Хуурамч мөнгөн тэмдэгт хийвэл хоригдоно

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

Хуурамч мөнгөн тэмдэгт хийвэл хоригдоно

Хуурамч мөнгөн тэмдэгт хийвэл хоригдоно

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн VII хорооны нутагт орших хүнсний дэлгүүрт хуурамч мөнгөн тэмдэгтээр худалдаа хийсэн хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Эл хэргийг одоогоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Тэгвэл энэ он гарсаар хуурамч мөнгөн тэмдэгтээр худалдаа хийсэн зургаан тохиолдол бүртгэгдсэн байна.

Тухайлбал, /2018.02.14/-ны өдрийн 01.40 цагийн орчимд Баянгол дүүргийн есдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг М нэртэй караокед хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхийг завдлаа гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаа нар тус караокед үйлчлүүлж байсан 28 настай А гэгчийг хуурамч 20 мянган төгрөгөөр гүйлгээ хийхээр завдсаныг холбогдуулан шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр хуурамч мөнгөн дэвсгэрт нь ихэвчлэн шөнө оройн цагаар ажилладаг хүнсний дэлгүүрүүд, гар дээрээс жижиглэнгийн худалдаа наймаа эрхлэгчид эсвэл их хэмжээний мөнгөн дэвсгэртүүд дундаас илэрч байгаа гэнэ.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол дараах хуулийн хариуцлагыг хүлээх аж. 

Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд:

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах тухай

  1. Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  2. Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  4. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Иймд иргэд та бүхэн хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийг авахдаа шалгаж үзэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж