Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг болов | News.MN

Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг болов

Хуучирсан мэдээ: 2018.03.03-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг болов

Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг болов

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран өнөөдөр /2018.03.03/ Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр болон Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль сахиулахын их сургууль, Монголын хуульчдын холбоо зэрэг нийслэл болон орон нутгийн хуулийн байгууллагуудын 400 орчим төлөөлөл оролцов.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд

Хэлэлцүүлгийг нээж Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлсэн үгэндээ, Эрүүгийн хууль, тогтоомжийг гардан хэрэглэж, хэрэгжүүлж, судалж байдаг шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, эрдэмтэн судлаачид та бүхнээс Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан учирч байгаа хүндрэл, бэрхшээл, зөрчлийн талаар санал, шүүмжийг сонсох зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гээд, оролцогч Та бүхэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тус бүрээр ажил хэрэгч санал гаргаж оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

Дараа нь хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үг хэлэв. Тэрбээр “Энэхүү хэлэлцүүлгээс дараах үр дүнд хүрэхийг эрмэлзэж байна. Нэгдүгээрт, хуулийг хэрэгжүүлэх явцад буруу, зөрүүтэй ойлгож байгаа зүйлийг нэг мөр болгох. Хоёрдугаарт хуулийг хэрэгжүүлэх явцад зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэж, зөвлөмж гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлэх болно. Хууль зүй, дотоод хэргийн сайд уг зөвлөмжид үндэслэн Эрүүгийн хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, 2018 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх болно” гэсэн юм.

Түүнчлэн хэлэлцүүлгээр хөндөж ярилцах хэд хэдэн чухал асуудал байгааг онцлов. Тухайлбал, байцаан шийтгэх ажиллагааны явцад гарч буй бэрхшээл, Эрүүгийн хуулийн зарим төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогыг чангатгах, ялангуяа авилга, хээл хахуультай холбоотой албан тушаалтны хөөн хэлэлцэх хугацаа, ялын бодлогыг нэмэгдүүлэх, мөн өмчлөх эрхийн гэмт хэрэгтэй тэмцэх явдлыг чангатгая гэсэн саналууд урьдчилсан байдлаар бичгээр ирснийг тодотголоо. Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр үг хэлж, Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх байр сууриа илэрхийлэв.

Дараа нь хэлэлцүүлэг хууль сахиулах салбаруудын илтгэлээр үргэлжилсэн. Тухайлбал, “Анхан шатны шүүхээс эрүүгийн хууль тогтоомжийг хэрэглэх, түүнд тулгамдаж буй асуудал”, “Прокуророос хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт”, “Өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хүний эрхийг хамгаалах ажиллагаа” зэрэг сэдвээр илтгэл тавигдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-03 202.9.40.252

Авлиг албан тушаалынгэмт хэрэгтэй Цагдаагийн байгууллагын одоогийн удирдлага тэмцэж чадахгүй . Цагдаагийн дарга Баатаржав нь Авлиг, Ашиг сонирхолын хууль ноцтой зөрчсөн гэж Цагдаагаас халагдсан Цэргийнхүү гэдэг хүнийг Баянгол дүүргийн Цагдаагийн даргаар томилсоноос шууд харагдаж байгаа үүнийг Хууль зүйн сайд болон хужль зүйн яамны улирдлагууд мэдсэнч мэдээгүй царайоан гүлдийсэн хууль завхаруулагч нар явж байгаа ингэж хууль хэрэгжүүлдэг хужль зүйн яам хууль зүйн сайд, хууль сахиулах Цагдаагийн дарга, Хууль зүйн баынгын хороо гээ байхгүй дотороо байгах энэ мнт Авлигийн хууль зөрчигч нараасаа эхлээд салж Авлигийн хууль зөрчсөн гэж цагдаагаас халагдсан хүнийг томилсон эрх мэдэлтэн эрх мэдэл албан тушаилаа урвуулж хэтэрүллсэн гэдгээрээ албан тжшаилаа өгч хуулльд очин тайлбараа өгч аэиллаа хүлээлгэн өг тэгэж байж наад асуудлаа ярьцгаа

Avatar

ЭГЭЛ АРД 2018-03-03 66.181.176.126

ТӨРИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ ТҮҮНИЙ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД ЭРХ МЭДЭЛ МӨНГӨ ХӨРӨНГӨНД БӨХӨЛЗӨХӨӨ БОЛЬЖ, ИРГЭН БҮРТ ИЖИЛ ТЭНЦҮҮ ҮЙЛЧИЛДЭГ БАЙГААСАЙ.

Avatar

иргэн 2018-03-03

Цагаа олсон маш чухал асуудал хэлэлцэж байгаа нь сайшаалтай,хэрэглэхэд бэрхшээлтэй зүйл заалт,ялангуяа авилгын хэргийг ихээхэн чангатгах,ял завших боломжыг хаах,орон даяар олны өмнө ил тод болж,хуульч Ц.Нямдорж эвлүүлэг биш гэж хэвлэлээр баталсан 60 тэрбумын хэргээ нэн даруй шийдэж ял завшаад сууж байгаа зарим улсаа төрөөс зайлуулаж байх ёстой газарлуу нь явуулахыг олон түмэн харж хүлээж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж