Архи бол амьдралын дайсан хийгээд, савнаасаа бусдыг дийлдэг гэж монголчууд ярьдаг. Сүүлийн жилүүдэд архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн тоо өссөн ба ялангуяа өсвөр насныхны архи согтууруулах ундааны хэрэглээ эрс нэмэгдсэн гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.
Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс өнөөдөр /2018.03.01/ “Архидалт гэмт явдалтай тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа” сэдвээр Хууль зүйн үндэсний хүрээлэнд хэлэлцүүлэг зохион байгуулав.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс өгсөн мэдээллээр 2017 онд архины хордлогын улмаас 356 хүн нас барсан ба өмнөх онтой харьцуулахад 15.5 хувиар өсжээ. Мөн цагдаагийн байгууллагаас аймгийн эрүүл мэндийн газар, бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй хамтран архи хэтрүүлэн хэрэглэгч 911 иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулан 431 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулжээ.
Архинаас үүдэлтэй гэмт хэргийн хохирогчдын дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг
-Өнгөрсөн онд архинаас үүдэлтэй гэмт хэргийн тоо нэмэгдсэн байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд 32 мянга гаруй гэмт хэрэг гарсан. Эдгээр гэмт хэргийн 30 хувь нь “Хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг эзэлсэн байгаа. Дээрх ангилалд багтсан гэмт хэргүүдийн 50 орчим хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргүүд эзэлж байна. Тэгэхээр гэмт хэргийн үйлдэгдэж буй гол шалтгаан нь архи болжээ. Жилд 300 орчим хүн архины хордлогын улмаас амь насаа алддаг. Энэ бол асар өндөр тоо юм. Өнгөрсөн жилд л гэхэд стандартын бус архи хэрэглэн амиа алдсан тохиолдлууд зөндөө гарч байсан. Тэгэхээр архины хэрэглээ монголчуудын дунд маш их байна.
-Эдгээр гэмт хэргийн дийлэнх хохирогчид нь эмэгтэйчүүд байдаг уу?
-Архинаас үүдэлтэй гэмт хэргийн хохирогчдын 45 хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг. Тэдгээр хүмүүс архидан согтуурсан хойноо гэр орондоо очоод агсам согтуу тавьснаас гэмт хэрэг гардаг. Архи савнаасаа бусдыг дийлдэг гэдэг дээ. Тэгэхээр иргэдийн зүй зохистой хэрэглээ ухамсрыг дээшлүүлэх л шаардлага тулгарч байна.
Архины хэрэглээ залуужиж байна
Өнгөрсөн жил гэхэд улсын хэмжээнд 300 гаруй хүн архины хордлогын улмаас нас барсан. Энэ бол дэлхийн бусад орнуудтай харьцуулахад бага тоо хэдий ч цөөн хүн амтай манайх шиг бүс нутагт өндөр тоо юм. Хүмүүс архийг нэг удаад хэрэглэхдээ 30 граммаас хэтрүүлэхгүй л байх хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад зааснаар стандарт уулт буюу нэг удаагийн архины граммыг зааж өгсөн байдаг.
Гэхдээ хүний бие, организм биеийн жин, өндрөөс хамаарч хүн бүрийн согтолтын зэрэг харилцан адилгүй. Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн төвүүдэд архинд донтох эмгэгийг сайн дураар эмчилдэг. Ер нь архинд донтох эмчилгээний хамгийн төгс арга бол сэтгэл засал юм. Тухайн хүн архинаас гарах эмчилгээнд чин хүсэлтэй, тууштай байж гэмээнэ үр дүнтэй болно. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн дунд архины хэрэглээ хэт ихэссэн байна.
Судалгаанаас харахад өсвөр насны хүүхдүүдийн 70 хувь нь архи ууж үзсэн гэж хариулсан. Тиймээс цаашид өсвөр насныханд архины хор хөнөөлийг ухуулан сурталчлах, зүй зохистой хэрэглээг бий болгох цогц арга хэмжээг авах шаардлагатай байна.
Э.Ариун