Комикс зурган өгүүлэмж

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Комикс зурган өгүүлэмж

Монголын хэвлэлийн салбарт хамгийн их үгүйлэгддэг төрөл бол комик. Олныг үгээр үл нурших, шоглол ёгтлол бүхий хурц санаануудыг зөвхөн комикийн төрөл хэвлэлийн хуудсанд үлдээдэг. Монголын шинэ үеийн комикууд ар араасаа хүч түрэн гарч ирж буйг талархан дэмжихийн хамт Б.Цолмонбаяр хэмээх залуу уран бүтээлчийг танилцуулъя.

Түүний хурц санаанууд The Mongolian Mining Journal сэтгүүлийн хуудсанд хэвлэгддэг бөгөөд Монголын бензиний крантыг хааж буй Путиний зураг нь уншигч олонд нэн танил болсон билээ. Б.Цолмонбаяр нь олон улсын комикуудын жил тутмын уулзалтад тогтмол оролцдог ба ирэх аравдугаар сард Бээжин хотноо нээгдэх энэ оны уулзалтад оролцон уран бүтээлийн шинэ санаа дүүрэн ирэх юм. Б.Цолмонбаярын нийтлэлийг уншигч Танд толилуулъя.

Комикс нь комик буюу шог хошин гэсэн үгнээс гаралтай нэршил. 100 гаруй жилийн өмнө тухай үеийн хүмүүс аливаа сэдвийг уран шог талаас нь баялаг дүрслэл үйл явдлаар дүүрэн илэрхийлдэг байсантай холбоотой. Яваандаа шог хошин гэсэн үг нь энэ төрлийн дүрслэх урлагийн нэр томъёо болсон юм. Хэмжээний хувьд зурагт хуудас, сонин хэвлэлийн нэг нүүрнээс илүүгүй цөөн зураглалтай байж. Улмаар зөвхөн шог хошин бус төрөл бүрийн сэдэв, чиглэлээр уран бүтээлчид комиксоо бүтээн туурвиж илүү цар хүрээтэйгээр нийгэмд тархжээ. Сэдэв хүрээ нь өргөжихийн хэрээр цөөн нүүртэй байснаасаа агуулга нь томорч олон нүүртэй, бие даасан цуврал сэтгүүл, ном болох болсон юм. Сүүлдээ боть ботиор гардаг болоод уншиж сонирхогчид бүх цувралаар нь цуглуулан, байхгүй дугаараа хоорондоо дуудлагаар худалдан үнэ хүргэдэг болсон байна.

Сэтгүүл маягаар байнга гарах комиксийг цуврал комикс гэх ба бие даасан 50-аас дээш нүүр комиксийг “Graphic Novel” буюу Зурган өгүүлэмж гэдэг.

Комик нь дэлхийн өнцөг булан бүрт харилцан өөр өөр хэв загвартайгаар хөгжсөн байна.
-Америк комикс
-Европ комикс
-Япон/ Ази комикс гэж ангилж болно.

Америкийн комикс

Америкийн комикс нь хөгжлийн олон үед хуваагддаг ба зонхилох сэдэв нь супер-баатрын сэдэв байдаг. Дэлхийн II дайнаас өмнө шог хошин сэдвээр сонин хэвлэлийн богино хэмжээний комикс хөгжиж байгаад, дэлхийн хоёрдугаар дайны үед комикс уран бүтээлчид үндэсний бахархал болгох зорилгоор Супер-баатар гол дүртэй олон тооны комикс зохион, тэр нь ч зах зээлд маш их эрэлттэй байж, тухайн дүрүүд үндэсний бахархал болж, өнөөг хүртэл супер баатрууд Америкийн зах зээлд том байр эзэлсээр байна.

Супермэн, Бэтмэн зэрэг нь анх комиксийн дүрээр олонд хүрч, анхны Супермэн 1938 онд “Аction comic”-ийн нэгдүгээр дугаар дээр хэвлэгдэж байжээ.

Дэлхийн II дайн дуусаж, супер баатрын дүр бүхий комикс олны сонирхлоос гарч, улмаар комикс бүтээгчид илүү нарийн, учир битүүлэг сэдэвтэй зохиолууд, дүрүүд гарган шинэ сэдвийн комиксийг хөгжүүлж эхэлсэн билээ.

1980-аад оноос хуучны супер баатрын комикс дахин олны сонирхлыг татаж эхэлсэн ба комиксийн хийц, чанар, бүтээмж өндөрссөн нь үүнд нөлөөлсөн байна. Сэдэв төрлийн хувьд аймшгийн, инээдмийн, уран зөгнөлт, үлгэр, фантас, гэмт хэрэг, адал явдалт, насанд хүрэгчдийн гэх зэрэг бүх насныхны сонирхолд нийцэх комикс зах зээлд худалдаалагддаг болов.

Америк комикс ихэвчлэн 32 нүүрээр сар тутам цувралаар гарна. Цуврал нь нийтдээ дунджаар 100 дугаарт хүрнэ, зарим алдартай комикс 500-600 цуврал гарсан байдаг. Мөн алдартай комик дүрүүд гол зохиолоосоо гадна хажуугийн бие даасан цувралуудыг төрүүлсэн байдаг. Аmazing Spider Man комикс гэхэд гол зохиолоосоо гадна арваад салбарласан цувралтай.

Comic production pipeline

Америк комиксчид комиксийг олон шат дамжлагаар хийдэг. Энэ нь богино хугацаанд цувралаар гаргахад зохицсон үйлдвэрлэл мэт байдаг. Комик бүтээгчдэд: 1. Зохиолч 2. Харандаачин 3.Үзэгчин/тодруулагч 4. Өнгө будагч 5. Үсэг бичээч 6. Хянагч гээд маш олон өөр өөр мэргэжилтэй хүмүүс нийлж, студиудэд хуваагдан ажиллана. Уран бүтээлчид олон янзын комикс дээр ажиллах боломжтой, мөн өөр өөр студи, компаниудад ажиллаж болдог. Учир нь студи, компаниуд зохиол болон дүрүүдийг эзэмшиж байдаг болохоор уран бүтээлчид ихэвчлэн бэлэн дүрийг ашиглан өмнөх зохиолын үргэлжлүүлсэн шинэ зохиол дээр ажилладаг. Америкт комикс ихэвчлэн бүх нүүрний зураг нь өнгөт байдаг.

Европ комикс

Европт комикс маш өндөр хөгжсөн. Америкийн комиксоос ялгаатай тал нь сэтгүүлээс гадна ном хэлбэрээр гардаг. Хэмжээний хувьд А4, 52-100 хуудастай сэтгүүл, 32-62 хуудастай хатуу хавтас бүхий ном хэвлэгддэг бөгөөд үүнийгээ “Comic Album” гэж нэрлэнэ.
Франц-Бельгийн /Franco-Belgian/  комикс Европын комик хөгжилд маш их нөлөө үзүүлсэн. 1929-1976 онуудад гарсан Бельгийн комикс “The Adventures of Tintin” нь маш алдартай цуврал юм.

Комик уран бүтээлч

Европын комикчид бие даан хувиараа комикс хийх ба хэвлэлийн газруудтай мөн гэрээгээр комиксоо гаргана. Уран бүтээлчдийн хувьд ажиллах нөхцөл нь чөлөөтэй байдаг. Өнгөт болон хар цагаан, олон хуудастай, ихэвчлэн богино хэмжээний зохиолтой хийсэн байдаг.

Япон комикс

Японы комиксийг “Манга” гэх ба зурагтай ном гэсэн ханз үсэгнээс гаралтай нэршил. 1950-аад оноос Японд Осүма Тэзүка манга дүр төрхийг анх гаргаж цувралаар “Атом хүү” комикс хэвлүүлэн гараагаа эхэлж байж. Энэ комикс нь барууны орнуудын комиксоос ялгаатай нь том нүдтэй баатрууд, хар цагаан, нарийн зураас ихтэй бас олон хуудастай байв. 10 гаруй жил энэ цуврал үргэлжилсэн ба энэ зуур цуврал хүүхэлдэйн кино гаргажээ. Бага насны хүүхдүүдэд зориулсан комикс удалгүй Япон даяар түгэн алдаршиж, олон олон янзын цуврал гарсан ба уншигч багачууд өсөж томрохын хэрээр сонирхон унших сэдэв нь даган өөрчлөгдөж. Японы комикс нас, хүйс, нийгмийн давхаргын онцлогт зориулсан төрөл бүрийн сэдэвтэй, маш баялаг сонголттойгоор  хийгддэг болсон. Иймд Японы комик нь амьдрал болон хувь хүний дотоод ертөнцөд илүү ойр агуулгатай, энгийн хэрнээ сэтгэл хөдлөлийг сайн харуулсан илэрхийлэлтэй дүрслэлээрээ бусад орны комикоос ялгардаг. Японы манга нь долоо хоног тутам нэгдсэн хэвлэл маягаар хэвлэгдэнэ. Хар цагаан 16-32 нүүр бүхий 15-20 гаруй янзын манга нь нэг товхимол сэтгүүл болж гарна. Ийм манга сэтгүүлүүд олон байх ба сэтгүүлүүдийн алдартай манганууд 10 дугаар гарсны дараа нэг боть болж тусдаа хэвлэгдэнэ. Ийм маягаар алдартай манганууд 10 жил хүртэл тасралтгүй үргэлжилж 30-40 боть гарч төгсдөг. Японы метро болон гудамжинд хаа сайгүй л манга/комикс уншсан хүн таарна. Яг л талх шиг өдөр тутмын хэрэглээ мэт.

Manga Production

Япон комиксчид 2 янз байдаг. 1. Зохиолч ба зураач нь нэг хүн байх  2. Зохиолч ба зураачийн ажлыг тус тусдаа өөр хүн хийх. Энэ гол бүтээлчид дээр туслахууд нэмэгдэнэ, бас сүүлд нь хянагч/editor байна. Японд тухайн уран бүтээлч өөрөө комиксоо зохиож ажилладаг ба тэр комик дээрээ л ажиллана, бусад өөр комикс дээр ажиллах боломжгүй байдаг. Манга нь ихэвчлэн хар цагаан хэвлэгдэнэ. Цөөн   хэдэн нүүр нь л өнгөтэй байдаг. Богино хугацаанд олон нүүрээр зурдаг учир цаг болон зардлаа хэмнэдэг байна.

Японы хэвлэлийн салбарын 60 хувийг комиктой холбоотой бүтээгдэхүүн эзэлдэг. Сүүлийн арав гаруй жилд Японы поп-урлаг /Popular culture/ дэлхийн даяар хурдацтай тарж одоо зөвхөн АНУ-аас гэхэд жилдээ хагас тэрбум долларын урсгалтай зах зээл үүсчээ.

Комиксийн өнөө үе

Одоо цагт комик дэлхийн зугаа цэнгэлийн /Entertainment Industry/ 3 том салбарын нэг нь болж, комиксгүй улс орон, үүнийг уншдаггүй мэддэггүй хүн байхгүй гэхэд болохоор болжээ. Ном хэвлэл, аnimation – хүүхэлдэйн кино, кино урлаг, видео тоглоом, хүүхдийн тоглоом, ахуйн бараа гээд бүх л энтертайнмент бизнес салбарыг хамарч. Бидний үзэх дуртай Холливүүдийн “Бэтмэн, X-Men, Хүн аалз, Супермэн, Халк, IronMan, Трансформерс, 300” кинонууд хүртэл комиксоос сэдэвлэсэн ба өөр маш олон комиксоос сэдэвлэсэн кино бий.

Комиксийн хийц бүтээмжид техник технологийн дэвшил бас нөлөөлж хуучин цаас, харандаа, түш, үзэг, будаг бийр шугам ашиглаж байсан бол одоо зөвхөн компьютерийн хэрэгсэл ашиглан түүн дээрээ зурж бүтээдэг болоод байна. Үүнийгээ хэвлэлд ашиглана, мөн Интернэтэд веб-комик, гар утасны контент / агуулга хэлбэрээр олонд хүргэдэг болж комиксийг заавал хэвлэх албагүйгээр гар утас, таблет болон зөөврийн компьютер дээрээ татаад л хаана ч хэзээ ч хүссэн үедээ уншиж үзэж байх боломжтой болсон байна.

Дэлхийд олон зуун комик хэвлэлийн газар байдаг ч цөөн хэдэн том, алдартай хэвлэлийн газар бий.

АНУ-д: “Marvel”, “DC”, “Darkhorse”, “Image”

Японд: “Kodansha”, “Shogakukan”, “Shueisha” гэсэн аварга компаниуд байна.

Алдартай цувралууд

Комикс: X-Men, Fantastic Four, Хүн Аалз, Супермэн, Бэтмэн, Ногоон дэнлүү, Avengers, Оддын дайн, Спаун, Justice League

Манга: Атом хүү/Astro boy/, Наруто, DragonBall, OnePiece, Vagabond, Gundam, SailorMoon, Berserk, Ghost in the shell, Apple seed, XX century boys

Алдарт бүтээлчид:

Комикс: Jack Kirby, Stan Lee, Alan Moore, Will Eisner, Carl Barks, Frank Miller, Todd Mcfarlane

Манга: Осамү Тэзүка, Акира Торияма, Широв Масамүнэь Масаши Кишимото, Такехико Иноүэ, Эйичиро Ода

Олон улсын комик цуглаан “Comic-Con”

АНУ:  San Diego Comic-Con International  (1970 оноос жил бүр) , NewYork Comic-Con, Emerald City ComicCon
Япон: Comiket  (1975-оноос жилд 2 удаа),  Tokyo International Anime Fair
Олон улсад: Angoulкme- France,  International Comic artist Conference- Japan, China, Korea, Taiwan, Hong Kong

Дээрхээс гадна олон улсад өөр өөр газар орнуудад бүтэн жилийн турш комикстой холбоотой үйл явдал, арга хэмжээ уулзалт цуглаан зохиогддог. Гол нь комик цуглаан тэмцээнүүд дээр ирээдүйд гарах шинэ содон санаа, цоо шинэ киноны эхний богино хэмжээний тусгай үзвэр, алдартай цувралуудын дуудлага худалдаа, шинээр гарч ирж буй уран бүтээлчид тэдний шинэ уран бүтээлүүд, хүний толгойд багтаж болох бүхий л гайхалтай санаанууд оргилон буцалж, санаагаа солилцож, дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлчид, бизнесмэн, сонирхогч фенүүд цуглан хэд хоногийг өөрсдийн диваажинд өнгөрүүлдэг уламжлалтай.

Үр дүнд нь дараагийн Оскарыг авах киноны санаа, зохиолыг найруулагч нар олж, дараа улирлын бестселлер комиксийн уран бүтээлч ажлаа олж, үндэстэн дамнасан нөхөрлөл, бизнес гараагаа эхэлдэг юм.

Комикс Монголд

Монголчууд үргэлжлэн хүүрнэсэн урлагийн буюу зурган өгүүлэмж хэлбэрийн зураг урлагийн олон зуун дамжсан өнө эртний дурсгалуудтай. Дундад зуунаас өдгөөг хүртэл эрдэмтэн мэргэдийн бичиж туурвиж, орчуулан гаргаж байсан ном судар, үлгэр домогт зориулан бүтээсэн цуврал хүүрнэлт зураг/Монгол зургийг зураач урчууд хийж ирсэн. Харамсалтай нь эдгээр бүтээлийн ихэнх нь 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед нураасан сүм хийдүүдэд үгүй болон, мөн гадны худалдаачин наймаачдын гараар дамжин эх нутгаасаа өөр газарт хадгалагдах нь олонтаа.

Өнөө үед манай хүүхэд багачууд, залуус, насанд хүрэгчдийн дунд комикс зурган өгүүлэмж нь төдий л танил биш хэдий ч сүүлийн жилүүдэд нийтэд эрчимтэй танигдаж эхэлж байна. Энэ нь залуу уран бүтээлчид болон хэд хэдэн хэвлэлийн газар, уран бүтээлийн нэгдлүүдийн хөдөлмөрийн үр дүн юм.

“Тоншуул” сэтгүүл нь 70 жилийн турш шог зураг комикийг нийтэд дэлгэрүүлэн сурталчлахад үнэтэй хувь нэмэр үзүүлсэн ба энэхүү сэтгүүлийн үе үеийн авьяаслаг уран бүтээлчид дунд Монголын комикийн хөгжлийг тодорхойлсон уран бүтээлчид байсаар ирсэн.

Анхлан жижиг хэмжээний ном хэлбэрээр, хэмжээ тоо ширхгийн хувьд жижиг, цөөн тоотой байсан ба энэ үед ихэвчлэн хувь уран бүтээлчид бие даан комиксоо эрхлэн гаргаж байв. Тэднээс дурдвал: “Борхүү, Одхүү, Төмөрхүү” – С.Цогтбаяр, “Цуутын цагаагч гүү” – Ч.Ганбаатар, “300 Тайчуудыг дарсан домог” –  С.Амгалан, “Модун Шаньюй”-Б.Цолмонбаяр, “Замд”-А.Бүрэн-Эрдэнэ, “Эзэнт гүрэн” Н.Амартүвшин, “Хөх дайчин” – Ч.Лутсүх, “300 тайчуудыг дарсан домог”, “Батхаан”  – Н.Энхбаяр гэх хэд хэдэн бие даасан комиксууд туурвигдаж байгаад 2005 оны намраас анхны цуврал комикс Монголд худалдаанд гарсан нь Чингис хаан комикс билээ. Уг комиксийг  “Sky Power Media” компани 2008 он хүртэл 20 цуврал гаргаж, түүнээс хойш цувралаар “Цондоолой Цүндээлэй” 2007, “Динза” 2009 Ирмүүн агентлаг эрхлэн гаргах болсон юм.

Мөн комиксийг зар сурталчилгаа, зурагт хуудас хэлбэрээр ашиглан хийх  нь сүүлийн жилүүдэд түгээмэл болсоор байна. Сонин сэтгүүл хэвлэлд комикс янз бүрийн хэлбэр хэмжээгээр нийтлэгдэж энэ чиглэлээр уран бүтээлээ туурвих сонирхолтой залуус олшрон, вэб-форум, блог хөтөлж бие биедээ өөрсдийн хийсэн комиксоо интернэт ашиглан толилуулдаг болоод байна.

Монголын шинэ үеийн залуу уран бүтээлчдийн хувьд комикс нь шинэ том орон зай, чөлөөт сэтгэлгээний хязгааргүй талбар юм. Тэрхүү уран бүтээлийн гайхамшигт талбарт үзэг бийрээ бариад, оюун сэтгэхүйгээ хөглөөд, орон зайгаа эзлэх цаг ирээд байна, бидэнд.

Комикс бүтээлч Батбаатарын Цолмонбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж