Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин Пхеньян руу илгээх тусгай төлөөлөгчдөөр хуучин тагнуулын албаны дарга болон үндэсний аюулгүй байдлын зөвлөхийг илгээхээр болжээ. Хөх Ордны хэвлэлийн төлөөлөгч Чон Ва Дэгийн мэдээлснээр ерөнхийлөгчийн томилсон тусгай төлөөлөгчид хоёр орны хооронд найрсаг харилцааг тогтоох, АНУ болон Хойд Солонгосын хооронд яриа хэлэлцээнд зуучлах үүрэг хүлээжээ.
Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын албаны (NIS) дарга Су Хун болон үндэсний аюулгүй байдлын газрын (NSO) дарга Чун Эуй Ён нарыг ерөнхийлөгчийн оронд тусгай төлөөлөгчөөр ирэх долоо хоногт Пхеньянд айлчлах гэнэ. Өмнө нь өвлийн Олимпийн наадмын үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Хөх ордны тэргүүн, ерөнхийлөгч Мун Жэ Инийг Пхеньянд яриа хэлэлцээрт урьсан юм.
Су Ху нь өмнө нь 2000, 2007 онд хоёр Солонгосын хоорондох чуулга уулзалтыг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Хөх ордноос тодотгожээ. Харин Чун Эуй Ён нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын аюулгүй байдлын зөвлөх МакМастертай ойрын харилцаа холбоо тогтоох гол үүргийг гүйцэтгэдэг аж.
Эх сурвалж: Korea Times
Б.ТУЯА