Түм түжигнэж, бум бужигнасан номын сан

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

Түм түжигнэж, бум бужигнасан номын сан

Түм түжигнэж, бум бужигнасан номын сан

Энэ бол 75 жилийн түүхтэй Монгол улсын их сургуулийн шинэ номын сан юм. Өнгөрсөн оны намар нээлтээ хийсэн тус номын өргөө олон мянган уншигчдын хэрэгцээг хангахуйц уншлагын танхим, амралтын хэсэг, музей, кафе, дэлгүүр, АТМ гээд л бүхий л зүйлсийг нэг дор багтаажээ. Тус номын сантай дэлгэрэнгүй танилцахаар үдийн 15.00 цагт зорив.

Ингээд нэг давхарт байрлах “гэрээр олгох номын сан” гэсэн шилэн хаалгатай өрөө анхаарал татав. Үүдэнд нь наймаас есөн оюутан дугаарлан зогсох ба гэрээр авч явах номоо эндээс авдаг гэдгийг оюутнууд хэлж байлаа. Энэ танхимын хамгийн анхаарал татахуйц хэсэг бол сүүлийн үед гарсан бестселлер номуудыг шилэн тавиурт эгнүүлэн байршуулжээ.

Мөн уншлагын танхимд оюутнууд хичээлээ хийж, электрон номын катологиос хүссэн номоо захиалж унших боломжоор хангагдсан байв. Нэг үгээр хэлбэл, шинэ номын санд оюутны суралцах орчин, тав тухыг төгс бүрдүүлсэн байх бөгөөд хичээлээ хийгээд сууж буй оюутнуудын царайг харахад тун урамтай гэрэлтэнэ.

Тус номын сан нийт 700 гаруй суудалтай ба МУИС-ийн 20 мянга гаруй оюутнуудад үйлчилдэг аж. Одоогоор номын сан хүлээн авах хүчин чадлаасаа хамаарч гаднын уншигчдад квот тогтоон үйлчилдэг гэж номын санч нар тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, МУИС-иас бусад сургуульд суралцдаг оюутнаас өдөрт 15-ыг л хүлээн авч үйлчилдэг юм байна.

Номын сан нь уншлагын дөрвөн том танхимтай ба байгалийн ухааны, нийгмийн ухааны, цахим номын танхим, магистр, докторантуудын уншлагын танхимаас бүрддэг. Нэг зүйлийг онцлон хэлэхэд танхим бүр WiFi-аар бүрэн хангагдаж дэлхийн жишигт нийцсэн электрон катологитой юм.

Дөрөвдүгээр давхарт байрлах уншлагын танхим нь МУИС-ийн магистрант, докторантууд зориулсан онцлогтой гэнэ. Энд 80 гаруй уншигч хүлээн авах суудалтай бөгөөд биднийг очиход танхим дүүрэн уншигчтай байлаа. Тус номын сан нь дэлхийн жишигт нийцсэн “Кохо” системтэй холбосон тул оюутны үнэмлэхээр хүссэн номоо захиалан унших боломжтойг дуулгая.

Гуравдугаар давхарт байрлах “Байгалийн ухааны уншлагын танхим” гэсэн шилэн хаалгаар орлоо. Энэ танхимын гол онцлог нь эко материалаар орчныг бүрдүүлэн өгчээ. Оюутнуудын тав тухыг бүрэн хангасан ба дуу чимээ тусгаарлагч сандал, багаар ажиллахад тохиромжтой ширээ, амралтын хэсгээс бүрдэж байна. Номын санчдын хэлснээр нийтдээ нийт 40 мянга гаруй номын фондтой бөгөөд орос, монгол гэсэн номын сонголтуудтай гэнэ.

Уг танхимын хажууханд цахим номын сан байрладаг юм. Энэ хэсэг бол номын сангийн интернет уншлагын танхимын хэсэг юм. Оюутнууд дурын компьютерт суугаад хүссэн мэдээллээ эндээс авч болно. Хамгийн сонирхолтой нь сүүлийн үеийн техник технологийн  шийдлийг цогцлоосноороо энэ танхим бусдаасаа ялгарна.

Хоёрдугаарт давхарт нийгмийн ухааны уншлагын танхим байрладаг 200 гаруй уншигчдын суудалтай байлаа. Ингээд бид тус номын сангийн захирал Г.Цэрэнтэй цөөм хором ярилцлаа.

-Сайн байна уу, та манай уншигчдад номын сангийн талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу. Уншлагын танхимууд хэдэн давхарт байрлаж байна вэ?

-Манай номын сан өнгөрсөн жилийн намар нээлтээ хийсэн. Хэдийгээр том барилга байгаа ч гэсэн баруун жигүүр нь 1-4 давхар номын сан, харин 5-6 давхарт лекц семинарын заал байрлаж байгаа. Нийт талбайн 40 орчим хувийг уншлагын танхимууд эзэлж байна. Манай номын сангийн багтаамж нь 700 гаруй уншигчийн суудалтай. Номын санг маань зарим хүмүүс 24 цагаар ажилладаг гэж ойлгоод байх шиг байдаг. Энэ бол ташаа мэдээлэл юм. Бид ажлын өдөр 08.30-20.30 цаг хүртэл ажилладаг. Одоохондоо ачаалал ихтэй байгаа учраас 24 цаг ажиллуулах боломж хараахан нээгдээгүй байна. Цаашдаа нэг уншлагын танхимыг шөнийн цагаар ажиллуулах тухай ярилцаж байгаа. Гэхдээ зөвхөн ачаалал ихтэй шалгалтын үеэр л ажиллуулах болов уу.

-Танай номын сангаар бусад оюутнууд үйлчлүүлэх боломжтой юу. Зөвхөн МУИС-ийн оюутнууд л үйлчлүүлдэг журамтай гэж байсан?

-Манай сургууль 20 мянган оюутантай. Харин номын сан маань 700 гаруй л ширээ сандалтай. Тэгэхээр эхний ээлжинд оюутнууддаа  л үйлчилж байна. Үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүст бид квот тогтоож өгсөн. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өдөрт 15 гаднын уншигчийг авах журамтай. Одоогоор ачаалал харьцангуй гайгүй, номын сан чөлөөтэй байна. Хавар шалгалтын үеэр л ачаалал нэмэгдэж оюутнуудаар дүүрнэ. Хэрвээ сул орон тоо байвал бүх л хүмүүст манай танхимууд нээлттэй шүү дээ.

-Номын сангийнхаа гол онцлогуудаас товчхон дурдаж болох уу? Мэдээж шинээр нээгдсэн, техник технологиор хангагдсан гээд л олон зүйл байгаа байх?

-Анх нээлтээ хийхэд яригдаж байсан бүхий л зүйлс хэвэндээ байна. Номын сан маань нь дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх зорилттой ажиллаж байгаа. Мөн дөрвөн уншлагын танхимтай. Бас цахим уншлагын танхим ч бий. Ер нь оюутнуудын хичээлээ хийх тав тухтай орчныг цогцоор нь хангаж чадсан гэж санагддаг.

Д.Гантулга 4-р курсийн оюутан

Би байгалийн ухааны чиглэлээр суралцдаг. Өнгөрсөн жилээс эхлэн манай сургууль шинэ номын сантай болсон. Үүнд маш их баяртай байгаа. Оюутнууд тав тухтай орчинд бүх номоо сонгоод үйлчлүүлэх боломж нь нээлттэй. Би заримдаа өглөө ирээд орой болтол л номын санд суудаг. Гэхдээ миний бодлоор жоохон эрт хаачихдаг юм шиг санагддаг. Ер нь бол байнга л дүүрэн хүнтэй байдаг л даа.

Хоёрдугаар курсийн оюутан Ц.Гансэлэм

Гэрээр олгох номын сангаас хэрэглээний шинжлэх ухаан, байгалийн ухааны номын сангаас номоо авдаг.  Ачаалал их байдаг.

Ерөнхийдөө мэргэжлийн номын хүрэлцээ бага байдаг. Хэдийгээр гэрээр ном авч унших боломжтой ч гурван хоногт амждаггүй. Миний хувьд энэ номын сангаар долоо хоногтоо 2-3 удаа үйлчлүүлдэг. Бусад номын сантай харьцуулахад сая шинээр нээгдсэн, бусад системүүдээс илүү зохион байгуулалттай байгаа. Гэхдээ нэг сонин зүйл нь байнга улавч зүүдэг. Улавч зүүхгүй бол ер нь дотогшоо оруулахгүй дээ.

Г.Цацрал 4-р курсийн оюутан

Яг л гадаадад суралцаж байгаа юм шиг санагддаг. Одоо картаар ном авах үйлчилгээ нь бүгдээрээ л өөр болсон. Манайх лаборатори гээд л бүхий л зүйлс цогц байгаа. Ихэвчлэн хоёрдугаар давхрын танхимаар үйлчлүүлдэг.

Гэрэл зургийг Н.Батмөнх 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж