Ө.Энхтүвшин: Хэлэлцэж тохирсноо бодит ажил болгох үлдлээ | News.MN

Ө.Энхтүвшин: Хэлэлцэж тохирсноо бодит ажил болгох үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин: Хэлэлцэж тохирсноо бодит ажил болгох үлдлээ

ЗГХК-ын 21 дүгээр хуралдаан өндөрлөв

Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит 21 дүгээр хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 26-28-нд ОХУ-ын Москва хотноо амжилттай болж өндөрлөлөө. Хуралдааныг Монголын талаас Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд, ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нар тэргүүлж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцон цаашид хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг тохиров.

Комиссын ээлжит хуралдааны хүрээнд талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, зам, тээвэр, санхүү, зээл тусламж, хүрээлэн буй орчин, түлш, эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын 13, Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны дэд комиссын 5 дугаар хуралдаанууд амжилттай зохион байгуулагдлаа. Мөн Эрчим хүчний яам хоорондын Ажлын хэсгийн анхдугаар уулзалт, Барилга, хот байгуулалтын яамд хоорондын Ажлын хэсгийн 2 дугаар хуралдаан, Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаарх хоёр талын ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт тус тус болж, олон чухал асуудлыг хэлэлцэв.

Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын 13 дугаар хуралдаанаар Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэний сацуу Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг төслийг үзэглэж, хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохирсон.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны дэд комиссын хуралдаанаар Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам хороонд 2018-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг үзэглэж, соёлын салбарт 2018-2020 онд хамтран ажиллах хөтөлбөр байгуулахаар тохиролцов.

Комиссын Монголын хэсгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор болон бусад албаны хүмүүс орж ажиллалаа.

Гурван баримт бичигт гарын үсэг зурлаа

Өчигдөр (2018.02.28) хуралдсан нэгдсэн хуралдааны төгсгөлд ЗГХК-ын 21 дүгээр хуралдааны төгсгөлийн баримт бичиг буюу Протокол, Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахад хамтран ажиллах тухай санамж бичиг, Монгол Улсын Хөгжлийн банк, Олон улсын хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг тус тус байгууллаа.

Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд, ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нар ЗГХК-ын 21 дүгээр хуралдааны үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин хэвлэлийнхэнд хандаж хийсэн мэдээллийнхээ эхэнд ЗГХК-ын хуралдааныг мэргэжлийн өндөр түвшинд үр дүнтэй зохион байгуулахад Монгол, Оросын талууд хүчин чармайлт гарган идэвх зүтгэлтэй ажилласныг онцлов. “2016 онд Улаанбаатар хотноо хуралдсан 20 дугаар хуралдаанаар ярьж тохиролцсон зүйлүүд үндсэндээ амжилттай хэрэгжиж байгаа ч хэрэгжилт нь хоцорч буй зарим асуудалд талууд цаашид анхаарч ажиллах шаардлага байгаа. Зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа харьцангуй идэвхтэй хөгжиж ирсэн байна. Харин барилга, соёл, эрүүл мэнд зэрэг чиглэлд илүү анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй гэж ажиглагддаг. Хоёр улсын хооронд нэг удаагийн уулзалтаар шийдэгдэхгүй маргаантай асуудлууд байгаа. Бидэнд шийдлээ олох бүрэн боломж бий. Олон жил хуримтлагдаад байсан зарим асуудлыг энэ удаагийн хуралдаанаар ойрын хугацаанд ойлголцох түвшинд хүргэлээ. Одоо ярьж тохирсноо бодит ажил хэрэг болгох л үлдэж байна. Ингэж чадвал 21 дүгээр хуралдааныг “маш амжилттай боллоо” хэмээн үзэж болно. 21 дүгээр хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө бид чармайн ажиллах болно” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол, Оросын сэтгүүлчдэд хэллээ.

Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшиний хийсэн мэдээллээс ЗГХК-ын 21 дүгээр хуралдааны үр дүнг товчлон тоймлоё.

-Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахаар тохирсон.

-Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван талыг хамарсан дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр санал солилцсон.

-УБТЗ-ыг хөгжүүлэх чиглэлээр өмнө тохирсон арга хэмжээний үр дүнд УБТЗ-ын дамжин өнгөрүүлэх ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэлээд нэмэгдсэн. УБТЗ-ын шинэчлэлийн асуудлыг нухацтай хэлэлцсэн.

-Эрчим хүчний салбарт Оросын талаас хамтын ажиллагааны тодорхой санал дэвшүүлсэн. Энэ чиглэлээр манай холбогдох компаниуд үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсон.

-Хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд Монголын мал эрүүлжүүлэх хоёр дахь шатны хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсон.

-Хоёр талын худалдааг нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах манай талын саналыг тус холбооны нөлөө бүхий гишүүний хувьд дэмжиж өгөхийг Оросын талд тавьж, энэ асуудлаар ажил хэргийн хэлэлцээ цаашид үргэлжлүүлэхээр тохирсон.

-Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, спортын хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхээр тохиролцсон байна.

Шадар сайд Ө.Энхтүвшинээс Оросын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч Монгол Улсад усан цахилгаан станц байгуулах төсөл зогссон, эсэх талаар асуухад тэрбээр “Усан цахилгаан станцын талаар бид олон жил ярьж байгаа. Ажлын хэсгүүд судалгаа шинжилгээгээ үргэлжлүүлж байна. Ялангуяа хоёр талын эрдэмтдийн судалгааны үр дүн яаж гарахаас бидний цаашдын алхам шалтгаална” хэмээн хариуллаа.

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөв

Шадар сайд Ө.Энхтүвшин ЗГХК-ын 21 дүгээр хуралдааны үйл ажиллагааг дуусмагц Москва хотын Братьев Фонченкогийн гудамжнаа орших Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн ирж “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөв.

Энэхүү хөшөөний суурийн хананд “Монголын ард түмэн аугаа эх орны дайны эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний үнэнч холбоотон байж, танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль, хагас сая агт морь, бусад бэлгийн цувааг илгээн их ялалтад хувь нэмрээ оруулсан билээ” хэмээн сийлжээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-01 202.21.100.210

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНД ТЭТГЭВРИЙН НАС БОЛСОН ,ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН ХҮН ТОМИЛДОГОО БОЛИМООР ЮМ. САНХҮҮ ХАНГАМЖИЙН ГАЗРЫН ДАРГА 63 НАСТАЙ ХҮН САЯ ТОМИЛЛОГДЛОО. ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДАРГААР НЬ УДАА ДАРАА АВИЛЛАГАД ШАЛГАГДАЖ БАЙСАН ХҮН ДАГИЙМАА ГЭЖ 60 ГАРСАН АВГАЙ ТОМИЛОГДООД БАС БОЛООГҮЙ ОДОО БОЛОХ ЦЭРГИЙН БАЯРААР ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ТЭРГҮҮНД МӨН ЦЭРГИЙН ГАВЪАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНД, МӨН ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА ЦОЛОНД НЭРИЙГ НЬ ТОДОРХОЙЛООД ЯВУУЛЖ БАЙНА. НЭГ ЗЭРЭГ ШҮҮ АРАЙ ХЭТЭРЧ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ . ТӨРД ТОЛГОЙ ГЭЖ БАЙДАГ БОЛ ИЙМ ЗҮЙЛИЙГ ЗОГСООГООЧ ЕРӨНХИЙ САЙД , ЗГХЭГ-ЫН ДАРГА МИНЬ.

Avatar

Зочин 2018-03-01 122.201.21.210

Усан цахилгаан станц барих ажлаасаа ухарч бууж өгч л болохгүй шүү, та минь!!! Эрдэмтэд судална гэдэг их "Но"-той!! Оросын тал мэдээж эсрэг л дүгнэлт гаргана. Харин манай эрдэмтэд дагаад намирчих вий дээ!!! Энхтүвшин Донскойн шахалтад бууж өгөлгүй ирсэн гэж ойлгосон шүү!!!

Avatar

зочин 2018-03-01 202.21.107.14

Хөдөө сумын багийн дарга ч хийж чадахгүй нөхөр нэг еранхийлсөн ажил хийсэн болоод амиа аргацаагаад л байх юм. Үүнээс олигтой юм гарахгүй ээ. Их сургуулийн хүндэт доктор болоод л , морины хөшөөнд цэцэг өргөөд л.

Avatar

Зочин 2018-03-01 125.168.37.248

Энэ балай чавкааг байлгасаар л байгаам уу?! Путиныг одоо болтол ардчилсан болгож чадку бол тэрний хэрэг юун!!

Avatar

Зочин 2018-03-01 202.55.180.182

Эгийн голын УЦС-н ажлыг булшилчихаад л ирэв үү

Avatar

Зочин 2018-03-01 66.181.176.126

90 ОНООС ХОЙШ ЭРХ БАРИГЧИД УГААСАА Л ХЭЛЭЛЦЭЖ ТОХИРСНОО БОДИТ АЖИЛ БОЛГОЖ БАЙГААГҮЙ. ЭНЭ БАЙДЛААРАА БОЛ ЦААШИД Ч БОЛГОХГҮЙ. ТИЙМЭЭС Л АРДЫН ХИЛЭН ХҮЧТЭЙ ЗАНГИРЧ, УЛАМ ХОРСОЛТОЙГООР ЭРЧИЛСЭЭР БАЙГАА ЮМ

Avatar

z 2018-03-01 202.9.40.180

nuguu usan tsahilgaan stantsiin talaar yarisan uu, yu bolson be,

Avatar

Буян. 2018-03-01 202.70.47.158

Эй чааваас даа, морьны хөшөөнд цэцэг өргөдөг хүн монголоос өөр хаа ч байхгүй байх, шившиг. Дипломат ёс мэдэхгүй балай авгай элчин сайдыг татаач. Бутовад хэлмэгдсэн монголчуудад зориулсан хөшөөг босгосон юм түүнд цэцэг өргөөч малнууд аа. Заа тэр тохиролсон зүйлд нь тодорхой хэрэгжих юм юу ч алга, бахь байдаг, хэрэгжиж болдоггүй бөөрөнхий юм л сараачсан байна. Хоолны савнууд аа.

Avatar

irgen 2018-03-01 202.179.27.248

Mongol- Orociin Nairamdalt hariltsaa bol Ono ertnii tuuhtei 90- eed onooc hariltsaand cev cuulgacan acuudiig manaihan l hiicen Orociin ard tumnii ach tuciig martah ecgui Harin cuuliin jil 2-orniin hariltsaa heviin boloh uur amicgal ajiglagdaj baigaag Eronhiilogchooc yavuulj baigaa uhaaag bodlogiin ur dun gej dugnemeer bainaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж