Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс энэ оны нэгдүгээр сарын 10-ны байдлаар зудын эрсдэл өндөртэй аймгуудыг гаргасан байдаг. Үүнд:
- Увс аймаг
- Ховд аймаг
- Орхон аймаг
- Өвөрхангай аймаг
Энэ дагуу бид аймгуудын Засаг дарга нараас хаваржилт ямар байгаа талаар тодруулга авлаа.
Хаваржилт хүндэрч болзошгүй байна
80,000 гаруй толгой мал хорогдсон
Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондог “Нэг үеэ бодвол дулаарчихлаа. Цаг агаар тогтуун сайхан байна. Малчид өвлийн бэлтгэлээ сайн базаасан. Мөн сум орон нутагтаа “Малчдадаа тусалъя” аяныг зохион байгуулж бод, богийн нэмнээ, лаа, шүдэнз бээлий зэрэг материаллаг хэрэгслээр тусалсан учир өвлийг өнтэй давлаа. Өнгөрсөн онд нийт нутгаар гантай, зуншлага намаржилт тааруу байсан. Хаваржилтын хүндрэлийг амжилттай даван туулахын тулд цаашид өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 80,000 гаруй толгой мал хорогдсон мэдээтэй байна. Хорогдсон бог малаас ямаа ихэнх хувийг эзэлж байна” гэв.
Улсын онцгой комиссоос 200 тонн өвс өгсөн
Орхон аймгийн засаг дарга Д.Батлут “Жаргалант суманд өвөлжилт их хүнд байна. Өнгөрсөн жил нийт нутгаар гандуу байсан учир 8000 тонн өвс хадсан. Мумдын нөөцийн өвс тэжээл дууссан учир гуравдугаар сарын 1-ны өдрөөс Улсын онцгой комиссоос 200 тонн өвс өгсөн. Аль болох бүх малчдадаа л хүргэхийг зорьж байна. Зутруу байгаа малчдад илүү их өвс, тэжээл өгч байгаа. 10300 орчим мал хорогдсон мэдээтэй байна. Хорогдсон малын 600 нь үхэр, 200 нь адуу, үлдсэн хувийг бог мал эзэлж байгаа” гэв.
Улсын онцгой комисст өвс нэмж авах санал хүргүүлсэн
Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд “Хужирт, Хархорин, Уянга, Баян-Өндөр, Бүрд, Зүүн-Баян улаан, Баянгол, Өлзийт сумдад зудын байдалтай байна. Нийтдээ 54,000 мал хорогдсон мэдээтэй байна. Нөөцөлсөн өвс дууссан учир зах зээл дээрээс малчид худалдан авалт хийж байгаа. Засгийн газар болон,улсын онцгой комисст өвс нэмж авах санал хүргүүлсэн. Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад өвс тэжээлийн нөөц сайн байх хэрэгтэй” гэж байлаа.
Э.Бурам