Палеолитийн үеийн урлагийн бүтээлд тооцогддог “Виллендорфийн Венера” хэмээх эртний уран баримлын зургийг Фэйсбүүкт тавихыг хориглосонтой холбоотойгоор Вена хотын байгалийн түүхийн музей эсэргүүцлээ илэрхийлжээ.
20-р зууны эхээр Австрийн Виллендорф хэмээх жижиг сууринаас олсон, 30,000 жилийн тэртээх үеийн нүцгэн эмэгтэйн энэ баримал одоо Вена хотын байгалийн түүхийн музейд хадгалагдаж байна.11 см урт энэ чулуун баримал маш эртний үед тооцогддог эмэгтэй хүний ховор олдворын нэг ажээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Италийн уран бүтээлч Лаур Жианда уг бүтээлийн зургийг олон нийтийн сүлжээнд тавьснаас энэ хэрэг үүдсэн ажээ.
Вена хотын байгалийн түүхийн музейн удирдлага мэдэгдэлдээ “Үүн шиг археологийн түүхэн олдворыг хүнийг нүцгэнээр дүрсэлсэн гэдэг шалтгаанаар Фэйсбүүк сүлжээнд тавихыг хориглож болохгүй” гэжээ.
“Венера нүцгэн л байг л дээ. Эрт үеийн нөхөн үржлийн бэлгэ тэмдэг болсон энэ баримал нүцгэн хэвээр 29500 жил болсон. Харин Фэйсбүүк энэ баримлыг нүцгэн гэдэг шалтгаанаар олон нийтийн сүлжээнд тавихыг хориглож байна. Музейд энэ баримлыг тавьсан цагаас хойш хэтэрхий илэн далангүй гэж нэг ч хүн гомдол тавьж байгаагүй” гэжээ.
Харин баримлын зургийг нийтэлсэн постын доор хэн нэг хүн үүнийг “Чулуун зэвсгийн үеийн порнограф” гэж бичсэнээс Фэйсбүүк баримлын зургийг тавихыг хориглоод байгаа ажээ.
Францын шүүх ирэх сард Фэйсбүүк компанид 19-р зууны үеийн Францын зураач Густав Курбегийн “Origin of the World”зургийг өөрийн цахим хуудсанд тавьсан хэрэглэгчийн хаягийг устгах шаардлага хүргүүлэхээр болсон гэнэ.
Эх сурвалж: Agence France – Presse