Өөрийгөө “эрчүүдийг уруу татагч” хэмээн тодорхойлсон Оросын загвар өмсөгч Анастасия Вашукевич АНУ-ын эрх баригчдад хандан Тайландын шоронгоос суллаж өгвөл Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын холбоо сүлбээний талаар мэдээлэл өгнө хэмээн Инстаграм хуудсандаа бичжээ.
Настя Рябка гэх нэрээр алдаршсан Анастасия Вашукевич хоёрдугаар сарын 26-нд Паттаяа хотод секс хичээл явуулсан хэргээр ОХУ-ын есөн иргэний хамт баривчлагдсан юм.
Тайландын цагаачлалын албанаас мэдээлснээр Настя Беларусын иргэн боловч тус улсад Оросын паспортаар нэвтэрсэн ажээ. Паттаяа дахь шорон руу ачигдах замдаа тэрбээр Инстаграм хуудсаар дамжуулан Америкийн сэтгүүлчдээс өөрт нь туслахыг гуйсан байна.
‘Би Трамп, Манафортыг Оросын нөлөө бүхий хууль тогтоогчидтой холбоотойг нотлох видео, аудио бичлэгүүдийг өгч, ээдрээт олон асуудлын зангилааг тайлахад та бүхэнд туслахад бэлэн. Би их зүйл мэднэ. Би Тайландын шоронгоос хариу хүлээж байя” хэмээн бичсэн байна.
Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный авлигын эсрэг сангийн вэб сайтад бичсэн эрэн сурвалжлах нийтлэлдээ Настяг Оросын баян, нөлөө бүхий эрчүүдтэй холбоотой тухай бичсэнээс хойш хэвлэлүүд түүнийг “ангуучилж” эхэлсэн билээ.
Алексей Навальный тэр нийтлэлдээ Настягийн Инстаграм хуудсандаа оруулсан 2016 оны наймдугаар сард Оросын тэрбумтан Олег Дерипаска болон Шадар сайд Сергей Приходько нартай хамт авхуулсан зургийг тавьсан байсан юм.
Алексей Навальный дээр дурдсан хоёр хүнийг 2016 оны сонгуулийн үеэр Трампын кампанит ажлынхан болон Кремлийн хооронд зуучилсан гэж сэжиглэсэн билээ.
Эх сурвалж: CNN