Долоо хоногийн онцлох ярилцлага

Хуучирсан мэдээ: 2018.03.03-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлага

Долоо хоногийн онцлох ярилцлага

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагыг тоймлон хүргэж байна. 


"ЖАСТ" КОМПАНИ ХАРИУЦЛАГААС БУЛТАЖ ЧАДАХГҮЙ

Төрийн албан хаагчид хууль бус, алдаатай шийдвэр гаргаж, иргэдийг хохироодог, улмаар төрд шууд хохирол учруулдаг үзэгдэл Монголд энгийн, байх ёстой нийгмийн үзэгдэл мэт болжээ. Энэ үйл явцыг цэгцэнд нь оруулах,  төрийн байгууллага, албан тушаалтнуудыг хариуцлагатай болгох санаачилгыг гаргаж буй "Онч Шийдэл" ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга, хуульч Ш.Алтангадастай ярилцлаа


-Төрийн албан хаагчийн буруу гаргасан шийдвэрийн улмаас иргэд хохирдог. Тэрхүү хохирлыг төр нөхөн олгодог. Харин буруу шийдвэр гаргасан төрийн албан хаагч ямар ч хариуцлага хүлээдэггүй, эрх ямба эдэлдэг тогтолцоо манай улсад хэвийн үзэгдэл боллоо. Үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин Монгол Улсад бий юу?

-2016 оны долдугаар сарын 1-нээс Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхэлсэн. Энэ хуульд буруу шийдвэр гаргаж, улмаар захиргааны байгууллагад тодорхой хэмжээний хохирол учруулсан буруутай албан хаагчдад хариуцлага тооцох механизмыг суулгаж өгсөн. Харамсалтай нь, хууль огт хэрэгжихгүй байна.

Өмнө нь бид энэ төрлийн хэргийг иргэний хуулиар зохицуулаад явдаг байсан. Гэхдээ хариуцлага хэрхэн тооцох вэ гэдэг процессын зохицуулалт байхгүй байснаас өнөөдөр энэ асуудал нийгмийн энгийн үзэгдэл мэт болсон байна.

Бидний судалгаанаас харахад, 2014-2017 оны хооронд захиргааны байгууллага, албан тушаалтны буруу гаргасан шийдвэрийн улмаас хохирсон иргэд улсын төсвөөс 25 тэрбум төгрөгийн нөхөн олговор авсан байх жишээтэй. Гэтэл энэ хэмжээний төсөвт хохирол учруулсан төрийн  албан хаагч нар ямар ч хариуцлага хүлээгээгүй байна. Энэ бол шууд төр, улсын төсөвт учирч буй хохирол. Өргөн утгаар нь харвал, иргэдийн халааснаас гарч буй мөнгө гэж ойлгож болно.

Энгийнээр тайлбарлавал, Засгийн газар солигдох бүрт хэсэг бүлэг хүмүүс ажлаасаа халагддаг. Тэдгээр хүмүүс нь үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан гэх зэргээр шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Ингээд шүүхийн шийдвэр тухайн халагдсан ажилтныг буцаан албан тушаалд нь томилох, ажилгүй байсан хугацааных нь цалинг олгох шийдвэр гаргадаг. Мэдээж, ажлаасаа халагдсан ажилтан улсын төсвөөс уг шүүхээр тогтоолгосон цалингаа авна. Энэ байдал нийгмийн энгийн үзэгдэл мэт үргэлжилсээр өнөөдөр төсөвт 25 тэрбум төгрөгийн хохирол учирчихсан байна. Энэ гэхдээ сүүлийн дөрвөн жилийн судалгаа.  Харин төр тэрхүү буруу шийдвэр гаргаж, ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан төрийн албан хаагчдаас төрд учруулсан хохирлоо авч чадахгүй, хариуцлага тооцож чадахгүй байдалтай байна. Уг нь бол Захиргааны ерөнхий хуульд үүнийг тодорхой тусгачихсан байдаг. Харамсалтай нь, хууль хэрэгждэггүй, хуулиа биелүүлэгддэгүйн тод жишээ үүн дээр харагдаж байна. 

Засгийн газар солигдох бүрт хэсэг бүлэг хүмүүс ажлаасаа халагддаг. Тэдгээр хүмүүс нь үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан гэх зэргээр шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Ингээд шүүхийн шийдвэр тухайн халагдсан ажилтныг буцаан албан тушаалд нь томилох, ажилгүй байсан хугацааных нь цалинг олгох шийдвэр гаргадаг. Энэ байдал нийгмийн энгийн үзэгдэл мэт үргэлжилсээр өнөөдөр төсөвт 25 тэрбум төгрөгийн хохирол учирчихсан байна.

-Сүүлийн үед "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудал хэвлэлээр их цацагдаж байна. Үнэхээр тухайн үед Засгийн газрын баталгаа гаргаж өгсөн албан тушаалтнууд аливаа хяналт шалгалтаар буруутай нь тогтоогдвол төрд учраад буй энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ? 

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай хангалттай мэдээлэл явж буй учир өөрийн харж буй зүйлээ энгийнээр тайлбарлах гэж үзье. Юутай ч Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо зэрэг байгууллагууд "Стандарт" банкинд "Эрдэнэт" үйлдвэрээр баталгаа гаргаж өгсөн гэж ойлгосон. Хэрэв үнэхээр тийм бол Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомжуудад баталгаа гэдэг бол аливаа үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлэхийг баталгаа болгож, үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлэхгүй бол баталгаа гаргаж буй этгээд түүний өмнөөс төлөх харилцааг баталгаа гаргах гэж нэрлэдэг. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр үү, эсвэл мөнгөө зээлүүлээд эргэж авах уу гэдэг нь чухал биш, мэдээж төлөх нь үнэн. Тэгвэл "Эрдэнэт" үйлвэрийн эрсдлийн сангаас ч бай, Монгол Улсын тусгай сангаас ч бай аль нэг байдлаар уг өрийг төлөх үүрэг үүснэ. Харин хамгийн чухал асуудал нь төрд учирсан энэ хохирлыг хэн төлж барагдуулах вэ гэдэг байна. 

Мэдээж, "Жаст" гэдэг компани хариуцлагаас бултаж чадахгүй. Харин түүнд эрх олгосон албан тушаалтнуудыг хэрхэх вэ? Одоо ч хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хуулиар төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнуудаас гаргуулах, мөн Захиргааны ерөнхий хуулиар ч тэр төрд өөрт нь учирсан хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар гаргуулах хуулийн бүрэн боломж бий. Энэ мэт буруутай шийдвэр гаргадаг, хохирол учруулдаг албан тушаалтнуудыг хазаарлахын тулд энэ хуулиуд гардаг хэдий ч хуулийг хэрэгжүүлэх сонирхол байхгүй байна. Иймээс л бидний хэсэг хуульчид эдгээр хууль хэрэгжүүлдэггүй байдлыг зогсооход нөлөөлөх зорилгоор энэ ажлыг эхлүүлж байгаа юм. 

"Жаст" гэдэг компани хариуцлагаас бултаж чадахгүй. Харин түүнд эрх олгосон албан тушаалтнуудыг хэрхэх вэ?

ДЭЛГЭРЭНГҮЙ


 

‘АВЛИГЫГ УСТГАХГҮЙ БОЛ ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХГҮЙ’

Монголын банкны холбооны шинэ ерөнхийлөгч Ө.Ганзоригтой ярилцлаа


-Монголын банкуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод банкуудтай танилцсан гэсэн. Цаашид энэ холбоо хэрхэн ажиллахаар төлөвлөгөө гаргав?

-Монголын банкуудын холбооны үндсэн зорилго нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжлийг бататгах, банкуудын эдийн засагт оролцох үүргийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Мөн банкны сектортой холбоотой хууль тогтоомжийг сайжруулах, саналаа тусгах секторын эрх ашгийг хамгаалах байгууллага. Гэхдээ секторын эрх ашгийг хамгаалах нэрийдлээр иргэдэд ашиггүй, эдийн засагт хохиролтой зүйл хийнэ гэсэн үг биш. Иргэдийн ашиг орлого нэмэгдэж, эдийн засаг сайжирч байж банкны ашиг нэмэгддэг учраас том утгаар нь эдийн засгаа харж, төлөвлөхөд холбоо анхаарлаа хандуулсан юм болов уу гэж би хувьдаа дүгнэж байна. Ажлаа авснаас хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа банкны захирлуудтай уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонссон. Банкны захирлууд эдийн засгийн өсөлтийн хурдыг хэрхэн түргэтгэх вэ, төрөөс гарч байгаа хууль тогтоомжийг олон улсын эдийн засгийн  нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн макро эдийн засагт хэрхэн нийцүүлэх вэ, активын чанарын үнэлгээний тухай банк тус бүрээр саналыг нь сонслоо. Зээлийн хүүг яаж хамтарч бууруулах зэрэг олон талын асуудлуудыг нэгтгэж, санал солилцсоноор ажлаа эхлүүллээ.

Монголын банкууд сүүлийн хэдэн жил зээлийн хүү өндөр байгааг ярьж, асуудал дэвшүүлж ирсэн. Жилийн тав, 20 хувийн хүүтэй зээл авсан хоёр хүний хэн нь зээлээ эргүүлж сайн төлөх вэ гэдэг асуудал яригдахад банк 100 төгрөгийн зээл олгосон бол тухайн мөнгөө буцааж аваад, түүн дээр хүүгээ нэмж авдаг. Өндөр хүүтэй зээл авсан  хүн зээлээ төлж чадахгүй эрсдэл үүсвэл банк эрсдэл хүлээнэ. Тиймээс банкны захирлуудын хувьд зээлийн хүүг бага байлгах сонирхолтой. Харин холбооны хүрээнд энэ асуудлыг эрдэмтэд, экпертүүдтэй ярьдаг байснаас олон нийтэд мэдээлдэггүй байсан байж магадгүй. Би энэ холбооны ерөнхийлөгчийн хувиар олон нийтийн санхүүгийн боловсролд онцгой анхаарч ажиллах тодорхой төлөвлөгөө гаргасан. Монголбанк, Хөрөнгийн бирж, Сангийн яам зэрэг байгууллагуудтай хамтарч ажиллана.

-Та зээлийн хүүг бууруулах санаачлагыг гаргасан хүн. Тиймээс олон нийтийн зүгээс банкны холбооны шинэ ерөнхийлөгч зээлийн хүүг бууруулах алхам хийх болов уу гэсэн хүлээлт их байгаа байх?

-Зээлийн хүү өндөр байснаар банк өндөр ашиг олдог гэх ойлголт олон нийтийн дунд бий. Гэтэл бодит амьдрал дээр зээлийн хүү өндөр байснаар зээлийн чанар муудахад зээлдэгчид болон банкинд хортой. Олон нийтийн зүгээс зээлийн хүү өндөр болохоор банк ашиг олдог гэж ойлгодог. Банкны ашиг бол хүүгийн зөрүү буюу олон улсад маржинг гэж нэрлэгддэг зүйлээс олдог. Маржинг гэдэг нь хадгаламжийн хүү, зээлийн хүү хоёрын хоорондын зөрүүг хэлдэг. Монголд төгрөгийн хадгаламжийн хүү дунджаар 16 хувь байхад зээлийн хүү 19 хувь байна гэж тооцоход зөрүү нь гурван хувь. Энэ бол банкны ашиг. Монголын банкны маржингийг АНУ-ын банкны маржингтай харьцуулж судалж үзэхэд гурван хувь байсан. Тэгэхээр Монголын банк, АНУ-ын банк аль аль нь гурван хувийн маржингтай. АНУ-ын санхүүгийн зах зээл бол 2000 орчим банктай маш өрсөлдөөнтэй зах зээл. Тэгэхээр Монголын банкуудын өрсөлдөөн харьцангуй эрүүл байна гэж би хувьдаа дүгнэсэн. Банкны холбооны урдаа барих, ирэх жилүүдэд хийх гол ажил бол зээлийн хүүг зохистой байдлаар бууруулах асуудал. Яагаад гэвэл сүүлийн саруудад макро эдийн засгийн эсрэг байдлаар зээлийн хүүг бууруулах асуудал маш их хүчтэй яригдаж байна.  Буруу замаар явбал буцахдаа шорооно тээнэ гэж үг бий. ОХУ гэхэд 70 жил коммунист нийгэм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай явж ирсэн. Энэ нь өөрөө макро эдийн засгийн зах зээлийн зарчимтай зөрчилдсөн, буруу зүйл гэдгийг 70 жилийн дараа ойлгож, эдийн засгийн тогтолцоо нь нуран унасан. Хэдийгээр Орос улс цэргийн хүчээр дэлхийд дээгүүр жагсах боловч эдийн засаг, ард түмний баян чинээлэг хэмжээгээр тааруухан үзүүлэлттэй явдаг. Монгол Улс ч гэсэн эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ 100-аас хойш жагсдаг. Яагаад гэвэл бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэж амьдралд хэрэгжих боломжгүй нийгмийг 70 жил байгуулах гэж оролдсон учраас дөнгөж 1990 оноос хөрөнгийн бирж, хувийн банкны тогтолцоотой болсон. Анхнаасаа чөлөөт зах зээлийн зарчим, ардчилсан нийгмийн зарчмаар явсан Англи, АНУ, Швейцарь зэрэг орнууд ямар түвшинд хөгжил нь хүрснийг бид нүдээрээ харж байна.

1960 онд чөлөөт зах зээлийн тогтолцоог сонгосон Өмнөд Солонгос, Сингапур яаж хөгжиж байгааг бид харж байгаа. Тэгэхээр улстөрчид, даатгал, бизнесмен, брокер, макро эдийн засгийн эрдэмтэд, банкууд бид хамтарч зээлийн хүүг бууруулах ёстой. Гэхдээ чөлөөт зах зээлийн зарчмаар макро эдийн засгийн хуулийн дагуу бууруулах бүрэн боломжтой шүү гэдгийг л хэлээд байгаа юм. Гэтэл энэ аргыг сонгохын оронд 1960, 1970 он шиг хүчээр хийх гэж оролдох юм бол энэ нь эргээд бидэнд маш том хохирол учруулна гэдгийг онцгойлон анхааруулж хэлмээр байна. Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг ч би өөрөө боловсруулсан.

ДЭЛГЭРЭНГҮЙ


“ГАДНЫН ЯВУУЛГА, УДИРДАГЧДЫН БУРУУ БОДЛОГЫН ҮР ДҮН ӨНӨӨГИЙН СУДАН”

Монгол Улсын зэвсэгт хүчин НҮБ-д энхийг сахиулаад 15 жил болж байна. Харин цагдаагийн байгууллагаас олон улсад ажилласан нь саяхан. Салбартаа түүчээ болж НҮБ-д алба хаасан анхны Монгол цагдаа эмэгтэй хүн байсан төдийгүй Хууль сахиулахын их сургуулийн Ахисан шатны боловсролын сургуулийн Гадаад хэлний сургалтын багийн ахлагч, цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал юм.

Түүний хувьд аав,ээж, хүү нь гээд дөрвөн үе дамжсан цэргийн гэр бүл. Аав нь Монголын хамгийн анхны сөнөөгч онгоцны штурман, ОХУ-д бэлтгэсэн анхны нисгэгчдийн нэг. Ээж нь Батлан хамгаалах их сургуульд 35 жил ажилласан. Дүү нар цэргийн хүмүүс. Хүү нь ОХУ-д Цэргийн инженерийн академид сурч байгаа аж. Түүнд НҮБ-д данстай Монголын анхны цагдаа болох хувь тохиожээ. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг танд хүргэж байна.


 

-Монголын цэрэг энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог болсноос хойш багагүй хугацаа өнгөрч. Харин цагдаагийн албан хаагч хэв журмыг сахиулахаар оролцож байгаа нь анхны тохиолдол боллоо. Хэдийгээр гал зогсоосон ч дайны дараах улс оронд эмх замбараагүй байгаа нь мэдээж. Эрсдэл нь мэдээж тооцоход бэрх. Гэтэл эмэгтэй хүн явсанд бүр гайхсан шүү. 

Суданд дайн болж байгаа гэж манайхан ташаа ойлгодог. Үгүй. 2003 онд гал зогсоох гэрээгээр зэвсэгт мөргөлдөөн зогссон. 2005 оноос Африкийн холбооны ажиллагаа, 2007 оноос НҮБ, Африкийн холбооны хамтарсан ажиллагаа тус тус эхэлсэн. Хэдийгээр зэвсэгт мөргөлдөөн зогссон ч гэлээ 2003-2012 он хүртэл үймээн, самуун, тасраагүй. Омог хоорондын мөргөлдөөн, зөрчил зогсоогүй. Харин одоо бол байдал өөрчлөгдсөн. Энхийг сахиулах ажиллагаа дотроо олон төрөлтэй. Түүний нэг нь энхийг дэмжих буюу UNAMID ажиллагаа. Энэ ажиллагааны мандатыг жил бүр сунгаж байдаг. Өнгөрсөн /2017/ оны зургаадугаар сарын 31-нд НҮБ хуралдаад мандатын чиг үүргийг нь хэвээр үлдээж, хоёр зорилтыг дэвшүүлсэн. Нэг нь энхийг бүтээн байгуулах чиглэл.

-Энэ нь яана гэсэн үг үү?

-Улс орны дотоод аюулгүй байдлын зэрэглэл буурах төвшиндөө орж, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг хүлээж байгаа цагдаагийн үүрэг өөрчлөгдөж, Суданы Засгийн газрын цагдаагийн бүрэлдэхүүний мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны механизмыг сайжруулахад туслах, цагдаагийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэх, ялангуяа эмэгтэй цагдаагийн алба хаагчдыг шинээр элсүүлэхэд, ард иргэдийг амгалан тайван амьдралын аюулгүй орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдалд хяналт тавих, олон нийт цагдаагийн ажиллагааг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. 

ДЭЛГЭРЭНГҮЙ


‘МОНГОЛ ЛАТИН ҮСЭГ РҮҮ ШИЛЖИХ ТУРШИЛТ ХИЙЖ БАЙСАН’

Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев кирилл үсгээс татгалзаж, латин үсэгт шилжих шинэ зарлигтаа 2018 оны хоёрдугаар сард гарын үсэг зурсан билээ. Улмаар 2025 он гэхэд тус улс бүрэн латин үсэгт шилжинэ гэдгээ мэдэгдээд буй. Энэ мэтчилэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд латин үсэгт шилжих асуудлыг хөндөж, эхлээд байна. 

Монгол Улс ч гэсэн тэртээ 1930-аад оны үед латин үсэгт шилжих бодлогыг туршиж байсан бөгөөд өнөөдөр ч энэ асуудал иргэдийн дунд дахин хөндөгдөж эхэлжээ. Бид энэ асуудлаар Шинжлэх Ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Хэл шинжлэлийн ухааны доктор Э.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Глобалчлалын эрин үед дэлхийн улс орнууд ганцаар хөгжих боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, интеграцид нэгдэн, хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Энэ үйл явц эх хэлэнд ямар нэгэн байдлаар илрэх үү?

-Таны хэлснээр дэлхийн улс орнууд олон салбарт нэгдэн, ялангуяа эдийн засгийн хувьд даяаршиж байгаа нь хойд, урд хоёр хөршөө харахад л бидэнд илхэн байна. Тэгвэл ганц эдийн засаг гэлтгүй энэ үйл явц хэлэнд мөн илэрдгийг хэлэх нь зөв байх. Нийлж нэг болсон, салж тусгаарласан жишээ баримт хэлний хөгжлийн түүхэнд нэлээн бийҮүргийн хувьд гэвэл хүмүүсийн харилцааны хэрэглүүр болох үндсэн үүргээ хэл өнөөдрийг хүртэл гүйцэтгэсээр байгаа. 

-Тэгэхээр даяарчлалаас үүдэн ирээдүйд хэл хоорондын ялгаа байхгүй болж, нэгдмэл нэг хэлтэй болох боломж бий гэсэн үг үү. Хэлний хөгжлийн хэтийн төлөв ямар байх бол таныхаар? 

-Өнгөрсөн зууны сүүлээр, эрдэмтэд XXI зуун гарахад дэлхийн хэлний тоо дор хаяж хоёр дахин буюу 90 хувь багасна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байдаг л даа. Гэтэл өнөөдөр дэлхий дээрх хэлний нөхцөл байдлыг ажиглахад дээрх таамаглал биелэх боломжгүй байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр даяаршилтай холбон тайлбарлаж байгаа хэлний нэгдэх үйл явцын эсрэг, хэл соёлоо хадгалан үлдээх хүсэл, үндэсний хэлээ тусгаарлах хандлага зогсож, нэгдэлжих хөдөлгөөнийг удаашруулж байна гэж ойлгож болно. Минийхээр энэ нь хэтдээ бүх хэл бүрэн нэгдэх боломжгүй гэдгийг харуулж байгаа хэрэг болов уу.

ДЭЛГЭРЭНГҮЙ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж