"Монгол латин үсэг рүү шилжих туршилт хийж байсан"

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

"Монгол латин үсэг рүү шилжих туршилт хийж байсан"

"Монгол латин үсэг рүү шилжих туршилт хийж байсан"

Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев кирилл үсгээс татгалзаж, латин үсэгт шилжих шинэ зарлигтаа 2018 оны хоёрдугаар сард гарын үсэг зурсан билээ. Улмаар 2025 он гэхэд тус улс бүрэн латин үсэгт шилжинэ гэдгээ мэдэгдээд буй. Энэ мэтчилэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд латин үсэгт шилжих асуудлыг хөндөж, эхлээд байна. 

Монгол Улс ч гэсэн тэртээ 1930-аад оны үед латин үсэгт шилжих бодлогыг туршиж байсан бөгөөд өнөөдөр ч энэ асуудал иргэдийн дунд дахин хөндөгдөж эхэлжээ. Бид энэ асуудлаар Шинжлэх Ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Хэл шинжлэлийн ухааны доктор Э.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Глобалчлалын эрин үед дэлхийн улс орнууд ганцаар хөгжих боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, интеграцид нэгдэн, хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Энэ үйл явц эх хэлэнд ямар нэгэн байдлаар илрэх үү?

-Таны хэлснээр дэлхийн улс орнууд олон салбарт нэгдэн, ялангуяа эдийн засгийн хувьд даяаршиж байгаа нь хойд, урд хоёр хөршөө харахад л бидэнд илхэн байна. Тэгвэл ганц эдийн засаг гэлтгүй энэ үйл явц хэлэнд мөн илэрдгийг хэлэх нь зөв байх. Нийлж нэг болсон, салж тусгаарласан жишээ баримт хэлний хөгжлийн түүхэнд нэлээн бий. Үүргийн хувьд гэвэл хүмүүсийн харилцааны хэрэглүүр болох үндсэн үүргээ хэл өнөөдрийг хүртэл гүйцэтгэсээр байгаа.

-Тэгэхээр даяарчлалаас үүдэн ирээдүйд хэл хоорондын ялгаа байхгүй болж, нэгдмэл нэг хэлтэй болох боломж бий гэсэн үг үү. Хэлний хөгжлийн хэтийн төлөв ямар байх бол таныхаар? 

-Өнгөрсөн зууны сүүлээр, эрдэмтэд XXI зуун гарахад дэлхийн хэлний тоо дор хаяж хоёр дахин буюу 90 хувь багасна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байдаг л даа. Гэтэл өнөөдөр дэлхий дээрх хэлний нөхцөл байдлыг ажиглахад дээрх таамаглал биелэх боломжгүй байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр даяаршилтай холбон тайлбарлаж байгаа хэлний нэгдэх үйл явцын эсрэг, хэл соёлоо хадгалан үлдээх хүсэл, үндэсний хэлээ тусгаарлах хандлага зогсож, нэгдэлжих хөдөлгөөнийг удаашруулж байна гэж ойлгож болно. Минийхээр энэ нь хэтдээ бүх хэл бүрэн нэгдэх боломжгүй гэдгийг харуулж байгаа хэрэг болов уу.

-Хуучин ЗХУ-ын харьяанд байсан Узбекистан, Казахстан зэрэг орнууд кирилл үсгээс татгалзаж, латин бичиг рүү шилжих болсноо зарлалаа. Үүнийг та юу гэж харж байна бэ?

Узбекистан, Азербайжан, Казахстан зэрэг орны кирилл үсгийн цагаан толгойгоор тэмдэглэгддэг байсныг нь л латин үсгээр сольж бичдэг болсон төдий гэсэн үг юм. Харин ингэж өөр үсэг рүү шилжих болсон нь тухайн ард түмэн, улс орон үүнийг хүссэн, өөрчлөлт хийх тодорхой шаардлага тэдэнд байсан болоод тэр байх. Магадгүй, энэ нь эдгээр орныг дэлхийн эдийн засагт нэгтгэх, үндэсний онцлог байдлаа хадгалах, бие даасан байдлаа бэхжүүлэх, аль эсвэл цахим ертөнцөд тухайн хэлний өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зэрэгт чухал байсан байж болохыг үгүйсгэхгүй.

-Манай улс 1930-аад оны үед латин үсэг рүү шилжих туршилтыг хийж байсан удаатай. Мөн өвөрмонголчууд биднийг дуурайж латин үсэг рүү шилжих гэж байхад Б.Ринчен гуай болиулсан гэсэн яриа байдаг. Энэ түүхээс хуваалцахгүй юу?

-Латин үсэгт шилжих ажлыг Монгол Улсад өрнүүлж байсан нь үнэн. 1930-1932 оны хооронд. Энэ үсэг рүү шилжих шийдвэр анх 30 онд гарч, “Латин үсгийн хороо”- гэдгийг байгуулж монгол бичгийг латин үсэгт буулгах ажлыг боловсруулж, батлуулсан байдаг. Мөн заан сургах, хэвлэх, мэргэжилтэн бэлтгэх, хаягжуулах ажлыг хийж эхэлсэн, энэ үеэс. Гэхдээ тун удалгүй болиулсан. Шалтгааныг нь, хэтэрхий богино хугацаанд бэлтгэл сайн базаалгүй, монгол хэлний зүй тогтлыг нягталж сайн боловсруулалгүйгээр заан сургах ажлыг эхэлсэн. Бас боловсон хүчин болон ном зохиол, сурах бичиг хүрэлцэхгүй байгаагаар тайлбарласан байдаг. Мөн улс төртэй холбож ойлгосон тал ч бас бий. Тодруулах юм бол хуучнаар ЗХУ-ын харьяа Буриад болон Халимагийн автономит улс манайхтай адил латин үсэгт шилжих ажлыг 30 онд хийсэн ч, 38 оноос кирилл үсэгт шилжсэн байдаг. Үүнийг, ЗХУ монголчууд нэгдмэл бичиг үсэг, хэлээрээ хил дамнан нэгдэхээс айсан, тиймээс кирилл үсэгтэй болгосон гэж үзэх нь бий. Халимаг, Буриад гэлтгүй Өвөрмонголчууд бас латин үсэг рүү шилжих, тэгэхдээ ганц латин гэлтгүй, кирилл латин хоёрын аль нэгийг авахыг завдаж байсан тухай сонсож байлаа. Үүнд харин Б.Ринчен гуайн хориг саад болсон тухай явган яриа байдаг ч баттай эсэхийг хэлж чадахгүй нь. Энэ талаар манай ахмад эрдэмтэд л тодорхой зүйлийг хэлж өгч магадгүй юм.

-Сүүлийн үед манай иргэдийн дунд монгол хэлийг ч гэсэн латин үсэг рүү шилжих хэрэгтэй гэсэн яриа гарч эхэллээ. Энэ тал дээр таны бодол?

Энд, тэнд юу болно манайхан даган дуурайх гээд байдаг тал бий. Ингэх албагүй. Түрүүн би хэлсэн. Хэрвээ улс оронд зайлшгүй шаардлага байвал, үүнийг хийж болно оо гэж. Миний хувьд иймэрхүү өөрчлөлтийг хийх нөхцөл байдал, онц шаардлагыг одоохондоо олж харахгүй байна. Нөгөө талаас, ер нь иймэрхүү өөрчлөлтийг хийхэд тухайн орны эдийн засгийн тогтвортой байдал их чухал. Үүнийг ч латин үсэгт шилжсэн орнуудын туршлага бэлхэн харуулдаг. Тухайлбал, Узбекистан гэхэд л санхүүгийн нөөц бололцоогоо сайтар төлөвлөж тооцоолоогүйгээс болоод энэ ажлыг амжилт муутай нэвтрүүлсэн байх жишээтэй. Тэгвэл Азербайжан, Туркменистан зэрэг орон нь нөөц баялаг ихтэй байснаас энэ ажил харьцангуй амжилттай хэрэгжсэнийг хэлмээр байна.

-Нэг бичиг үсгээс нөгөөд шилжих шийдвэрийн цаана хүүхдүүд хохироод үлдсэн жишээ бий. Тухайлбал, 1990-ээд онд сурч байсан хүүхдүүдийн дунд “Би монгол бичиг үзэж байгаад гэнэт кирилл үсэг үзсэн. Тиймээс арван жилдээ сайн сурлагатай байж чадаагүй ээ” гэх яриа байдаг?

-Монгол хэл, бичиг үсгийн тухайд бид баялаг түүхтэй ард түмэн. Руни, хятан, монгол, дөрвөлжин, тод, соёмбо гээд одоо бидний хэрэглэж байгаа кирилл үсгийг оролцуулаад нийт 10 гаруй бичиг үсэг хэрэглэж ирсэн байна. Үүнээс он цагийн шалгуурыг давж, хамгийн удаан хугацаанд хэрэглэгдэж байгаа нь монгол бичиг. Монгол бичиг дээр суурилан шинээр бичиг зохиож байсан үүх түүх ч бас бий. Дөрвөлжин, тод, цаашлаад манж бичгийг хүртэл монгол бичиг дээр үндэслэн зохиосон байдаг. Монгол бичигт шилжсэн 1990-ээд оны тэр үе зөвхөн хүүхэд гэлтгүй ихэнх хүмүүст хүндрэлтэй, хүлээж байгаагүй гэнэтийн зүйл байсан болов уу. Яагаад гэвэл кирилл үсгээр “уул” гэж бичиж, уншиж сурсан хүмүүс чинь гэнэт л “агула” гэж бичээд  “уул” гэж уншаад эхлэхээр шинэ юм шиг санагдаж, дасахад хэцүү байсан нь ойлгомжтой. Үнэндээ бол бичлэг дуудлага ингэж зөрөх нь аль ч хэлэнд байдаг үзэгдэл, тиймээс хэвшиж дасах л хэрэгтэй энэ тохиолдолд. Өөр зүйлгүй. Мөн шат дараатайгаар, жинхэнэ ёсоор нь монгол бичигт шилжих ажлыг хийх хэрэгтэй байсан болов уу. Тэгсэн бол одоо яригдаад байгаа асуудлууд гарахгүй байсан.

-Өнөөдөр залуучуудын дунд монгол хэл, бичиг хэрэггүй. Яах юм. Англи хэлтэй байхад болно гэх хандлага залуучуудын дунд их байна?

-Манай залуучуудын үндэсний ухамсар, үндсэрхэг үзэл харин ч өсч байна гэж би хардаг.

Тиймээс монгол хэл, бичгээ гадуурхаж байгаа нь юу л бол. Харин англи хэлний хувьд англи хэл дэлхийн хамгийн түгээмэл хэл гэдэг нь хэнд ч нууц биш. Англи хэл хүмүүсийг нэгтгэж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүстэй харьцахад тусалж байна. Тиймээс өнөөгийн нийгэмд англи хэлийг идэвхийлэн сурч судлахгүй байхын арга байхгүй л дээ.

-Манай улс монгол хэлний дүрэмдээ байсхийгээд өөрчлөлт оруулаад байдаг. Үүнээс болоод монгол хэл, бичгээр сайн ярьж, бичдэг хүн ховор боллоо?

-Энэ асуудлыг тусгайлан хариуцаж ажиллаж байгаа их дээд сургуулийн багш, Хэл Зохиолын Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй зөвлөл бий. Хэлний бодлогын үндэсний зөвлөл гээд. Тэндээс Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон үсгийн дүрмийг боловсруулж журамлаад зөв бичгийн толь хийж байгаа. Тун удахгүй хэвлэгдэж гарах байх. Тиймээс та дээрх зөвлөлд хандвал энэ талаарх дэлгэрэнгүй, тодорхой мэдээллийг авах бүрэн бололцоотой гэдгийг хэлмээр байна.

Миний зүгээс хэлэхэд манайхан монгол хэлээрээ яруу сайхан ярих, ялангуяа зөв бичих тал дээр асуудал бий нь үнэн. Үүнийг зохицуулж, нэг мөр болгон журамлахын тулд олон нийтэд хандсан ажлыг хийвэл илүү бодит үр өгөөжөө өгөх юм шиг санагддагаа дашрамд бас хэлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж