ОХУ шинэ төрлийн стратегийн цөмийн зэвсэг туршиж, олон улсын түвшинд байр сууриа тодорхойлж, цэрэг зэвсгийн хүчин чадлаа эрс нэмэгдүүлэх технологийн амжилтад хүрсэн гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр (2018.03.01) мэдэгджээ. Холбооны хуралд зориулсан үндэсний илтгэлдээ Путин цөмийн цэнэгт пуужин, цөмийн цэнэгт торпед болон шинэ төрлийн дуунаас хурдан пуужинтай ОХУ-ын шинэ стратегийн зэвсэг НАТО-гийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг “хэрэглээнээс гаргаж”, ОХУ-ыг мухардалд оруулах барууны оролдлогууд талаар болж буйг анхааруулсан байна.
“Би сүүлийн 15 жилийн турш зэвсэглэлээр уралдаж, өөрсдийн давуу талаа ашиглан, ОХУ-ын эдийн засагт үндэслэлгүй шалтгаанаар хориг тавьж ирсэн улс орнуудад хандаж нэг зүйл хэлмээр байна. ОХУ-ыг дарж авах гэсэн та нарын төлөвлөгөө бүтсэнгүй” гэжээ.
Энэ удаагийн илтгэл нь энэ сарын 18-нд товлогдсон ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас хоёр долоо хоногийн өмнө болж байгаа юм.
Путины дээрх мэдэгдэлд Пентагоны төлөөлөгч Дана Вайт “АНУ-ын засаг захиргаа ийм мэдэгдэлд цочирдохгүй. АНУ-ын цэрэг арми улс үндэстнээ хамгаалахад хэзээд бэлэн” хэмээн хариу мэдэгджээ.
Кремлийн ойролцоох хурлын танхимд болсон үндэсний илтгэлийн үеэр Оросын хууль тогтоогчид болон алба хаагчдын өмнө илтгэл тавихдаа асар том дэлгэц дээр стратегийн шинэ зэвсгүүдийг танилцуулсан байна.
Эх сурвалж: AP, Bloomberg