БНСУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын хорооны зүгээс ухаалаг хот бий болгох туршилтын ажлыг 2019 оны эхээр эхлүүлэхээр болжээ. Энэ хүрээнд Пусан хотноо 2,19 сая м2 талбай, Сэжон хотноо 2,74 сая м2 бүхий талбайг тус тус сонгосон талаар мэдээлэв.
Төслийн зорилго нь ирэх таван жилийн хугацаанд дэлхийн тэргүүлэх ухаалаг хотуудыг бий болгох юм байна. Ингэхдээ автономит нийтийн тээврийн хэрэгслийг ашиглах, их өгөгдөл, хиймэл оюун ухаан ашиглан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, замын хөдөлгөөний менежментийн системийг үр дүнтэй болгох, ухаалаг цахилгаан шугам сүлжээ, сэргээгдэх эрчим хүчийг ашиглан эрчим хүчний хэрэглээг бууруулах, тусламж хэрэгтэй үед автоматаар асах ухаалаг гудамжны гэрэлтүүлэг, хяналтын камерын цогц системийг ашиглан нийтийн аюулгүй байдлыг сайжруулах зэргийг багтаах аж.
Оршин суугчид 2021 оноос эхлэн эдгээр туршилтын хотууд руу нүүж орох боломжтой юм байна. ‘Тус хотууд нь аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын технологийн үйлчилгээг нэвтрүүлэх тавцан болж, холбогдох шинэлэг технологийг ашиглан төлөвлөгдсөн байх тул иргэд ирээдүйн хотуудын ялгааг өдөр тутмын амьдралдаа мэдрэх боломжтой болно’ гэж аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын хорооны зүгээс үзэж байна.
А.АНИР
Эх сурвалж: www.koreajoongangdaily.joins.com