“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Жаран долдугаар бүлэг
НУТГИЙН ЭДИЙГ ҮЗЭЭД ДАЙ ЮЙ УНАСАН ШОРОО ЮУГАА МӨРӨӨДӨЖ, НУУЦ ХЭРГИЙГ ЗАДАЛЖ ФӨН ЖЕ ӨЧҮҮХЭН ЗАРЦЫГ ШҮҮВ
Өгүүлэх нь: үзэсгэлэнт охин Ёу Санже амиа хорлосонд ээжээс нь эхлээд эгч нь, бас Жя Жэнь, Жя Лянь нар ихэд уяран гашууджээ. Санд мэнд л хүн дуудаж, гашуудал илэрхийлээд Ёу Санжег хотын гадна аваачиж оршуулав. Өнөөх Лю Шянлянь, Ёу Саньжег амиа хорлосонд цочирдсон сэтгэлээ тэвчиж ядан мунхарч явтал нэг бумба таарч түүний хоосон үгийг сонсоод хар нулимсаа арчиж, үсээ хусаад гэрээс гарч тэрхүү хийтэй бумбыг дагаж арилсныг үл өгүүлэн өгүүлэх нь: Лю Шянляний Ёу Саньжетэй сүй тавьсныг сонсоод Шюэ Има гэр хүрээ бэлтгэж эдлэл хэрэглэл төхөөрөөд, сайн өдөр сонгож саадаг хоромсого агсуулан, сан сулга эргүүлж, хүүд сайн тусалсан ачийг хариулсугай гээд цаглашгүй их баярлаж байтал гэрийн зарц нар нь хүрээн дотор “Ёу Саньже амиа хорложээ” гэж ярьж байсан бяцхан инж нь түүнд ирж хэлжээ. Тэрбээр ихэд цочиж, шүүрс алдав. Машид гайхан байтал Бао Чай хүрч ирэв. Түүнээс: “Охин минь сонсов уу. Чиний Жэнь бэргэний дүү охин Сань охин, ахын чинь журмын дүү Лю Шянляньтай сүй тогтсон юм гэнээ. Тэгтэл аминдаа хор хийжээ гэж хэлцэж байна. Тэр Лю Шянлянь бас хаачсаныг бүү мэд гэнэ. Хүний санаанд орошгүй юм болох юм” гэж ярив. Бао Чай сонсоод ажиг ч үгүй:
-Тэнгэрийн салхи тэгшгүй, төрсөн бие мөнхгүй гээч л болж дээ. Хөөрхий минь, тэдний урьд төрлийн нь тавилан биз. Та яахав, түүний ахад тусалсан ачийг хариулах гэдэг нь буруу биш. Тэгтэл үхэх нь үхээд, явах нь явсан болохоор та одоо биеэ зовоогоод яахав. Харин миний ах алс газраас буцаж ирээд арав хорь хонолоо. Авчирсан бараа таваараа ч тарааж дууссан биз. Түүний хоршигчид хэдэн сараар зовж зүдэрсэн учир тэдний ачийг хариулахын тул найр бэлтгэж талархал илэрхийлбэл дээр бишүү гэв.
Тэднийг ийн ярилцаж суутал Шюэ Пань нүдэндээ нулимс гүйлгэнүүлэн орж ирээд, эхээсээ: “Ээж та Лю хоёрдугаар ах, Ёу саньже хоёрын явдлыг сонсов уу” гэж асуусанд цаадах нь: “Дөнгөж сая дуулаад, тэр талаар дүүтэй чинь ярилцаж байна” гэв. Шюэ Пань: “Ээж та түүнийг нэг бумба дагаад гэрээсээ явчихаж гэж дуулав уу” гэсэнд ээж нь
-Энэ чинь харин сонин юм. Лю Шянлянь мэтийн сэргэлэн залуу хүн, яаж мунхарлаа ч гэрээсээ явах ёсгүй. Түүнд эцэг, эх, ах дүүгүй болохоор, хөвгүүн минь чи, түүнтэй сайн байснаа санаж, эрж сурвал зохиноо. Бодоход тэр нэг их хол яваагүй дээ. Ойр хавийн сүм дуганд хоргодож байгаа биз гэсэнд хүү нь:
-Тиймгүй байхаа. Би ч зарц нараа дагуулаад энүүгээр тэнүүгээр зөндөө эрлээ. Хайгаад мөргүй, асуугаад сураггүй байна гэв. Шюэ Има:
-Чи эрээд олохгүй байгаа бол яая гэхэв. Сайхан ханилсан сэтгэлээ гүйцээжээ. Түүнийг гэрээсээ яваад сайн газар очоогүй гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ. Одоо чи амиа бод. Арилжаа наймаагаа додомдож, бэр буулгахыг бодсон дээр. Манайх ядмаг мөхөс тул “Унаа муутан урьдаар мордоно” гэгчээр эртнээс бэлтгэлтэй байхгүй бол цаг нь ирэхээр тэвдэж мунгинасаар хүний элэг доог болно. Чи ирээд хагас сар илүү боллоо, бараагаа тарааж дуусаа биз дээ. Тийм бол ширээ, будаа засаж, хоршигчдын замын зардлыг өгвөл зохино. Тэд чинь чамтай хоёр гурван мянган газрын аян хийж хэдэн сар зарагдаж зүдэрсэнээр барахгүй бас чиний төлөө хичнээн айж сандарсан улс шүү дээ гэв. Шюэ Пань сонсоод:
-Ээжийн хэлж байгаа зөв өө. Охин дүү ч зөв бодож байна. Би ч бас тэгж бодож байгаа. Би чинь, энэ эд барааг хувааж тараах гэж уураг тархиа шавхаж байна. Бас хажуугаар нь тэр Лю ахын хойноос явж хэдэн өдрийг талаар өнгөрөөж зүдрэн гол ажлаа саатууллаа. Тийм бол мөн энэ хоёр өдрийг тогтож урилгын бичиг өгье гэсэнд ээж нь: “Чи өөрөө мэд” гэв.
Тэднийг ийн ярилцаж байтал гэрийн боол ирж, Ерөнхий мэдээчин Жан даеэ хоёр авдар бараа илгээжээ. Тэрбээр: “Энэ бол таны өөрийн юм учраас дансанд бичээгүй. Эртхэн хүргэх байсан боловч барааны дор дарагджээ. Өнөөдөр хүргүүлэв” гэжээ гэсээр модон хавтсаар хавчиж багласан хоёр том барааг зарц авчирлаа гэв. Шюэ Пань хармагц дуу алдаж: “Хишш, би яагаад мартдаг мангар вэ. Энэ чинь ээж, дүү хоёрт тусгайлан авчирсан бэлэг байхгүй юү. Таг мартжээ. Хоршигчид харин яаж санав аа гэсэнд Бао Чай:
-Тусгайлан авчирсан болоод л арав хорин өдөр дарж дээ. Тусгайлан авчраагүй бол ирэх жилээс нааш санахгүй нь ээ. Ах маань арай ч алмай болжээ гэсэнд ах нь инээж: “Замын дээрэмчин хулгайч нараас айгаад сүнс нь зайлчихгүй юү дээ” гэв.
Ээж, дүү хоёр нь хөхрөв. Шюэ Пань шивэгчинд: “Юм авчирсан хүнд, юмыг хүлээн авав” гэж хэл гэв. Ээж, дүү нар нь, ямар учраас ингэж сүрхий боож багласан юм бэ дээ гэсэнд хүү нь, зарц нарыг дуудаж баглаа хүлээг тайлуулж үзвэл, торго дурдан, таж хоргой мэтийн голдуу орос бараа, гэр зуурын эдлэл байв. Шюэ Пань инээж: “Тэр авдартайг охин дүүдээ авчирсан юмаа” гээд өөрөө нээж үзүүлэв. Дотроос нь бийр бэх, зууруул, өнгө бүрийн торгон цаас, заарын хавтага, задь гүгэл, шанс, шансны цацаг, нүүрийн будаг, уруулын энгэсэг зэргээс гадна бас Хү Чю1 нутгийн хөдөлдөг хүүхэлдэй, архины дүрэм, мөнгөн ус суулгаж алтаар өнгөлсөн бяцхан сав, өнгөт дэн, шийний дуучны шавар баримал гарч ирэв. Бас Хү Чю Шань2 ууланд шавраар барьсан Шюэ Паний бяцхан хөрөг баримал байх бөгөөд эзэнтэйгээ их адилхан тул Бао Чай ихэд сонирхон, бусад зүйлийг төдий л хайхралгүй, ганцхан тэр баримал хөргийг л шинжиж шинжиж: “Их адилхан юмаа” гээд хөхрөв. Тэгээд: “Ин Эрд хүргэтүгэй” гэж хэдэн эмгэнд хэлээд ахтайгаа жаахан ярьж суугаад хүрээлэн рүү явав. Гэртээ үлдсэн ээж, өөрийн нэрний авдартай зүйлсийг нэг бүрчлэн үзэж, тоолж бүртгээд зарцаа дуудан, Жя Мү, Ван Фүрэнь нарт бэлэг хүргүүлснийг үл өгүүлэн өгүүлэх нь: Бао Чай хараад бэлгийн зүйлсээс өөртөө хэрэгтэйг үлдээгээд бусдыг нь тэдэндээ тэнцүүхэн хуваав. Харин Дай Юйд бусадтай адилгүй хувь бэлтгээд Ин Эрийг нэг эмгэний хамт явуулж хүргүүлэв. Цаадуул нь Бао Чайн бэлгийг хүлээн аваад баярласнаа дамжуулахын хамтад: “Нүүр учраад талархлаа илэрхийлье” гэж хэлүүлэв. Харин Дай Юй л нутгийнхаа эдийг үзээд, эх нутгаа санагалзан элэг зүрх нь эмтрэн: “Эцэг эх эхгүй, ах дүү садангүй, айл гэрийн зайд байгаа надад нутгийн эд хүргэж ирэх хүн алга” гээд эмгэнэн уйлав. Зы Жюань түүний сэтгэлийг нарийн мэдэх боловч шууд хэлж чадахгүй. Тэгсэн ч “Авхай биеэ бодоорой”. Эм ууж сувилсны хүчээр бие чинь бузгай болж тамир тэнхээ нэмсэн ч бүрэн сайн болоогүй шүү. Өнөөдөр Бао авхай их юм ирүүлснээс үзсэн ч тэрбээр маш их хүндэлж байгааг мэдэж болно. Та энэ бэлгийг аваад баярлах байтлаа юуны учир сэтгэлээ шаналгаж байгаа юм бэ. Энэ чинь Бао авхай юм ирүүлээд л үймүүлчихсэн болох юм бишүү. Хожим Бао Чай сонсвол муухай болохгүй юү? Бас Лао тайтай нар авхайн өвчнийг арилгах гэж арга бүхнийг сүвэгчилж, эмчийн сайныг сонсгож, эмийн ховрыг шилж, сувилан засаж байгаа нь таныг л эрүүл сайн болгохын төлөө шүү дээ. Одоо бузгай засарч байхад нь энэ мэтээр уйлж унжин байж биеэ дордуулбал, Лао тайтайгаас эхлээд өөрийн чинь зовж байгаа хүмүүсийн сэтгэлд зовиур нэмсэн хэрэг болохгүй юү. Ер нь авхайн энэ өвчин бол санаа сэтгэлээ хэтэрхий зовоож, хий цусаа гэмтээснээс болж байгаа шүү. Авхай та, алт сувд мэт энэ сайхан биеэ, битгий хөнгөнд үзээд байгаач дээ” гэж аргадан гуйв. Тэднийг ингэж ярилцаж байтал бяцхан шивэгчин: “Бао Эреэ ирлээ” гэж хэлэв. Зы Жюань: “Дотогш нь залагтун” гэв. Түүнийг бараг хэлж завдаагүй байтал Бао Юй ороод ирэв. Тэрбээр суух зуураа Дай Юйн нүүрэнд нулимсны ор байхыг хараад: “Дүү охиныг хэн уурлуулчихав” гэж асуув. Цаадах нь хүчлэн инээж: “Харин хэн уурлуулчихаа юм бол” гэв. Зы Жюань орны арын ширээний зүг уруулаар дохиход нь харвал, баахан юм овоолоостой харагдана. Бао Юй, Бао Чайн ирүүлсэн юм гэж мэдээд зориуд наргиан болгож: “Яасан их юм бэ. Охин дүү тоглоомын дэлгүүр нээсэн юм биш биз” гэсэнд цаадах нь дуугарсангүй. Зы Жюань инээж:
-Эй та эднийг дурдаж юу хийнэ. Бао авхайн ирүүлсэн энэ юмсыг үзээд манай авхайн сэтгэл уярчихсан юмаа. Тэгээд би ятгаж суутал та ирлээ. Одоо Эреэ жаахан ятгаад өг дөө гэж гуйв.
Түүний сэтгэл уярсныг Бао Юй мэдэж байвч шууд хэлж чадсангүй. Наргианаар: “Танай авхай энэ бэлгийг чамалсан юм байлгүй. Дүү минь тайван бай. Ирэх жил би өмнө газар хүн илгээж хоёр онгоц юм авчруулж өгье. Уйлж унжиж хэрэггүй” гэсэнд Дай Юй, сэтгэлийг тайтгаруулах гэж байна гэдгийг мэдэх учраас уурлаж ч болохгүй, инээж ч болохгүй болсон ч: “Би хэдий юм үзэж нүд тайлаагүй хүн боловч хүний өгсөн юмыг чамлаад шаналчих хүн биш шүү. Би хоёр гурван настай хүүхэд ч биш, арай доор үзэж байна уу, үгүй юү. Миний сэтгэл зовох шалтгааныг чи мэдмээр л юм” гэсээр бас уйлж эхлэв. Бао Юй, түүнтэй зэрэгцэн суугаад тэдгээр юмсыг сонирхож нэг нэгээр нь урвуулж хөрвүүлээд зориуд: “Энэ юү юм бэ. Нэрийг нь юү гэдэг юм бэ. Юугаар хийсэн юм бэ. Юунд зориулсан юм бэ” гэхчилэн сонирхож, үүнийг энд түүнийг тэнд тавимаар юм гэхчилэн саналаа хэлж, элдэв сул үгээр саатуулав. Түүнд нь Дай Юй, төвөгшөөж:
-Чи энд дэмий үймүүлэх хэрэггүй. Хоёул Бао авхайн тэнд очъё гэсэнд Бао Юй, түүнийг гадагш дагуулан тойрч явж зовиурыг нь арилган сэтгэлийг нь сэргээе гэж бодож байсантай таарч “Тэгье. Бао авхай бидэнд юм бэлэглэсэн тул талархал илэрхийлье” гэв. Дай Юй:
-Эгч дүү нар өөр зуураа ингэх ч бас хэрэггүй. Харин Шюэ ах ирээд өмнө газрын сониныг түүнд ярьсан бол түүнийг нь очиж сонсвол нутагтаа харьснаар бодож болно гэснээ бас л нулимс унагав. Тэгсгээд хоёул Бао Чайнх руу явсныг үл өгүүлэн өгүүлэх нь: Шюэ Пань, эхийнхээ хэлсэн ёсоор урилга бичиж хоршигчдоо ирүүлэн дайлав. Дөрвөн хоршигч нь ширээнд сууж архи ууж энэ тэрийг ярилцан баахан сууж байтал нэг нь “Өнөөдрийн найрт хоёр сайн найз маань ирсэнгүй” гэсэнд цаадуул нь: “Хэн бэ, хэн бэ” гэж асуув. Мөнөөх хүн: “яагаав Рун Гуофүгийн Жя Лянь, даяагийн журмын нөхөр Лю Шянлянь хоёроос өөр хэн байхав” гэсэнд цаадуул нь: “Чи яагаад уриагүй юм бэ” гэж Шюэ Паниас асуув. Цаадах нь хөмсөг зангидан шүүрс алдаад:
-Лянь эреэ хоёр өдрийн өмнө Пин Аньжөүд очихоор явжээ. Түүний тухай ярихад хэцүү байна. Энд дэлхийн хамгийн үл мэдэх явдлын нэг болжээ. Тэр хүн, ямар газрын Лю бумба болсныг мэдэхгүй гэсэнд бүгд гайхаж “Юу гэсэн үг вэ” гэж лавлав. Тэгээд Шюэ Пань түүний тухай тодорхой ярихаас аргагүй болсонд цаадуул нь гайхахын ихээр гайхаж:
-Тэр өдөр бид буудлын газар “Нэг хувилгаан бумба хэдхэн үгээр нэг хүнийг гэтэлгэн аваачжээ. Нэг хэсэг хуй салхийг хөлөглөн оджээ” гэцгээхийг сонссон. Харин хэн гэгчийг аваачсаныг мэдээгүй. Тэгэх нь ээ Лю Эр байсан байжээ. Бид тэр үед яг бараа буулгаж байсан учир юун тийм тэнэмэл үгэнд санаа тавих зав чөлөө байхав даа. Тэгсэн хэр нь одоо хүртэл итгэхгүй л байгаа. Яаж Лю Эреэ гэж мэдэх вэ. Эрт мэдсэн бол бид ятган хориглоно шүү дээ. Тэрбээр юү гэлээ ч бид явуулахгүй шүү дээ гэцгээв. Бас нэг нь: “Арай ч тэгээгүй байхаа” гэсэнд цаадуул нь: “Ямар учраас тэгсэн юм бэ” гэж асуув. Тэгтэл нэг нь:
-Лю Эр мэтийн тийм сэргэлэн хүн, яалаа гэж бумбыг дагаж гэрээсээ явах вэ дээ. Тэр бол эрийн эрдмийг боловсруулснаас гадна хүч чадалтай хүн тул бумбын авьяастайг мэдээд зориуд түүнийг дагаж очоод далд газар аваачиж үйл бүтээх гэсэн ч байж болзошгүй гэв. Шюэ Пань:
-Үнэхээр тийм бол бас яахав. Энэ орчлон дээрх ийм мунхаг амьтсыг шийтгэх хүнгүй нь даанч харамсалтай гэсэнд цаадуул нь,
-Чи түүнийг мэдсэн байж эрсэнгүйеэ дээ… гэсэнд Шюэ Пань:
-Хотын дотор, гадаа, их бага зээл гудамжаар яваагүй газаргүй. Та нарын шоолохоос айхгүй би үнэнээ хэлэхэд эрж эрж олохгүй болохоороо баахан уйлсан шүү гээд шүүрс алдан сүр сүлдгүй болж баяр хөөр нь ч алга болов.
Түүний байр байдлыг хараад цаадуул нь, удаан суух санаагүй болж ганц хоёр хундага татаад тэгсгээд тарав.
Энэ үед Бао Юй, Дай Юй хоёр Бао Чайн гэрт ирэв. Бао Юй:
-Их зовж зүдэрч явж эгч танд авчирсан юмыг өөрөө хадгалж хэрэглэхгүй, маньд тараагаад өгчихдөг нь яаж байгаа юм бэ гэсэнд Бао Чай инээж:
-Тэр чинь тийм ч их сайн юм бишээ. Гэхдээ, хол газраас авчирсан юмыг бүгдээр үзэж сонирхъё гэсэн юмаа гэв. Дай Юй:
-Тэдгээр зүйлийг бид багадаа нэг их хэрэглээгүй шүү. Одоо үзэхэд сонин гайхалтай юмаа гэсэнд Бао Чай инээн:
-Нутгийн шороо алт гэцгээдэг, охин дүү мэднэ. Тэгсэн хэр нь нэг их гайхалтай юм биш л байгаа биз дээ гэсэнд Бао Юй, энэ үг Дай Юйгийн сэтгэлийг оносныг мэдээд яаран зайлуулж:
-Хойтон их ахыг дахин очиход бид илүүхэн авчруулна гэсэнд Дай Юй ширвэж хараад
-Чи авах дуртай бол авахаа мэд. Хань татах хэрэггүй. Эгч та сонсов уу. Бао ах ирж танд талархахын оронд хойтон авах юмаа захиалахаар иржээ гэсэнд цаадуул нь хөхрөлдөв. Энэ тэрхэнийг ярьж байгаад Дай Юйн өвчин рүү оров. Бао Чай:
-Биеэ тааруу байвал дүү минь, гадуур гараад энүүгээр тэнүүгээр явбал гэрт дэмий уйдан суухаас хамаагүй дээр. Би бас эртийд бие сулдайгаад хэвтээд л баймаар болов. Уур амьсгал зохимжгүйгээс өвчин болж байхаа ядахгүй гэж бодоод энэ тэрийг хийж биеэ саатуулахаар өвчин мартагдаад сүүлдээ зүгээр болсон шүү гэв. Дай Юй инээж:
-Таны хэлж байгаа зөв өө. Би бас ингэж бодож байгаа гэв. Бао Юй, Дай Юйг Шяо Шян Гуаньд хүргэж өгөөд буцав. Энэ үед Бао Чайн Жя Хуаньд өгсөн тоглоомуудыг үзээд эх нь их баярлаж: “Хүмүүс Бао авхайг сайн хүн, сайн ах дүүтэй энэ тэр гэдэг юм. Үнэн бололтой. Ах нь их юм авчраад өгөхөөр хүмүүст тарааж байна. Алагчлахгүй байна. Манай мэтийн хийморь нь хэвтсэн айлыг ч мартсангүй. Тэр Линь авхай бол эх хөвгүүн бидэнд бэлэг хүргүүлэх байтугай эгцэлж харахгүй шүү” гэж бодон бодоод өгсөн бэлгийг эргүүлж тойруулж үзэв. Тэгснээ, гэнэт Бао Чай, Ван Фүрэний садан болохыг санаад, энэ далимд түүнд нүүр олъё гэж бодоод нөгөө юмыг хамж аваад их Тайтайгийн дэргэд очиж царайчлангуй инээн:
-Энүүнийг Бао авхай Хуань агид өгчээ. Бао авхай ийм бага залуу байж, учир явдлыг үнэхээр тунгаадаг хүн юм. Ийм уудам саруул ухаантай, сүү шиг сэтгэлтэй удамт айлын үр, ач нарыг бишрэн хүндлэхгүй хэн байхав. Лао тайтай бусад Тайтай нар түүнийг ямагт магтан энхрийлэх нь зөв юм. Би энэ бүхнийг ганцаар хүлээн авч түвдэхгүй тул зориуд Тайтайд үзүүлэн таныг баясгах гэж авч ирж үзүүлж байгаа юм гэв.
Ван Фүрэнь яриаг нь сонсоод л санааг нь мэдэв. Бас түүний хэлсэн, санасан яг нийцвэргүй болж ойшоолгүй өнгөрөөвөл эвгүй тул: “Чи дуугүй аваад л Хуань агид өгч тоглуул” гэв. Бага эхнэр их баяртай ирж амаа алгадуулаад уур нь хүрсэн боловч нэг их цухалдсангүй, эвгүйхэн гарч ирээд гэртээ ормогц бэлгийн юмыг тийш нь хаяад ам хамхилгүй дүдэгнэж байснаа: “Юу гэгч нь энэ болов” гэсээр тачаадан бухимдав.
Энэ зуур Ин Эр эмгэдийн хамт бэлгийн зүйлийг айл нэг бүрт хүргэж ирээд, олны баяр талархлын үгийг Бао Чайд дамжуулж, шагнасан мөнгө зоосыг түүнд хэлэв. Ин Эр, Бао Чайд дөхөж очоод сэмхнээр:
-Би сая Лянь эр найнайд бэлэг хүргэж очсонд их л ууртай царайтай байна. Гарч ирээд Шяо Хунээс сэм асуувал, өнөөдөр манай найнай, Лао тайтайгийн тэндээс баяртай ирээгүй. Пин Эрийг дуудаад шивэр авир баахан юм ярьсан. Юу ярьсныг мэдээгүй гэж байна. Байдлаас үзвэл, ямар нэгэн том хэрэг гарсан бололтой. Лао тайтайгийн тэндээс л юм сонссон байх гэж байна гэсэнд Бао Чай гайхав. Тэгсэн ч Фөн Жегийн яагаад ууртай байгааг бодоод бодоод олсонгүй. Тэгээд Ин Эрд,
-Айлын явдал тус тусдаа. Бидэнд ямар хамаа байна. Алив чи цай аягалаад ир гэв. Ин Эр цай авчрахаар гарсаныг үл өгүүлэн өгүүлэх нь: Бао Юй, Дай Юйг хүргэчихээд буцаж явахдаа, түүний өнчин ганцаарыг өрөвдөж, түүнээ Ши Рэньд ярья гэж бодсоор гэртээ иртэл Шө Юэ, Чин Вэнь хоёр л байв. Тэднээс “Ши Рэнь хаачаав” гэсэнд Шө Юэ:
-Энэхэн хүрээнд алдах юү байна вэ. ил харагдахгүй бол хаа холдоож, сандрах юү вэ гэсэнд Бао Юй:
-Түүнийг алдахаас айсан юм биш. Би Линь авхайн тэндээс ирлээ. Тэр их гунигтай байна. Яав гэж асуувал, Бао авхайн бэлгийг үзээд сэтгэл нь уярчихаж гэнээ. Тэгээд Ши Рэнь эгчийг чинь явуулж жаал ятгуулъя гэсэн юм гэв.
Ийн ярилцаж байтал Чин Вэнь орж ирээд: “Өө чи ирээ юү. Одоо бас хэнийг ятгуулах нь вэ” гэсэнд Бао Юй түрүүний хэлсэнээ давтав. Чин Вэнь, “Ши Рэнь эгч сая л гарсан даа. Эр найнайгийнд очно гэсэн байхаа. Тэндээсээ Линь авхай дээр ч очиж магадгүй” гэсэнд Бао Юй юм хэлсэнгүй. Чин Вэнь цай авчирч өгсөнд, тааламжгүй байсан уу, амаа зайлах төдий болоод шивэгчинд буцаж өгөөд орон дээрээ хэвтэв.
Бао Юйг гадагш гарсны дараа Ши Рэнь баахан юм оёж байснаа, гэнэт Фөн Жегийн бие сайнгүй байхад очилгүй хэд хоносны дээр Жя Лянь эзгүй тул ганцаардаж байж ч мэднэ гэж бодоод Чин Вэньд: “Гэртээ сайхан сууж бай. Битгий бүгдээрээ гараад явчихаарай. Элеэ ирээд хүнгүй бол сандарна шүү” гэсэнд Чин Вэнь: “Эвий гэж! Энэ гэрт ганц чи түүнийг санахыг мэднэ. Бид бэлэн будаа идээд үхсэн тэмээ хариулж байна уу” гэж асуув. Ши Рэнь юм хэлэлгүй инээчихээд л гараад явав. Түүнийг Чинь Фан Чяо гүүрний тэнд очиход нуурын дундах лянхуа, цэцэг юүгээ сольж, улаан ногоон өнгө алаглан харагдана. Ши Рэнь усны хөвөө даган сонирхож явсаар нэг харвал тэртээд үзэмний моддын дор нэг хүн саваа бариад ямар нэг юм гөвж байв. Дөхөж очоод харвал Жү ээж байв. Эмгэн Ши Рэнийг хараад угтан ирж “Охин минь, юун бузгай зугаацах чөлөө олж гарч ирэв” гэж асуусанд цаадах нь: “Нээрэн тийм шүү. Би одоо Лянь Эр наанайг эргэхээр явж байна. Та энд юү хийж байгаа юм бэ” гэсэнд эмгэн: “Би энд зөгий үргээж байна. Энэ зуны хур дутсанаас жимсний мод гандаж жимс ч нилээд сүйдлээ. Охин минь мэдэж байгаа биз. Энэ морин зөгий хамгийн хортой нь. Нэг бөөний дээр очоод хоёр гурван зэм хазаж сэвтээвэл шүүс нь дусалсаар бусад үзмээ ялзруулчихдаг юм. Охин чи үз дээ. Намайг энд ярьж байхад баахан суучихжээ гэсэнд Ши Рэнь:
-Чи хичнээн зогсолтгүй үргээгээд яаж завдах вэ. Гаднах мэдээчинд хэлж, сиймхий даавуун уут баахныг авчруулаад бөөн бут болгонд өмсгөчихвэл жавар салхи ч нэвтрэхгүй, хорхой шавьж ч сүйтгэж чадахгүй болно гэв. Эмгэн ихэд баясаж:
-Охин яасан уран аргатай юм бэ. Би саянаас энэ ажлыг эрхэлж байгаа болохоор ийм сайн арга байдгийг мэдэхгүй явжээ. Энэ жилийн жимс хэдийгээр хорхой шавьжинд сүйдсэн боловч амтны хувьд бузгай. Охин амсаж үзэх үү гэсэнд Ши Рэнь төв царайлж:
-Тэр яаж болох вэ. Энэ боловсорч гүйцээгүйг байтугай гүйцсэний дээжийг эздэд амсуулаагүй байгаад яалаа гэж идэж болох вэ. та ордны хуучин хүн байтлаа энэ мэтийн журам дүрмийг мэдэхгүй гэж үү гэв. Эмгэн инээмсэглэж:
-Охины хэлж байгаа үнээн. Би өөрийг чинь сонирхож байхыг хараад санаандгүй хэлчихээд хуучин дүрмийг зөрчихөд хүрлээ. Зөнөж байх шиг байна гэв. Ши Рэнь:
-Энэ ч юу базаах вэ. таны мэтийн настайчууд бусдыг уруу татахгүй л бол болно гээд Фөн Жегийнхээд явав. Тэдний хаалганд хүрэхэд Фөн Же: “Сүү шиг санаж иржээ би. Яван явсаар энэ айлд би нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах болжээ” гэх нь сонсогдоно. Ийм үг сонсоод Ши Рэнь, орж ч чадахгүй, буцаж ч чадахгүй болсноо, чанга чанга гишиглэн чимээ гаргаж цонхны цаанаас “Фөн Же эгч байна уу” гэж асуусанд Пин Эр дуугарч тосон гарч ирэв. Ши Рэнь, “Эр найнай байна уу. Бие нь сайн болсон биз” гээд хариу хэлэхийн завдалгүй орж очив. Фөн Же орон дээрээ хажуулж байх янзтай байснаа яаран өндийгөөд инээж:
-Би овоо засарсаан. Миний төлөө санаа тавин ирэв үү чи. Ойрхондоо чи ирээгүй шүү. Ирж ярьж суух байх гэж бодож байсан шүү гэсэнд Ши Рэнь:
-Найнайгийн биеийг ядруу байхад, өдөр болгон ирж болгоох ёстой байсан боловч таныг сэлүүн сууж биеэ сувилаг. Бидний хөл үймээнээс болж хөлсүүзэй гэж болгоомжлоод төдий л ирээгүй ээ гэв. Фөн Же:
-Юун хөлсөх? Харин Бао дүүгийн гэрт хэдий хүн олон боловч асарч бөөцийлөх нь ганцхан чи болохоор түүнийг хаяад гарах аргагүй байсан даа. Чамайг, Пин Эрээс дандаа асуудаг байсныг сонссоон. Энэ бол сайхан сэтгэл юм даа гээд нэг намхан сандал авчруулж Ши Рэнийг дэргэдээ суулгав. Пин Эр ч цай авчрав. Ши Рэнь мэхийн: “Дүү охин суу” гэв.
Тэднийг ийнхүү энэ тэрийг ярилцан сууж байтал нэг бяцхан шивэгчин ирж, үүдний өрөөнд зогсон Пин Эрийг дохиогоор дуудаж: “Ван Эр ирээд гадаа хүлээж байна” гэсэнд: “Мэдлээ. Нилээн байзнаж байгаад ир” гэж хэл гэж шивнэв. Ши Рэнь энэ байдлыг мэдээд босон явах гэтэл Фөн Же: “Зав чөлөөгөөрөө ирж байвал сэтгэл минь сэргэнэ” гээд Пин Эрд “Охин дүүгээ гаргаж өг” гэв. Ши Рэнь Пин Эр хоёрыг гадагш гарч ирэхэд хэдэн бяцхан инж тэнд зогсоод амьсгаа даран хүлээж байв. Тэдний ямар учиртай зогсож байгааг Ши Рэнь анзааралгүй явж одов. Пин Эр буцаж ороод: “Сая Ван Эр ирсээн. Ши Рэнийг байсан болохоор, гадаа хүлээж бай гээд явуулсан. Түүнийг дуудах уу, эсвэл хүлээлгэж байх уу” гэсэнд Фөн Же: “Ирүүлчих” гэв. Тэгээд түүнийг дуудлаа. Ирэхийн нь хооронд Фөн Же: “Чи чухам яаж олж сонсов” гэж асуусанд Пин Эр: “Тэр бяцхан охиноос сонссон. Тэр, хоёрдугаар хаалган дээр хоёр бяцхан зарц: “Энэ шинэ найнай, манай хуучин найнайгаас сайхан төрснөөр барахгүй, зан ааш нь бас сайн” гэж ярьж байхыг сонсжээ. Ван Эр буюу хэн нэг нь: “Юун шинэ, хуучин найнай вэ. Дуугүй бай. Дотор мэдвэл хэлийг чинь сугална шүү” гэж загнажээ… гэхчилэн ярилцаж байтал нэг шивэгчин ирж: “Ван эр ирээд гадаа хүлээж байна” гэж хэлтэл Фөн Же хүйтнээр инээж: “Оруулагтун” гэв. Шивэгчнийг гармагц Ван эр орж ирэв. Тэрбээр амар эрээд үүдэнд гараа унжуулан зогсоно. Фөн Же: “Чи наашаа. Чамаас асуух юм байна” гэсэнд сая Ван эр түүний дэргэд очиж зогсов. Фөн Же:
-Жя Лянь чинь, гадаа хүнтэй болсныг чи мэдэв үү гэж асуусанд Ван эр өвдөг сөгдөн:
-Боол би өдөр бүр хоёрдугаар хаалган дээр жисаа хийж байх тул Эреэгийн гаднах учрыг яаж олж мэдэх вэ гэж айлтгасанд Фөн Же хүйтнээр инээн:
-Чи үнэхээр “Мэдэхгүй” юү. Чи мэдсэн бол хүнийг хориглохгүй биз гэв. Цаадах нь энэ үгийг сонсуут тэдний нууц яриа нэгэнт задарсныг ойлгон, далдалж чадахгүйгээ мэдээд яаран сөгдөж:
-Боол би үнэхээр мэдэхгүй. Харин Шин эр Ши Эр хоёр дэмий юм ярьж байхыг сонсоод тэднийг би загнасан. Доторх нарийн учрыг нь боол би үнэхээр мэдэхгүй тул санааны дураар мэдүүлж чадахгүй. Найнай та Шин Эрээс асуухгүй юу. Тэр үргэлж Эреэг дагаж гадагш гардаг шүү дээ гэсэнд Фөн Же түй гэж чанга нулиман хараагаад:
-Хүний үнэрээ алдсан чонын бэлтрэгнүүд нэгэнт үгээ нэгсжээ. Намайг юү ч мэдэхгүй гэж бодож байна уу. Хурдан яваад тэр золбин үр Шин эрийг дуудаад ир. Чи тэр чигтээ явахгүй шүү. Чамаас бас юм асууна. Уухай та нар… Мөн болж байна. Эд нар бол миний өсгөж өндийлгөсөн сайн улсууд шүү дээ гэв. Ван Эр хэдэнтээ “за” гэж мөргөж мөлхөн гараад Шин Эрийг дуудахаар гүйв.
Энэ үед Шин Эр, дансны гэрт бага зарц нартай наадаж байтал гэнэт: “Хоёрдугаар найнай дуудаж байна” гэхийг сонсоод айн цочсон боловч тэр хэрэг задарсныг огт мэдэхгүй байлаа. Ван Эр яаруулан авч очоод, өөрөө түрүүлж оронгуут: “Шин Эр ирлээ” гэсэнд Фөн Же: “Оруул” гэж зандрангуй хэлэв. Шин Эр энэ дууг сонсоод сүнс нь зайлсан боловч арга буюу зүрхлэн оров. Фөн Же:
-Чи ч амаргүй аавын хүүдээ. Эреэтэйгээ сайхан явдал үйлдээ шив дээ. Одоо чи үнэн өчгөө өгтүгэй гэв.
Шин Эр ийм үг сонсохын хамт Фөн Жегийн царай, хажуугийн нь шивэгчдийн байдлыг хараад хэдийн айн бэгтэрч өөрийн эрхгүй өвдөг нь нугаран сөгдөөд дахин дахин мөргөл хийнэ. Фөн Же:
-Бодвол, энэ явдал чамд хамаагүй. Би ч тэгж сонссон. Хэдий тийм боловч эртхэн ирж надад мэдүүлээгүй нь чиний алдаа болно. Одоо чи үнэн үгээ хэлбэл, би чамайг уучилна. Хэрэв үсний төдий худал хэлбэл мөрөн дээр чинь хэдэн толгой байхаа урьдаар сайн тэмтэрч мэдтүгэй гэв. Шин Эр чичрэн мөргөсөөр:
-Найнай боол миний, эзэнтэйгээ ямар хэрэг өдүүлснийг асууж байна гэнгүүт, Фөн Жегийн цээжинд эрчилсэн хорслын гал нь хоромхон зуур дүрэлзэн бадарч: “Түүшүүлтүгэй” гэж зандарсанд Ван Эр яаран очиж занчих гэтэл Фөн Же: “Эргүүтсэн муу илжигний дудрай. Өөрийнхөө хацрыг өөрөө алгад гэж байхад чи юү гэж дэлдэгнээд байгаа юм бэ. Мөд чи хацраа балбачих нь оройтохгүй” гэсэнд Шин Эр өөрийнхөө хацрыг баруун солгойгүй хэд алгадсанд Фөн Же: “боль” гэж зандраад:
-Чиний Эр Еэ тэнд шинэ найнайтай болсныг чи мэдэхгүй. “Шинэ, хуучин найнайгийн” тухай яриаг ч бараг сонсоогүй. Тиймээ гэж асуув.
Ийм үг сонсоод Шин Эр нэгэнт балмагдан малгайгаа авч тоосгон шал дээр түг түг мөргөсөөр “Найнай та, утсан чинээн улаан голыг минь үлдээн соёрх. Боол би худал үгийг үсний төдий ч үл хэлнэ” гэсэнд Фөн Же: “Хурдан хэл” гэв. Шин Эр өвдөг дээрээ сөгдсөн хэвээр “Энэ хэргийн доторх нарийн ширийнийг боол би мэдэхгүй. Эртийд зүүн ордны да Лаое чандар оршуулаад Юй Лү, Жэнь даяагаас мөнгө авахаар сүмд очсон юм. Тэр үеэр Эр Еэ, Рун агитай зүүн ордонд очиж зам зуур авга ач хоёул Жэнь найнайгийн тэндэх хоёр нагац найнайг Эреэд хэлэлцэж… гэтэл Фөн Же чанга нулимж түй: “Ичих нүүргүй муу мал, аль төрлийн чинь нагац найнай болов тэр” гэж асуув. Шин Эр яаран мөргөж, “Боол миний түмэн буруу” гээд дуугарч чадахгүй Фөн Жег царайчлан харав. Цаадах нь: “Дуусав уу. Яагаад чимээгүй болчихов” гэв. Шин Эр:
-Найнай, муу боол намайг нигүүлсвэл би бас мэдүүлж чадна гэсэнд Фөн Же дахин нулимж, эхийн чинь хар сүүж гэснээ: “Энүүнд бас юуны нь нигүүлсэх, эс нигүүлсэх учир байна вэ. Цааш нь ярьтугай гэсэнд Шин Эр:
-Манай Эр Еэ тэдний үгийг сонсоод баярлан зөвшөөрчээ. Хожим нь яахин үнэн болсныг боол би мэдэхгүй гэв. Фөн Же хүйтэвтэр инээвхийлээд:
-Тэр ч тийм байлгүй. Чи яаж мэдэж чадах вэ. Чи мэдвэл нэн бэрх болох болно. Тийм биз, өөр юү байна вэ гэсэнд цаадах нь:
-Дараа нь, Рун аги, Эр Еэд байр олж өгчээ… гэтэл Фөн Же:
-Тэр байр нь хаана байна вэ гэж асуув. Цаадах нь:
-Ордоноос хойно байна гэсэнд Фөн Же: – Ооёо ёо гээд Пин Эрд:
-Чи сонсов уу. Бид цөм үхсэн мах болжээ гэсэнд цаадах нь огт дуугарсангүй. Шин Эр залгаж:
-Жэнь даеэгийн тэндээс тэр Жан овогтод хичнээн мөнгө өгснийг мэдэхгүй. Жан овогт юм нэхэхээ больсон гэж мэдүүлсэнд Фөн Же: “Бас Жан овогт гэж юү гараад ирэв” гэж асуув. Шин Эр:
-Найнай та мэдэхгүй… энэ хоёрдугаар найнай гэснээ сэхээ авч хацраа нэг алгадсанд Фөн Же инээд алдахад хоёр хажуугийн нь шивэгчин охид жуумалзав. Шин Эр бодлогоширч: “Тэр Жэнь да найнайгийн охин дүү нь… гэтэл үгийг нь тасалж: “Тэр яасан юм бэ” хурдан яриач” гэв. Шин Эр:
-Тэр Жэнь да найнайгийн охин дүү хараахан багаасаа хүнтэй сүй тогтжээ. Тэр хүн Жан овогт. Жан Хуа гэдэг юм. Одоо бол үгүйрээд гуйланчлахад хүрчээ. Жэнь даеэ түүнд баахан мөнгө өгсний дараа тэр ургийн хэлэлцээгээ буцжээ гэв.
Фөн Же шивэгчид рүү хараад: “Та нар цөмийг сонссон. Энэ муу бэлтрэг бас мэдэхгүй гэж байна” гэсэнд Шин Эр: “Сүүлд Эр Еэ бас хүн явуулж тэр гэрийг засаж янзалсны дараа бэр буулгасан” гэсэнд Фөн Же: “Хаанаас буулгасан юм бэ” гэж асуув. Шин: “Төрхмөөс нь буулгаж авчирсан” гэтэл Фөн Же: “Харин болжээ” гэснээ, хүргэх хүнгүй юм уу гэсэнд цаадах нь: “Рун аги, хэдэн шивэгчин охин, зарц эмгэд очсон. Өөр хүнгүй” гэв. Фөн Же: “Да найнай чинь очсонгүй юү” гэсэнд Шин Эр: “Хэдэн өдрийн дараа бэлэг сэлэг аваад нэг очсон” гэв. Фөн Же инээвхийлээд Пин Эрд:
-Эртийд Эр Еэ, да найнайг ам хамхихгүй л магтаад байсан нь ийм учиртай байжээ гэснээ Шин Эрээс: “Чи ч тэнд л зарагдаж байгаа биз дээ” гэсэнд цаадах нь үг дуугүй тонгойж байв. Фөн Же: “Тэр сүүлийн үед зүүн ордонд ажилтай гээд л байсан нь ийм юм хийж явжээ” гэж тэрхэндээ бувтнав. Шин Эр: “Заримдаа хэрэг шийдэхээр очно. Заримдаа ч шинэ гэртээ очдог юм” гэсэнд Жэнь Же: “Одоо тэдэнтэй ямар хүн хамт байгаа вэ” гэсэнд Шин Эр: “Хөгшин эх, охин дүү хоёр нь хамт байсан юмаа. Харин охин дүү нь сая хоолойгоо огтолчихсон” гэсэнд Фөн Же: “За бас юу болчихсон бэ” гэв. Шин Эр, Лю Шянляний хэргийг ярив. Фөн Же:
-Энэ хүн бас нэр нүүрээ барахад хүрсэн дээ. Буянтай л хүн юм гэснээ, өөр ярих юм байна уу гэсэнд Шин Эр:
-Боол би өөр юм мэдэхгүй. Миний саяын ярьсан зүйл бол үнэн. Хэрэв худал байвал найнай намайг зодож алсан ч би гомдохгүй гэв. Фөн Же жаахан бөхийж бодлогоширсноо Шин Эрийг зааж:
-Чам шиг муу чонын бэлтрэгийг цохиж алавч илүүдэх газаргүй. Энээхэн учрыг надаас нуух юү байсан юм. Надаас нууж, тэр мунаг эзнийхээ нүүрийг олоод шинэ найнайдаа таалагдах гэсэн санаа биз ээ. Сая айсандаа л үнэнээ хэлснийг чинь бодохгүй бол хөлийг чинь хуга цохих байсан юм гэснээ, тонил гэж зандрав. Шин Эр нэг мөргөөд босож, гадагш гараад гайхашран зогсож байтал араас нь: “Хүрээд ир. Хэлэх юм байна” гэж хэлүүлсэнд буцаж ороод гараа унжуулаад зогсов. Фөн Же: “Чи яагаад яараад байна вэ. Шинэ найнай чинь юугаар шагнах гээд хүлээж байгаа юм болдоо гэсэнд Шин Эр хариу хэлэх байтугай өөдөөс нь харж чадахгүй зогсоно. Фөн Же: “Чи өнөөдрөөс эхлээд тэнд очиж болохгүй. Миний дуудсан цагт бэлэн байх хэрэгтэй. Түр ч болсон оройтож нэг үзтүгэй! Гартугай” гэсэнд Шин Эр санд мэнд л за гээд ухран гарав. Фөн Же дахиад л: “Шин Эр наашаа” гэж дуудав. Яаран буцаж очвол цаадах нь:
-Хурдан явж Эр Еэдээ мэдүүлмээр байна уу гэсэнд Шин Эр:
-Өчүүхэн боол би чадахгүй гэв. Фөн Же:
-Чи эндээс гараад нэг үг амнаасаа гаргавал арьс махтай чинь ярина шүү гэв. Шин Эр “За” гээд л гарах гэтэл Ван Эр хаана байна вэ гэж асуув. Ван Эр яаран орж ирэв. Фөн Же түүнийг хурц нүдээрээ ширтээд “За чи ч гэсэн гадагш нэг үг гаргавал чиний хэрэг бүрдэнэ шүү” гэсэнд цаадах нь: “за мэдлээ” гээд салгалан гарав. Фөн Же шивэгчдэд “цай авчир” гэсэнд бүгд учрыг мэдээд шалавхан гарцгаав. Фөн Же, Пин Эрд:
-Чи цөмийг сонссон биз. Сайн боллоо шүү гэсэнд цаадах нь хариу үг хэлж чадахгүй дэмий л царайчлан инээмсэглэв.
Энэ бүхнийг бодох тусам Ван Шифэний хилэн буцалж санаашран хэвтэнэ. Муруй хөмсөг нь нэгэнт зангирмагц мэргэн арга цээжнээс нь ургаж ирнэ. Тэр даруй Пин Эр гэж дуудмагц цаадах нь санд мэнд орны нь дэргэд очив. Фөн Же: “За энэ хэргийг даруй ийнхүү үйлдвэл сайн болно. Эр Еэгийн чинь ирсний дараа зөвлөх хэрэггүй” гэж хэлэв. Ван Шифэн яаж шийдвэрлэхийг мэдэх үгүй. Дараах бүлэгт үзтүгэй!
Тайлбар:
- Хү Чю газар-Одоогийн Жиян сү мужийн Сү Жөү хот.
- Хү Чюшань уул-Сү Жөүгийн нэрд гарсан үзэмжит газар
Холбоотой мэдээ