УИХ-ын хүлээлгийн өрөөнд тоосонд дарагдаастай гурван жил хэвтсэн Татварын ерөнхий хуулийг шинэчлэн өөрчлөх хуулийн төсөл ‘амь’ орж эхэллээ. Ардчилсан намын үед НӨАТ-ын хуулийг шинэчлэн баталж, эцсийн хэрэглэгчдэд худалдан авсан бараа бүтээгдэхүүнийх нь үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх мөнгийг буцаан олголт хэлбэрээр өгөх болсон. Ингэснээр татварын орлого хоёр жил дараалан өссөн дүнтэй гарсан юм. Харин энэ хуулийн хүрээнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулиудыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан бөгөөд, эдгээр хуулийн төслийг баталснаар татварын орчинд том реформ хийгдэнэ гэж эдийн засагчид үзэж байгаа юм.
Тэгвэл ирэх хаврын чуулганаар эдгээр хуулийг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байна. Учир нь Сангийн яамнаас Татварын ерөнхий хуулийг өөрчлөх хулийн төсөл дээр хэлэлцүүлэг хийж, иргэдийн санал бодлыг авч эхэлжээ. Шинэ хуулийн төсөлд ‘Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, буцаан авах хүсэлт гаргах, алдагдал шилжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа 5.жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй’-гээр суулгаж өгч байгаа юм байна. Хуулийн төсөлтэй http://www.mta.mn/c/view/71200 эндээс танилцана уу.
Б.БАТ