Шинхуа Шинжаанаас жилдээ 70 сая тонн нүүрс олборлоно | News.MN

Шинхуа Шинжаанаас жилдээ 70 сая тонн нүүрс олборлоно

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Шинхуа Шинжаанаас жилдээ 70 сая тонн нүүрс олборлоно

Хятадын нүүрсний магнат Шинхуа өөрийн улсын баруун хойд хязгаарын муж болох Шинжаан дахь нүүрсний олборлолтоо 2015 он гэхэд жилд 70 сая тонн-д хүргэхээр төлөвлөж байна. Тус компани одоо Шинжаанаас жилдээ 20 сая тонн нүүрс олборлож буй юм. Тус компанийн Шинжаан дахь салбарын дэд Ерөнхий менежер Ван Нингбо энэ жил мужийн хэмжээнд нийт 18 төсөлд 2.3 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж буйг дурдсан байна. Ирэх таван жилийн хугацаанд тус компаниас Шинжаан дахь нүүрс олборлолт, эрчим хүч, дэд бүтцийн төсөлд оруулах хөрөнгө оруулалт 109.5 тэрбум юаньд хүрэх тооцоо гарчээ.

Үүнээс гадна Шинхуа компани жилдээ гурван сая тонн нүүрс шингэрүүлэх 52 тэрбум юанийн төсөв бүхий төслийн судалгааны ажлыг эхлүүлээд буй ажээ.
Тус улсын Газар, эрдэс баялагийн яамны мэдээгээр Шинжаан мужид Хятадын нүүрсний нөөцийн 40 хувь нь байдаг бөгөөд нийт нөөцийн хэмжээ 2.19 их наяд тонн-д хүрэх урьдчилсан тооцоо хийжээ.  Гэхдээ энэ бол эдийн үр ашигтай нөөц биш юм. Харин Шинжаанаас бусад мужууд руу нүүрс тээвэрлэх тээвэрлэлтийн зардал харьцангүй өндөр байдаг аж.

Тавантолгойн Стратегийн хөрөнгө оруулагчаар урьдчилсан байдлаар тодроод буй АНУ-ын Пибоди Шинжаан мужид жилд 50 сая тонн нүүрс олборлохоор мужийн засаг захиргаатай гэрээ байгуулснаа өнгөрсөн долдугаар сарын дундуур мэдээлсэн юм. Гэхдээ энэхүү томоохон төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ, ашиглалтад орох хугацааг Пибоди хараахан мэдээлээгүй байгаа юм.

Б.Төгс

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж