” гээд сөгдсөнд цаадах нь үл хайхран зөрүү харав.

Энэ үед Ёу хатан, шивэгчдээр нүүр угаах ус, заслын хайрцаг авчруулж, Фөн Жегийн нүүрийг угаалгаж, үсийг самнасан хойно, яаравчлан хоол бэлтгүүлэв. Фөн Же: “Би харья” гээд яарсанд Ёу хатан хориглож:

-Дүү минь чи өнөөдөр ингээд явбал, дараа бид нар ямар нүүрээр тэртээх хүрээнд очно вэ гэсэнд Жя Рун инээж:

-Авга минь, бэргэн минь! Рун Эр чинь хожим таныг үнэн сэтгэлээр асран нигүүлсэхгүй бол тэнгэр ниргэх болтугай гэсэнд Фөн Же хялавхийж, түй гэж нулимаад: “Хэн чиний тэр..” гээд юм хэлсэнгүй.

Зарц шивэгчид, архи, ногоо авч ирсэнд Ёу хатан түүнийг хүндлэн дайлав. Жя Рун дахин сөгдөж Фөн Жед хундага архи барив. Тэгээд хоол идэцгээв. Дараа нь цай ууцгаав. Тэгээд Фөн Жег явахад Жя Рүн үүдэнд хүргэх зуураа сэтгэлийн үгээ хэлж гуйсан боловч цаадах нь үл ойшоон гонсойсоор явж одов. Тэрбээр хүрээлэнд очиж Эр Жетэй уулзан, яаж сэтгэл зовж, яавал ялгүй болохыг яриад: “Бид одоо энэ бүхнийг аргаар үйлдэх хэрэгтэй болжээ” гэв. Фөн Же чухам ямар арга олсныг мэдэхийг хүсвээс дараах бүлэгт үзтүгэй!
 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж