Химийн халдлага “Улаан шугам”-ыг давсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

Химийн халдлага “Улаан шугам”-ыг давсан уу?

Химийн халдлага “Улаан шугам”-ыг давсан уу?

Сирийн Засгийн газар дахин химийн халдлага явуулж, халдлагад энгийн номхон иргэд, тэр дундаа хүүхдүүд өртсөн тухай мэдээлэл гарч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд мөргөлдөгч талуудаас өдөр бүрийн өглөөний 09:00 -14:00 цагийн хооронд гал зогсоохыг уриалсан. Дамаск хотын зүүн захад оршдог босогчдын хяналтад буй Гута хотод 393,000 энгийн иргэн байгаа тухай албаныхан мэдээлж байгаа юм.

Сирид 30 хоногийн хугацаатай гал зогсоох тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрт хориг тавьсан хэмээн ОХУ-ыг буруутгасан. Мөн хүмүүнлэгийн коридор байгуулахын тулд гал зогсоох тухай Путины уриалгыг Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадад цэргээ татах боломж олгох арга гэж барууныхан үзэж байгаа юм.

Хлорт хийд хордсон 16 хүнийг эмнэлэгт хүргэж, эмчилж буй мэдээ, зураг цацагдсанаас Ассадын цэргүүдийг дахин химийн халдлага явуулсан гэж сэжиглэж байгаа юм. Хордсон тэдгээр хүмүүсийг эмчилж буй докторын хэлснээр цэргүүд химийн зэвсэг, магадгүй хлорт хий ашигласан байж болзошгүй гэж мэдээлсэн юм.

Сирийн Засгийн газар гэвч 2013 оноос хойш олон  удаа давтагдсан химийн халдлагад буруугүй гэж мэдэгдсээр байгаа билээ. 2013 онд Сирид мэдрэлд нөлөөлөх бинарын хийн халдлагад 1000 гаруй хүн өртөж, амиа алдсан хэрэг гарсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тэр үед “Химийн халдлага бол “Улаан шугам”-ыг давсан үйлдэл учраас АНУ үүнийг хүчээр зогсооход хүрч магадгүй” хэмээн мэдэгдэж байсан.

Башар Ассад 2013 онд химийн зэвсэг ашиглахгүй байх тухай олон улсын гэрээнд гарын үсэг зурснаар Барак Обамагийн энэ санал дэмжигдээгүй юм. Харин Башар Ассадын Засгийн газрыг дэмжигч ОХУ-ын Засгийн газар Сирийг химийн хорт бодисыг зэвсэглэлд ашиглаж буй гэдгийг бас үгүйсгэдэг.

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров саяхан “Улаан шугам”-ын асуудлыг эргэн сөхөж, Сирид хлорт хийн халдлага явуулсан гэдэг мэдээлэл бол барууны зохион байгуулалттай хуурамч мэдээлэл хэмээн мэдэгдсэн юм. Сирийн Засгийн газар хэрэв химийн зэвсэг хэрэглэж буй нь үнэн бол Барак Обамагийн анхааруулж байсанчлан долоон жил үргэлжилж буй иргэний дайнд АНУ хөндлөнгөөс оролцож, цэрэг зэвсгийн хүчээр Ассадыг огцруулж болзошгүй юм.

Гэхдээ барууны лидерүүд өмнөх алдаагаа давтахаас эмээж байгаа ажээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Улаан шугам”-ыг давсан Сирид хариу арга хэмжээ авах тухай АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обамагийн хэлсэн үгтэй санал нэгдэж,  “Олон улсын гэрээг зөрчиж, энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн нь үнэн бол Франц үүнийг зүгээр хараад суухгүй” гэсэн юм.

Макрон хэлэхдээ “Гэхдээ химийн зэвсэг хэрэглэсэн нь нотлогдсон тохиолдолд Франц хөдөлнө” гэсэн юм.

Сирид хэн дайтаж байна вэ?

Исламын улс бүлэглэл дарагдсан ч дайн үргэлжилсэн хэвээр байна.

АНУ Сирийн Курдистантай хил залгаа нутагт цэргийн 20 бааз байгуулсны дараа Турк Курдын босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар зэхэж байна.

Курдын босогчид Сирийн хойд нутаг Афринд идэвхжиж, халдлага явуулж эхэлсэн тул Туркийн арми өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хил дээр цэргийн ажиллагааг эхэлсэн.

Анкара Курдын Ардын чөлөөлөх армийг Туркт алан хядах ажиллагаа явуулсан гэж сэрдэж буй Курдын Хөдөлмөрийн намтай холбоотой гэж хардаг. ОХУ-ын Аюулаас хамгаалах зөвлөл саяхан “АНУ Курдын босогчдыг хамгийн сүүлийн үеийн зэвсгээр хангаж байна. Вашингтоны энэ үйлдэл Анкараг Курдын босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулахад хүргэлээ” гэж мэдэгдсэн.

Сири дэх Курдын босогчдыг зэвсгээр хангаж буй энэ явдал нь НАТО-гийн холбоотон Вашингтон болон Анкарагийн хооронд “яс хаясан” мэт болсон юм. Үүний дараа АНУ Сири-Курдистаны 30,000 тусгай бэлтгэгдсэн хүмүүсээр хилийн хамгаалалтын албыг байгуулах шийдвэр гаргасан нь дайран дээр давс нэмсэн хэрэг болсон.

АНУ Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадыг огцруулж, түүний засгийн газрыг АНУ болон баруунд  элэгтэй хүнээр удирдуулах сонирхолтой. Харин Ассад гадаадын улс орнууд өөрийг нь дэмжиж, алан хядагчдыг дарахад тусалбал иргэний дайн дуусч, дүрвэсэн иргэд нутагтаа очно гэж итгэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж