Улс төрийн намуудыг шинэчлэх хөзөр

Хуучирсан мэдээ: 2018.03.02-нд нийтлэгдсэн

Улс төрийн намуудыг шинэчлэх хөзөр

Улс төрийн намуудыг шинэчлэх хөзөр

Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 97 жилийн ой өчигдөр тохиов. Олон намын тогтолцоонд 1990 оноос шилжсэнээс хойш Монгол Улсад улс төрийн 27 нам үйл ажиллагаа явуулахаар Улсын дээд шүүхэд бүртгүүлжээ. Гэвч өнөөдөр эдгээр намаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, олон гишүүнтэй, төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж байгаа нь хуруу дарам цөөн. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам гэсэн гурван намыг л сонгогчид мэдэж, тэдэнд эрх мэдлийг ээлжлэн олгож ирлээ. Улс төрийн намууд өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, хийсэн ажлаа сонгууль бүрээр дүгнүүлсээр ирсэн. Гэхдээ намуудад хууль, дүрэм үйлчлэхгүй байна гэх олон нийтийн хардлага өдөр ирэх бүр нэмэгдэж, иргэд намд итгэх итгэл алдарч байгааг судалгааны байгууллагууд олонтаа гаргадаг. Хамгийн сүүлд хамгийн их авлигад идэгдсэн байгууллагаар улс төрийн намууд тодорсон. Мөн сүүлийн хоёр ч сонгуулиар МАН, АН, МАХН гэсэн намуудад иргэдийн итгэл алдарч цагаан сонголт хийгчдийн тоо нэмэгдсээр байгааг энд онцлон тэмдэглье. Улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл яагаад алдарч байна вэ?

Улс төрийн намуудын хэрэгжүүлж байгаа бодлого, зөвхөн өөрсдийн эрх ашгийг илүүд үзэж, төрийн дээд байгууллагыг удирдахдаа ч авлига, хээл хахууль, ашиг хонжоо хайж ирсэн зэрэг нь улс төрийн намуудын нэр хүндийг унагаж буй. Тэгвэл юуны түрүүнд Улс төрийн намын тухай хууль болон Намуудын санхүүжилтийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдгийг судлаачид хэлдэг.

Улс төрийн намын тухай хууль анх 1990 онд батлагдсанаас хойш 2005 онд анх шинэчлэн найруулж байсан. Түүнээс хойш дөрвөн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар ажлын хэсэг байгуулан Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулахаар ажиллаж байна. Өмнөх парламентын үед ч Улс төрийн намуудын тухай хууль болон Намуудын санхүүжилтийн тухай хуулийн эрх зүйн орчныг сайжруулах өөрчлөх асуудал хөндөгдөж байсан. Мөн 2016 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан байдаг. Ингэхдээ Улс төрийн намуудын тухай хуульд намуудын шүдний өвчин болсон санхүүжилтийн асуудлыг ч тусгаж оруулсан ирсэн. Гэвч энэ төслийг парламент батлаагүй юм.  

  • 1990 онд олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн анхны Улс төрийн намын тухай хуулийг баталсан. Түүнээс хойш долоон удаа шинэчлэн найруулахаар өргөн барьжээ.
  • 2005 оны хоёрдугаар сарын 17-нд шинэчлэн найруулсан
  • 2015 оны нэгдүгээр сарын 29-нд нэмэлт, өөрчлөлт
  • 2015 оны арваннэгдүгээр сарын 26-нд нэмэлт өөрчлөлт
  • 2015 оны арванхоёрдугаар сарын 4-нд нэмэлт өөрчлөлт

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг одоогоор Улс төрийн намын тухай хуулийн төслийн гол агуулгаа бусад улс төрийн хүчнүүдтэй тохирч чадахгүй байгаа бололтой. Гэхдээ эрх баригч намын хувьд хуулийг шинэчлэн найруулахдаа намуудын үзэл баримтлал нь ямар байх вэ гэдгээс эхлээд үзэл баримтлал, агуулгаас нь эхлэн өөрчлөх асуудлыг хөндөж байгаа гэнэ.

Сонгууль бүрээр хэнийг төлөөлж байгаа нь мэдэгдэхгүй олон нам гарч ирдэг. Гэвч иргэдийн эрх ашгийг хангах мөрийн хөтөлбөртэй, зохион байгуулалттай, үзэл баримтлалтай идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нам тун цөөхөн байгаа учраас намуудад тавигдах шаардлагыг чангатгах ёстой гэх асуудал хөндөгдөж байгаа аж. Ингэхдээ жижиг намуудыг дэмжих, парламент болон орон нутагт суудалтай болохын тулд өөрийн гэсэн мөрийн хөтөлбөртэй, бүтэц, зохион байгуулалтайгаар үйл ажиллагаа явуулах боломж бололцоог бий болгоход төрөөс анхаарах зэрэг зохицуулалт хийхээр яригдаж байгаа гэнэ.

Улс төрийн намуудыг асуудалд оруулдаг хамгийн том зүйл бол намуудын санхүүжилт. Намуудын санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй цагт улс төрийн нам нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж чадахгүй гэх судлаачдын үг байдаг. Тиймээс үеийн үед улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх асуудал энэ хуулийг дагаж хөндөгддөг. Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар УИХ-д суудалтай намууд төрөөс тодорхой санхүүжилт авдаг. Цаашид энэ асуудлыг боловсронгуй болгохын тулд санхүүжилтийг хэрхэн зохицуулах вэ гэдэгт олон улсын болон хуульч, эрдэмтэд, намуудын төлөөллийн саналыг тусгасан зохицуулалттай болгох  зарчим баримталж байгаа гэх.

Эрх баригч намын байгуулсан ажлын хэсэг хуулийн үзэл баримтлалаа боловсруулж дууссаны дараа улс төрийн намуудаар хэлэлцүүлж, саналаа нэгтгэх юм байна. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж