Олон Улсын Валютын Сан (ОУВС) ган болон хөнгөн цагаан бүтээгдэхүүнд 10-25 хувийн импортын татвар ноогдуулах тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг эсэргүүцлээ. ОУВС-гаас “Энэ алхам нь АНУ-д өөрт нь төдийгүй бусад орнуудад хүндээр тусна” гэж анхааруулжээ.
АНУ-ын хамгийн том нийлүүлэгч Канад гангийн бүтээгдэхүүнд импортын татвар ноогдуулснаар хоёр улсын гааль дээр эмх замбараагүй нөхцөл байдал үүснэ гэж анхааруулсан байна. Хэрэв Трампын шийдвэр ирэх долоо хоногоос хэрэгжиж эхэлвэл бусад орнууд хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм. АНУ-ын дээрх шийдвэрийг ган үйлдвэрлэгч орнууд төдийгүй холбоотон орнууд ч эсэргүүцжээ.
Европын холбоо ган болон хөнгөн цагаан бүтээгдэхүүнд импортын татвар ноогдуулах тухай Трампын шийдвэрийн хариуд АНУ-ын Харли-Дэвидсон мотоцикль, бурбон виски болон ливайс жийнсэнд импортын хориг тавихаа мэдэгдсэн юм.
Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клоп Жанкер “АНУ-ын импортын татварын хариуд сөрөг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа” хэмээн CNN агентлагт мэдээлсэн байна. Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн Роберто Азеведо Трампын шийдвэртэй холбогдуулан “Худалдааны дайн гарахыг хэн ч хүсэхгүй биз ээ” хэмээсэн.
Трамп түүний хэлсэн үгийн хариуд твиттер хуудсандаа “Худалдааны дайн бидэнд ашигтай” гэж бичжээ.
Худалдааны дайн болвол яах вэ?
Хэрэв худалдааны дайн ашигтай, бас ялахад хялбар байсан бол Дэлхийн худалдааны байгууллага гэж байхгүй байх байсан.
Ихэнх улс орнууд худалдааны маргаантай асуудлаа хууль дүрэмд заасны дагуу яриа хэлэлцээрийн зарчмаар шийдэж ирсэн. Олон улсын худалдаанд хориг саад тавьснаар эргээд хариу саад тотгортой тулгардаг учраас аль аль талдаа хохиролтой. Гэхдээ энэ шалтгаан Трампт шийдвэрээ эргэж харахад нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байна. Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “Гадаадын ган үйлдвэрлэгчдээс болж дотоодын үйлдвэрлэгчид хохирох ёсгүй. Тиймээс дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, тэдэнд боломж олгоно” гэж амласан билээ.
Харин одоо тэр амлалтандаа хүрэхээр эхний алхмаа хийжээ. Гангийн бүтээгдэхүүнд импортын хориг тавих тухай Трампын шийдвэрийг олон хүн сайшаан хүлээж авсан ч Пенсильвания, Индиана мужийн гангийн үйлдвэрийн ажилчид салбарын ирээдүйд ажилтайгаа үлдэх эсэхдээ санаа зовж буй ажээ.
Трампын Засаг захиргаа ямар арга хэмжээ авах вэ?
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр твиттер хуудсандаа “АНУ гадаад худалдаанаас олон тэрбум ам.доллар алдаж байна. Тиймээс энэ байдлаас гарах арга зам бол худалдааны дайн зарлах” гэжээ.
Хэрэв бид нэг улстай худалдааны гэрээ байгуулаад 100 тэрбумыг алдвал дахин худалдаа хийхгүй. Бид 100 тэрбумаа тавьж туухгүй. Ингэснээр бид дайнд ялсан гэсэн үг. Маш амархан” гэжээ.
Ган болон хөнгөн цагааны бүтээгдэхүүнд импортын татвар ноогдуулах саналыг гаргасан АНУ-ын Худалдааны сайд Уилбурт Росс “энэ бол сүртэй зүйл биш” гэжээ.
Трампын шийдвэрт хэн сэтгэл дундуур байна вэ?
Мэдээж АНУ-д ган нийлүүлэгч орнууд. Канад, Мексик, Хятад, Япон болон Бразил АНУ-ын шийдвэрийн хариуд сөрөг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байна.
Онтарио хотод сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ Жастин Трудо “Бид гангийн салбараа цаашид авч үлдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Хэрэв бүх улс орон АНУ-ын жишгийг дагавал олон улсын худалдаанд тун ноцтой үр дагавар гарна” гэсэн юм.
Японы Төмрийн хүдэр, гангийн холбооны тэргүүн Косэй Шиндо АНУ-ын шийдвэр зөвхөн гангийн салбараар зогсохгүй бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уршигтай үр дагавар авчирч магадгүй” гэжээ. АНУ-ын дотоодын компаниуд ялангуяа шар айрагны хөнгөн цагаан сав үйлдвэрлэгчид дээрх шийдвэрийг хэтэрхий нэг талыг барьсан гэж анхааруулж байгаа ажээ.
Дэлхийн шар айрагны томоохон үйлдвэрлэгч “Anheuser-Busch InBev NV” мэдэгдэлдээ Трампын төлөвлөгөө олон мянган ажлын байрыг эрсдэлд оруулж болзошгүйг анхааруулсан байна.
АНУ-ын зарласан худалдааны дайнд Хятад ямар хариу барих вэ?
Хятадын Засгийн газар Трампын шийдвэрийн хариуд өөрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд бусад ган нийлүүлэгч улс орнуудтай хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Гангийн бүтээгдэхүүнд импортын 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ноогдуулна гэдэг бол Дэлхийн худалдааны байгууллагын олон улсын худалдааны механизмд ноцтой хохирол учруулна гэсэн үг” хэмээн Хятадын Худалдааны яамны худалдааны хяналт, шалгалтын хорооны дарга Ван Хэжүнь мэдэгджээ. Тэрбээр мөн “Энэ бол АНУ Хятадын эрх ашгийг зөрчиж буй сүүлчийн тохиолдол. Бид цаашид өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд бусад эрх нь зөрчигдсөн улс орнуудтай хамтран хариу арга хэмжээ авах болно” гэжээ.
АНУ-ын гангийн салбарт хэрхэн нөлөөлөх вэ?
Энэ салбарт ажиллагсдын тоо 2000-2016 оны хооронд 135,000 – 83,600 болж буурсан ажээ.
Гэвч гангийн үйлдвэрт ажиллаж буйгаас хамаагүй олон хүн гангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт ажилладаг гэж зах зээлийн судлаачид хэлдэг. Судалгаанаас харахад АНУ-д гангийн үйлдвэрт 2015 онд 140,000 ажилчин ажиллаж байжээ. Харин гангийн бүтээгдэхүүн ашигладаг салбарт 6.5 сая америк хүн ажилладаг байна.