Тусгай зөвшөөрөл Төв, Сэлэнгэ, Баянхонгорт хамгийн их олгогджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрөл Төв, Сэлэнгэ, Баянхонгорт хамгийн их олгогджээ

Тусгай зөвшөөрөл Төв, Сэлэнгэ, Баянхонгорт хамгийн их олгогджээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2018.03.02/ Алтны холбоо болон энэ салбарт ажилладаг 130 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.

Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг уул уурхайн салбараас дангаараа бүрдүүлдэг. Засгийн газраас “Алт-2 хөтөлбөр” баталж, алт олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл алтны нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын орлогоос 2,5 хувиар тогтоосон зэрэг тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Гэвч 2017 онд Монголбанкинд 20 тонн алт тушаагдаж, улсын төсөвт 49 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Миний бие сайдаар томилогдсон өдрөөсөө эхлэн салбарын хариуцлагын тогтолцоог сайжруулах, эдийн засаг үйлдвэрлэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн. Мөн эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, аж ахуй нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллах зарчмаар ажиллаж байна.

Өмнөх Засгийн газраас хэрэгжүүлж байсан бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлж, салбарын үйлдвэр, аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжлийн холбоод, орон нутгийн удирдлага, хөрөнгө оруулагч, эрдэмтэн судлаач, ахмадын төлөөлөлтэй уулзаж, тэдний санал зөвлөмжийг сонсч, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. Техник, технологийг сайжруулах замаар алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, алтыг Монголбанкинд 100 хувь тушаадаг том зорилт бидний өмнө тулгарч байна. Тиймээс бид хамтарч ажиллах нь чухал байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллах зарчмыг баримталж байна” гэж тодотгосон юм.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар алтны тусгай зөвшөөрөл нийт зөвшөөрлийн 34 хувийг эзэлж байгаа аж. Нийтдээ 534 тусгай зөвшөөрөл байгаагаас Төв, Сэлэнгэ, Булган, Баянхонгор аймагт хамгийн олон зөвшөөрөл олгогджээ. Өнөөдрийн байдлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж, алт олборлодог 85 аж ахуй нэгж байна. Нөөцийн хувьд шороон ордын нөөц бага үндсэн ордын нөөц нь их байгааг салбарынхан онцолж байлаа. Өнгөрсөн онд аж ахуйн нэгжүүд 20,1 тонн алт олборлохоор төлөвлөжээ. Гэвч төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй гэлээ. Аж ахуй нэгжүүдийг Монголбанкинд алтаа тушаахдаа татвараас зайлсхийж, иргэдийн нэр дээр алт тушааж байгааг шүүмжилсэн юм. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар үйл ажиллагааны орлого жилийн гурван тэрбум төгрөгөөс давсан тохиолдолд 25 хувийн татвар төлдөг. Алтны компаниуд бүгд гурван тэрбум төгрөгөөс дээш төгрөгийн орлоготой байсан. Харин одоо эдийн засаг сэргэж байгаа учраас аж ахуй нэгжийн орлогын босго болох гурван тэрбум төгрөгийг нэмэгдүүлж, алт олборлогчид 25 хувийн татвараа төлөөд алтаа тушаах боломж бүрдэх юм.

Мөн аж ахуй нэгжүүдийн зүгээс Эрдэс баялгийн зөвлөлийг хуралдуулж, дулааны улирал эхлэхээс өмнө олборлолт явуулах бэлтгэл ажлаа хангамаар байгаа гэдэг шаардлага тавьж байсан юм. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн нийгмийн хариуцлагын асуудлыг ч хөндөж ярьсан. Тиймээс тодорхой эргэж харах, газар дээр нь шалгалт хийх шаардлагатай ажлууд байгаа учраас түүний дараа Эрдэс, баялгийн зөвлөлийг хуралдуулах чиглэл өгсөн байгаа гэсэн юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж