“Айсуй цагийн эзэд” чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

“Айсуй цагийн эзэд” чууллаа

Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос зургаа дахь удаагаа “Айсуй цагийн эзэд” чуулга уулзалтыг Орхон голын хөвөөнөө зохион байгууллаа. УИХ-ын дэд дарга, Ардчилсан залуучуудын холбооны анхны ерөнхийлөгч Г.Батхүү чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсынхаа хөгжлийн түлхүүрийг атгаж яваа залуучууд эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй байж эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж чадна гэдгийг тодотгосон. Мөн залуучууд өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, эрч хүчтэй, зорилготой байх ёстойг захиж, “Нийгмийг хөдөлгөгч гол хүч  залуус хэрэв өөрсдийн хүсэл сонирхол, авьяас мэдлэгээ нэгтгэж, нэгэн цул болж чадвал хөгжил дэвшил, шинэ бүхэнд хөтөлдөг” хэмээн онцолсон юм. Тэрбээр анх Ардчилсан залуучуудын холбоог үүсгэн байгуулалцаж, дүрэм журмыг нь боловсруулж байсан агаад өдгөө холбооны хүндэт ерөнхийлөгчийн алба хашиж буй.

Чуулга уулзалтад Өвөрхангай аймгийн 19 сумаас 500 орчим залуус оролцож, хоёр өдрийн турш хамтдаа асуудлаа хэлэлцэж, шийдэл гарцыг тодорхойлсноос гадна гар бөмбөг, хөлбөмбөг, элсний волейбол, олс таталт, уулын оргил булаалдах зэрэг спортын уралдаан, тэмцээнд багаар өрсөлдөж, аваргуудаа тодруулсан юм. “Айсуй цагийн эзэд”-ийн уулзалтад “Нэгэн зүгт” хамтлаг, дуучин М.Нара, Марта, Мөнх-Эрдэнэ, эгч дүү Нандиа нар ая дуугаа өргөж, галын наадам, ёслолын буудлагын шоу боллоо. Уулзалтын үеэр мөн хамт олноо хошуучилсан шилдэг залууст шагнал гардуулжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж