Эрүүл биш бол 66 сая байлаа ч хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2018.03.04-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Эрүүл биш бол 66 сая байлаа ч хэрэггүй

Эрүүл биш бол 66 сая байлаа ч хэрэггүй

Монголчуудын хүнсний гол хэрэгцээ нь малын мах. Өнгөрсөн оны байдлаар Монгол улсын малын тоо толгой 66.2 саяд хүрснийг Үндэсний Статистикийн хороо мэдээлсэн. Энэ нь өмнөх 2016 онтой харьцуулахад 4.6 саяар илүү юм. Таван хошуу малаар задалж үзвэл ямаа хамгийн их буюу 30 сая, хонь 27 сая толгой байна.

Сүүлийн хориод жилд бараг гурав дахин тоо толгой нь өсөөд байгаа мал аж ахуйн салбар эдийн засагт болоод монголчуудад үр өгөөжөө бүрэн өгч чадаж байгаа юу? Нүүдлийн мал аж ахуйн хэлбэр орчин цагийн суурин амьдралд хэр нийцэж байгаа вэ? Гурван сая хүн амын тал хувь нь оршин суугаа нийслэл Улаанбаатар хотын иргэд малынхаа шинэ сүүг ууж чадахгүй байгаа. Олон жил экологийн хувьд цэвэр монгол малын махыг экспортод гаргаж, улсын эдийн засагт ч, малчдад ч ашигтай болгоно гэж ярьж байгаа ч ажил хэрэг болсон нь үгүй. Энэ салбарт мянган мал тоолуулж, Цагаан сараар хэн нэгэн сайдаас цар таваг авах хэлбэрдэлт биш тоо хөөцөлдөөгүй, үр ашгаа өгсөн шинэ зохицуулалт, арга барил, орчин цагийн эрчимжсэн, төрөлжсөн фермерийн аж ахуй үгүйлэгдэж байгаа. Ялангуяа малын эрүүл мэндийн асуудлыг хүний эрүүл мэндийн дайнд авч үзэхгүй бол эрүүл хүнс идэх баталгаа улам алга болж байна.

Энэ өвөл энэ салбарыг халдварт өвчин нэрвээд байна. Хамгийн сүүлийн мэдээгээр есөн аймгийн 20 гаруй суманд гоц халдварт шүлхий өвчний тохиолдол бүртгэгдэж хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Сүүлийн хоёр гурван жилд шүлхий өвчний тохиолдол тахлын хэмжээнд очсон гэж хэлж болохоор байна.

Таван жилийн өмнө шүлхий өвчний тохиолдол жилдээ 4-5 удаа бүртгэгдэж байсан бол өнгөрсөн 2017 онд 60 гаруй бүртгэгдсэн нь онц байдал зарлах хэмжээний аюулыг ардаа тээж байна. Аргагүйн эрхэнд Тагнуулын ерөнхий газраас шүлхий өвчний гаралт, тархалтад анхаарал хандуулах болж байна.

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Эрдэнэ, Сайншанд, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Өмнөговь аймгийн Манлай, Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан, Наран, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалант, Дорнод аймгийн Чулуун­хороот сум зэрэг 11 аймгийн 24 суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Шүлхийн тархалт ийнхүү эрс нэмэгдэж байгаа нь малчид, орон нутгийн удирдлага, ХХААХҮЯ гээд бүх талын ажлын харилцан уялдаа хамаарал, зохион байгуулалт, хяналт бүрмөсөн алдагдсаныг харуулж байна. Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин тойрсон тендерийн асуудал олон жил яригдаж байгаа ч төсвийн мөнгөөр хийгдэж буй арга хэмжээ зөв замаар явагдаж байгаа эсэх талаар цагдаа, АТГ гээд хариу өгөх байгууллагуудаас мухарласан хариу өгсөн нь үгүй. Халдвар авсан малыг устгалд оруулахаас өөр аргагүй. Гэвч устгалын энэ арга нь хэр үр дүнтэй вэ? Мөн малаа устгуулсан малчид гоц халдварт өвчнөөр малаа алдсан хэмээн төсвөөс нөхөн төлбөр авч байгаа малаа эрүүл байлгах хүсэл эрмэлзлэлийг малчдад төрүүлдэг болов уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж