Хаврын бүргэдийн баяр энэ сарын 4, 5-нд болно

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

Хаврын бүргэдийн баяр энэ сарын 4, 5-нд болно

Хаврын бүргэдийн баяр энэ сарын 4, 5-нд болно

Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон нь Монгол Улс. Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан байдаг. Баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор шувуулахуйн зан үйлийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. “Хаврын бүргэдийн баяр”-ын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Баяр энэ сарын 4, 5-нд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болох гэнэ.

Энэ жилийн баярыг БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, “Чингис хааны хүрээ” компани болон “Монголын бүргэдчид холбоо” хамтран зохион байгуулж байгаа аж. Мөн “Бүргэдчин охин” нэрээр алдаршсан Н.Айшолпан, түүний аав бүргэдчин Р.Нургайв нар урилгаар хүндэт зочноор оролцох юм байна.

Сонирхуулахад, бүргэдийн баярыг тэмцээн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсаж орж ирдэг. Үүний дараа Бүргэдийн баярын гол арга хэмжээ болох бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээнүүд явагддаг. Бүргэдийг уулын оройд байрлуулж, сургасан эзэн нь уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ таньж, гарын шуун дээр ирж суух ёстой. Хамгийн хурдан хугацаанд сүрлэг дэвэлттэй ирж, эзнийхээ шуун дээр суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулна. Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж, бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгадаг. Одоогийн байдлаар Монголд 400 гаруй бүргэдчин байдаг ажээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж