ХБНГУ Батлан хамгаалах болон дотоод хэргийн яамны дотоод сүлжээнд хакерууд нэвтрэх “цоорхой” байгаа эсэхийг шалгаж эхэлжээ. Барууны орнууд, ялангуяа 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хакердсан хэргийн ард ОХУ-ын “Fancy Bear” болон APT28 нэрээр алдаршсан хакерын бүлэг байгаа талаар Германы хэвлэлүүд бичиж байна. “DPA” агентлагийн мэдээлснээр тус бүлэг ХБНГУ-ын засгийн газрын дотоод сүлжээг хакердахаар төлөвлөж буй ажээ.
ХБНГУ-ын Дотоод хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэхдээ ‘Холбооны мэдээллийн аюулгүй байдлын алба болон тагнуулын алба хамтран засгийн газрын мэдээлэл технологи болон сүлжээтэй холбоотой алдаа дутагдал байгаа эсэхийг мөрдөн шалгаж байна” гэжээ.
Тэрбээр мөн засгийн газрын дотоод сүлжээнд хакерууд нэвтрэх оролдлогод хаалт хийсэн хэмээн мэдэгдсэн ч энэ хэрэгт ОХУ-ын оролцоо байсан эсэх талаар тайлбар өгөхөөс татгалзсан юм.
2015 онд Германы парламентын доод танхимын сүлжээнд нэвтэрч, Христийн ардчилсан холбоо намын дарга Ангела Меркелийн хувийн мэдээллийг хулгайлах гэж байсан хэргийн ард “Fancy Bear” байсан гэж сэжиглэж байгаа юм.
Шинжээчид өнгөрсөн есдүгээр сард болсон Германы парламентын сонгуулийн талаар гадаад ертөнцөд буруу мэдээлэл тарааж болзошгүй талаар анхааруулж байсан билээ.
Олон улсад хакер ажиллагаа явуулсан энэ хэргийг судалж буй шинжээчид энэ бүлгийг ОХУ-ын засгийн газартай холбоотой гэж сэжиглэдэг.
Эх сурвалж: BBC