Тамхичдыг Тамхины хууль хянаж чадаж байна уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Тамхичдыг Тамхины хууль хянаж чадаж байна уу?

Тамхичдыг Тамхины хууль хянаж чадаж байна уу?

Тамхины хяналтын тухай хууль ‘мэндэлсний’ таван жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус хуулиар олон нийтийн газар, үйлчилгээний төвд тамхи татахыг хориглосноор тамхины хэрэглээ нэг хэсэгтээ буурсан ч харамсалтай нь, бодит байдал дээр хуулийн хэрэгжилт хангалтгүй, тийм ч сайн үр дүнд хүрч чадахгүй байгааг шүүмжлэх хүмүүс цөөнгүй. Судалгаагаар монголчууд жилд 3.2 тэрбум ширхэг тамхийг дунджаар 100 тэрбум төгрөгөөр худалдан авч татдагийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тооцоолж гаргажээ.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2017 оны судалгаанд жил бүр долоон сая гаруй хүн тамхинаас болж нас бардаг тухай бичжээ. Үүний зургаан сая орчим нь тамхины шууд нөлөөнөөс, харин 890.000 орчим хүн дам тамхидалтын улмаас хорвоог орхидог байна. Тиймээс монголчуудын эрүүл мэндийг тамхинаас хамгаалах зорилгоор Ардчилсан намын үед Тамхины хяналтын тухай хуулийг баталсан. Уг хуулийн ‘автор’ нь Л.Эрдэнэчимэг гишүүн.

Сургууль цэцэрлэгийн ойр орчим болон, бар, зоогийн газар, албан тасалгаа, автобусны буудал, орцонд тамхи татахыг хуулиар хориглосон. Нууцаар тамхи татвал 50  мянган төгрөгийн торгуультай. Гэвч, автобусны буудал, орон сууцны орцонд тамхи татах явдал байсаар байгаа. Торгуулиад хаширсан, торгоод сүйд болсон ч юм алга. Ямар ч байсан бар, зоогийн газарт суунаглаж байсан тамхины өтгөн утаа ‘алга болж’, уг хууль хамгийн сайн хэрэгжсэн хуулиар нэрлэгдэж байлаа.

Л.Эрдэнэчимэгийн найруулсан тамхины эсрэг жагсаалд 999 хүүхэд хамрагдаж байсан тэр өдрөөс хойш уг хууль амьдрал дээр хэрэгжээд таван жил болж байна. Гэвч, сургууль цэцэрлэгийн ойр орчим гээд хориглосон газруудад жижиг ТҮЦ, дэлгүүрүүд тамхи нууцаар зарсан хэвээр. Тамхи зарж олсон мөнгө нь харин татварын орлогод хамаагүй болсон. Тамхи татсан эсвэл зөвшөөрөлгүй зарж байгаад олсон мөнгийг Засгийн газрын тусгай санд төвлөрүүлдэг ажээ. 

Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд энэ оны нэгдүгээр сараас Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 10 хувиар нэмсэн. Он гарснаас хойш дунджаар хайрцаг тамхи 200-1200 төгрөгөөр нэмэгдсэн талаар худалдагчид болон иргэд ярьж байлаа. Хэдий тамхины үнэ нэмэгдсэн ч жижиглэнгийн худалдаачид, хүнсний дэлгүүр, мухлагууд нууцаар тамхи ширхэглэн зарж багагүй орлого олдог гэх мэдээлэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын  газарт ирдэг, тэд торгоод ч дийлддэггүй гэнэ. Энэ нь дам тамхидалтыг дэмжсэн явдал болж байгааг НМХГ-ын ажилтан ярилаа. Гудамж талбай, орц хонгил, автобусны буудал дээр тамхи татаж байвал заавал дүрс, зургаар баримтжуулах ёстой гэнэ. Зураг, дүрсээр баримтжуулсан тохиолдолд л торгодог аж.

Ингээд хуулийн хэрэгжилтийн талаар иргэдийн байр суурийг сонслоо.

 Тамхи татлаа гэж хэн торгох юм бэ?

Иргэн Б.Ариунтуяа ингэж шүүмжилж байна. ‘Тамхины хяналтын тухай хэрэгжиж байгаа би огт харсангүй. Манай бага хүү цэцэрлэгт явдаг юм. Хүүхдээ авах гээд л очиход цэцэрлэгийн хашаанд нь зарим эцэг эхчүүд тамхи баагиулчихсан зогсож харагддаг. Тэр бүрт бид юм хэлэхгүй шүү дээ. Тухайн хүний  ухамсар шүү дээ. Би гэхэд л очоод “тамхи татах ёсгүй орчинд битгий тамхи татаад бай” гэвэл миний үгийг тэр хүмүүс авах уу.  50 мянган төгрөгөөр торгоно гэж байгаа. Гэхдээ хэн торгох юм бэ” хэмээн асуултыг асуултаар хариулав.

хориотой дэлгүүрүүд ч тамхиа нууцаар зарсаар  л  байна

Иргэн  Э.Алимаагийн санааг  хамгийн ихээр зовоож буй зүйл бол ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны тамхи татах явдал гэв. Тэд бөөнөөрөө сургуулийнхаа ойролцоох дэлгүүрийн гадаа охид хөвгүүдгүй тамхилаад зогсож байгаад шүүмжлэлтэй ханддаг аж. ‘Тамхи зарах хориотой дэлгүүрүүд ч тамхиа нууцаар зарсаар байна. Энэ бол үнэн шүү. Манай нөхөр анх энэ хуулийг хэрэгжиж эхлэхэд “тамхи татаж чадахаа байх нь” гэж байсан. Тэгвэл өнөөдөр тамхинаасаа гараагүй. Нөгөө тамхи нь захын дэлгүүрт л худалдаалагдаж байна шүү дээ” гэж Э.Алимаа ярилаа.


Үнэндээ цэцэрлэг, сургуулийн ойр орчмын газар, автобусны буудлын ойролцоо тамхи татаж байгаа хүмүүст бид шаардлага тавьдаггүй. Шаардлага тавьсан ч хүлээж авах нь ховор. Тэр бүр торгоод байх боломжгүй,яагаад гэвэл мэргэжлийн хяналтын байцаагч нар гадуур хэн тамхи татаж байна вэ гэж явах бололцоогүй. Иймээс НМХГ-ыг зорьж, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн хяналтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн байцаагч Н.Одончимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд таван жил өнгөрсөн байна. Хуулийн хяналтын хэрэгжилтэд хэн хяналт тавих ёстой вэ?

-Хуульд зааснаар Засгийн газар, бүх шатны Засаг дарга, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллага  олон нийтийн улсын байцаагч нар хяналт тавина гэж заасан байдаг.  

-Сүүлийн гурван жилд дээрх хуулийн хэрэгжилт, суларсан гэж  хэлэхэд буруудахгүй байх. Орцны үүд, гудамж талбай, автобусны буудал зэрэг газруудад тамхи татаж байгаа олон хүн харагддаг. Тэгвэл тэдгээр хүмүүст хэн хариуцлага тооцох вэ?

Хэн нэгэн хууль зөрчиж тамхи татвал холбогдох байгууллагад хандах, мэдээлэх утасны дугаар ажиллаж байгаа. Засгийн газрын 311 дүгээр тогтоол гарсантай холбогдуулаад байгууллага, аж ахуйн нэгжийн  дотоод хяналт гэж бий.  Энэ нэгж нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих юм. Тамхины хяналтын тухай хуульд хариуцлага тооцож ажиллах хүмүүсийг тодорхой оруулж өгсөн. Оршин суугчид, орцны жижүүр, СӨХ өөрсдөө хяналт тавина. Хэрэв хэн нэгэн хууль зөрчсөн дуудлага ирвэл бид баталгаажуулах баримт шаардана. Гэхдээ гэрэл зураг ч юм уу, бичлэг гээд ямар нэгэн байдлаар гарцаагүй нотолгоо байх ёстой. Тэгээд эрх бүхий хүмүүс хариуцлагаа тооцно. Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан юм уу, нийгмийн хэв журмыг хангуулах олон нийтийн байцаагч нар торгууль тавих үүрэгтэй. Гол нь баримттай л бол тамхиа татчихаад  явсан ч  хариуцлага тооцож болно. Хуулийн хэрэгжилтэд бүх шатны байгууллагууд хяналт тавих ёстой.

-Цагдаагийн байгууллагын зүгээс хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг уу?

-Цагдаагийн байгууллага ч гэсэн хуулийн хэрэгжилтэд анхаарал тавих ёстой. Нийгмийн хэв журмыг зөрчиж байгаа асуудал болохоор хяналт тавих нь зүй ёсны хэрэг.

-Танай байгууллагын зүгээс хийсэн шалгалтын явцад ямар зөрчил  хамгийн ихээр илэрдэг вэ?

Хамгийн их илэрдэг зөрчил бол зөвшөөрөлгүй гар дээрээс худалдаа хийх явдал юм. Хуульд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, дотуур байрнаас 500 метр радиусын дотор тамхи худалдахгүй гэсэн заалттай. Энэ заалтаас үүдэн  тамхи худалдаалах цэгүүд багассан. Тамхи худалдаалах цэг багасаад эхлэхээр хүмүүс тамхи татах эрэл хэрэгцээ нэмэгдэнэ. Тэгэхээр хулгайгаар түргэн үйлчилгээний цэгүүдэд тамхи ширхэглэж эсвэл хайрцгаар нь зардаг. Ялангуяа нийтийн эзэмшлийн зам талбайд цагаан утас зардаг хүмүүс, хүнсний дэлгүүрүүд зөвшөөрөлгүй тамхи зардаг зөрчил ихээр илэрдэг. Энэ зөрчил ерөөсөө тасрахгүй байна. Хуулийн дагуу иргэнд 50,000 төгрөгөөр торгож, тамхийг нь хураадаг. Хүмүүс  торгуулаад яваад л байдаг.

-Торгуулиас орсон орлого хаана төвлөрч, юунд хуримтлуулж зарцуулагддаг вэ?

-Төрийн сан буюу улсын төсөвт орно. Харин тамхи импортолдог аж ахуйн нэгжүүдээс орж ирсэн татварын мөнгөний хоёр хувь нь Эрүүл мэндийг дэмжих сан буюу Засгийн газрын тусгай санд төвлөрдөг. Үүнийг тамхины хор хөнөөлийн эсрэг арга хэмжээнд зориулдаг.

Албаны хүмүүс ийнхүү ярьж байна. Амьдрал дээр энэ хуулийн хамгийн сайн хэрэгжсэн хуулиар нэрлэгдэж байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж