У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол Эрх чөлөө, Их бүтээн байгуулалтын түүх

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол Эрх чөлөө, Их бүтээн байгуулалтын түүх

У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол Эрх чөлөө, Их бүтээн байгуулалтын түүх

Эх орончдын Нэгдмэл хүч Эх орны Хөгжлийн үндэс

Монгол Ардын Нам байгуулагдсаны 97 жилийн ойн баярын хуралд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн толилуулсан илтгэл


Манай улсын иргэд ээ,

МАН-ын гишүүд дэмжигчид, эрхэм журмын нөхөд өө!

Эрхэм хүндэт зочид оо!

Та бүгдэд Эх орончдын өдөр, улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсч байгуулагдсаны түүхт 97 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье !

МАН-ын түүх бол Эрх чөлөө, Тусгаар тогтнол, Их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн түүх юм.

Туурга тусгаар улсаа сэргээн босгож, Тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж,хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амиа өргөсөн үе үеийн Эх орончдынхоо гавьяа зүтгэлийг бид эгнэгт мартах учиргүй.

Энэ утгаараа Та бид өнөөдөр Ардын намынхаа 97 жилийн түүхийн ой санамжийг сэргээн, үр хойчдоо үзэл санааны үнэт өв болгон үлдээхээр Эх орончдын өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Түүх бол ой санамж билээ.

МАН-ын үүсэн байгуулагдсан тухайн цаг үе бол Монгол хүн эх орондоо ая тааваар аж төрөн амьдрах нөхцөлгүй болсон ээдрээт цаг үе байсан бөгөөд улс үндэстнээ харийн дарлал, дотоодын хамжлагаас чөлөөлөх гэсэн эх оронч үзэл санаатай залуус зүрх сэтгэл, итгэл үнэмшлээрээ нэгдэн нийлж, амаргүй саад бэрхшээлийг давж туулсаар 1920 оны 6-р сарын 25 өдөр Монгол Ардын Намыг анх үүсгэн байгуулсан түүхтэй.

Улмаар 1921 оны гуравдугаар сарын 1-3 өдрүүдэд Монгол Ардын Нам анхдугаар их хурлаа хийж, Намын Төв Хороог байгуулан цаашдын зорилт бодлогоо тодорхойлж, Ардын хувьсгалд бэлтгэх ажилдаа шуурхайлан орсон байна.

Ийнхүү МАН 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалыг манлайлан удирдаж, эдийн засаг, аж ахуйн хувьд хоцрогдсон, хүн амын хувьд өсөлт буурсан, соёлын төвшингөөр мөхлийн ирмэгт ирсэн улс орноо сэргээн хөгжүүлэх хариуцлагатай үүргийг өөртөө оноосон билээ.

Монгол оронд Үндэсний Ардчилсан хувьсгалыг МАН анх хийсэн гэж би үздэг хүн. Түүхч, судлаачид маань ч санал нэгдэх байхаа.

Үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд монголын нүүдэлчин, малчин ард түмэн тусгаар улсаа байгуулж, 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа батлан Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, 1961 онд Монгол улсаа НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болгон Тусгаар тогтнолоо Дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.

Өнөөдөр Манай улс дэлхийн 190 улстай албан ёсны дипломат харилцаатай, олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн улс болсон байна.

Монголын хүн ам 1918 онд 542 мянга байсан бол өдгөө 6 дахин нэмэгдэж 3 сая 200 мянга болж өслөө. Ардын хувьсгалаас өмнө монгол хүний дундаж наслалт 35 байсан бол өнөөдөр 2 дахин нэмэгджээ.

Монгол хүн сансарт нисч, шинэ үйлдвэр завод байгуулж, их бүтээн байгуулалтыг өрнүүлж, эрдэмтэд шинэ нээлт хийж, урлаг, спортын тамирчид дэлхийн дэвжээнд бахдам амжилт гаргаж, хүн төрөлхтөний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхсан сайн сайхан үйл явдал, ахиж дэвшсэн он цагийн бичээс Манай Намын түүхийн хуудаснаа тодорхой бий.

Монгол Ардын Нам 1990 оны эхээр Монголд өрнөсөн улс төр, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг эхнээс нь дэмжин хүлээн авч, шилжилтийн хүнд үеийг үймээн самуун, нийгмийн тогтворгүй байдал бий болголгүй, ухаалаг хүлээцтэй хандаж улс орноо тайван замаар удирдан, өөрчлөлт шинэчлэлийн замд оруулж чадсан нь Манай Намын бас нэгэн түүхэн гавьяа юм.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 онд боловсруулан баталж, улмаар нийгмийн шинэчлэлийг түргэтгэж, ардчилал зах зээлийн харилцаанд шилжихэд МАН бодит үүрэг гүйцэтгэсэн.

Монгол Ардын Нам нийгмийн ардчилсан үзэл баримтлалтай улс төрийн ууган хүчнийхээ хувьд нийгмийн сайн сайхныг хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаараа сонгогчдын дэмжлэг авч, УИХ-д олонхи болж Засгийн эрх барьсан он жилүүддээ нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангах, иргэдийн соёл боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, дэд бүтэцийг сайжруулах, улс орны гадаад харилцааг өргөтгөн бэхжүүлэх зэрэг томоохон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж чадсан.

Өнгөрсөн түүхийн алдаа оноог дэнслэхүй дор Монгол Ардын Намын үе үеийн эх орончид халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй зүтгэж, хадгалж, хамгаалж ирсэн тусгаар тогтнолын үнэ цэнийг ирээдүй хойч залуу үедээ ухааруулан ойлгуулах нь Монгол Улсын цаашдын хувь заяа, хөгжил дэвшил, Улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой юм.

Одоогоос 97 жилийн тэртээ Төв азийн цээжинд Анхны улс төрийн хүчин, нам байгуулагдсан энэ өдөр бол зөвхөн МАН төдийгүй, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн хүчин, Эх орон, Тусгаар тогтнол, ард түмнээ гэсэн сэтгэлтэй Эх орончдын баярын өдөр юм.

Та бүгдэд түүхэн тэмдэглэлт энэ өдрийн баярын мэндийг дахин дэвшүүлье !

Эрхэм нөхөд өө !

Монгол улсад улс төрийн хүчин, нам анх үүсэн байгуулагдсан энэ баярын өдөр миний бие МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өөрийн санаа бодолоо Улс төрчид болон бусад улс төрийн намын нөхдүүдтэйгээ илэн далангүй хуваалцахыг хүсч байна.

Манай улс хуурай газрын хэмжээ байгалийн баялагаараа дэлхийд дээгүүр эхний 20-д багтдаг.

Нэг хүнд ногдох газар нутаг, мал сүргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг. Эдийн засгаа өсгөх Уул уурхай, хөдөө аж ахуйн салбарууд тодорхой төвшинд хөгжсөн.

Олон улсын байгууллагаас манай улсыг одоо мэдэгдэж байгаа нөөцөөр хөрсөн дороо 15 төрлийн нийт 1,3 орчим их наяд ам.доллартай тэнцэх байгалийн баялагтай гэж судалгаа гаргасан байна.

Зөвхөн Тавантолгой гэхэд л жилд 30 сая тонноор тооцоход 200 жил ашиглах хэмжээний коксжих нүүрсний баян ордтой. Мөн нөөц ихтэй стратегийн ордууд ч манайд олон бий.

Хуурай газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг ОХУ, дөрөвт ордог БНХАУ гэсэн хоёр том хөрштэй Манай улс хиллэдэг.

Бид урдуураа дэлхийд хоёрт, хойгуураа дэлхийн 10-т багтах хоёр том эдийн засаг, зах зээлтэй харьцдаг.

Усан далайд гарцгүй ч, хүн далайд гарцтай орон.

Манай гаригийн 7 тэрбум хүний 1,6 орчим тэрбум нь буюу дэлхийн 4 хүн тутмын нэг нь манай улсыг тойрон амьдарч байна. Бидэнд хангалттай зах зээл байна.

Дээр нь манай улс нар, салхины арвин их нөөцтэй. Жилийн 365 өдрийн 270-д нь цэлмэг нартай байдаг учир нарны энергийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт орж байна.

Эцэг өвгөдөөс минь үлдээсэн энэ том газар нутаг, их баялаг, хөгжих бүх боломж байсаар байтал бид өнөөдөр яагаад ядруу амьдраад байна вэ?

Энэ асуултанд та бид хариулах ёстой.

Би шуудхан хэлье, энэ бол нийт Монголчуудын алдаа гэхээсээ, сүүлийн 20 гаруй жилд улсаа удирдсан улстөрчид бидний хариуцлагагүй байсных юм.

Хатуухан хэлэхэд, улс төрийн намууд, улстөрчид та бидний харалган бодлого, эв нэгдэлгүй байдал, эх орноо гэсэн сэтгэл дутсаных юм.

Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж байна. Улс төрийн салбарт ч өөрчлөлт өрнөж байна. Улс төрийн намууд тодорхой анги, бүлгийн эрх ашгийг төлөөлөн хамгаалдаг байсан цаг өөрчлөгдлөө.

Намууд нийтийн эрх ашиг, нийгмийн үнэт зүйлийг эрхэмлэн дээдэлж, олон нийтийн сайн сайхны төлөө хөгжлийн бодлогоо уралдуулан хамтран ажилладаг болсон байна.

Улс төрийн намуудын энэхүү өөрчлөлтийг улс төр судлаачид намын хөгжил, хувьслын “Шинэ үе” гэж нэрлэж байна.

Улс төрийн намууд хамтран ажиллах гэдгийг үгсэн хуйвалдаж тодорхой бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж, эх орноо тонон дээрэмдэхийг огт хэлээгүй.

Харин улс төрийн Намууд улс орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг хэлж байгаа юм.

Монголчууд бидэнд бахархах түүх, хүрсэн амжилт, бүтээсэн гавьяа олон байгаа ч сургамж болон үлдсэн алдаа ч цөөнгүй бий.

Бид хагаралдан бутарч, эв нэгдэлгүй байхдаа уруудан доройтож ирсэн түүхтэй. Монгол орныг 1368 оноос эхлэн 300 гаруй жил туйлдуулсан хагарал бутралын жилүүдийг бид эргэн санах ёстой. Монгол ноёдын өөр хоорондын атаархал жөтөөрхлийг Манжууд улам дэвэргэж, цол хэргэм, эд мөнгөөр татаж Улсыг маань дарангуйлсан гашуун түүхийг бид мартах учиргүй.

Өнөөдөр улс төрийн намууд Эх орныхоо ирээдүйн төлөө Эв нэгдлийг эрхэмлэн, Нэгдмэл цул байж улс орныхоо аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах ёстой гэдгийг буурал түүх бидэнд сурган сануулж байна.

Энэ дэлхий дээр Монгол улс гэж ганц л бий. Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Улс орны эрх ашгаас давсан намын эрх ашиг гэж бүр ч байхгүй.

Бидэнд нэгдмэл нэг л эрх ашиг бий. Энэ бол Монгол улсын Тусгаар тогтнол, Монголын ард түмний язгуур эрх ашиг юм.

Монголд сүүлийн 28 жил ардчиллыг бататгах, хөгжлийг түргэтгэх үйлсэд голлох намуудын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж ирлээ.

Харамсалтай нь энэхүү үүргээ ухамсарлан биелүүлж, удирдан манлайлах тал дээр ахиц дэвшил гаргаж чадахгүй, алдаа дутагдлаа засаж сайжруулахгүй, хөгжлийн бодлогоор бус хэрүүлийн бодлогоор уралдаж байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, улс төрийн намд итгэх итгэл жил ирэх тусам буурч байгаа нь судалгааны байгууллагуудын дүнгээс тодорхой харагдаж байна.

Өнгөрсөн 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд 100 мянга гаруй иргэн аль ч намыг дэмжилгүй, цагаан хуудсаар санал өгсөн нь улс төрийн намууд, улс төрчдөд өгсөн дохио санамж, хатуу сануулга юм.

Монгол улс гэсэн ганц эрх ашигт төвлөрөн нэгдэж, хамтран ажиллах нь улс төрийн намууд, улс төрчдийн эн тэргүүний зорилго гэж би үзэж байна.

Нам дотроо ч, намууд хоорондоо ч эв эетэй байж, шударга ёсыг дээдлэн улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэг санаатай НЭГДМЭЛ бодлоготой байж, ард олноо улс төрөөр талцуулан хуваахгүй, нийгмийн тогтвортой байдлыг ханган хамтран ажиллахыг олон нийт хүсэж бас биднээс шаардаж байна.

Учир иймд эвдэрч хагаралдах, эсэргүүцэн тэмцэлдэхээ урьтал болгох бус, эвлэлдэн нэгдэж, эдийн засагаа сэргээж, эх орондоо шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө, иргэн бүрийнхээ ажил амьдралыг дэвжин дээшлүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг Монгол Ардын Намын даргын хувьд би Улсынхаа улс төрийн нам, хүчнүүдэд уриалж байна.

Намууд нь зөв бодлоготой, улс төрчид нь зөв сэтгэлтэй, сахилга хариуцлагатай, ёс зүйтэй, иргэд олон түмэн нь ирээдүйдээ итгэлтэй өөдрөг байж Монгол сайхан эх орныхоо төлөө хамтдаа зүтгэе.

Эрхэм журмын нөхөд өө!

Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойрхон байх тусам хүчирхэгжиж, олон нийтээс алсрах тусам бөхдөг жамтай. Ардын нам цаг үетэйгээ хөл нийлүүлсэн шинжлэх ухаанч, ил тод, хаалттай биш нээлттэй нам байх ёстой.

Тиймээс бид эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлж, хөгжлийн бодлогод суурилсан, олон нийтэд тулгуурласан орчин цагийн дэвшилтэт нам болон хөгжиж түүхт 100 жилийн ойгоо угтах ёстой.

Монгол Ардын Нам 2018 оныг намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх жил болгон зарласан бөгөөд намын анхан шатны байгууллагуудыг бүх талаар дэмжин ажиллах болно.

Мөн Улс орондоо их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн жил байх болно.

Монгол Ардын Намаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь Оюун санаа, Эдийн засаг, Төрийн Тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхэд чиглэгдэж байна.

Бид түүх, соёлоо судлаж мэдсэн, оюун санааны уламжлалт өвөө эрхэмлэн дээдэлсэн Монгол хүнийг төлөвшүүлэх нь Манай улсын Тусгаар тогтнолын дархлаа юм.

Төрт ёс, өв соёлоо эрхэмлэн дээдлэж, түүх, уламжлалаа хамгаалж, хадгалж, сэргээх талаар Монгол төр, Монгол хүн бүр зүрх сэтгэлдээ тээж бодон, үйл хэрэг болгох нь Монголчууд бидний бусдаас ялгарах онцлог юм.

‘Зориг эс хүрвээс Ухаан эс хүрнэ’ гэж сайхан үг байдаг. Одоо л зориг зүрх гаргаж эрс шийдэмгий хөдлөхгүй бол бидэнд цаг алга. Хамгийн гол нь Монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, сэтгэл хангалуун, амар амгалан амьдрах учиртай.

Үүний тулд бид УИХ-ын сонгуульд оролцсон Намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, сахилга хариуцлага, дэг журмыг төрийн албаны бүх шатанд тогтоож, эдийн засгийн уналтыг зогсоож, сэргэлтийг хангах “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг Монгол Улсын Засгийн газар баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Юуны түрүүн бид ард түмнээ эрүүл хүнс, орон сууцаар хангаж, эрчим хүч, нефьт шатахуунаа дотооддоо үйлдвэрлэн дэд бүтэц, харилцаа холбоогоо сайжруулж, дэвшилтэд техник технологийг үндэсний үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх замаар эдийн засгийн тусгаар тогтнолоо бататган хамгаалах ёстой.

Ингэж чадах аваас Монгол Улс жинхэнэ утгаараа Тусгаар тогтносон бие даасан хөгжилтэй улс болж чадах юм.

МАН-ын 1925 оны Мөрийн хөтөлбөрт:

“…Бүгд Найрамдах Монгол ард улсаас жинхэнэ ардын эрх мэдлийг хүндэтгэн үзэх тул хэрэв эрхтэн дархтан буюу тэдний аль нэг бүлэг хүмүүсээс ард түмэн ба Бүгд найрамдах улсын ашиг тусад харштайгаар явахад хүрвэл тэдгээрийн эрхүүдийг хязгаарлах буюу бүрмөсөн хасна…” гэж заасан байдаг.

Манай нам анх байгуулагдахдаа л сахилга, хариуцлагыг ийнхүү нэн тэргүүнд тавьж байсан байна.

Өнөөдөр ч сахилга дэг, журмыг чанд сахиж, Шударга ёс, алагчлалгүй тогтолцоог бий болгож, авлига, хүнд сурталыг таягдан хаяхыг бид зарчмаа болгон ажиллах болно.

Энэ нь Монгол улсын хөгжилд бодит үр дүн авчрах бөгөөд цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг бий болгоно.

Бид намаас итгэл хүлээлгэж нэр дэвшүүлсэн, томилсон албан тушаалтнуудаас өндөр хариуцлага, ёс зүй, ажлын үр дүн шаардана.

Манай нам амжилт гаргавал дэмжиж, алдаа гаргавал хариуцлага тооцдог шударга зарчим баримтална.

Нэг хүний бага гэлтгүй алдаа намын нэр хүндийг унагана гэдгийг намаас нэр дэвшсэн, томилогдсон албан тушаалтан хэн боловч байнга санаж явах ёстой.

Эрхэм нөхөд өө!

Монгол Ардын Нам сахилга, хариуцлага, дэг журамтай, авлигагүй, хөгжлийн төлөө, бодлогын нам, Манлайлагч улс төрийн хүчин байх болно гэдгийг цохон тэмдэглэж байна.

Монгол Ардын Нам амласнаа хэрэгжүүлдэг, амжилтыг дэмжиж, алдааг засдаг, хариуцлага тооцож чаддаг нам байх болно.

Манай нам популист амлалт, улс төр-эдийн засгийн явцуу сонирхол бүхий бүлэглэлээс хараат бус ангид нам байна.

Монголын баялаг, Хөгжил дэвшлээс Монгол хүн бүр хувь хүртдэг байх нь манай намын эрхэм зорилго байх ёстой.

Монгол Ардын Нам бүтээн босгосон Улс орноо цаашид улам цогцлоон хөгжүүлж, Ололт амжилт, Тусгаар тогтнолоо хамгаалан бататгаж, хүн ардаа эрүүл энх, амар амгалан, аз жаргалтай байлгахын төлөө идэвх зүтгэл гарган хичээн зүтгэх болно.

Энд хуран цугларсан та бүгддээ, намынхаа бүх гишүүд, дэмжигчид, Элэг нэгт Монгол ахан дүүсдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Эх орончдын Нэгдмэл хүч Эх орны хөгжлийн үндэс байх болно.

Монгол улс мандан бадрах болтугай!

Ардын нам, Ардын засаг мандтугай!

Эх сурвалж: zasag.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж